Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хувьцаа эзэмшигчдийн хурал ба Хөрөнгө оруулалтын гэрээ
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 44478]
Дэлхийн хүн амын өсөлт, зэсийн хэрэглээ хоёр шууд хамааралтай явж иржээ. Хүн амын өсөлт өнөөгийн эрчмээр ирэх 50 жилд үргэлжилнэ гэж үзвэл тэрхүү зэсийн хэрэглээг гүйцэх үйлдвэрлэл байхгүй юм.
Бас Япон, Норвег, Щвейцарь зэрэг хөгжингүй орны нэг хүн жилд 10 кг зэс хэрэглэдэг байхад нэг монгол хүн жилд хоёр кг зэс хэрэглэх бөгөөд энэ бол улс орны хөгжил, хүн амын амьдралын төвшний ялгааг харуулж буй тоо юм. Яг энэ цаг үе бол ашигт малтмалын арвин нөөцтэй хэрнээ бараг юу ч үйлдвэрлэдэггүй ядуухан монголчууд Оюутолгой хэмээх ордоо ашиглаж, зэсийн томоохон үйлдвэрлэгч болох их хүсэл, хүлээлтээр амьсгалж буй мөч.
Оюутолгойн ордын зэсийн нөөцийг зарим эх сурвалж 75 сая, зарим сурвалж 35 сая тон зэс хэмээн тодорхойлох боловч тус ордын ашиглалтын эрхийг эзэмшиж буй талуудын үнэлгээгээр тэнд 25 сая тонн зэс агуулагдаж буй юм. Мөн 1800 тонн алт, тодорхой хэмжээний мөнгөний нөөц бий.

Энэхүү нөөцийг ашиглаад эхэлбэл Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний гуравт жагсах, нөлөө бүхий үйлдвэрлэгч болох боломжтой.

Гэхдээ газрын баялаг маань биднийг энэ хэмжээнд аваачиж чадах ч улс орны өөрийн чадавхи олон талаар эргэлзээ төрүүлж буй юм. Орд газраа бие даан ашиглах санхүүгийн чадавхигүй, уурхайн олборлолтын туршлага огт үгүй, бас дээр нь зах зээлдээ хүрэх далайд гарцгүй. Хамгийн гол нь муу засаглалтай. Ийм нөхцөл байдалд газрын баялаг хөгжлийн гарц болохоосоо илүүтэй гай болдог гашуун туршлага байдаг аж. Чухам ийм айдас үсрэнгүй хөгжих их мөрөөдлийг нэг талаар боомилж буй билээ...

Гэхдээ галт тэрэг хөдөлсөн. Юу гэхээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монголын Засгийн газар ба хөрөнгө оруулагч талууд харилцан тохирч, ердөө түүн дээр гарын үсэг зурах, тэр мөчид оргилуун дарс хэрхэн буудахыг харах л үлдээд байгаа юм.

Есдүгээр сард тэрхүү гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газар төлөвлөж буй ч энэ хооронд улс төр бужигнаж, үйл явдлыг тасалдуулж болзошгүй гэж үзэх ажиглагчид ч байна. Монголын “улс төр бужигнахгүй” юм гэхэд гэрээг албан ёсоор баталгаажуулахтай зэрэгцэн өрнөх олон асуудлууд одоо хөрөнгө оруулагчдыг хүлээж байна.

Юуны өмнө ордыг ашиглах төсөлд шаардлагатай дөрвөн тэрбум ам.долларыг босгох санхүүгийн асуудал бий. Яг одоогоор энэ хөрөнгө бэлэн бус гэдгийг ч хөрөнгө оруулагчид нуухгүй байгаа юм. Оюутолгойн ордыг ашиглах компанийн 34 хувийг эзэмших Монголын тал дээрх хөрөнгийн мөн 34 хувийг босгох ёстой ч энэ талаар үүрэг хүлээхгүй байхаар хөрөнгө оруулагч талтай тохирсон билээ. Угаасаа тэр хэмжээний хөрөнгө босгох асуудал монголчуудад хүндрэлтэй аж. Тухайлбал, Засгийн газар энэ оны эхээр Олон улсын валютын сантай санхүүгийн хөтөлбөр тохирохдоо арилжааны нөхцөлтэй хөрөнгө босгох хязгаарыг 200 сая ам.доллараар тогтоосон юм. Мөн “онолын хувьд” төрийн өмчийн компаниудаар дамжуулан олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах замаар хөрөнгө босгож болох ч амьдрал дээр энэ нь боломжгүй аж. Учир нь Оюутолгойн ордыг түшиглэн хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарсан тул уг ордыг хоёр дахь удаагаа ашиглан хувьцаа гаргах нь санхүүгийн зах зээлд хүндрэлтэй, бараг л боломжгүй үйлдэл гэнэ. Тэгэхээр өөрсдөд маань боломж хязгаарлагдмал байхын хэрээр бид хөрөнгө оруулагч талд бүхий л үүрэг, хариуцлагыг “тулгаад” байгаа аж.

Иймэрхүү нөхцөл байдал дунд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс шаардлагатай хөрөнгийг босгох, эрсдэлийг нь хүлээх хариуцлагын өмнө зогсч байгаа хөрөнгө оруулагчдын хувьд “дотоод” асуудал бас бий.

Оюутолгойн орд хэмжээ, тогтоц, байршил, төвөгшлийн хувьд нэлээд онцлогтойд тооцогддог учир ашиглалт, менежментийг нь бас ч гэж дурын компани хэрэгжүүлж чадахгүй гэж үздэг байна. Азаар ч гэх үү, зэсийн ордын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай цөөн компаниуд дотроо толгой цохих томоохон тоглогч “Рио Тинто” Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч талд багтаж байгаа. Гэхдээ “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз” компанитай өнөөгийн түншлэлээ цаашид үргэлжлүүлэх эсэх нь одоохондоо шийдэгдээгүй байна.

Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тохиолдолд “Айвенхоу Майнз” компанитай “хамтын ажиллагаагаа” үргэлжлүүлэх “болзол”-тойгоор 380 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа “Рио Тинто” компани цаашид төслөөс гарч явах, үгүйгээ албан ёсны шийдвэрээр илэрхийлээгүй байгаа. “Рио Тинто” Оюутолгойн төслөөс гарч явах сонирхол бага гэж Монголын тал таамаглаж буй ч энэ нь одоохондоо баталгаагүй юм. Найдвар дагуулсан дээрх таамаглалаас гадна түгшүүр дагуулсан нэгэн таамаглал ч бас бий. Тэр нь юу гэхээр “Рио Тинто” Монголоос гарах тохиолдолд “Айвенхоу Майнз” төслийг дангаар хэрэгжүүлэх боломжгүй болно гэдэг таамаглал ба энэ тохиолдолд хамтрагч нь хэн байх вэ гэдэг таагүй асуулт.

Бидэнд байгаа хамгийн шинэ мэдээлэл гэвэл Оюутолгой ордын Хувьцаа эзэмшигчдийн хурал энэ есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр болох юм байна. Уг хурлаар “Рио Тинто” цаашид төсөлд хамтрах эсэхийг шийдэх аж. “Рио Тинто” хэрэв “нөхцөл бүрдээгүй” гэж үзвэл “Айвенхоу Майнз”-аас хөрөнгөө татаж, Монголоос гарна. Харин тэдний тавьж буй гол нөхцөл нь Монголын талтай байгуулах “Хөрөнгө оруулалтын гэрээ” юм. Гэрээ байгуулагдах нь бараг тодорхой болсон ч Монголын тогтворгүй улс төр, тогтмол өөрчлөгддөг хүсэл, шаардлага зэргээс тэд болгоомжилж байж ч болох. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ албан ёсоор баталгаажихаас Оюутолгой төслийн хувь заяа хамаарсан хэвээр байгаа аж.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив