Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
АН-ын гишүүдийн тоо 17 мянгад хүрээд зогсчээ. Яагаад?
2017 оны 1 сарын 4 [Уншсан тоо: 112672]

-Саналын эрхээ авахын тулд тус намын гишүүд энэ сарын 6-наас өмнө бүртгэлд хамрагдах ёстой ч энэхүү “түүхэн үүрэг” бүхий бүртгэлийг гишүүдийн сайн дурын үндсэн дээр биш өнөө л фракц бүлэглэлүүд нь сурсан зангаараа хор найруулгаар зохион байгуулааад эхэлжээ-

Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд санал хураалтаар өндөрлөх бол санал хураалтад оролцох эрх бүхий гишүүдийн бүртгэл ердөө хоёр хоногийн дараа буюу 6-нд хаагдах гэж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэлд ердөө 17 мянган гишүүн бүртгүүлээд байгаа аж. Нэг үгээр хэлбэл, 17 мянган хүний санал дотор Ардчилсан намын даргыг сонгох гэж байна. Албан ёсны бүртгэлээр 160 мянга орчим гишүүнтэй гэж мэдээлэгддэг үндэсний хэмжээний намын хувьд 17 мянга гэдэг чамлалттай бөгөөд хачирхалтай тоо.

Улс төрийн нэг нам, тэр дундаа ялагдсан нам өөрсдийн даргаа хэдэн хүний саналаар сонгох нь олон нийтэд хамаагүй мэт боловч Ардчилсан намын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь тийм ч жижиг асуудал биш юм. Яагаад гэвэл Монгол Улсын төрийн бодлого, хувь заяаг тодорхойлолцож ирсэн, цаашид ч тодорхойлох Ардчилсан намын дарга хэн байх нь, хэрхэн ямар зарчмаар сонгогдох нь эцсийн дүндээ төр улсын хэрэг гэж хэлэхэд сүржигнэл болохгүй биз ээ. Тийм ч учраас Ардчилсан намын даргад хэн нэр дэвшиж байгаагаас дутахгүйгээр хэний саналаар сонгох гэж буй нь чухал асуудал юм.

Ардчилсан намын гишүүдийн саналаар даргыг сонгох нь мэдээж боловч гишүүд гэдэг хэн юм бэ, саналаа өгөх гэж байгаа гишүүдийн тоо яагаад 17 мянгаар хязгаарлагдаж байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарна.

Тэгвэл саналын эрхээ авахын тулд тус намын гишүүд энэ сарын 6-наас өмнө бүртгэлд хамрагдах ёстой ч энэхүү “түүхэн үүрэг” бүхий бүртгэлийг гишүүдийн сайн дурын үндсэн дээр биш өнөө л фракц бүлэглэлүүд нь сурсан зангаараа хор найруулгаар зохион байгуулааад эхэлжээ. Тодруулбал, тухайн аймаг, дүүргийн Ардчилсан намд одоо бүртгэлтэй байгаа гишүүдийн олонхи нь сунгаанд нэр дэвшигчдээс хэнийг дэмжих магадлалтай байна вэ гэдгийг харгалзан бүртгэлийг нээж, хааж “тоглож” байгаа юм байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд болсон намын Их хуралд хэн төлөөлөгчөөр сонгогдон оролцохыг шийдсэн орон нутгийн нам, үүрийн дарга нар өдгөө намын даргын сунгаанд санал өгөх эрхтэй гишүүдэд хэн, хэн багтахыг мөн л багцалж байна гэсэн үг юм. Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн зарим нь тухайн аймаг, дүүргийн намын удирдлагуудыг алсаас хөдөлгөж, өөрийнх нь төлөө саналаа өгөх гишүүдийг бүртгэлд хамруулах, өөр нэр дэвшигчид элэгтэй хэсгийг бүртгэлийн гадна үлдээх хорыг найруулж эхэлсэн сурагтай. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам дотор давуу эрх мэдэл, давамгай хүчтэй явж ирсэн Алтангадас, Шонхор фракцийнхан л өөрсдийн нэр дэвшигчдийн төлөө энэ технологийг хэрэглэж чадна гэдэг нь ч нуух зүйл биш. Шуудхан хэлэхэд, орон нутгийн намыг өөрсдийн төлөө хөдөлгөх, гишүүдийн бүртгэл дээр ажиллах тооцоог хийж байгаа хоёр нэр дэвшигч бий гэсэн үг. Одоогоор гишүүдийн бүртгэлийг хамгийн хатуу чандаар хааж байгаа нь Баянзүрх, Баянгол дүүрэг бол хамгийн их хэл ам дагуулж байгаа нь Хан-Уул дүүрэг гэсэн мэдээлэл байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын хувьд С.Эрдэнийн “гарын үсэг”-тэй хүмүүс олонх учраас энэ цул бүтцээ хадгалж байгаад санал хураалтаар түүнийг гаргаж ирэх тооцоотой. Харин Төв аймгийн Ардчилсан намын хувьд Н.Алтанхуягийг дэмжиж байгаа учраас одоогийн бүрэлдэхүүн дээр санал хураалт явуулах тохироотой. Гэх мэтээр тухайн орон нутгийн намын дарга Алтангадас, Шонхор хоёрын алийг дэмжиж байгаагаас гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хувь заяа, цаашлаад санал хураалтын дүн хамаарах нь тодорхой болжээ. Угаасаа өнгөрсөн найман жилд Ардчилсан намын удирдлага тогтвортой байж ирсний цаад шалтгаан нь орон нутаг болоод намын бусад бүтцэд Алтангадас, Шонхорын хүчний харьцаа тэнцсэн явдал байсан. Тэрхүү хүчний харьцаа тэнцсэн үеэс л Ардчилсан нам ротацийн сонгуулиа явуулахаа больж, эрх мэдлийн хуваарилалт энэ хоёрын тохиролцоогоор шийдэгдэх болсон. Ардчилсан намын шинэ даргын  сонгуулийг ч бас л хуучин хөл, бүтцээ ашиглах замаар дээрх хоёр фракци шийдэх гэж байна гэсэн таамаглалыг ажиглагчид хэлж байна. Ардчилсан намыг алдаа руу хөтөлсөн өмнөх удирдлагуудаасаа эгэл жирийн гишүүд нь өнөөдөр ч татгалзах хүсэлгүй, тэнхэлгүй байна гэвэл худлаа. Харин тиймгүй бол намынхаа үүр, хороод дээр очиж бүртгэлдээ хамрагдах, хэн нэгний ятгалгаас хамааралгүйгээр саналаа өгөх эрмэлзэл, итгэл үнэмшлээ илэрхийлэх шаардлага Ардчилсан намын мянга, мянган гишүүдэд одоо л тулгарч байгаа юм биш үү. Тэд яавч, яагаад ч ердөө 17 мянга биш гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн асуулт. Зарчим бөгөөд зам нь хуучнаараа байхад энэ намд шинэ үе, шинэчлэл жам ёсоороо төрж гарах найдлага үнэндээ бий гэж үү?!



 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив