Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нөхөн сонгууль хэнийг “нөхөөс” болгов?
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 28819]
Нөхөн сонгууль 25 дугаар тойргийн ээдрээг тайллаа
УИХ-ын ээлжит сонгуулиас хойш жил хагасын дараа энэ удаагийн парламент сая л Үндсэн хуульд заасан бүрэн бүрэлдэхүүнтэй боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн орон гарсан суудалд энэ удаад МАХН ялалт байгуулж, УИХ дахь суудлынхаа тоог нэмэв. МАХН-ын залуу гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нөхөн сонгуульд нэр дэвших эрх авсан нь, бас ялсан нь МАХН доторх нэгэн хүчтэй бүлэглэлийн ахих зам дээр бусад нь томоохон хаалт тавьсан хэрэг болов. Мөн Д.Зоригтын ялалтын “үр дүнгээр” жил гаруй сунжирсан 25 дугаар тойргийн маргааны ээдрээ тайлагдав.

Сонгуулийн 25 дугаар тойргийн саналын дүнтэй холбоотой маргааныг цагдаа, прокурор аль эрт, жилийн өмнө л шалгасан боловч чухам шалгалтаар юу илэрсэн, хэн нь ялсан болох талаар өнөөг хүртэл албан ёсоор мэдээлж байгаагүй. С.Эрдэнэ саналын давууг авсан нь үнэн байна ч гэж нотлоогүй, үгүй байна ч гэж тогтоогоогүй. Яг ийм байдалд байсан маргаан гэв гэнэт Чингэлтэйн нөхөн сонгууль болох чимээнээр шийдэгдэж орхисон нь асуулт дагуулсан билээ. Тэр тусмаа АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийн ялалтаар шийдэгдсэн. Нийгэмд өрнөж буй бүх үйл явц улс төрийн шалгаанаар өдөөгдөж, мөн  улс төрийн шалтгаанаар шийдэгдэх болсоор удсан тул олон нийт мөн л тийм байдлаар гаргалгаа хийсэн юм. Өөрөөр хэлбэл,  С.Эрдэнийн “ялалт”-аар АН 25 дүгээр тойргийг, Д.Зоригтын “ялалт”-аар МАХН 24 дүгээр тойргийг авахаар тохиролцоо хийчихлээ гэж дүгнэсэн. Олон нийтийн хардлага, таамаглал байсан гэхээс илүүтэй “эх сурвалж” дээрээс алдагдсан үнэний ортой мэдээлэл байсан бололтой. Тэгвэл АН-аас нэр дэвшихээр яригдаж байсан Да.Ганболд, Д.Эрдэнэбат нар нам дээр энэ асуудал яригдах үеэр хуралдаа оролцолгүй үл тоомсорлосон нь,  Б.Батбаатар “сайн дураар” нэр дэвшихээс татгалзсан нь санамсаргүй зүйл биш төдийгүй Р.Бурмааг золигт гаргасан болж таарлаа. Тэртэй, тэргүй 24 дүгээр тойргийг МАХН-д өгөхөөр тохиролцсон юм бол шүү дээ. “Ганцаардсан” Бурмаад энэ удаад хань болсон нь АН-ын “ясны”, хэрүүлч заргачаар “цоллогдсон” З.Энхболд нарын хэдэн гишүүн л байж таарав.

МАХН-д АН дайсан биш

МАХН-д хэзээ ч АН хэмээх дайсан байгаагүй. Байхгүй ч үгүй гэдгийг энэ удаагийн нөхөн сонгууль харууллаа. МАХН-ын “дайсан” нь аль ч цаг үед зөвхөн дотоодод нь байсан юм. Дотоод дахь “дайндаа” хэн нь ялах вэ гэдэг асуудал л саях нөхөн сонгуулийн мөн чанар, үр дүн байснаас биш тэд АН-тай өрсөлдөөгүй.

Өнөөдөр хүчтэй байгаа С.Баярын нөлөө, бусад фракциуд хамтарч Н.Энхбаярын гэх хүчтэй бүлэглэлээ тоглоомын тойрог замаас энэ удаад гаргаж дөнгөсөн нь нөхөн сонгуулийн үр дүн, Д.Зоригтын ялалтын үнэ цэн юм.

Дотоод дахь тэмцэлдээндээ нэг хэсэг нь нөгөөгөө шахахын тулд АН-ыг ашиглаж ирсэн МАХН цаашид нэг хэсэгтээ, юутай ч ойрын ирээдүйдээ Монголын улс төрийг утсан хүүхэлдэй шиг удирдах нь тодорхой болж орхив. Яагаад гэж үү. Тэгвэл ер нь яах гэж тэд нам дотроо хүч хавсайдаж, хамтын “дайснаа” шахсан байж таарах билээ?

Намаа шинэчлэх, Н.Энхбаяр нарын “авлигачдаас” намаа аврах гэсэндээ ч биш эрх мэдэл, албан тушаалын алсын “шуналдаа” хөтлөгдөж үүнийг хийсэн гэвэл илүү прагматик дүгнэлт болох биз.   

С.Баяр АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан нь МАХН тус намтай өрсөлддөгтөө хамтрах гэсэн хэрэг биш, бас хайртайдаа ч тэгсэн юм биш. Мөн 25 дугаар тойргийн маргаанд гэнэт шийдэл олж, АН-ын нөлөө бүхий улстөрч С.Эрдэнийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэн нь, хариуд нь 24 дүгээр тойргийг авсан нь гээд үйл явцууд МАХН-ын хувьд АН аргалж болох зүйл, харин түүний “дайсан” зөвхөн дотоодод нь байдгийг харуулав.

Оюутолгойн гэрээг урагшлуулсан нь “АН хувьсгалт намтай хамтарсны гавьяа” гэж хожим хэн дүгнэх бол? Тэр бол МАХН-ын, С.Баярын гавьяа, нам дотор болон улс төрд өөрийн нөлөөгөө барьсан хүчин зүйлийнх нь нэг болж үлдэнэ.

С.Эрдэнэ парламентад орлоо гээд АН олонхи болохгүй учир МАХН-д айгаад харуусаад байх юм үгүй. МАХН парламентад олонх, тэр тусмаа гуравны хоёр нь. Тэдэн дээр хүч нэмэх “урвагчид” ч АН-аас олдоно гэж тооцвол МАХН парламентын танхимаас улс төрийн ямар ч шийдвэр гаргаж дөнгөхүйц олуулаа, үнэмлэхүй олуулаа. Тэгэхээр улс төрөөр хэрхэн тоглох нь МАХН-ын гарт байгаа хэрэг. Тэр тусмаа АН одоо МАХН-д хэрэггүй болсон гэж тооцвол удирдлага бүхэлдээ МАХН-ын мэдэлд очиж байна гэхэд буруудахгүй болов уу.

МАХН-д өнөөдөр хүчтэй, нөлөөтэй байгаа бүлэглэл бусадтай, бас АН-тай хавсайдаж, хамтын “дайснаа” зайлуулав. Одоо АН МАХН-д ямар хэрэгтэй юм бэ. Тэгэхээр өчигдрийн улс төрийн хүчтэй сөрөг хүчин, шинэтгэгч АН өнөөдөр юу болоод хувирчихав аа?  

2009.10.19
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив