Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Г.Өсөхбаяр: Энэ зун К2 оргилд хүн гарч чадах л юм бол тэр дунд би заавал байх болно
2017 оны 5 сарын 26 [Уншсан тоо: 15995]



Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/ оргилд авиралт хийгээд ирсэн нь хамгийн сүүлийн үеийн сонин сайхан. Харин энэ зун өөрийнхөө амжилтын түүхэн дэх хамгийн хүнд авиралтаа хийхээр төлөвлөөд байгаа нь түүнээс илүү сонин сэдэв билээ.


УУЛАНД АВИРАХЫН ӨМНӨХ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БОЛ
ТЭР УУЛАА ЭХЭЛЖ УНШИХ

-Хэвлэлд ярилцлага өгөлгүй уджээ. Бэртэл авснаасаа хойш таг чиг болсон ...

-Эмнэлгийн орон дээр хэвтчихээд хаа холын оргил яриад бүлтрээд яах билээ. Шинэ сонин юмгүй хүн чинь Эверестээ дахин дахин яриад байлтай биш... Тэгээд чимээгүй л байлаа. Одоо бол сонинтой.

-Хөл дээрээ босч, дахин өндөр оргил яриад явж байгаад чинь баяр хүргэхээс өөр аргагүй. Энэ удаад чухам ямар сорилтыг туулахаар зэхэж байна вэ?

-Өнөөдөр дэлхий дахинд уулын спортод авиралтын хоёр чиг хандлага хүчээ авч байна. Нэг нь хүний хөл хүрээгүй оргил, хүн яваагүй зам гэсэн шалгууртай, өндөр нь чухал биш. Нөгөө нь 8000 метрээс дээш өндөр оргилд гарах гэсэн хоёр хандлага давамгайлж байна. 2005 онд биднийг Эверестэд авиралт хийж байх үед дэлхийн хамгийн өндөр оргилд хөл тавих гэдэг нь өөрөө чухал шалгуур байсан бол өнгөрсөн арав гаруй жилд уулын спортод арай өөр шалгуур хүчээ авсан байна. Миний хувьд 8000 мянган метрээс дээш өндөртэй 14 оргилоос хоёрт нь гараагүй. Үүний нэг нь одоо төлөвлөж байгаа К-2 оргил /Каракарум.8611м/, нөгөө нь Анапурна /Гималай. 8091 м/оргил юм. Эдгээр оргилд гарч чадах ч бай, үгүй ч бай Монголын залууст зам нээж өгөх, дараагийн удаад хэн нэгэн нь Өсөхөөгийн араас явья гэдэг хүсэл эрмэлзлийг бий богож өгье гэсэн зорилгыг өөртөө тавиад байна.

-Өнөөдөр уулын авиралт их эрчтэй хөгжиж байгаа нь харагдаж байна. Уулын клубууд, авирагчид, аялагчид зөндөө бий болжээ. Таны араас 8000-аас дээш метртэй оргил руу зорих залуу үе олноороо бэлтгэгдэж байх шиг ээ?

-Монголд өндрийн аялал хангалттай хөгжлөө. Богд уулын аяллаас эхлээд Алтай Таван Богдод хийж буй авиралтууд бүгд л тогтсон замаар мэргэжлийн хөтөчтэйгээр гарч байгаа нь өндрийн аялал юм. Харин өндрийн авиралт бол өөртөө шинэ зам нээж, өөрөө өөртөө хөтөч болж, өөрөө бие даан хийх авиралтыг хэлж байгаа юм. Аялагч, уулчин гэж тусдаа ойлголт болж хөгжиж байна.

-Илүү мэргэжлийн спорт талдаа байхыг нь уулчин гэж хэлэх нь ээ?

-Уулын спорт гэж бас хэлэхгүй байгаа юм. Ер нь өндөр уулын аялал, алхалт бол манайд их өргөн дэлгэр хөгжиж байна. Үнэндээ чи биднийг ууланд явдаг байх үед, Эверестэд гарна гээд зориглоод явж байх үед өөр байжээ. Үндэсний телевизээр Баярням ахын бэлтгэн гардаг байсан “Аяллын цаг” нэвтрүүлэг олон ч удаа уулын оргилоос дугаараа бэлтгэсэн дээ. Тэр бүхэн хүмүүст хүрээд л байж. Дараа нь Эверестэд монгол хүн хөл тавилаа гэдэг тэр мэдээлэл олон хүнд уулын спортыг сонирхох, зориглох сэдлийг бий болгож өгсөн. Тэр хүртэл уулын спорт гэдэг хэр баргийн хүний чадахгүй, зориглохгүй аймшигтай хэцүү зүйл. Уулчин бол илүү зоригтойдоо л тэр оргилд гарч байгаа юм гэдэг буруу ойлголт зонхилж байсан. Үүнийг л бид эвдэж, өөрчилж чаджээ гэж боддог юм. Тэр үед бид Н.Энхбаяр гуайг Ерөнхийлөгч байх үед Алтай Таван Богдод хамтдаа авиралт хийж байсан. Тэр авиралт уулын оргил гэдэг хүн хүршгүй хэцүү зүйл гэдэг ойлголтыг бүр өөрчилсөн. Үүнээс хойш уулын авиралт гэдэг зүйл бүх нийтийн аялал, амралтын хэмжээнд хөрсөн дээрээ бууж ирсэн дээ.

ЯВСАН ЗАМААРАА БУЦАЖ БУУНА ГЭДЭГ
АЛДААГАА ЭРГЭН БОДНО Л ГЭСЭН ҮГ
 
-Хэвтэрт байсан хоёр жилд уулын оргил хүсч мөрөөдөж байв уу, эсвэл...?

-Байнгын хөдөлгөөнд байсан хүнд хэцүү. Цонхоор харахаар л сэтгэл өвдөнө. Сэтгэлээр унаад байхгүй болохоор юм билээ. Спорттой нөхөрлөж явсны хүчинд хөл дээрээ босох хүсэл, тэмцэл, шүд зуултаараа л босч ирсэн шүү. Тэр үед төлөвлөгөө байхгүй болно. Хөл дээрээ л босох зорилготой болдог. Уулын оргил дээр авахуулсан зургуудаа үзнэ, тэр хэцүү мөчид яаж амьд үлдэх гэж тэмцэж байснаа бодохоор “ингээд орон дээрээ хэвтэж байгаа минь тэр бүхний дэргэд юу юм бэ” л гэж бодно. Өвчтэй удаад ирэхээрээ хүн сүүлдээ эмч, эм, лам хард найдах хэцүү болдог юм билээ. Өөрөө өөртэйгээ л ажиллаж, өөрийгөө л татаж босгодог юм байна. Эхлээд хөл дээрээ зогсоод баярлана, дараа нь нэг хоёр алхаад нойлдоо ордог болохоороо баярлана. Тэгсээр байгаад хөл дээрээ гүйдэг болсон. Одоо бол тэнэдэг дээрээ, маш их тэнэдэг дээрээ тавьчихаад явж байгаа минь энэ.

-Орон дээр өвчтэй хэвтэж байхдаа оргил бодож боссон хүнд одоо бол илүү том зорилго, шунал хүсэл төрж байгаа нь аргагүй байх аа?

-Ноднин өдийд л гэхэд би хэцүү байсан шүү дээ. Харин өнгөрсөн зунжин Алтай Таван Богдод амьдарсан маань эмчилгээ болсон. Арав хоногийн авиралтын ая даахтай болоод аажим аажмаар өндөрт дасч эхэлсэн дээ. Тэр бүхэн эмчилгээ, бэлтгэл болсон. Одоо ер нь давгүй шүү. Гэхдээ л яах бол гэсэн айдастай байсныгаа сая өнгөрсөн хоёрдугаар сард  Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад /6962 м/  авирч гарсныхаа дараа бүрмөсөн хаясан даа. Өнөөх айдсаа давж чадахгүй байх үед найз маань их урам өгсөн. Зиндаагаар овоглодог “Эрхэт Монгол” компанийн захирал Х.Мандахбаяр найз маань нэг өдөр дуудаад л “за, чамд хэд хэрэгтэй вэ, чи авиралт хий. Чи яг одоо л авиралт хийж, айдсаа дав” гэж хэлээд зардлыг маань гаргаад ирсэн. Тэгэнгүүт 15 хоног дотор  бэлтгээд замд гараад шидчихсэн. Тэнд очоод уулын оргил хараад сэтгэл сэргээд ирсэн. Seven sammit миний мөрөөдөл байсан, тэр оргилуудын нэг гэж бодохоор сэтгэл сэргээд бэртэлтэйгээ бүр мартчихсан л даа. 6000 метрийн өндөр санаанд багтаж байсан хэдий ч бодит байдал дээр би олон зүйл дээр тооцоо алдаж эхэлсэн л дээ. Үнэндээ бол 2012 оноос хойш тийм өндөрт гараагүй гэдгээ мартчихсан учраас бие маань дасан зохицоход хугацаа хэрэгтэй байсныг тооцоолоогүй. Гуравхан хоногт авиралтаа багтаана гэж тооцсон. Үндсэн баазаас дээшээ эхний кэмп 5000 метрийн өндөрт, дараагийн кэмп 5500 метрийн өндөрт байсан. Тэдгээрт  нэг, нэг хонох ёстой байсан ч шууд алгасаад 5000 метрээс оргилд хүрчихнэ гэж дотроо бодсон байв. Тэгээд дотроо тооцоолсноороо кэмп алгасаад шууд дайралт хийгээд 6000м-ийн өндөрт гарчихаад байж байтал бие эвгүйцээд эхэлсэн. Оргил 200-аад метрийн өндөрт харагдаад байдаг, замаар тооцоолбол 500-600 метр явах дутуу байгаад байдаг. Хөдлөх гэхээр л зүрх савлаад болдоггүй. Яг хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаагаа мэдрээд байгаа боловч буцах бодол төрдөггүй. Ингээд байж байтал оргилоос хоёр уулчин бууж ирж байгаа нь харагдсан. Ойрхон харагдаад байсан хадны нөмөрт арай гэж очоод байж байтал өнөө хоёр миний хажууд хүрээд ирсэн. Тэр хоёр намайг “хэдэн цагт доод кэмпээс хөдөлсөн бэ” гэж асуугаад “одоо оргил руу гарлаа гэхэд буцаад бууж ирэхэд хугацаагүй болчихсон байгаа юм биш үү” гэж сануулсан. Би бүүр эхний кэмпээс хөдөлсөн гэж хэлтэл “тэгвэл ямар хурдан энд хүрч ирсэн юм бэ” гэж гайхаад надад зөвлөгөө өгсөн. Тэр Чили залууд би үнэн сэтгэлээсээ одоо хүртэл баярлаж байгаа. Тэр залуу “одоо чи эндээс хөдөллөө гэхэд 18 цагт оргилд гарна. Тэгээд доош бууна гэхэд хэдийнэ оройтсон байх болно. Ийм эрсдэл битгий хий” гэж надад хэлсэн. Би үнэндээ яг ийм үг хүлээгээд ганцаараа шийдэж чадахгүй гацсан байсан юм. Тэр залуу надад тийм үг хэлээгүй бол дээшээ зүтгэж, тэдний хэлснээр том эрсдэл хийх гэж байсан. Би мэдсэн мөртлөө л буцаж чадахгүй болчихсон байсан тийм үед тэр чили залуу намайг аварсан л даа.

-Уулчдыг эрсдэлд хүргэдэг том алдаа нь тэр биз дээ. Мэдсэн мөртлөө зүтгэчихдэг, шийдвэр гаргах чадвараа тэрхэн үед алдчихдаг?

-Хүчилтөрөгчийн дутагдалд орох үед тархины үйл ажиллагаа саатаж, зөв шийдвэр гаргах чадвар саардаг юм болов уу даа. Мэдэж байгаа мөртлөө л эрсдэл рүүгээ явах гээд байдаг.

-Гэхдээ оргил тэрүүхэнд харагдаад байхад буцах гэдэг амаргүй л дээ. Буцлаа гэхэд дахиад энэ замаараа хоёр дахиа явна гэдэг хүсэх зүйл биш шүү дээ.

-Явсан замаараа буцаж бууна гэдэг алдаагаа эргэн бодно л гэсэн үг шүү дээ. Дахиад авирахдаа тэр алдаагаа засах боломж юм. Өмнө нь би нэг удаа тэгж хүчилтөрөгчийн дутагдалд орж байсан юм. Эверестэд. Гэхдээ тэр чинь 6000 метрээс дээш шүү дээ. Гэтэл одоо 5000 метрийн өндөрт ингэж алийгаа алдах ч гэж дээ, энэ ёстой худлаа юм байна гэж хүртэл бодсон. Монголчууд бидэнд нэг зовлон байгаа нь багш байдаггүй. Анх Эверестэд авирч байхад надад багш байгаагүй. Үнэндээ бол сэтгүүлийн зураг үзэж байгаад л зориг ороод явцгаачихсан хүмүүс шүү дээ. Интернэт ч олигтой хэрэглээ байсан биш. Одоо бодоход аймшигтай эрсдэлтэй зүйл хийсэн юм билээ. Багийн ахлагчдаа найдаад л гүйцээ. Тэр хүн маань ч бас туршлагагүй гэдгийг бодож үзээгүй. Бидэнд гуталнаас өөр сайн зүйл байгаагүй, хувцас хунар, хэрэглэл маань үнэндээ хэврэг эд байсан юм билээ.

-Амьдралын анхны том багш чинь бараг Эверест байсан байх аа?

-Эверестийг ёстой үзээгүй тулдаа л зориглосон хэрэг байж дээ гэж боддог юм. Тэр үед ч, одоо ч өндрийн багш гэж хүн Монголд байдаггүй. Саяын авиралт / Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа/ бол ёстой хамгийн ёрын бүхнийг бодуулсан нэг шөнө байсан даа. Тэнд нэг хад харагдаж байна, дөрөв тав алхаад нөмөрт нь суучихна гэж бодтол хоёр алхаад л зогсчихоод байсан. Би уг нь ядраагүйгээ мэдээд байсан. Ядраагүй мөртлөө явж болохгүй. Яг л хар дарсан зүүдэндээ хүн хөдөлж чаддаггүй шиг, муухай төгсгөлтэй зүүд шиг тийм мэдрэмжийг амссан. Өндөр авалтаа тооцоолоогүй л алдаа байсан юм билээ.

Тэгээд хоёр дахь авиралтаа дахиад эхний кэмпээсээ эхлүүлсэн л дээ. Хоёр дахиа авирахад бүх замаа уншчихсан байсан учраас харьцангуй хурдан өгссөн. Тэгээд замдаа явж байтал миний араас гэрэл асаасан хоёр уулчин намайг гүйцээд ирдэг юм. Тэр хоёр тэндхийн аврах албаныхан байв. Миний өмнө оргил дээр хүн осолдчихсоныг буулгах гээд авирч байсан. Тэр хоёр намайг 12 цагт амжиж оргил дээр гарахгүй бол асуудалтай шүү гэж зөвлөчихөөд гүйцэж түрүүлээд явсан юм. Гэтэл нэлээн явж байтал нөгөө хоёр дахиад л миний ар талаас гараад ирсэн. Ингээд гурвуулаа нийлээд цаашаа мацлаа. 6000 метрт бидэнтэй зэрэгцээд явдаг овоо уулчин байна аа л гэж байна. Буухдаа харин найзууд болоод нэлээн буу халсан даа...
 
К-2 ОРГИЛЫГ НЭЛЭЭН ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН

-К2 явахаасаа өмнө Эльбрусыг зорьжээ. Ер нь бол К2-т авирах бэлтгэлээ хийгээд л яваад байгаа юм аа даа. Бэлтгэл нь хүртэл өндөр зардалтай ажил шүү?

-Эльбрус оргил К-2 оргилын дээд кэмпийн түвшинд өндөртэй юм. Тэр хэмжээнд биеэ дасгах зорилготой. Ийм байдлаар бэлтгэл хийхийн зэрэгцээ 10 монгол залуугаа замчлаад гарчих бодолтой явлаа. Монголд өнөөдөр өндрийн аялагч, уулын сонирхогч олон болж байна. Уулын клубууд олноороо бий болж, өмнөө зорилготой ажиллаж байгаа нь сайхан байна. Энэ сонирхогчид дундаас дараагийн жинхэнэ уулчид төрж гарч ирнэ шүү дээ. Миний хувьд гэхэд тэр үед ганц Эрдэнэтийн уулын клуб байсан. Эрдэнэтийн багт орохын тулд үнэхээр их хүсч, мэрийдэг, ердөө миний мөрөөдөл болж байв. Одоо хүмүүс хүүхдүүдээ ууланд их дагуулж гаргаж байна. Манай төрөл /ханан хад/ олимпийн төрөлд ч орчихлоо. Намайг арай бага байхад ийм шийдвэр гарсан бол би ямар ч байсан Азийн аварга аваад л ирэх байсан гэж боддог. Намайг ид ууланд дурлаж байх үед цаг үе хэцүү байж дээ гэж боддог юм.

-Алуурчин уул гэгддэг К2 оргилыг ер нь хэзээнээс бодож эхэлсэн юм бэ?

-Уг нь К-2 оргилыг нэлээн эртнээс төлөвлөсөн юм аа уг нь. Гэхдээ гарч чадах, үгүйгээ сайн мэдэхгүй байна. Яагаад гэхээр сүүлийн гурван жил дараалан нэг ч уулчин тэнд хөл тавьж чадаагүй байгаа юм. Гэхдээ монгол хүн зорьж үзье л дээ. Би гарч чадахгүй байлаа ч дараа дараагийн залуустаа би мөрөөдөл үлдээхийг хүсч байна. Монгол хүн К-2 руу авирч үзсэн юм шүү, тэр мөрөөдлийг гүйцээх ойрхон байгаа шүү гэж залуус маань зориглох ёстой. Энэ л миний үүрэг байх болно.  Гэхдээ мэдээж би өөрөө тэр оргилд хөл тавихыг хамгийн ихээр хүсч байгаа... Өөрөө л гарч үзмээр байгаа нь бас үнэн.

-Монголд одоо өндрийн багш байхгүй гэж та хэллээ. Танд мэдээж Сугар, Отряд багш гээд сайн багш нар байсан. Одоо бол тэднээсээ илүү хол зам туулж, чамгүй туршлага суулаа.  Бусдад багшлаад сайн уулчин бэлтгэе гэх бодол төрөх юм уу?

-Надад гарч үзээгүй оргил байна гэдэг нь “Би багшлах болоогүй ээ” л гэсэн үг. Дор хаяж надад гурван оргил үлдээд байна. 8000 метрээс дээш К-2, Анапурна гэдэг хоёр оргил байна. Бас техникийн сорилттой нэг оргилд авирч үзмээр байна. Тэр бүхнийг гарч үзэж, гүйцээж байж багшилна уу гэхээс биш одоо болоогүй ээ.

-Өндөрт гарахаас гадна техник талаасаа сорьж үзье гэсэн ямар оргил байна вэ?

-Одоо зорьж буй К-2 оргил бол 8000 метрээс дээш мөртлөө техникийн авиралттай оргил болох юм. Эгц хананд яаж майхнаа босгох вэ, яаж тэнд амьдрах вэ гэдэг сорилттой авиралтыг техникийн авиралттай оргил гэж хэлээд байгаа юм. Авирахаас гадна амьдрах асуудал тулгарна гэсэн үг. Би тийм орчинд амьдарч, давж гарч үзэж байж дараа нь бусдад заана уу болохоос биш өөрөө үзээгүй зүйлээ бусдад заана гэдэг утагүй л дээ. Би Эверестэд амжилттай гарсан анхны монгол уулчин мөн боловч, энэ нь дэлхийн хамгийн өндөр оргил хэвээр боловч үүнээс хойш арав гаруй жил өнгөрөхөд Эверест “өндрийн авиралт” гэдэг ангилал талдаа орчихлоо шүү дээ.

-Тэгвэл К-2 оргилд ямар сорилт, бэрхшээл хүлээж байгаа вэ?

-Уулчин хүн гэдэг юу чаддаг байх ёстой бүхнийг жинхэнэ сорьдог оргил. Оргил бүрт өөр, өөр зүйл давуу тал болдог юм. Тухайлбал, сайн алхаж чаддаг нь, эсвэл мөсөнд сайн авирч чаддаг нь давуу тал болж гардаг. Тэгвэл К-2 оргил тэр бүхнийг нэг зэрэг сорьдог.

Тэсвэр тэвчээртэй байх ёстой юу, ёстой. Хүчилтөрөгчгүй орчинд ажиллаж чаддаг байх ёстой юу, ёстой. Мөсөнд авирч чаддаг байх ёстой юу, ёстой. Сайн алхаж чадах ёстой юу, ёстой. Цаг агаараа уншиж чаддаг байх ёстой юу, ёстой. Тэр бүгд цогцоороо байж чадаж байж тийшээ хүч сорих ёстой.

-Эверестэд гарахад чинь чухам юу таны давуу тал болсон бэ?

-Харанхуй зоригтой, юу ч мэдэхгүй гэдэг давуу тал болсон. Эверестэд 1953 оноос зөндөө олон уулчин гарчихлаа. Тийшээ гарах зам нэвтэрхий уншигдаж, цээжлэгдсэн. Тэнд аялал зохиодог 21 жилийн туршлагатай шарпа нар ч байна. 21 жилийн туршлага хуримтлуулахаар тэр нь ажил болдог. Гэтэл К-2 оргилд сүүлийн гурван жил нэг ч уулчин гарсангүй шүү дээ.

-Яагаад?

-Цаг агаарын нөхцөл хүнд. Эрсдэл нь өндөр. Оролдсон хүн болгоныг бас хүлээж аваад байдаггүй... Бод доо, 1953 оноос хойш энэ оргилд тавин хэдэн жилийн хугацаанд 200 гаруй уулчин гарсан байхад Эверестэд бараг 10 мянган уулчин гарсан байна. Тэгэхээр эрсдэл хэр вэ гэдгийг үүгээр жишиж болох юм. Сүүлийн үед мэргэжлийн уулчид тийшээ л зорих болсон байна. Энэ нь л миний хүслийг татаж байна даа. Чи мэднэ дээ, намайг Монголд анх seven summit хийнэ гэсэн л мөрөөдөлтэй байсныг...

-Тийм ээ. Түүнээс том мөрөөдөлтэй болоход чухам юу нөлөөлсөн юм бэ?

-Гэмтэл авахаас өмнө л дөө, Английн уулчидтай хамт Алтай Таван Богдод авиралт хийсэн юм. Тэдэн дунд Альпийн нуруунд аврагч хийдэг мундаг туршлагатай нэг уулчин байсан юм. Тэр намайг гайхаад “Чи ийм уулчин байж юун seven sammit яриад байгаа юм бэ?! Чи 60 настай, 70 настайдаа ч seven sammit хийж чадна. Хоёр ялгаа байдаг юм. Чи seven sammit хийгээд л ханачихвал хөгширсөн хойноо зүгээр л нэг баян өвгөн харагдана. Чи түүний оронд К-2 авиралт хийчих, Анапурнад гарчих. Тэр цагт чи насны эцэст уулчин харагдана шүү” гэж хэлсэн. Тэрийг сонсоод л шөнө нойр хүрэхгүй,  дотор шатчихсан. Юу гэсэн үг юм бэ л гэж бодож байгаа юм чинь. Тэр хүртэл миний уулын тухай мэдээлэл хомс  байсан юм билээ. Чам шиг хүн seven sammit ярьдаггүй юм. Тэр бол өндрийн аялал л болохоос биш авиралт биш шүү. Чи ийм залуухан байна, чи ийм чадалтай байна, ийм хүмүүс seven sammit ярьдаггүй шүү гэж хэлсэн тэр өвгөн миний бодлыг 360 градус эргүүлсэн дээ. Тэр үг надад жигүүр ургуулсан боловч төд удалгүй би бэртэл аваад хэвтсэн. Нэг талаар тэр гэмтэл азтай байсан. Юу гэхээр намайг гэмтээд хэвтсэний дараах гурван жилд нэг ч уулчин К-2 оргилд гарч чадаагүй... Тэгээд наймдугаар сар дуусаад К-2 -ийн мэдээ дуусахаар тайвширна. Нэг ч уулчин гарч чадсангүй гээд л баярлана...

-Яагаад азтай гэж?! Өөр уулчин тэр оргилд гарчихвал атаархал төрөөд бүүр хэцүү байх байсан гэж үү?

-Би эрүүл байгаад ийшээ явсан бол бас л гарчих байж дээ гэж бодно шүү дээ. Хэрэв зорьж явчихаад гарч чадахгүй бол бас ядуугийн зовлонтой учирна аа. Ивээн тэтгэгчийн зардлаар явсан хүн чинь оргилдоо гарч чадахгүй ирвэл яах вэ, цаг агаар болоогүй гэхээр юу гэж ойлгох вэ гээд л... бас бэрхшээлтэй тулна ш дээ. Тийм зүйлээс аврагдаад байгаа байхгүй юу... /инээв/ Ноднин зун яг явах дөхөөд больсон л доо. Бие маань ер нь ноднин өдий гэхэд гайгүй болчихсон байсан. Гэхдээ яг одоогийнх шиг сайн байгаагүй л дээ, гэхдээ л К-2 бодогдоод л байсан. Тэр үед наймдугаар сард Англиас нэг найз маань ирээд ярилаа. Чамд дуулгах сайн мэдээ гэвэл “энэ зун К-2-д нэг ч хүн үхээгүй”,  бас нэг мэдээ гэвэл “К-2-д нэг ч хүн гарч чадаагүй” гэж хэлсэн. Хэсэг уулчид гуравдугаар кэмпээ байгуулчихаад буцаад буусан хойно нь цасан шуурга болоод кэмпийг нь арчаад явчихсан. Тэгээд сүүлчийн оролдлого бүтэлгүйтсэн гэсэн. Үүнийг сонсоход яагаад ч юм бэ үнэхээр инээмээр болоод байсан.

-Тэгэхээр энэ хугацаанд толгойдоо бол өчнөөн удаа К-2 рүү авираад буугаад ирсэн байх. Энэ нь бэлтгэлийн нэг чухал хэсэг шүү дээ?

-Ууланд авирахын өмнөх хамгийн зөв шийдэл бол тэр уулаа эхэлж унших. Авирахгүй ч хараад л сууж байх ёстой. Авирч явахад цасан шуурга болбол чи замаа таньж байх ёстой. Бүгдийг цээжилсэн байх ёстой...

-Дараа нь Анапурна руу явах уу?

-Эхлээд К-2 руу явчихаад ирье. Намайг хүлээж авах эсэхийг мэдэхгүй шүү дээ, тэрнээс бас шалтгаална. Чи болоогүй байна аа хүүхэд ээ гээд буцаах ч юм уу. Эсвэл Өсөхбаяр аа чи овоо сэтгэлтэй юм аа гэх хүлээж авах ч юм уу, бүү мэд. Би өөрөө бодож байна. Энэ зун хүн гарах л юм бол би гарна. Тэнд гурав, дөрвөн жил дараалан очоод хүлээж байгаа уулчид ч байгаа. Над руу нэг польш уулчин холбогдоод л байгаа. Ноднин очсон энэ жил дахиад очно гэж байгаа. Очсон хойноо бусад уулчидтай хүчээ нэгтгэнэ дээ. Тэдний нэг сайхан юм нь мөнгөтэй. Би чинь нэг онцлогтой ш дээ. Тэдний хажууд дэлхийн хамгийн ядуу уулчин. Дандаа спонсор олж явдаг..
 
САЙХАН СЭТГЭЛИЙГ ҮХЛИЙН БҮС ГЭГДДЭГ 8000 МЕТРЭЭС ДЭЭШ ХАЙГААД ХЭРЭГГҮЙ
 
-Нэг үеэ бодоход спонсор олддог болжээ. Чамайг ч хүн таньдаг болж. Анх санхүүжилт олох ямар хэцүү байсныг сайн санаж байна. Өсөхөө гэж хэн билээ, уул гэж юу билээ гэдэг асуулттай л тулгардаг байлаа. Компаниуд ч өнөөдрийнхийг бодоход хөл дээрээ босох гээд ядаж байсан үе юм даа л гэж цайруулж боддог шүү дээ.

-Эверест явахад ойлгох нэг ч монгол компани олдоогүй шүү дээ. Олдсон ганцхан компани нь АПУ, архи өгчихсөн. Архийг зарах хэцүү, аваад явах хэцүү болж байсан. Анх орос хүн Чингис хаан банкны Громов л ойлгож, мөнгө өгч байсан. Тэгээд яваад ирсний дараа хандлага огт өөр болж, Эверест нэртэй бар хүртэл байгуулагдаад архи, ус ч гарч байлаа. Одоо түүнээс хойш урт хугацаа өнгөрч, бизнесийнхний ухамсар өөр болсон байна. Зөвхөн мөнгө бодохоо болиод нийгмийн хариуцлагаа мэддэг болсон гэх үү дээ. Мөнгө өгчихөөд тэрийгээ их юманд бодохоо байсан нь анзаарагддаг. Би олон хүнээс мөнгө авч үзсэн. Мөнгө өгчихөөд “чи төдөн туг авч яваарай” гэж хандах хүмүүс ч байсан, “мөнгө яахав ээ, мэнд л яваад ирээрэй” гэж өгөх хүмүүс ч байсан. Одоо уншдаг болсон доо. Одоо намайг нутгийн ах “Ажнай” Бат-Эрдэнэ, манай Сэдээ гээд олон найзууд маань дэмжиж байгаа.

-Оргилд хүрэх замыг эхлээд толгойдоо уншдаг гэж хоёулаа ярилаа. Ер нь уулчин хүнд тэсвэр тэвчээр, өндөрт дасах чадвар, авхаалж самбаанаас гадна толгой хамгийн чухал тийм үү?

-Толгойтой байх гэж толгой сайн ажиллахыг хэлээд байна уу? Ер нь толгойтой байж гэмээнэ амжилт гаргах бүү хэл, амьд үлддэг юм шүү дээ. Сийрэг бодож, зөв шийдвэр гаргаж байж тэнд амьд үлдэнэ. Жаахан арчаагүй бодолтой хүн бол ууланд хэцүү шүү дээ...

-Арчаагүй бодол гэж юуг хэлэх вэ? Сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг үү?

-Үгүй ээ... Сайхан сэтгэл гэж юм ууланд байхгүй. Сайхан сэтгэлийг үхлийн бүс гэгддэг 8000 метрээс дээш хайгаад хэрэггүй шүү дээ. Хүнд битгий тусал, хүнээс бүү тусламж эр. Найман мянган метрт чирч гаргасан балга халуун цайнаас нь чи сайхан сэтгэлийг нь ашиглаж байгаад хороож яах гэсэн юм бэ? Тэр хүн амьтан болж байж тэрийг авч гарсан, өөрөө л ууг л дээ. Уул хатуудаа хатуу шүү дээ. Сайхан сэтгэл ямар ч хэрэггүй. Холливудын хийсэн “Эверест” гэж кинон дээр гарч байгаа биз дээ. 1996 онд болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн кино. Сайхан сэтгэл гаргаагүй нь л амьд үлдэж байгаа нь бодит үнэн байхгүй юу. Тэглээ гээд тэднийг буруутгах нэг ч хүн ууланд байдаггүй юм. Би чинь өөрөө нэг удаа сайхан сэтгэл гаргаж үзсэн. Тэгээд үхэхээ шахсан.

-Хэзээ, хаана тэр вэ?

-Эверэстэд хоёр дахиа авирахдаа. Долоон мянган метрт гэхэд миний бие хачин сайн байсан. Тэгэнгүүт ард нэг өвгөн амьсгаадаад хэцүү байхаар нь ангал гаргах гээд таттал гэнэт ачаалал авснаас болоод би өөрөө амьсгал дээрдээд шууд үхэх шахсан. Тэгэхэд л ойлгосон. Бас нэг сургамж. Чи нэг ч илүү үйлдэл хийж болохгүй шүү, тэгвэл үхэх юм байна гэдгийг ойлгосон.  Хамгийн эвгүй нь гэвэл нөгөө өвгөн амьсгал давхцаад үхэх гэж байгаа миний хажуугаар юу ч болоогүй юм шиг яваад өнгөрөхөд сонин санагдсан. Гэхдээ монгол хүнд нэг өөр чанар байдаг юм. Туслахгүй байж арай чадахгүй, тэгэх ёстой ч юм шиг санагддаг чанар. Альяскад явж байхад 2008 онд шүү дээ бас нэг явдал тохиолдсон нь санаанаас гардаггүй юм. Дээшээ гарчихаад бууж явтал миний ард хоёр энэтхэг яваад л байсан. Хойно, урдаа ороод нэлээн явсны дараа зэрэгцээд иртэл нэг нь тун хэцүү байдалтай байгаа харагдсан. Би үүргэвчээсээ нэг сникерс гаргаж ирээд талыг нь өөртөө, талыг нь түүнд өгсөн. Араас нь халуун савтай цайнаасаа гаргаад өгтөл гараа сунгаж авсан  чигтээ амьсгал хураасан. Үхэж байгаа мөчдөө хүртэл хүн бусдын өгч байгаа зүйлийг авч л байдаг. Авч байгаа нь өрөвдөлтэй санагдсан. Би түүний оронд байсан бол авах байсан уу, тэртээ тэргүй найдваргүй болсноо мэдэж байгаа бол яах байсан бол гэж бодоход бас л сонин...

-Уулын оргилд амьд үлдэх эсэх тулж ирсэн мөчид хүнд ямар ч баг үлддэггүй, ёстой жинхэнэ мөн чанараараа нүцгэрч үлддэг байх л даа.

-Ууланд ямар ч жүжиггүй. Энд тэнд таардаг, “эр хүн” гэж сагсуурдаг нөхдийг ууланд аваачаад харах сан гэж боддог юм. Тиймэрхүү хүмүүс ууланд очихоороо андашгүй байдаг. Ачаа үүрүүлэх гэхээр бултаж аргалаад л, хоол харвал илүүг идчих гээд л ... Өөдгүй ш дээ. Ууланд ямар ч жүжиггүй, жүжиглэх гээд ч барахгүй. Байгалийн өгөгдлөөрөө л үлддэг.     

-Тийм мөчид өөрөө өөрийгөө хажуунаасаа харж байв уу. Өсөхөө ямар ч сайхан сэтгэлгүй, ухамсаргүй, баггүйгээрээ чухам хэр хүн бэ?

-Өөрөө өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөж байгаагүй байх аа... Үхтэлээ ядарсан хоёр удаагийн тохиолдол байдаг юм. Нэг нь Эверестэд анх авирч байхдаа, нөгөөх хоёр дахиа авираад бууж байхдаа тийм хүнд байдалд орж үзсэн юм. Тэр үед элдэв авир гаргая гэх нь ээ ч хажууд хүн байгаагүй, өөрөө өөртэйгээ л байлдаж гарсан. Тийм үед надад ямар ч падлийгүй улс төр, лам хоёрыг хүртэл боддог гээч. Хэцүү бодлоосоо аль болох зугтахыг хичээнэ, дуулдаггүй хүн чинь дуу дуулна. Гэхдээ тэр дуу хүнд битгий хэл өөрт ч сонсогдохгүйгээр энэ дотор л дуулагдана шүү дээ. Надад ямар хэцүү байгааг, одоо юу тохиолдож болохыг огт бодохгүйгээр өөрийгөө төөрүүлэхийг л хичээдэг юм.

-Бодлоо таслах, жолоодох,  яг одоо цаг дээрээ төвлөрөх дасгал гэж хэлмээр юм уу. Үүнийг нэг ёсны бясалгал гэж хэлж болмоор юм байна?

-Уулын оргилд авирах чинь нэг ёсны бясалгал шүү дээ. Хамгийн том гороо гэж хэлдэг нь учиртай. Томоохон сүм, хийд өндөр уулын оройд байдаг нь үүнтэй холбоотой. Төвдөд бол сүмд очиж мөргөл хийхийн тулд оргил өөд мацах тэр замд бясалгах, муу муухай бодол, шунал, хүслээ дарах, өөрийг нь өөрт нь таниулах бясалгал, гороо болдог юм. Манайд одоо бол машинаар давхиж очоод л мөргөл үйлдчихдэг шүү дээ. Харин ганц Төвхөн хийд л уулын өндөрт гороо хийж очихоор замтай юм билээ... Бидний яриа уулын оргилоос даваад одоо бурхан руу л ойртоод байх шиг байна. Ингээд дуусгах уу.

-Тэгье ээ. К2 оргилоос бууж ирсний чинь дараа жинхэнээсээ бурхны тухай ярилцъя.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив