Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголбанк, мөнгөний бодлогодоо л санаа тавьцгаа!
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 28147]
-Улстөрчид арилжааны банкуудад биш Монголбанкныхаа мөнгөний бодлогод санаа тавих ёстой юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд банкуудыг сандаргасан зүйл нь дэлхийн эдийн засгийн хямрал биш Монголбанкны бодлого байсан юм шүү-
Улстөрчид банкуудад маш ихээр санаа тавих болсонд санаа зовж эхэллээ.
УИХ-ын чуулганы танхимд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцээд эхэлмэгц гишүүд бүгдээрээ шахам банк, санхүүгийн мэдлэгтэй болж, арилжааны банкуудын ажиллагаанд санаа зовцгоосон үг хэлж, Монголбанкийг хяналт, шалгалтаа сайжруулахыг сануулцгааж байна. Хямраад, дампуураад байгаа банк хэд байна? Хэд нь, хэн нь хямарч, дампуурахад бэлэн байна вэ л гэнэ.

Монголд хамгийн найдвартай, дархлаатай, эрүүл ухаантай салбар бол хувийн хэвшлийнхэн. Эрх мэдлийн төлөөх улс төрийн тэмцлийн үр дүнгээр тархи, мэдрэлээ байсгээд сольж байдаг төрийн бодлого тэрхүү салбарт “зохицуулалт” хийгээд эхлэхээр жам ёсны хөгжлийг нь саажуулж орхидгийг бид даанч сайн мэднэ.

Тэгэхээр хувийн хэвшилд суурилсан арилжааны банкны салбар өөрсдийн бизнесээ эдийн засгийн хямралаас эрсдэлгүй аваад гарах арга ухаанаа хэдийнэ олоод айдгаа авдрандаа хийчихээд байгаа энэ үед улстөрчид гэнэтхэн “Банкууд яана аа” гэж хашгираад эхэлсэн нь айдас төрүүлнэ. Үүндээ итгээд зохицуулах, сэргийлэх арга хэмжээ авах гээд аль эртээс бэлтгэж эхэлсэнд нь бүр илүүтэй айх хэрэгтэй болов.

Үнэхээр Төр шилдэг менежмент хийж, гараа дүрсэн салбарт нь сайн үр дүн харагддаг бол айх шалтгаан үгүй. Гэвч төр аливаа асуудалд оролцохдоо төрийн нэр дор байгаа хэсэг бүлэг, хэсэг эрх мэдлийн ашиг сонирхлыг заавал шургуулдаг. Тийм явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх аргаа болгон “зохицуулалт” хийдэг “дээрэмчин” болсон учраас олон нийт айж байна.

Энэ удаад банкныхан айж байна. Яагаад гэхээр банкуудад нэг их санаа зовж, хөндлөнгийн аудит оруулж, чухам болохоо байсан мэт шуугиан үүсгэн нийтэд айдас төрүүлж байгаад банкуудыг дампууруулж чадах учраас айж байна.

“Дампуурсан” шошго зориудаар зүүж байгаад далимдуулаад худалдаж авах, эсвэл дам худалдах арга зохиодог гашуун туршлага Монголд ч, манайтай төстэй гараанаас эхэлсэн зүүн Европын орнууд, Киргизстан, Казахстанд ч байдаг.

УИХ-ын намрын чуулганы үеэр “банкуудад бүтцийн өөрчлөлт хийх” тухай анх мэдэгдсэн Монголбанкны ерөнхийлөгч "найдваргүй, тогтворгүй банкнаас цаг хугацааг нь олж салах нь хүнд байдлыг даван туулах арга” гэж үзэж байна.

“АНОД” банкны дампуурал ил болсны дараа 200 тэрбум төгрөгөө салхинд хийсгэчихсэн банкийг худалдаж аваад хөл дээр нь босгох этгээд Монголд байхгүй гэж Монголбанкны удирдлагууд хэвлэлээр ярьж байна.

Өмнөд Солонгост 1997-1998 оны эдийн засгийн хямралын үеэр банкуудад дээрх шиг байдал үүсгэж шуугиан дэгдээж байгаад АНУ-ын хөрөнгө оруулагчдад худалдсан гэдэг. Үндэсний хөрөнгөтнүүд нь эдийн засгийн хямралаас төд удалгүй гарч, улмаар дараа нь банкуудаа худалдсанаасаа өндөр үнээр авч байжээ.

Казахстан, Киргизд ч өнөөдөр дээрх байдал тулгарч буй аж.

Жишээг холоос хайх уг нь хэрэггүй юм. Монголд төрийн мөнгөний буруу бодлого банкуудыг дампууруулж, бас сайн банкуудыг төрийн оролцоотойгоор хэсэг бүлэглэл булааж авч байсан түүх бий юм.

Монголбанк яг одоо буюу аравдугаар сардаа багтаан арилжааны банкуудад гадаадын хөндлөнгийн аудитыг хийлгэж, 12 дугаар сард дуусгахаар зэхэж байна. Үүнийг Олон улсын валютын сангийн “зөвлөмжөөр" хийж буй аж.

Тус байгууллагын оролцоотойгоо хөндлөнгийн аудит хийж, хүнд онош тавьж байгаад банкуудыг нь гадаадын хөрөнгө оруулагчдад хямд худалдсан гэдэг дүгнэлтийг дээр жишээнд дурдсан улс орнуудад өрнөсөн үйл явцаас хийсэн байдаг. Монголбанк иймэрхүү байдлаар арилжааны банкуудад “бүтцийн өөрчлөлт хийх”, банкуудыг томруулах бэлтгэлээ базааж байна уу. Гэхдээ үүний цаана улс төр, эрх мэдлийн бүлэглэлийн ашиг сонирхол нуугдаж байж болох учраас банкныхан сэм түгшиж байна. Тэр тусмаа үүнийг нотлох гэсэн шиг улстөрчид ойр ойрхон “банкууд юу болсон бэ” гэж хашгираад байгаад нь түгшиж байна.

Уг нь арилжааны банкууд Монголбанкны удирдлагуудын мэдээлж байгаа шиг хүндрэлтэй байна уу, үгүй юү гэдгийг бараг л ганцхан зүйлээр хэмжчихэж болно. Энэ нь банкуудын төлбөр, тооцоог хурдан гүйцэтгэх чадвар юм. Банкуудын төлбөр тооцооны бэлэн байдал өнөөдөр 30 хувьтай байгаа аж. Монголбанк энэ үзүүлэлтийг таван хувь байхад хэвийн гэж үздэг. Өнөөдөр аль ч банкны дурын салбараар ороод гарсан иргэд, байгууллагын төлбөр, тооцоо, гүйлгээ гацаад дараалал үүсээд байгаа зүйл харагдахгүй байна.

Тэгэхээр улстөрчид маань арилжааны банкуудад санаа тавихаас илүү Монголбанкныхаа мөнгөний бодлогод санаа тавих ёстой юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд банкуудыг сандаргасан зүйл нь дэлхийн эдийн засгийн хямрал биш Монголбанкны бодлого байсан юм шүү.

Монголбанк яагаад буруутай гэж?

Монголын арилжааны банкууд бизнесийн салбартаа тохирсон үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа нь үнэн. Дотоодын үйлдвэрлэгч, бизнесийнхэнд маань удаан хугацааны, их хэмжээний, хүү багатай, болж өгвөл барьцаагүй зээл хэрэгтэй. Тэгвэл тэдний үйлдвэрлэл, үйлчилгээ хөл дээрээ босч, эдийн засгаа сэвхийтэл өөд татах хэмжээнд хөгжих боломжтой. Гэтэл тэдний ийм эрэлт, хүсэлтийг хангаж чадах үйлчилгээний даац банкуудад алга.

Ийм ч учраас арилжааны банкууд маань олон улсын санхүүгийн зах зээл дээрээс урт хугацааны эх үүсвэр татаж, бизнесийнхний хэрэгцээнд ойртсон зээл гаргах эрмэлзэл, сонирхолтой ажиллаж байлаа.

Худалдаа, хөгжлийн банк бонд гаргаж үзсэн, бас ХААН банк 300 сая, “Голомт” банк 10 сая ам.долларын гээд эх үүсвэр татах тодорхой хувилбаруудыг тохироод явж байтал төрийн бодлогын нөлөө тэдний эрмэлзлийг нурааж орхисон юм. Сүүлийн жилүүдэд төрөөс хэрэгжүүлсэн халамжийн үрэлгэн бодлого эдийн засгийн замбараагүй байдал үүсгэсэнтэй зэрэгцээд жилийн өмнөөс эдийн засгийн хямралыг гэтлэх элдэв бодлого санаж сэдээд эхэлсэн нь ийм нөлөө тусгажээ.

Төрийн тэрхүү бодлогуудын үр дагавраар Монгол Улсын эдийн засгийн рейтинг олон улсын нэр хүнд бүхий үнэлгээний байгууллагуудын судалгаагаар маш муу гарч эхэлсэн нь банкуудын гадаадаас эх үүсвэр татах, зээлжих чадварыг хаасан байна.

Мөн Монголбанк ам.долларын жам ёсоороо тодорхойлогдох ёстой ханшийг зориудаар барьсан, мөнгөний нийлүүлэлтийг багасгасан, банкууд нөөцөө хумиад эхэлсэн зэрэг нь бүр ч таагүй нөхцөл байдлыг үүсгэсэн юм.

“АНОД” банкны хувьд ч таагүй нөхцөл байдал хэдэн жилийн өмнөөс мэдрэгдэж байхад Монголбанк хянаж чадаагүй юу, эсвэл арга хэмжээ авахыг зориогүй юу гэдэг нь эргэлзээтэй.

Гэтэл одоо төр биш банкууд л нэг их бохир заваан зүйл хийчихсэн юм шиг харагдуулахыг хичээж байна.

Хямрал харин ч банкуудад боломж бүрдүүлжээ

Банкуудад бүү санаа зов гэж улстөрчдөд хэлэхэд буруудахааргүй болжээ. Өнөөдөр арилжааны банкуудад эдийн засгийн хямралын өмнөх үеийнхээс ч илүү хөрөнгө хуримтлагдаад байна. Энэ нь Монголбанк, төрийн бодлогын үр дагавар гэхээс илүү эдийн засгийн хямрал, гадаад зах зээлийн нөлөө аж.

Өнгөрсөн жил тойрны хугацаанд хямралын айдсаасаа болоод бизнесийнхэн биеэ хураасан нь зээлийн эрэлтийг багасгасан байна. Ингэхдээ мөн хуримтлал дахь бэлэн мөнгөө эргэлтэд гаргахаас болгоомжилж банкуудад байршуулсан нь хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлжээ. Банкууд ч өмнө нь гаргасан зээлээ сайн төлүүлжээ. Мөн гадаад зах зээл дээр алт, зэсийн үнэ өссөн, импорт багассан зэрэг хүчин зүйл нөлөөлсөн хэрэг.

Арилжааны банкуудад байдал муугүй ийм үед зарим улстөрийн бүлэглэл энэ салбарт хувийн ашиг сонирхлоор хий хоосон шуугиан үүсгэж, “дээрэм” хийх шунахайн сэдэл агуулсан юм биш байгаа гэх хардлагыг хэдийнэ төрүүлээд эхэлжээ.

Аудит хийлгэнэ, айдас төрүүлэм онош гаргана, үнэгүйдүүлнэ, худалдана. Нээрээ ч ийм танил процессыг зөгнөсөн "хашгираан" улс төрийн тогооноос сонсогдож, хэвлэлийн хуудсаар “бөмбөг” тээсэн ярилцлага, нийтлэлүүд үзэгдэх болсон нь анзаарагдаж байна. Эдийн засгийг тэтгэх судас болсон банкны салбар руу “вирус” тээсэн тариураар хатгах вий гэх түгшүүр яг одоо далд өрнөж байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив