Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Японоос ахиухан ажлын байр аваад ирэг
2016 оны 6 сарын 14 [Уншсан тоо: 42343]
Японы “Шибасаки” гэдэг компани машины эд ангиудыг хийдэг. Хэчнээн их машин зарагдана, тэднийх тэр хэрээр баталгаатай ажлын байртай гэсэн үг. Тэгвэл энэ компанийн салбар хэдийнэ Монголд ороод ирснийг Та мэдэх үү. 

Цаашид үүн шиг Япон үйлдвэр Монголд улам бүр олон болох юм. Учир нь энэ сарын 7-ноос хэрэгжээд эхэлсэн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр орны хооронд 9000 нэг төрлийн бараа татваргүй болж, “Шибаси” шиг үйлдвэрүүд Монголд орж ирэх үүд хаалга нээгдэж байгаа. 

“Москва нэг өдөр баригдаагүй” гэдэг шиг мэдээж бүх зүйл нэг өдөр бүтнэ гэж байхгүй учраас хэлэлцээрийн үр дүн шат дараалалтай, өөр өөрийн цаг хугацаатай биеллээ олох биз ээ. Монголчууд бид “саалиа бэлтгэхээр саваа бэлд” гэдэг шиг юуны өмнө ажилтан, мэргэжилтнүүдээ Японд дадлагажуулан бэлтгэе гэдэг тохиролцоонд хүрчихлээ. Ядуу буурайгаас өсч өндийсөн хөгжингүй орнуудын түүхийг харахад тэдгээр улсууд, тэр дундаа манайхны их зорьдог Солонгос, Япон нь залуусаа гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сургаж, ажиллуулах замаар соёл боловсрол, технологийг нь хуулбарлан авсан байдаг. Үүнийгээ хөгжлийн хөшүүрэг болгож, хүний гар харсан улсаас үйлдвэрлэгч улс орон болтлоо хөгжсөн гэдэг. Нэг ёсондоо нэг компьютерээс нөгөө рүү мэдээлэл хуулахдаа бид плаш ашигладаг шиг залуусаа тухайн орчин нөхцөлд нь сургаж, дадлагжуулах замаар технологийг нь өөриймшүүлж авсан түүхтэй. Ийм жишээ манайд ч бий. Баянхонгорын нэг залуу Японд ажиллаж байсан чиглэлээрээ эх орондоо нарны зайн үйлдвэр байгуулчихаад өнөөдөр Япон руу түүнийгээ экспортолж байгаа. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд Японд хийсэн айлчлалынхаа үр дүн мэдээлэхдээ цухас дурдсан юм. 

Ардчилсан намын дарга З.Энхболд Японд хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэхдээ монгол залуусаа хэдэн мянгаар нь Японд дадлагажигчаар ажиллуулахаар болсноо сүр дуулиантай зарлаад байсны цаад учир нь тэр юм. Нэгдүгээрт, цаашид Монголд Японы үйлдвэрүүд олноороо орж ирэх нь. Хоёрдугаарт, тэдгээр ажиллах залуусаа эхлээд Японд бэлтгэх нь байна. Тэгэхээр монголчууд дэлхийд тэргүүлэгч технологи үйлдвэрлэгч Японд ажиллах хүчин гаргах биш бараг л ажлын байр аваад ирсэн хэрэг юм. 

“Монголдоо сайхан амьдарья” гэдэг уриаг Ардчилсан нам дэвшүүлсэн, гэтэл одоо гадаадад ажиллуулах гээд байна хэмээх шүүмжлэл сонсогдож байна. Монголдоо ажлын байр, өндөр цалин, тавтай тухтай орчныг эхлээд бүрдүүлчихсэн цагт тэр уриа аяндаа биеллээ олно. Тэгээд ч Ардчилсан намын дэвшүүлсэн тэрхүү зорилго өөрийн цаг хугацаатай учраас мөрийн хөтөлбөртөө “Монгол хүн-2020” хэмээсэн биз ээ.

Бид Монголдоо сайхан амьдрахын тулд эзэмшсэн боловсрол, мэдлэг, дадлага, туршлагатай байх хэрэгтэй. Түүнийг нь ашиглах, үнэлж чадах үйлдвэр, технологийн байгууллагууд, нэг үгээр бол ажлын байр шаардлагатай. Эзэмшсэн боловсрол, мэдлэгээ ашиглаж чадахгүй “зэврэх”, байгаа байгууллагууддаа гадны мэргэжилтэн урьж ажиллуулахаас үнэндээ монголчууд залхаж байна шүү дээ.

Дэлхийд шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч улсаас авах бас суралцах зүйл их бий. Жишээ нь шинэ технологийн цахилгаан дулааны станц буюу нүүрсийг шууд шатаахгүйгээр технологийн шийдлээр ажилладаг газар зөвхөн Японд бий. Тэрхүү судалгааг хийхийн тулд Монгол Улсад судалгааны төв байгуулах талаар дээрх хэлэлцээрийн үр дүнд тохиролцож чадсан. Судалгааны төв бий болж, ашиглалтад ороход тэнд хэн ажиллах вэ гэдэг асуудал заавал тулгарна. Арлын орноос байнга ажиллах хүч хүсч, боловсон хүчний дутагдлаа гадны хүнээр нөхөх үү. Түүний оронд өмнө нь эх оронд нь, тухайн салбарт нь залуусаа дадлагажуулж, ажиллуулж, сургачихаад, судалгааны төвтэй болсон хойноо “баярлалаа, бидэнд ийм олон залуус бий” гээд сууж байвал монголдоо сайхан амьдрах боломжтой гэсэн үг биш гэж үү. 

Баялагтай, технологитой хоёр улс зах зээлд хамтраад ашиг олоход амар болох юм. “Юманд учир, суманд гичир” гэж үг бий. Түүнтэй адил залуус арлын Японоос ахиухан технологи сураад, түүндээ гаршаад ирэг. Тэр цагт бид тэднээс юугаараа дутах вэ. Технологийн дэвшилтэй мөр зэрэгцээд, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлээд сайхан амьдрах боломж нээгдэнэ шүү дээ. 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив