Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгууль, АН-ын даргын томилгоо үнэндээ жижиг асуудал болчихоод байгааг улстөрчид ойлгохгүй байна
2016 оны 10 сарын 3 [Уншсан тоо: 54740]

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Та 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бичсэн нийтлэлээ санаж байна уу. Тэр дунд өгүүлсэн нэг дүрслэл үе үе санаанд ордог юм. Нөхдийн урвалж, шарвалтыг мэдрэх тэр үед сэтгэлээ тогтоон барих гэж өөрөө өөртэйгээ хэрхэн ноцолдож байснаа дүрсэлсэн тэр нэг өгүүлбэр. Яг одоо Та мөн л тийм байдалд орчихоод байгаа юм шиг... Яагаад гэхээр сүүлд бичсэн гурван нийтлэлийг чинь уншиж байх үед миний төсөөлөлд Та яг тийм байдалтайгаар дүрслэгдсэн юм?!

-Манай нийгмийн ёс зүй дампуурч байна! Сүйрч байна! Ёс зүй бол нам ч бай, холбоо ч, улс ч бай, ер нь хүний хамт олныг цавуудаж нийлүүлж байдаг маш чухал хүчин зүйл. Хүний ёс зүйд найдсан итгэлцэл байхгүй бол тэр нийгмийн иргэд "хүн хүндээ дайсан" болдоггүй юм аа гэхэд хүн хүндээ нөхөр байж чадахгүй гэдэг нь лавтай.Бид ийм болчихлоо.Эрх мэдэл,эд мөнгөний төлөө анд нөхдөө бүү хэл, ах дүүгээ хүртэл худалдаж хулхидаж байна. Саяын сонгуулиар ах дүү нарын дотоод хэрүүлийг сонгуулийн тойрогт авч очоод бие биеэсээ сонгогчдын дэмжлэгтэйгээр өс авахаар үзлээ шүү дээ. Хэн "ухаантай" урваж байна тэр нөхөр сонгогчдын дэмжлэг авдаг боллоо. Урвасан ноён Манжийн хаанаас шагнал авдаг байсан шиг урваж ирсэн этгээдийг намууд албан тушаалаар шагнадаг болсон.Урвалт моодонд ороод байгаа нийгэмд хар муу санаагаар амьдарч байна. Хүн хэчнээн жудаггүй байх тусмаа төдийчинээ олз омог арвинтай болжээ. Манай улсаас хүмүүний сайн чанар бүхэн хулжин дайжиж, хүний адгийн муухай чанарууд “найрын ширээ"-гээ засаж байна. Нийгмийг ийм байдалд хүргэсэн хүмүүс нь улстөрчид,тэдний эрээ цээрээгээ алдсан улс төрийн садар самуун явдал. Үүнийг эхлүүлсэн бүлгийн нэг нь Алтангадас. Ач үрс маань хууран мэхлэлт хулхидалт, урвалт, хар санаа зэрэг хүний мөсгүй бүхнээр дүүрсэн нийгэмд амьдрах гэж байна гэж бодохоор гол харлаад бухимдаад байгаа юм.

-Ардчилсан намыг удаа дараа МАН-ын “өвөрт аваачиж өгсөн, бүдүүн бүлэг болтол нь манантуулсан Алтангадасчууд Танд өсөрхөж байна, үүнийг “нэгдүгээр хүн” дэмжиж байна гэж Та мэдэгдсэн. Та үүнийг нь ил зарлаад, хуулийн хамгаалалт хүсээд л болоо юу. “Алтангадас” гэж төлөөлүүлэн нэрлэж болох Ардчилсан нам доторх энэ үзэгдлийн эсрэг цаашид хуулийн аргаар тэмцэх үү, хувьсгалт тэмцлийн арга хэрэглэх үү. Аль арга нь илүү амжилтад хүрэх итгэл найдвар төрүүлж байна вэ?       

- Нийгэм том өөрчлөлтийг хүлээж байна. Асуудал Ардчилсан намаас хальсан том асуудал болоод байна. Улс төрийн тогтолцоог ялзарсан болохыг хүмүүс арваад жилийн өмнөөс гадарлаж байсан. Одоо бол эдийн засгийн хямрал нийгмийг бухимдуулж өөрчлөлтийг ташуурдаж байна.


АРДЧИЛСАН НАМЫГ ОЛИГАРХИУДЫН АЛБАТ БОЛОХООС
ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ


-Таныг Ардчилсан үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалагч гэдэгт аль ч цаг үед итгэж ирсэн ард түмний тэр хэсэг тийм ч цөөхүүлээ биш би боддог. Цаашлаад унаж, уруудаж,  ялагдаж, магадгүй ялзарч яваа Ардчилсан намыг өөрөө өөрөөс нь хамгаалах хүмүүсийн нэг нь Та гэж харж байтал харин одоо таныг Ардчилсан намаас хамгаалах шаардлагатай болсон бололтой?
          
-Намайг Ардчилсан намаас хамгаалах хэрэггүй.Намайг Ардчилсан намыг үндэслэгчдийн нэг, түүний сэтгэл зүрхний илэрхийлэл байсныг жирийн гишүүд мэднэ. Харин Ардчилсан намыг Олигархиас хамгаалах хэрэгтэй.Тэдэнд худалдагдаж албат нь болохоос гишүүдээ хамгаалах хэрэгтэй.

-Хэн эрх мэдэлтэй байна, хэн эд хөрөнгөтэй байна түүнд нөхөр ч олддог, дайсан ч олддог. Харин танд одоо албан тушаал алга, хэтрүүлж хэлэхэд ажил ч алга. Нийслэлийн намын даргын ажлаа өг гэсэн шахалттай тулгарчихаад байгаа шүү дээ. Та ер нь хэний замд хөндөлссөн болоод таны эсрэг “хууль ёсноос давсан” хүчний машин ажиллаад эхлэв ээ?/Хууль зөрчиж хэрэгт шалгах гээд байгаа учраас ингэж асуулаа.                                        
 
-Олигархийн замд хөндөлсөөд байна.

-Таныг 18 жилийн өмнөх хэрэгт сэжигтнээр татаж буй явдал гэнэтийн нөхцөл байдал үүсгэчихлээ. Хэрэв ийм нөхцөл байдал үүсээгүй бол Та ойрын бөгөөд хэтийн ямар төлөвлөгөөтэй байсан бэ? Мэдээж, Нийслэлийн намын даргын хувьд орон нутгийн сонгуульд багаа удирдах том ажил хүлээж байгаа. Гэхдээ миний асууж буй агуулга бол Таны улс төрийн карьерын тухай юм шүү. Шууд хэлэхэд АН-ын дарга болох, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбици байсан л биз дээ?       
                                                  
 -Үнэндээ энэ цаг үед Ерөнхийлөгчийн сонгууль, АН-ын даргын асуудал жижиг, арав дахь асуудал болчихоод байгааг улстөрчид ойлгохгүй байна. Хүмүүс юу болохыг нь сайн мэдэхгүй ч том өөрчлөлтийг хүсээд байна. Улстөрийн өнөөгийн ялзарсан тогтолцоог өөрчлөхийг хүсээд байна. Залуу үеийхэн оролцоогоо нэхэж байна. Хүссэн нийгэм нь биш байгаад ахмадууд ундууцаж байна. Засгийн эрх ард түмэнд бус олигархид очоод байгааг ард түмэн мэддэг боллоо. Эдийн засгийн уналт дундаж давхаргыг ядуурал руу шахаж байна. Байхгүй юмтай хүнийг бодвол байгаа юмаа алдаж байгаа хүн илүү ууртай болдог. Бөөн уур байна цаагуур чинь. Гэр хорооллынхон эдийн засгийн эрхээ нэхэж байна. Хамгийн гол нь энэ өөрчлөлтийг манлайлж зохион байгуулах залуу үеэ хүлээж байна. Хөдөлгөөн эхлэхийг хүлээж байна.

-Та улстөрчийнхөө хувьд унаж босдог адармаатай тавилантай хүн гэж би хардаг. Одоо мөн л хотын даргаас  “хэрэгтэн” болох гээд байгаа ч юм шиг?   
 
-Улстөрч хүн олон удаа үхдэг хэмээн Черчилль хэлсэн гэдэг.Улстөрч хүн өөрийнхээ аминчхан байдлаа давсан зорилготой байж чадвал дахин дахин амилна.Би тийм байж чадсан.Би,өөрийнхөө амин хайртай хүмүүсийн сайн сайхныг бий болгоё гэвэл бусад хүмүүсийн сайн сайхныг бий болгох ёстой юм байна гэдгийг ойлгосон хүн. Ач үрсээ эрх чөлөөтэй байлгая гэвэл бусдыг эрх чөлөөтэй байлга. Ач үрсээ амгалан байлгая гэвэл бусдыг амгалан болго. Ач үрсээ сайхан хангалуун амьдралтай болгоё гэвэл бусдыг орлоготой чинээлэг болго. Гэх мэтчилэн миний хайртай хүмүүсийн амьдрал бусдын байр байдлаас хамаарна гэдгийг сэтгэлийн угаас ойлгосон.Тэгээд хүмүүсийн эрх чөлөө сайн сайхны төлөө тэмцээд байгаа хэрэг.

-Таны цуврал нийтлэлүүдийн дараа танд ямар хариу реакц ирж байна вэ? Хууль, хүчний байгууллагынхнаас, намынхнаас, олон нийтийн зүгээс гээд тус тус өөр хариу хандлага ирж байгаа болов уу?
 
-Нийгмийг өдөөж байна. Бичсэн сэдэв бүрийг тойроод олон түмэн мэтгэлцэж байна. Би хотын дарга байхдаа хүртэл улс төрийн сэдвээр ингэж олон түмний анхаарлын төвд байгаагүй санагдаж байна.

-Хууль ёсны дээр зайдалсан дарангуйлал айсуй гэдгийг, түүнд хүч өгөх “ногоон малгайтнууд” биежсээр байгаа гэдгийг Та сануулсан байсан. Та үүнийг өнөөдөр өөрийнхөө “арьсан” дээр мэдэрч байгаа... Гэхдээ үүнийг өнөөдөр л мэдэрч, мэдэж байгаа гэвэл худлаа байх. Чухам хэзээ, хаанаас /магадгүй хэнээс/ Тираны сүүдэр тусч эхэлсэн бэ?

-Авилгатай тэмцэх үйл хэрэг улс төрийн ялварлалтай болох үеэс анзаарсан. Бас саяын сонгуулиар улстөрийн захиалгаар хэвлэл мэдээлийн үйл ажиллагааг хориглож ажилтныг нь цагдан хорих үеэс бүр тодорхой болж эхэлсэн.

-Та Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний тухай анхны хуулийн автор. Харин өнөөдөр энэ эрх чөлөө хэрхэн хэрэгжиж байна гэж Та боддог вэ. Хэвлэлийнхэнд нэлээд итгэл алдарсан байдал цухалзуулаад байх шиг... Мөн хэвлэн нийтлэх эрх чөлөө эргээд хүчирхийллийн хэрэгсэл болоод байгаа ч юм шиг үг унагасан байсан, тухайлбал Таны хэлсэнчлэн “лалар” гэх ойлголтыг  энд багтааж болох юм.

-Лалар гэдэг бол нүүрээ нуусан комментчийг хэлээд байгаа юм.Хэвлэл мэдээллийхэнтэй ямар ч хамаагүй ойлголт.


ЭХЭЛСЭН БҮХЭН УХРАХ АЮУЛ БИЙ ШҮҮ ГЭДГИЙГ
ИРГЭДЭД ОЙЛГУУЛААГҮЙ БИДНИЙ АЛДАА


-Орон нутгийн сонгууль өнөөдөр эхэлж байна. Нийслэлийн Ардчилсан намыг ямар үр дүн, ямар үр дагавар хүлээж байгаа бол?

-Юуны өмнө орон нутгийн сонгуулийг дүүргийн нам хариуцдаг. Дүүргүүдээс ямар дэмжлэг хэрэгтэйг би асуусан. Хариу ирээгүй.Нийслэлчүүд ухралтыг зогсоох хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.

-Нийслэлчүүд Танай багийн хийж хэрэгжүүлсэн ажилд сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ л сая сонгуулиар ялагдлаа. Одоо эргээд бодоход өнгөрсөн дөрвөн жилд Та бүхний хийсэн алдаа юу байсан гэж хэлэх вэ.

-Эхэлсэн бүхэн ухрах аюул бий шүү гэдгийг иргэддээ ойлгуулж чадаагүй нь том алдаа байсан.

-Алдаа гэхээс илүүтэй хоног хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдсан ажлууд нийслэлийн өмнөх удирдлагуудын оноог хойш татсан байж магадгүй. Хамгийн том бэрхшээл юу байсан. Хуучин тогтсон сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх ч бас хугацаа шаардсан, том бэрхшээл шүү дээ.

-Уул уурхайн уналтаас үүдэлтэй эдийн засгийн хямрал байлаа. Ажилгүй орлогогүй болсон ажилчид арав арав мянгаараа уурхайгаас ирж байлаа. Гэтэл зэрэгцүүлэх үнээр бодоход Мөнхбаярын үеэс 20-30% доогуур төсөвтэй дээрээс нь улсын төсвөөс 200-аад тэрбумын ачаалал нэмээд өгчихсөн байдалтай сууж байв. Ажлын байрыг хадгалах гэж мачийсан дөрвөн жил байлаа.

-Та яагаад орон нутгийн сонгуулийн өмнөх эгзэгтэй өдрүүдэд энд нийслэлд биш Сэлэнгэ аймагт ажилласныг сонирхохгүй өнгөрч болохгүй байх. Улс төрийн томилолт байв уу, тариа ногоо хураах гээд аж ахуйн ажил байв уу. Эсвэл зарим зүйлээс тусгаарлагдаж бүгэх шаардлагатай байв уу?

-Сэлэнгэ аймагт сэтгэл догдлом өөрчлөлт эхэлж байгааг харж сууна. Газар тариалан мал аж ахуй хосолсон ХАА-н эдийн засгийн тогтолцооны суурь тавигдаж байна. Шинэ ХАА-н тогтолцоонд шаардагдах зам дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж байна.Урд болон хойд хөршийн хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг холбосон төв бий болох суурь тавигдаж байна. Энэ эрчээрээ цаашаа явбал удахгүй Монголын Калифорни болох магадлалтай байна. Ийм урам зориг сэргээх ирээдүйг харахын ялдамд бас тарьсан ногоогоо хурааж байна.

-Сүүлчийн асуултыг Танд үлдээе. Би юу зайлшгүй асуух ёстой байсан бэ?

-Та бид үр хүүхдүүдийнхээ тухай бодох цаг болсон.Тэдэнд ямар хот, ямар улс үлдээх гэж байгаагаа нухацтай бодох хэрэгтэй байна. Алхам тутамдаа хулхидуулаад хар санаандаа бэтгэрч дуусахаар нийгэм баймааргүй байна. Нөхөрлөл үерхэл гэдэг хүний сайхан чанарыг үзэх эрхгүй урвалт бүрд урам хугарч явдаг хөгийн газар болгомооргүй байна. Шаар бүхэн нь од болж байдаг хуншгүй нийгэм тэдэндээ үлдээмээргүй байна. Хоёр зуун мянгаар ач үрсийг маань боочихож мэдэх зэрлэгүүдээр дүүрчихсэн улс үлдээвэл бид юуны төлөө зүтгэсэн болж таарах вэ гэдгийг бодмоор байна. Авилгаар олсон хаус хүүхдэдээ үлдээж болно. Гэхдээ өргөст тороор хэрэм хийсэн хаус ямар аз жаргал өгөх юм бэ? Харвард төгссөн залуус маань зомби маягийн нийгэмд амьдарвал яаж аз жаргалтай байх вэ? Олигархийн аархлыг зогсоохгүй бол үр хүүхдүүдийн маань шударга хөдөлмөрийг мөлжөөд салахгүй ээ! Тийм болохоор хамтдаа олигархийн тогтолцоог халъя!

“ӨГЛӨӨНИЙ СОНИН”
2016.10.03



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив