Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Галуутынхан
2017 оны 6 сарын 22 [Уншсан тоо: 16891]
-Үнэхээр Галуут сумын иргэд “гялтайх” ч юмгүй байж шилдэг сум болсондоо бухимдсан бол үүнд нь бүр баяр хүргэмээр байна. Яагаад гэвэл...-

“Гамбирын ч үйлдвэргүй байж Галуут сум яагаад улсын тэргүүний сум болдог юм бэ” гэж Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тойргийнх нь төлөөний гишүүн байсан Х.Баттулгад уурласан бололтой. Хариуд нь мань хүн “уурлаад байгаад нь гайхаад” байгаагаа илэрхийлж буй уулзалтын үеийн бичлэг сошиал сүлжээнд тавигдсан байна.

Үнэхээр Галуут сумын иргэд “гялтайх” ч юмгүй байж шилдэг сум болсондоо бухимдсан бол үүнд нь бүр баяр хүргэмээр байна. Яагаад гэвэл бидний монголчууд “хүний барьсан хөшөө, бусдын авчирсан медаль”, Тамгын газраас олгосон “шилдэг сум”-ын шагнал зэргээр өөдөлж өгсөхгүй амьдралаа дагаад уруудан гутарч яваа сэтгэлээ хуурахаа больж байгаад бүгдээрээ баярлая.
 
Ар араасаа босч ирээд алгадаж унагах амьдралын үй түмэн бэрхшээлт асуудлуудыг шийдэхгүйгээр тэрхэн зуур сэтгэлээ хуураад яваад байх нь эм дом биш болохыг ойлгосон, ойлгуулсан Галуут сумынхны гашуун үг бусдад эм болог. Улстөрчдөд сургамж болог.

Өнгөрсөн жилийн сонгуулиар Баянхонгор аймагт Х.Баттулга бизнесмэнд, олимпын аварга Н.Түвшинбаяр маань баянхонгорчууд байтугай улаанбаатарчууд байшингаас нь цаашихыг бараг мэдэхгүй “Ачлал” дэлгүүрийн эзэгтэйд унаж орхиход булхай луйвар орчихлоо гэж хардсан нь буруу байжээ гэдгийг Галуутынхны гашуун үг энэ удаад баталгаажуулж орхих шиг...

Хүртэх ёстойгоо л хүртэж байна гэдэг шиг улс орны хөгжил буурай доройгоос болоод бид нийтээрээ бусдын дор байгаадаа эмзэглэдэг комплекстэй. Энэхүү эмзэглэлээ “монгол хүн”, “монгол хүн илүү”, “бид чадна”, “бид ялна” гэсэн бардамналаар сэтгэлээ дэвэргэж, хуурч байдаг зангаасаа уг нь анзаарч болно. Яг ийм сэтгэл зүйд маань тохирсон “монгол-монгол биш”, “монголчууд чадна-ялна” гэсэн урианд хөөрч явчихаад байгаа маань үндэстний комплекстэй маань холбоотой. Гэхдээ сэтгэлээ хуурч болох ч амьдралыг хуурч болохгүйг нийтээрээ ойлгоход тийм ч урт хугацаа шаардагдахгүй бололтой.

Арын хашааны айл хаалгаа будсан ч, авдрынхаа нүүрийг эрээлсэн ч манай дарга нар юм голдоггүйгээрээ давхиж очоод тууз хайчилдаг үе ард хоцрох нь байна. Айл өөрийнхөө хөрөнгөөр, аль эсвэл татвараас маань бүрддэг төсвөөс тэр бүх “бүтээн байгуулалт”-ыг хийдгийг захын сумын ажилгүй залуу ч гадарлахтайгаа болсныг Галуутынхан гайхуулмаар сайхан хэлж. Төсвийн хөрөнгө оруулалтаас төсөв батлагчид нь өөрийн талд оногдох хувиа зохицуулсны дараа үлдэх хэсгээр нь ихэнхдээ нүд хуурсан ажил хийчихээд түүгээрээ нүүрээ тахалж, нэлээн хэдэн уулзалтын сэдэв болгон иргэдийн сэтгэлийг хуурдаг шат, шатны дарга нарт дахиад тэр үгийг нь хэлүүлмээр л санагдана. Яагаад гэвэл үнэн үг учраас.

Угаасаа ч улстөрчид худал сайхан ярьсаар байх зуур иргэд өөрсдөөс нь түрүүлээд үнэнийг мэдчихсэн л байдаг. Амьдрал нь ажилласных нь хэрээр ахиж дэвшихгүй байгаад цөхөрсөн ард иргэд “Би Таны л ижил, Би Таны л төлөө” гэж ярьж очдог улстөрчид өөрсдөөс нь хэчнээн өөр болохыг өнөөдөр гадарлахтай болсон. Иргэдийн амьдрал цалингаас цалингийн хооронд, дараа нь их л сайжраад зээлээс зээлийн хооронд /зээл ч олддоггүй үе байв/ бөмбөрч ирсэн байтал заримынх нь амьдрал нэгдүгээр үе шат: өмч хувьчлалаар, хоёрдугаар үе шат:ашигт малтмалын лицензээр, гуравдугаар үе шат: газар өмчлөлөөр, одоо дөрөвдүгээр үе шат: төсвийн хөрөнгө оруулалт ба төсөл, тендерээр улам бүр дээш ахин дэвжиж байна. Level ахиж томордог энэхүү тоглоомын томоохон хожигчдын төлөөлөл өдгөө ард түмний төлөө гээд явж байгаа...

Яг л ийм Галуутынхан шиг ядарсан иргэд, яг тийм задарсан даргын ялгаа нэмэгдэх тусам энэ хооронд эв эвдрэлцэнэ. Надад үйлчилдэг хууль даргад үйлчилдгээс өөр байхын хэрээр өсөрхөнө. Өсөрхөх, эвдрэлцэх тусмаа тэмцэлдэнэ. Тэмцэл дунд ялах Монгол нь чухам ядарсан нь уу, задарсан нь уу?!


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив