Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ардчилсан намын шинэчлэл ахиад л алдаагаар эхэллээ
2016 оны 7 сарын 6 [Уншсан тоо: 81438]
-Ийнхүү сонгуульд ялагдал хүлээж, гашуун сургамжаасаа ухаарч, гишүүд дэмжигчдээ хүндэтгээд шинэ уур амьсгал оруулах ёстой АН нөгөө л хуучны цөөн хэдэн тэргүүлэгчдийнхээ дунд тоглоомын дүрмийг шийдэж эхэлсэн байна. Ийм ч шинэчлэл байдаггүй биз ээ. Үүндээ өөрсдөө л итгэж байгаа байх-



“Айл болгон амины машинтай болно” гэхэд “...ардчиллынхан мөн хуцав аа..” гэж тэртээ 90 онд дамшиглаж суусан эр өдгөө тэтгэвэртээ гарчихаад халтууранд явангаа дэргэдэх зорчигчтойгоо улстөр ярьж, Ардчилсан намын дарга нарыг толгой дараалан шүүмжилнэ. Хувийн тэрэг уначихаад тэтгэврээсээ гадна орлогожингоо төр засгаа шүүмжлэх эрхийг Танд тэгээд хэн олгосон юм бэ гэж би адарна... Ардчилал гэхээр Ардчилсан нам гэж ойлгож, ахиад таарахгүй хүнтэй өмнөөс нь ам мурийн өмөөрч явсан цаг надад бий.

“Ардчилал гэдэг Ардчилсан нам биш” гэдгийг миний ижил мянга мянган иргэн ойлгох болж, ардчилалтай байж чадаагүй энэ намыг сонгуулиар арчиж орхив. Таны, миний итгэл үнэмшил дээр дээшилж, дэвэрч явсан тэд дүнгээ тавиулсан нь энэ юм. Тэгээд яг юу нь буруудсаныг өөрсдөө ойлгохын дээдээр ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Нэг хүн тэнэг байж болох ч нэлээд хэдэн хүн тэнэг байх учиргүй. З.Энхболд ухаантай ч бас тэр ганцаараа ухаантай нь биш.

Ардчилсан үзэл санааг тээгч, хэрэгжүүлэгч энэ намыг ахиад улс төрийн тавцанд эрх баригч болон эргэж ирээсэй гэж хүссэн гишүүд, дэмжигчид нь институцийн хувьд шинэчлэгдээсэй гэж хүсч байгааг нийгмийн сүлжээний суваг бүрээс анзаарч байна. Харин энэ шинэчлэлийг юунаас яаж эхлүүлэх, хэдий хэрийн хугацааг зарцуулахаа тэд өөрсдийнхөө сонголтоор шийдвэрлэнэ. Нийгэмд буй хүлээлт бол шинэчлэлийн үйл явц дөрвөн жилээс хэтрэхгүй байгаасай... Гэвч тэдний өнөөдрийн алхмаас харахад үүнд найман жил ч шаардагдаж мэдэхээр байна.

Санал хураалтын дүн гарснаасм таван цагийн дараа Ардчилсан намын дарга З.Энхболд “Ард иргэдийн сонголтыг хүндэтгэн ялагдлаа хүлээн зөвшөөрч” байгаагаа мэдэгдсэн ч таван хоногийн дараа эрх мэдлээ сонгуулийн үр дүнгээр шууд шилжүүлэхэд гомдолтой байгаагаа хоёр ч удаагийн хэвлэлийн бага хурлаар Н.Энхбаяртай хамтран илэрхийлж байж албан тушаалаа өглөө. Түүний “шударга ёс”-оор өнгөлсөн мэдэгдэл, үүндээ дурдсан баримт, зөрчлүүд төрийн эрхийг шилжүүлэн авч буй МАН-ыг гэхээс илүүтэй эрх барьж асан АН-ын алдаа завхралыг чичлэн заасантай ижил байсныг хэлэх үү. Ардчилсан намын дарга, удирдлагаа, тэдгээрийн алдаа дутагдлыг албажуулан баталгаажуулж ирсэн ҮЗХ, ГЗ-ийг өөрчлөх, шинэчлэх шаардлагыг чихнийхээ хажуугаар гаргасныг эс хэлэх үү. Тэр өнгөрсөн хоёр жил шахмын хугацаанд явж ирсэнтэйгээ адил өнөөдөр ч гишүүдээ сонсохгүй байх шиг.

Ардчилсан намын шинэчлэлд дөрвөн жил хүрэлцэх үү?


Хоёрантаа давтсан мэдэгдлийнхээ дараа З.Энхболд сая л намын даргын албан тушаалаа өгсөн ч араас нь өрнөсөн өчигдрийн үйл явдлууд энэ намд ямар нэг юм шүгэлснийг, бүх зүйл бахь байдгаараа үргэлжилж, дараагийн сонгуулиудаар ч эргэн ирэх найдваргүй болж байгааг харууллаа.

Ардчилсан нам эрх барьж байх жилүүддээ бүхнийг нам дотроо урьдчилаад шийддэг, тэр тусмаа аль хүчтэй байгаа фракцийнхаа эрх ашгийг эхлээд тусгадаг байсан. Сүүлдээ ч аль хүчтэй байгаа фракц нь намын даргын эрх мэдлийг авч, цаашлаад бүх асуудлыг ганцхан намын дарга нь шийддэг болсон. Энэ зарчим нь намаа өнөөдөр залгичихаад “эмгэн эвдэрхий тэвштэйгээ үлддэг”-ийн үлгэр болчихоод буй нь энэ. Тэгвэл яг энэ алдаанаас салах ёстой цаг, цэг дээрээ ирчихээд байгаа Ардчилсан нам энэ оролдлогоо дахиад алдаагаар эхэлж байна.

Учир юу гэхээр УИХ-д сонгогдсон Ардчилсан намын есөн гишүүн хүртэл гарын арван хуруугаа фракцийн эрх ашгаар эрэмбэлэн тоолоод эхэллээ. Тэд зүй ёсоор бол нийт сонгогчдын 50 хувийн эрх ашгийг төлөөлөх хариуцлага үүрсэн СӨРӨГ ХҮЧИН юм. Энэ үүргээ хэрхэн үүрч авч гарахаа тооцоолохоосоо урьтаад есөн биеэ хэдэн фракцид хувааж, хэн нь хэний эрх ашгийг төлөөлөхөө эхлээд шийдэв. Энэ нь бүлгийн дарга, дэд дарга, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлаар илрэн гарлаа.

Үндсэндээ сонгуульд ялагдаж, мундраа хутгасан, нэр нүүрээ алдсан Гүйцэтгэх зөвлөлийн хэдэн нөхөд тойрч сууж байгаад л ийм шийдвэр гаргасан бололтой. Үүний зэрэгцээ парламентад бүлэг байгуулах эрхтэй болсны дагуу УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг томилуулахаар тогтсон нь Алтан гадасынхны Шонхортой хийсэн тохироо гэнэ.

Үүний өмнөхөн дээрх хоёр фракцын тохироогоор үндэслэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгосон гэнэ. Тодруулбал бүлгийн даргаар АН-ын экс дарга болчихоод байгаа З.Энхболдын хүн, сошиал медиагаар “том биетэй” Зи хэмээх нэр зүүгээд байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг дэмжжээ. Есхөн гишүүнтэй, бүлэг байгуулах эрхээ арайхийн олж авсан Ардчилсан намынхан бүлэг дотроо хүртэл фракцын зарчмаар асуудлыг шийдэж эхэлсэн нь бүх зүйл бахь байдгаараа, хуучиндаа байгааг илтгэнэ.

Эндээс юу ажиглагдах вэ гэвэл, Ардчилсан намд шинэчлэл, өөрчлөлтийн салхи оруулж хөдөлгөх гэвэл бүлгийн хүрээнд Шонхор фракцын С.Эрдэнэ, Ж.Батзандан, З.Нарантуяа, Алтан гадас фракцын Я.Санжмятав болоод тэдэнтэй ямар нэгэн асуудал дээр тохироо хийх гэвэл уламжлал ёсоор МҮДН фракцийн Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нар санал нэгдчихээр үндсэндээ энэ намын парламентын түвшин дэх бүх асуудал Зи даргын гараар шийдэгдэх нь тодорхой гэсэн үг юм.

Ийнхүү сонгуульд ялагдал хүлээж, гашуун сургамжаасаа ухаарч, гишүүд дэмжигчдээ хүндэтгээд шинэ уур амьсгал оруулах ёстой АН нөгөө л хуучны цөөн хэдэн тэргүүлэгчдийнхээ дунд тоглоомын дүрмийг шийдэж эхэлсэн байна. Ийм ч шинэчлэл байдаггүй биз ээ. Үүндээ өөрсдөө л итгэж байгаа байх.

Энэ сарын 18-нд Ардчилсан намын ҮЗХ нь хуралдах сурагтай. Намын энэ байгууллага ч мөн л фракц хооронд дамжин гүйлдэж, талцан хуваагдсан нөхдөөр дүүрэн. Лавтайяа Ардчилсан намын Их хурал хуралдаж байж л цөөн хэдэн хүний гараар намынхаа хувь заяаг шийддэг “чөтгөрийн тойрог”-ийг таслах ёстой болов уу. Бараг найман жил хүлээсэн ИХ ХУРАЛ шүү дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив