Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нүүрсийг үнс болгосон улс төр одоо зэсийг гууль болгох уу?!
2016 оны 11 сарын 2 [Уншсан тоо: 29421]

-“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон энэхүү маргаан ойлголцол руу хөтлөх биш харин ч эсрэгээрээ эргэж, хувь хүмүүсийн хоорондын тэмцэл, хэрүүл рүү шилжиж эхэллээ. Хэрэв үргэлжилбэл энэ нь хагарал, хуваагдалд хүргэхээс өөр үр дагавар авчрахгүй. Харин одоо бүгдээрээ шийдэл рүү явцгаая гэж уриалмаар байна-


“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компани уг хувиа Монголын талд, тэгэхдээ хувийн хэвшилд худалдсан асуудал дотоодын улс төрийн маргаан болоод багагүй хугацаа өнгөрлөө.

Дээрх худалдан авалтын талаарх мэдээлэл анх энэ оны зургадугаар сарын 27-нд буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын өмнө цацагдсан ч уг үйл явцад оролцсон, шийдвэр гаргасан талууд ямарваа мэдээлэл, тайлбар өгөлгүй, цаашдын зорилго зорилтоо танилцуулалгүй бүтэн гурван сарын турш таг чиг байсан нь хангалттай ойлголтгүй олон нийтэд хардлага төрүүлэх шалтгаан болсон юм. Өнөөдрийн маргааны эхлэл нь магадгүй мэдээлэл хаалттай, харилцаа холбоо үүсгээгүй, учир битүүлэг гэж хэлж болох тэрхүү байдлаас үүдэж, улмаар үл ойлголцлын хэмжээнд хүртлээ хурцдаад буй.

ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг “Ростех” компанийн саналаар худалдан авах хэлэлцээрт оролцсон “Монголын зэс” компани, уг наймаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн Худалдаа хөгжлийн банк зэрэг талууд олон нийттэй харилцах, шийдвэр гаргах түвшинд өөрсдийгөө ойлгуулах талаар санаачилга гаргаагүй нь алдаа болсон гэдгийг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Яагаад гэхээр тэдний тайлбар, мэдээллээс урьтаад улстөржүүлж болох хангалттай баримт, шалтгаануудыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гаргаж ирсэн нь олон хүнд итгэл үнэмшлийг төрүүлж амжаад байна. Хэзээ нэгэн цагт дэлгэх, тайлбарлах нь тодорхой байсан баримтуудыг худалдан авагч тал Ц.Нямдоржийн дайралтын дараа УИХ-ын гишүүдэд танилцуулсан нь төдийлөн үр дүнд, ойлголцолд хүргэж чадсангүй. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь уг худалдан авалтын процесс, учир шалтгааныг бизнесийн зарчмаас холдуулах, дотоодын улс төр болгон дэвэргэх эрмэлзэлд илүүтэй хөтлөгдөж байгаа нь ч анзаарагдаж байна.

Эцэстээ “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон энэхүү маргаан эвлэрэл, шийдэл рүү хөтлөх биш харин ч эсрэгээрээ эргэж, хувь хүмүүсийн хоорондын тэмцэл, хэрүүл рүү шилжиж эхэллээ. Хэн нэгний мэнгэ, сахал, том жижгээр хэрүүл хэрэв үргэлжилбэл энэ нь хагарал, хуваагдалд хүргэхээс өөр үр дагавар авчрахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин одоо бүгдээрээ шийдэл рүү явцгаая гэж уриалмаар байна.

Үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийг хэн, хэрхэн авсан нь зарим хүнд чухал л даа, гэхдээ ард түмэнд үүнээс илүүтэйгээр цаашид тус үйлдвэр яаж ажиллах, хэдий хэмжээний татварын орлого төвлөрүүлэх, орон нутгийнханд ямар өгөөж үзүүлэх, үндэсний бусад компаниудаа яаж дэмжих зэрэг нь хавьгүй чухал сэдэв юм. Тэр тусмаа эдийн засаг эмзэг, дээр нь 2017 оны нэгдүгээр сарын нэгэн буюу ердөө сар гаруйн дараагаас бондын эргэн төлөлтөд 300 сая ам.долларын төлбөр хийх ёстой хугацаа нь тулчихаад сууж байгаа Монголын Засгийн газарт энэ бүхнээ яаж шийдэх вэ гэдэг гарц, шийдэл илүү чухал. Дотоодын томоохон банкууд, үйлдвэрлэгчид, экспортлогчид, татвар төлөгчид­тэйгээ ярилцаж, харилцан дэмжлэг туслалцааны үндсэн дээр үүнийг шийдвэрлэхээс өөр гарцгүй Засгийн газар тэдгээр “хөл”-ийнхөө нэгийг тайрч унагахдаатулсан улс төрийн маргаанд цэг тавих санаачилгыг ч бас эхлүүлэх ёстой болов уу. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөлтгүй, түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өр, зээл 300 сая ам.долларт хүрсэн зэргийг тооцож үзвэл тэнд байдал тийм ч таатай биш байгаа. Үүний зэрэгцээ улс төрийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг тооцоолж байж худалдан авах шийдвэр гаргасан байж таарах “Монголын зэс” компанид “Эрдэнэт” үйлдвэрээс хүлээж буй үр ашгийн тооцоо, үүнийг удирдах бизнес төлөвлөгөө байхгүй гэвэл хэн ч итгэхгүй.

Харин одоо “Эрдэнэт”-ийг 100 хувь Монголдоо авчирсан гавьяагаар “цаасан малгай” хийхээс илүүтэй энэ бүхнээ яаж шийдэх юм бэ, Засгийн газартайгаа яаж хамтран ажиллах юм бэ гэдэг шийдлээ ярилцахыг ёстой өнөөх “цаг хугацааны хайч” нь тулгаж байгаа юм биш үү?!

ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байсан өмч Монголд шилжин ирэхдээ шууд хувийн өмчлөлд худалдагдсан анхны тохиолдол нь Эрдэнэт. Энэ утгаараа одоогийн маргааныг яаж шийдвэрлэхээс хамаарч цаашид мөрдөгдөх жишиг тогтохыг үгүйсгэхгүй. Монголын Засгийн газартай хамтран “Оюутолгой” ордыг эзэмшиж буй Рио Тинто, “Гацуурт”-ын ордыг эзэмшдэг Канадууд хувиа зарах асуудал хэзээ нэгэн цагт үүсвэл яах вэ, хэрэв хувийн хэвшлийн компанид зарахдаа хүрвэл бас хэрхэх вэ?!

Төр, хувийн хэвшлийн компанитай нэг орд дээр хамтран хувь эзэмшихэд улстөрчид ямар аймшигтай зөрчил үүсгэдгийг бид өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн орд тойрсон хэрүүлээс хангалттай харсан. Хамтын шийдэлд хүрч чадахгүй хэтэрхий удаан үргэлжилсэн хэрүүл, хагарал, хуваагдлын үр дагаварт Тавантолгойн нүүрс өнөөдөр үнс болж хувирсан байна.

Одоо дахиад “Эрдэнэтийн овоо”-ны зэсийг эцэст нь гууль болгох гээгүй л бол хувь эзэмшигчид хоёр талаас хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтын шийдлээ ярилцах хэрэгтэй биш үү?! Тэгэхдээ Засгийн газар юуны түрүүнд ТУЗ-ийн гишүүдийг хүчээр томилсон шигээ одоо үйлдвэрийн захирлыг МАН-аас томилохоор ярилцаж байгаа тэнэглэлээ юун түрүүнд татахыг зөвлөж байна. Бизнесийн асуудлыг улс төрийн нам дотор шийдэх гэсэн тэр цагт нүүрс үнс, зэс гууль болон хувирдаг гашуун түүхийг дахин давтах иргэд бидний эрх ашиг биш шүү гэдгийг харин хатуухан сануулмаар байна.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив