Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ардчилсан намд хувьсгалч биш шинэчлэгч хэрэгтэй
2017 оны 1 сарын 18 [Уншсан тоо: 47418]

-Ардчилсан намын хөгжлийн дараагийн шат “Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх” ёстой байв. АН-д хувьсгалчид биш, бодлоготонгууд үгүйлэгдэж, цаг хугацаа үүнийг шахаж байна-

Ардчилсан намын даргын “сунгаа” арав гаруйхан хоногийн дараа өндөрлөнө. Нэр дэвшигчид нь нийт 21 аймгийг бараг туулж дуусав. Бүгдээрээ л “намын шинэчлэлт, эв нэгдэл, эрхэм зорилго”-ын тухай ярьж, ижил өнгөнөөс гараагаа эхлүүлсэн ч энэ хугацаанд хагаралдах чадлаараа хагаралдаж, ялгарах чинээгээрээ ялгарч амжсан байна. Ардчилсан намын даргаар хамгийн олон жил ажилласан Н.Алтанхуяг, мөн намын генсекээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга асан С.Эрдэнэ нарыг намын гишүүд нь “хуучин бууны хугархай” хэмээн доторчилж, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар “бага залуу”-даа орж байх шиг. 

“Мориноос буугаад төрийг удирдах амаргүй...”

Хорин хэдэн жилийн өмнө анх энэ нам үүсч бий болохдоо тухайн үеийнхээ нийгмийг өөрчлөх, хэмжээлшгүй эрх мэдэлт МАХН /МАН/-ыг төрийн тавцангаас татан буулгах, нэг үгээр бол асар том хүчний эсрэг “тэмцэх” ганцхан зорилготой гарч ирж байв. Эдийн засгийг либералчлах, иргэний эрхийг дээдлэх, олон урьгалч үзэл энэ тэр бол түүний дараа болсон зүйл. Ядаж л тухайн үед энэ намын лидерүүд дотор Да.Ганболд, С.Зоригоос аван эдийн засгийн бодлоготон, төр эрхийн онолтонгууд байв. Тухайн үедээ л шүү дээ.

Харин одоо энэ нам 20 жил энэ хүмүүсийг дагаж давхисан, хазайхад нь түшиж, хальтирахад нь эмтэрсэн партизануудынхаа нуруун дээр арай ядан тогтож байна. Нэг үгээр АН-д бодлоготон байхгүй болжээ гэсэн үг. Хар масс гэдэг шиг “Ардчилсан” гэдэг будаг шошготой л бол хэн нь ч байсан “манай юм” гэж эвийлж, өмгөөлсөн жирийн гишүүд, намын олон нийт өдийг хүртэл энэ намыг шороотой хутгачихалгүй авч явлаа. Одоо ч гэсэн тэдний шороотой гутал дээр намынх нь лидерүүд танц эргэж, нөгөө талд нь Ардчилсан намыг анх байгуулсан тэр үеийн үнэт зүйл, үзэл баримтлалаар нь нэгтгэсэн улс төрийн байгууллага болгох гэсэн шинэ үеийнхэн эсрэгцэн зогсч байна. “Морин дэл дээр хувьсгал хийх амархан” гэдгийг мэдэрсэн хууччуул, “Мориноос буугаад төрийг төвхнүүлэх амаргүй” гэдгийг ухаарсан шинэ залуу үеийн хооронд энэ удаагийн Ардчилсан намын даргын төлөөх өрсөлдөөн өрнөж байна.

Ардчилсан намын амин сүнс болон оршсоор ирсэн “хувьсгалч” чанар цаг үеийнхээ үүргийг хэдийнэ гүйцэтгэж, Ардчилсан намыг 70 жил эрх барьсан МАН-тай өрсөлдөгч болгож чадсан төрийг төвхнүүлэх тал дээр МАН-аас тохой дутуу явсаар л байна. Адгийн наад зах нь эрх мэдэлд очихоороо эвлэж, нэгдэж ажиллахын оронд бие биеийнхээ гэдсийг хүүлээд зүгээр сууж чаддаггүй. Нэгнийхээ хийснийг нөгөө нь нураадаг, адилхан зодолдчихоод бие биеэсээ буруу хайдаг. Ардчилсан намынхнаа “төрөлхийн” энэ тэмцэгч, хувьсгалч чанар нь намынхаа эрх мэдэл, удирдлагын төлөөх дотоодын өрсөлдөөнийг дэвэргэж, фракц бүлэглэлүүдийг төрүүлэн гаргаж, дэвэргэн хөгжөөсөөр эцэст нь намаа эвдэлж, идэж дууссан гэдэгтэй олон нийт ч санаа нийлэх байх. Бүлэглэдэг фракцилдаг, жалга довоор талцдаг, аль дийлсэн тал нь эрх мэдэлд очоод суучихдаг, түүнийгээ аль болох урт хугацаанд өмчлөх гэж улайрдаг энэ архаг хууч нь АН-ыг өөрийг нь, намын жирийн гишүүдийг ердөө нэг төлбөрийн хэрэгсэл төдий болгоод байгаа билээ. Нэр дэвшигчдийн 50 хувь нь энэ “төлбөрийн хэрэгсэлд” найдаж, намын даргын сунгаанд орж байх шиг.



Гэвч нөгөө талд Ардчилсан намыг тэмцэгч төдий биш, нийгмийг шинэчлэгч байх ёстой гэж үзэж, энэ мөн чанараар нь цааш авч явах хүсэлтэй шинэ үе бас л гишүүдийн 50 хувийг бүрдүүлж байгаа. Ардчилсан намаас хавьгүй өмнө төрж, анх л энэ намыг өлгийдөлцөж байсан хуучин партизанууд ч тэдний дунд бий. Нэгэнт төрийн бодлогыг тодорхойлолцох хэмжээнд хүрсэн Ардчилсан намыг цаашид үнэт зүйл, үзэл баримтлалд суурилсан бодлогын байгууллага болгохыг нийгэм, цаг үе захиалж байгааг ухамсарласан тэрхүү шинэ үеийнхэнд энэ удаагийн сунгаа боломж олгож байна.

Цаг үе хэнийг захиалж байна вэ?

“Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэдэг. Хүссэн ч, эс хүссэн ч АН-ын түүхэнд гал авалцсан ширүүн тэмцлийн үеэ дуусч, төр, улс орныг авч явах бодлоготон үгүйлэгдэж, цаг үе үүнийг шаардаж байна. АН-ын өнөөгийн дарга, удирдлагуудаас илүү олон нийт, дэмжигчид  нь үүнийг нь сануулж, шахаж шаардаж байгаа.

Төрийн эрх мэдлийг зөвхөн улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлдэг нь ардчилсан нийгмийн нэг суурь зарчим. Үүнээс илүү дээр тогтолцоо, илүү зөв арга замыг одоогоор хаана ч олоогүй байгаа. Тэгвэл монгол төрийн хоёр баганын нэг, бодлого, боловсон хүчнийх нь нэг эх сурвалж Ардчилсан нам нийгэм, цаг үеийнхээ захиалгыг сонсож сонголтоо хийх үүрэгтэй. Ардчилсан намыг төрийн бодлогын үндсийг тодорхойлогч, тэгэхдээ МАН-аас ялгаатай нь илүү шинэчлэгч, илүү шийдэмгий хэрэгжүүлэгч бодлогын байгууллага болгох шинэ даргыг сонгож чадах эсэх нь ганц АН-ын гишүүдэд биш, олон нийтэд ч хамаатай гэсэн үг юм.

Ардчилсан нам дотоод дахь фракциудын тэнцвэрээ хадгалах гэсэн жижиг эрх ашгаасаа болоод сүүлийн арваад жилд нам дотроо залуу үедээ хаалгаа нээж зүрхлээгүй. Хаалга хаагдахаас өмнө үзэл баримтлал, итгэл үнэмшлээ дагаж энэ намд орж ирсэн хамгийн залуу үеийн төлөөлөл нь АН-ын даргын төлөө нэр дэвшигчид дундаа Л.Гантөмөр. Тэр бол үнэт зүйл, үзэл санааг дагаж Ардчилсан намыг сонгосноороо “залуу” гэх ангилалд хамт багтаж буй Ж.Батзандангаас эрс ялгаатай. Арга барилын хувьд ч Ж.Батзандан тэмцэгч, хувьсгалч чанарыг агуулсан бол Л.Гантөмөр тэмцлийн дараагийн үе шат буюу бодлого тодорхойлох түвшний улстөрч. Хувь улстөрчийн хувьд хурдан нэрд гарч, мандан бадрахаас илүүтэй Ардчилсан намтай хамт тууштай бөгөөд хол явахыг чухалчилж ирсэн нэгэн үеийнхэн Л.Гантөмөрийг дагаж энэ намд үе солино. Алдаа, оноотой ч бай энэ нь өөрөө хөгжил юм.

Аливаа хөгжил, үйл явц тодорхой үе шатуудыг дамжиж, алдаа оноог туулж байж урагш алхдаг. Жам ёсны гэмээр энэ зүй тогтлоос Ардчилсан нам гажихгүй гэдэгт итгэдгийн хувьд энэ намын дараагийн дарга Л.Гантөмөр л гэж харагдаж байна. Оюун санааны хувьд Ардчилсан нам шинэчлэгдэж чадах эсэх нь магадгүй дараачийн асуудал байх. Учир нь энэ бол урт хугацааны процесс. Харин амьд организмын хувьд юутай ч жам ёсоор хөгжиж, урагшлах ёстой биз дээ. Үүнийг тооцоолохгүйгээр хуучин хүмүүс хуучин арга барилаараа “хувьчилж” авна гэвэл АН мөхөл рүүгээ л явна.  





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив