Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Засаг даргыг өв залгамжлуулж болох уу?!
2016 оны 10 сарын 7 [Уншсан тоо: 33768]

- Уг нь дүүргийн Засаг даргаар хэнийг томилохыг тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ хүрээнд иргэд өөрсдөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулах учиртай юм-

С.Эрдэнэ даргатай Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан нам орон нутгийн сонгууль дөнгөж эхлэхтэй зэрэгцэн нэгэн шийдвэр гаргаж, тус дүүргийн Засаг даргын албан тушаалыг “өвлүүлэн залгамжлуулах” утгатай шийдвэр гаргалаа. Хорооллын хойд, урд гудамжуудад томоо дэлгэц дээр тэрхүү өв залгамжлалаа тунхагласан самбаруудыг байршуулж, “Ардчилсан нам ялбал С.Одонтуяаг Засаг даргаар сонгохоор шийдвэрлэлээ” хэмээн гайхуулах болов. Уг нь дүүргийн Засаг даргаар хэнийг томилохыг тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ хүрээнд иргэд өөрсдөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулах учиртай юм.

Тэрхүү чөлөөт ардчилсан сонгуулийн санал хураалт хугацааны хувьд болоогүй, ИТХ нь байгуулагдаа ч үгүй байхад бүрэн эрхийг нь булааж аваад өмнөөс нь хэрэгжүүлж, хэдийнэ шийдвэр гаргачихаад сууж байгаа хүмүүст ёс суртахууны мэдрэмж гэж ер нь байна уу гэмээр. Дүүргийн эрх мэдлийг өмчлөх төдийгүй өв залгамжлуулах боломжтой гэж үзэж байгаа энэ жишиг Ардчилсан намаас эхэлж байгаа нь бүр ч харамсалтай. Ардчилсан намд төдийгүй Ардын намд ч өнөөдөр хэвийн хэм хэмжээ болчихоод байгаа хамгийн гутамшигтай зүйл нь ах дүүгээрээ, амраг саднаараа, компани группээрээ албан тушаал, эрх мэдлийг залгамжилдаг энэ үзэгдэл иргэд, сонгогчдын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж байгаа билээ.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын даргаа Баянгол дүүрэгтээ дагуулан очиж хамтдаа нэр дэвшсэн С.Эрдэнэ З.Энхболдыг  их хуралд гаргаж чадаагүйг бүгд мэднэ. Уг нь сонгуулийн дүн гарахаас өмнө З.Энхболд УИХ-ын дарга байлаа. Мөн сонгуулиас өмнө УИХ дахь эрх баригч бүлгийн дэд дарга байсан С.Одонтуяа Баянгол дүүрэгт бас л нэр дэвшээд өвдөг шороодсныг бүгдээрээ санаж байгаа. Хэдхэн сарын өмнөх сонгуулиар Баянгол дүүргийн иргэдийн итгэлийг авч чадаагүй С.Одонтуяаг энэ удаад ялуулчихаад дараа нь бүр Засаг даргаар өргөмжлөхөө зарлах дүүргийн намын дарга С.Эрдэнэ их өөдрөг хүн гэлтэй.

Бүрэн эрхээ хэрэгжүүлэх битгий хэл байгуулагдаж ч амжаагүй ИТХ-ын өмнөөс С.Эрдэнэ даргатай дүүргийн Ардчилсан нам ийнхүү шийдвэр гаргаад зогсохгүй ажил, албанаасаа чөлөөлөгдөөгүй байгаа дүүргийн Засаг дарга Д.Оросоог тэрбээр дараагийнх нь ажилд томилчихжээ. Бүр тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхөөр бүлгийн дарга С.Эрдэнэ ажилд авах юм байна.

Зүй нь  Баянгол лүүргийн Засаг дарга Д.Оросоог ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг мөн л бүрэлдэж амжаагүй байгаа ИТХ-ын гишүүд нь хэлэлцэж шийдвэрлэх ёстой баймаар. Засаг дарга Д.Оросоо дараагийн хүнд ажил, албаа хүлээлгэн өгч болно, хадган дээр тавиатай тамгыг нь хэн нэгэн, магадгүй  С.Одонтуяа ч гардан авч мэднэ. Харин үүнийг эрх мэдэл бүхий хуулийн субъект нь хуулийн хүрээнд хуулиар тогтоосон цаг хугацаандаа шийдэх ёстой. Түүнээс биш сонгуульд ялах, ялагдах нь тодорхойгүй байгаа дүүргийн Ардчилсан нам сонгууль болоогүй байхад сайн дураараа шийддэг асуудал биш юм. Эхлээд өөрсдийнхөө хувь заяаг шийдүүлчихээд дараа нь Засаг даргын хувь заяаг шийдэх нь зүй.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив