Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цэнгээний газар хийсч явсан мөнгө байрны лизинг болов
2016 оны 6 сарын 15 [Уншсан тоо: 29631]
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээр дор хаяж хоёр жилийн өмнөөс улстөрчдийн хамаг бүхнээ зориулан бэлтгэсэн хамгийн чухал агшнууд өрнөж байна.

Улс төрийн амьдралын яг энэ оргил үед өөрт ашигтай арван гурван арга мэхээ хэрэглэж сонгогчдын саналыг өөртөө татаж чадсан нэр дэвшигч л сонгож авсан замналынхаа хамгийн таашаалтай цаг үетэй нүүр тулна. Тиймээс л өдөр болгон монголчуудын, сонгогчдын, идэвхтэй сошиал хэрэглэгчдийн уйдааг гаргасан олон үйл явдал өрнөсөөр л байна. Энэ удаагийн сонгуулийн гол тулаан эрх баригч Ардчилсан нам болон МАН-ын хооронд өрнөнө гэдэг нь өөрчлөгдсөн хуулийн ачаар нэлээн эртнээс тодорхой болчихсон юм. Ийм учраас сонгогчдын чихийг дэлдийлгэж, нөгөөтэйгүүр бөгсийг нь улайлгаж байгаа улстөрчдийн хачин жигтэй явдлыг түр орхин гол өрсөлдөгч болсон хоёр намын сонгуулийн бүрэн дэлгэсэн хөзрөөс нэг юм ажиглалаа.

Одоо нэгэнт сонгуулийн сурталчилгаа эхэлсэн учир намууд хөзрөө нэгэнт бидний өмнө дэлгэчихээд байгаа. Ерөнхий зураглалаар нь харвал хоёр намын сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөр бараг ойролцоо харагдах тул нэг нэгнийхээ өмнөхийг баллуурдах тактикаар нэр дэвшигчид ажиллаж байна. Хорооны иргэд сонгогчидтой хийж байгаа уулзалтаас энэ нь бүр тод ажиглагдана.

“АН-ын засаглалын үед ядууралд орчихлоо, талх, тосоо грамааар авч байна” гэдэг өгүүлбэрийг МАН-ын нэр дэвшигчид уулзалт бүр дээрээ давтаж байгаа. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жил иргэд ядуурсан уу? Зүгээр л халамжаар бялхуулж байх үеийнх шиг бэлэн мөнгөөр тансаглаж чадахаа байсан уу? Үнэндээ төр засаг нь бэлэн мөнгөөр иргэдээ угжиж, үүнээс улбаалаад зах зээл дээр мөнгөний илүүдэл, нийлүүлэлтийн хомсдол үүсэн үнэ хөөргөддөг, эдийн засгаа хорлодог үе бас ч гэж Ардчилсан намын үед ард хоцорсныг хүмүүс мэднэ. Өмнө нь МАН-ын засаг барьж байсан үед иргэдэд тараасан их хэмжээний бэлэн мөнгө баар ресторан, үйлчилгээний газрууд илүүтэй цацагдаж байсан.

АН-ын үед иргэдийн гар дээрх бэлэн мөнгө хомсдсоныг “ядуурал” гэж зарлаад байгаа ч үүний шалтгаан нь харин ч “тансаг” юм. Тодруулбал, энэ дөрвөн жилд иргэдийн гар дээрх мөнгө татарсны шалтгаан нь ипотекийн зээлээр орон сууцанд орсон хэдэн мянган өрх айл мөнгөө баар ресторан руу биш банкны зээл рүү шилжүүлдэг болсонтой холбоотой. Үүнийг эрх биш дэвшил гэж хэлэх байлгүй дээ.

Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд сонгогчидтой хийсэн уулзалтад хэлэхдээ “75 жилийн хугацаанд /1921-1996 он/ 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол Ардчилсан намын эрх барьж буй дөрвөн жилд 108 мянган айл шинэ орон сууцтай болж чадсан. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал огт биш. Харин барилга, барилгын материал, зураг төсөл, тавилга гээд олон салбарыг ардаа дагуулж явдаг. Тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж, айл өрхүүд ажилтай, орлоготой болж байна” гэж байв. Ипотекийн зээлийн төлөлт 500 мянга байгаа гэж үзвэл өмнө тэр мөнгө хаана юунд зарцуулагдаж байв? Баар ресторан, хэрэгцээгүй шахам худалдан авалтад зориулж байсан энэ мөнгө үл хөдлөхийн лизингэд хувирснаас хүмүүсийн амьдралын хэвшил ч өөрчлөгдөж, санхүүгийн сахилга батад давхар суралцаж байгаа болов уу.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив