Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тэнцүү зээлийн тэнцвэргүй хуваарилалт
2016 оны 6 сарын 3 [Уншсан тоо: 101689]

-Авсан зээлээ ард түмэнтэйгээ адил тэгш хувааж идэх зарчмыг МАН баримталж байсан бол тэдний дараа төрийн эрхийг авсан Ардчилсан нам босгосон мөнгөө бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт болгох зарчмыг барьсан юм-

Адил тэгш баян байх хүсэлтэй ч араас нь хэчнээн хөөцөлдөөд бүтэшгүй энэ мөрөөдлийнхөө хонзонд адил тэгш ядуу байхыг шударга зарчим гэж ойлгосон ард түмэнд баялгаа барьцаанд тавьж авсан зээлээ бас л бүгдээрээ хувааж идэх нь таалагддаг аж. Олон жилийн турш учраа ололцож ирсний хувьд МАН ард түмнийхээ аашийг арай илүү гадарлана.

МАН-ын тэргүүлсэн Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсний цаана 11 тэрбум 307 сая ам.долларын зээл, эх үүсвэрээр нь задалбал, бондоос 508 сая ам.доллар, Оюутолгойгоос 250 сая, Хятадын Чалко компаниас 350 сая, Эрдэнэт үйлдвэрээс 200 сая ам.долларыг тус тус урьдчилгаанд авсан зээлийн мөнгө нуугдаж байлаа. Энэхүү зээлийг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахдаа эргээд үр ашиг өгөх үйлдвэрлэлд бус иргэдийн гар дээр регистрийн дугаараар очих бэлэн мөнгөний амлалтдаа зарцуулсан юм. Зээлийг буцааж төлөхдөө хүрвэл иргэд бид хамтран зээлдэгч, төлж чадахгүйдээ хүртэл “өрийн сүлжээний хам хэрэгтнүүд” болох нөхцөлийг тэр үед хүлээн зөвшөөрөөд зогсохгүй алга ташин хүлээж авсан юм.



Өнөөдөр өөрийнх нь гараар дамжаагүй юм бүхнийг “буруу гар”-аар орсон гэж харддаг шударга ард түмэнд “Таны гар дээр таван төгрөг ч тавихгүй” гэдэг нөхцөлтэйгээр бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт, эдийн засагт эргэлт болгочихсон “Чингис” бондын мөнгө “бузар булайн” жишээ болон харагдаж байх аж. Сүүлийн дөрвөн жилд Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газрын босгосон бондын эх үүсвэртэй зээлийн хэмжээ өмнөх дөрвөн жилд тавьсан өртэй үнэндээ бол тэнцүү хэмжээтэй. Ялгаа нь гэвэл зээлийг эргүүлэн төлөх эзэд нь тодорхой, тодруулбал зээл авсан үйлдвэрлэгчид, тэдэнд бондын мөнгийг дамжуулан зээлдүүлсэн арилжааны банкууд нь тодорхой юм.

“Амьдрал яахав ээ, Анжела Дэвис юу болж байна?” гэдэг шиг өнөөдөр нийгэм нийтээрээ тэдний авсан зээлийн төлөө санаа тавьж, өглөө сэрэхдээ “өрөө яана аа” гэж боддог эх оронч олонтой болжээ. Уг нь тэд эсгий шаахайгаа Эрээнд аваачиж зарна уу, “Эксклюзив” брэндээ үнэгүй тараана уу, зээлээ төлөх үүргийг өөрсдөө л үүрэх тавилантай хүмүүс юм. 

Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт  9.924 тэрбум ам.долларын зээлийг хэд хэдэн эх үүсвэрээс татжээ. Энэ өмнөх дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын үүсгэсэн зээлээс даруй хоёр тэрбум ам.доллараар бага гэсэн үг юм. Түүнчлэн өмнөх Засгийн газрын үеийн зээлийн талаас илүү хувь нь баялгаа шууд барьцаалсан хэлбэртэй байсан бол өнөөгийн Засгийн газрын зээл цэвэр санхүүгийн арга хэрэгслээр бүтсэнээрээ ялгаатай юм.
 
“Мөнгө олох хэцүү, олдвол авах л ёстой” гэх хэтэрхий прагматик сонсогдож магадгүй “томьёог” андеррайтерүүд хэлэх дуртай. Хамгийн гол асуудал нь тэрхүү мөнгийг хэрхэн юунд зарцуулах вэ гэдэгт л байдаг. Эхний асуудал эдийн засагч, санхүүчдэд түлхүү хамаатай бол хоёр дахь асуудал бодлого тодорхойлогчдод тулгардаг сорилт. Тэгвэл өмнөх Засгийн газрын тавьсан зээл эдийн засгийг хоёр оронтой тоонд хүргэсэн боловч энэ “савхдахад сайхан хоолны нэр” л байсныг өнөөдрийн бодит нөхцөл байдал харуулчихлаа. Бүх нийтээрээ хорь, хориор нь “хоолны мөнгө”-нд тавиад туучихсан тэрхүү зээлийн үлэмж хэсэг нь сонгодог утгаараа өр байсныг өнөөдөр Чалко компанид нүүрсээ тонн тонноор нь “шанага” нүүрсний үнээр өгч байгаа жишээнээс ойлгож болох байх.

Хэрэв 17 хувийн өсөлтийн цаана өр биш үр шим агуулагдаж байсан бол өнөөдөр нөхцөл байдал илүү дээр байх байсан биз. Хавартаа хөрсөнд суулгах үрээ ч үлдээлгүй бүгдийг нь идчихсэн “хомхой”-гоо одоо яалтай ч билээ. Харин энэ засгийн үеийн бондын зээл бидний гар дээр ганц сул зоос шидээгүй ч эдийн засагт үр суулгасан гэдэгт итгээд ирэх намрыг хүлээж суух л үлдлээ. 




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив