Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төсөөллийн хямралаас томуугийн халдвар хүртэлх нэг жил
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 29967]
Жил бүрийн айдас өөр өөр байх аж. Өнгөрсөн жилийн яг өдийд эдийн засгийн хямрал өнөөдрийн гахайн томуугийн тархалт шигээр айдас, түгшүүр төрүүлж байсан гэхэд бараг үнэмшмээргүй санагдана.
Гэвч бөөрөнхий дэлхийг маань гурилын элдүүр дор өнхрүүлчихсэн юм шиг хавтгайруулж, улс орон бүрийг “хямрал” хэмээх нэг өвчнөөр өвчлүүлээд байсан нь бараг үнэн ч болов уу. Яагаад гэхээр Монголын Засгийн газар жилийн өмнө хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг парламентаар хэлэлцүүлж, 1.5 их наяд төгрөгийг түүндээ зарцуулахаар баримт бичиг батлуулж байсан нь харин үнэн юм.

Гахайн томуугийн эсрэг дархлаажуулалтын тун шиг эрэлттэй байсан зүйл нь мөн л хямралаас гаргах жор байв.

Тийм жор олдсон эсэх, олдсон байлаа гэхэд хэрэглэсэн эсэх нь тун тодорхойгүй байж байтал хямрал сураг алдарчихав. Бид хямралаас гарчихсан уу, эсвэл ерөөсөө хямрал болоогүй юу?

Монголд эдийн засгийн өөрчлөлт болоогүй. Эдийн засаг хямарч үзүүлэлт нь буугаа ч үгүй, бас өсөө ч үгүй байх. Товчхоноор бол хямрал болоогүй гэж зарим эдийн засагч өнөөдөр дүгнэж байна. Тэгвэл юу болоод өнгөрсөн бэ гэдэг асуулт яагаад байж болохгүй гэж. Эргээд харья.

Тэгэхэд Монголын экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ гадаад зах зээл дээр 4000 орчим ам.доллар байснаа 8000 ам.долларт хүртлээ өссөн юм. Үүнтэй зэрэгцээд импортын гол бүтээгдэхүүн газрын тосны нэг баррелийн үнэ өсч 140 ам.долларт хүрчээ. Зэсийн үнэ 4000 орчим ам.доллар байхад Монголд ам.долларын ханш 1200 төгрөг байв. Маш энгийн, хар ухаанаар бодоход бидний олборлоод гадагш гаргаад байгаа зэсийн үнэ хоёр дахин өсөхөд олох ашиг маань ч хоёр дахин өсөх ёстой. Нэг үгээр бол зэс тонн нь 4000 ам.доллар байхад нэг ам.доллар 1200 төгрөгтэй тэнцэж байсан бол зэсийн үнэ хоёр дахин ашиг авчирснаар нэг ам.доллар 600 төгрөгтэй тэнцэх ёстой энгийн зүй тогтол ажиглагдана. Бас нэг энгийн зүйл эндээс харагдаж буй нь ам.долларын ханш гадаад зах зээл дээр унаж буй үзэгдэл. Зүй ёсоор ч болж манайд ам.долларын ханш доошоо уруудаж эхэлсэн билээ. Улмаар ам.долларын ханш уруудсаар 1160 төгрөгт хүрэх үед Монголбанк нэгэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, ам.долларын ханш 1160 төгрөгөөс доош буухад Монголбанк худалдаж авах шийдвэр гаргасан юм. Худалдаж авч ч эхэлсэн, ингээд гадаад зах зээл дээр ам.долларын ханш унаад байхад манайд ханшийг нь хүчээр бариад эхлэв. Үр дүнд нь Монголбанкны валютын нөөц 600 сая орчим ам.доллар байснаа төд удалгүй нэг тэрбум 200 сая ам.долларт хүрсэн байна. Бас нэг “үр дүн”-д нь түүнээс ч доошилж болох байсан ам.долларын ханш 1160 төгрөгөөс буусангүй. Үүнээс болоод долларын ханш бодитой байх хэмжээнээсээ бараг хоёр дахин өссөн гэсэн ажиглалтыг мэргэжилтнүүд хийж байна.

Эцсийн дүндээ экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнийн өсөлтөөс бий болсон орлогыг төр авч, импортын гол бүтээгдэхүүн бензиний үнийн өсөлтөөс үүдсэн дарамтыг иргэд үүрчээ. Ийм л “хямрал” бидний халаас, ходоодыг тэрхэн зуурт цочроож, толгойг маань эргүүлж орхисон бололтой. Дэлхий дахинд үүссэн эдийн засгийн хямрал биднийг ч бас тойрохгүй гэсэн итгэл үнэмшил ч нөлөөлж, “төсөөллийн хямрал”-д бид төр засагтайгаа хамт ороод гарсан байж таарах нь.

Гэхдээ мэдээж, Монголбанкаар дамжин хэрэгжсэн төрийн мөнгөний бодлогын түр зуурын дээрх арга хэмжээ зах зээл дээр хямрал үүсгэсэн. Үр дагаврыг нь эдийн засгийн өөрийнх нь зүй тогтол, хувийн хэвшил аажим аажмаар залруулсан.

 “Дүрмийг мөрд, түүнээс илүүг бүү сэтгэ”

Төр засаг буюу тархи мэдрэл маань өнөөх “төсөөллийн хямрал”-даа итгэчихсэн тул эд эсүүд ч түүгээр нь зохион байгуулагдаад эхэлсэн байна.

Банкны салбарынхны бодитой тооцоогоор тэр үед барилгын компаниудад олгосон зээлийн нийт хэмжээ 12 тэрбум орчим төгрөг байх атал төр, засгийнхны ярихаар 480 тэрбум төгрөгийн зээл түгжигдчихсэн болж таараад байдаг. Сүүлдээ тэдний ярьж байгаагаар барилгын салбарт хамаарах зээлийн хэмжээ нэг триллион буюу их наяд төгрөгт ч хүрсэн санагдана.  Үнэндээ Монголын эдийн засгийн бүтэц маань орц, найрлага багатай тул банкны зээлийн дийлэнх нь худалдааны салбарт л явдаг байна. Тэгэхээр дэлхийн хямралыг дагаж сүйрээд байх эдийн засгийн сектор, үйлдвэрлэл ч байхгүй, тэдгээрийг нь зээлээр санхүүжүүлж эрсдээд байх банк ч бараг үгүй юм. Мэдээж дээрх түйвээнээр юмны үнэ өссөн. Ам.долларын ханш 1160 төгрөгөөс доош орохоор нь худалдаж аваад л байсан Төвбанк маань тэр хэрээр төгрөгийн хэмжээг зах зээл дээр нэмэгдүүлж байлаа. Түүнтэй зэрэгцээд орлого нь огцом нэмэгдсэн төрийн замбараагүй хэрэглээ, халамжийн мөнгөнүүд зах зээл дээр зохиомол эрэлтийг үүсгэж байв. Тэгэхэд инфляци өсч 34 хувьд хүрч амжсан билээ.

Дараахнаас нь зохиомлоор үнэ өсөх нь зогсч, зарим талаар бүр дифляци буюу барааны илүүдэл үүсэх шинж ажиглагдаж эхэлсэн байна. Яг энэ үеэс төсөөллийн хямралаар өвчилсөн төр засаг биш түүнээс хавьгүй ухаантай хэсэг болох хувийн хэвшлийнхэн эрүүл саруулаар ажиллаж, нийгэмд эмчилгээ хийж эхэлжээ.

“Эдийн засгийн хямрал” хувийн хэвшлийнхэнд харин ч боломж олгосон нь тэр юм. Тэд илүүдэл хөрөнгөө зарж, тансаг хэрэглээгээ хумьж, хүн хүчний тоогоо цомхотгохоос асуудлыг эхэллээ. Хэрэглээнээсээ хэрэггүй зүйлээ хасч, хөдөлмөрийн зөв хуваарилалт хийгээд эхлэхээр зардал нь багасч, үйлдвэрлэж буй үндсэн бүтээгдэхүүнийх нь нэгжийн өртөг нь багассан байна. Тэгэхээр өмнө нь онцын шаардлагагүй зардлууд үйлдвэрлэж буй нэгж бүтээгдэхүүнийх нь өртөгт шингэж байсан хэрэг. Ингээд нэгж бүтээгдэхүүнд шингэж байсан илүү өртөг гээгдэж, жинхэнэдээ зах зээлийн эрэлт, хэрэгцээгээр тодорхойлогдох үнэ бий болж эхэллээ. Засгийн газрын үүрэг энд шаардагдсангүй. Зах зээл, эдийн засаг өөрөө өөрийгөө авч гарав.  Төр засагт маань “Макро эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлогоо дүрмийн дагуу мөрд. Түүнээс илүүг бүү сэтгэ” гэсэн ганцхан сургамжийг зах зээлд сүүлийн жил тойрон өрнөсөн үйл явц үлдээлээ.

Ер нь аль ч төр эдийн засаг, зах зээлийг зохицуулах гээд илүү зүйл сэтгээд сэдээд эхлэхээр буруудаж дуусах нь олонтаа байдаг аж. Ардчиллын анатомын жишээ болдог АНУ-д эдийн засгийн сүйрэл эхэлсэн шалтгааныг ч үүгээр тайлбарлах шинжээч өнөөдөр цөөнгүй байна.   

    Монголд банкууд татсан хадгаламжийнхаа хүүгээс илүү өндөр хүүтэйгээр зээлээ гаргадаг бол АНУ-д эсрэгээрээ. Тэнд зээлийн хүү нь хадгаламжийн хүүгээс бага. Жишээлэхэд бусдаас таван хувийн хүүтэй зээлсэн мөнгөө цааш нь нэг хувийн хүүтэй зээлүүлэхээр яаж ашиг олох гээд байгаа нь ойлгомжгүй ч юм шиг. Мөн нэг америк хүнд ногдох зээлийн хэмжээ 500 мянгаас нэг сая ам.долларт хүрч байна.

Ийм хөрс суурин дээр АНУ-ын Төв банк нь бодлогын хүүгээ зургаа дахин бууруулж орхисноор банкуудын зээл ч өмнөхөөс бага хүүтэй болжээ. Ингээд америк хүн бүрийн цээжин цаана нуугдаж байсан бизнесийн мөрөөдөл нь биелэх боломжтой ч юм шиг дэврээд ирсэн хэрэг. Маш олон төсөл цааснаа бууж, тэр хэрээр хөрөнгө оруулалт, зээлийн эрэлтийг хөөрөгдөж орхисон байна. Энэ бүхэн юугаар төгссөн билээ? Товчхондоо бол банкууд дампуурсан. Эдийн засаг савласан.

Харин энэ бүхний тусгал нь Монголд “төсөөллийн хямрал” болж буусан юм.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив