Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улстөрчдийн “1000 төгрөг”-ийн пиар
2015 оны 10 сарын 21 [Уншсан тоо: 50799]

- Томоохон  эмнэлгүүддээ нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийг шийдвэрлээд өгчих бодлого, санаачилга,  санхүүжилтийг төр гаргаж дийлдэггүй ээ. 1000 төгрөг аяныг санаачилахад хүргэсэн шалтгаан нь өөрсдөд нь байгааг ч үл анзааран дарга нар маань даган дэмжиж байгаагаа гайхуулан патиараа татуулж, хэвлэлээр түгээж байх аж. “1000 төгрөг”-ийн үнэтэй PR. Энэ улс орныг хэн удирдаж, хэрхэн яаж бодлогоор хөгжүүлэх учиртайг үнэхээр ойлгож ядна-

Дэлхий дахинд анагаахын  шинжлэх ухааны ололт, амжилт аль түвшинд явааг хэмжих нэг чухал үзүүлэлт нь практикт шинэ тутам нэвтэрч буй оношлогоо, шинжилгээ, эмчилгээний тоног төхөөрөмж байдаг. Энэ үзүүлэлтээр асуудлыг авч үзэх юм бол Монгол Улс хаахна хаягдсаныг иргэн та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Тийм л учраас улсын хэмжээнд цорын ганц Хавдар судлалын үндэсний төвд цор ганц аппарат шийдүүлэх санаачилгыг хэн нэг сэтгүүлч гаргаж байгаа. Тийм ч учраас улсдаа цорын ганц Түлэнхийн төвд арьс нөхөх эмчилгээний тоног төхөөрөмжийг шийдэх уриалгыг аль нэг ТВ санаачилж яваа. Улсдаа цорын ганц Хүүхдийн эрүүл мэндийн төвд шинэ барилга нэмэх санаачилгыг харь оронд амьдардаг хэн нэгэн гэгээнтэн үүсгэж буй.

Яагаад ийм байдалд хүрсний шалтгаан нь юуны өмнө тус салбарт технологи, тоног төхөөрөмж өндөр үнэтэй бөгөөд бид хөрөнгө мөнгөгүй байдаг, хамгийн гол нь энэ бүхэн зайлшгүй чухал гэж үнэлэх төрийн бодлого үгүйтэй холбоотой.

Хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн сэхээн амьдруулах тасаг өнгөрсөн зун анх удаа ор бүхэндээ амьсгалын аппараттай болсон юм. Тус тасгийн ахмад эмч энэ талаар сэтгэл доглонгуй өгүүлэхдээ “Миний залуугаасаа мөрөөдсөн зүйл биелж, бид ор бүхэндээ амьсгалын аппараттай болж байна. Одоо амьсгалын аппаратгүйгээс болж хүүхэд амиа алдахгүй болж байна” хэмээсэн нь санаанд тод байна. Яагаад гэвэл тэр үед энэ тасаг, энэ эмчийн гарт миний хүүхдийн амь нас атгаастай байсан юм. Эмч цааш тодотгохдоо “Улсын хэмжээнд цорын ганц эмнэлэг мөртлөө сэхээний тасаг нь ердөө ганцхан амьсгалын аппараттай байсан гээд төсөөл дөө. 2005 онд SARS дэгдэх үед тусламжаар таван аппарат ирснээс хойш эвдэрч элэгдсээр ганцхантай л үлдээд байсан” гэв. Яагаад нэг ч аппарат нэмэгдээгүй талаар тэрээр бас тайлбарласан юм. Энэ төрлийн аппаратууд өндөр үнэтэй байдаг ба аль нэг компанийн хандив, төслөөр шийдвэрлэх боломжгүй юм байна. Яагаад гэхээр нэг амьсгалын аппарат гэхэд 120-150 мянган ам.долларын үнэтэй аж. Харин энэ удаад Хүүхдийн сэхээний тасагт амьсгалын аппарат 10-ыг суурилуулах санхүүжилтыг Япон, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэсэн байлаа.

Энэ жишээг энд дурдсаны учир гэвэл хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллагынхны санаачилгууд нийгэмд гэрэл гэгээ өгч, асуудлыг амжилттай шийдвэрлэчихэж байгаа мэт тайвшралыг олон нийтэд төрүүлдөг ч эцсийн үр дүн нь хаа хүрч мухарддагийг л хүмүүст ойлгуулах гэсэн юм. Харин гэрэл гялсхийлгэсэн эдгээр санаачилгыг Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ, Засгийн газрын гишүүдээ хүртэл зүгээр нэг дагагч, дэмжигчид болж хувирсан нь л хамгийн том гажуудал гэж  бодож байна. Санаачилгыг дэмжсэн нь буруу гэж хараахан хэлэхгүй ч ийм алхмыг тэд төрийн бодлогын хүрээнд өөрсдөө санаачлах, шийдвэрлэх ёстой байсанд л асуудал нь бий. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь Төрийн үүрэг байдаг. Тийм учраас эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор дэмжиж төсвөөсөө гаргадаг нь хөгжингүй орнуудын жишиг юм. Хэчнээн олон баян компани, корпорациудтай байсан ч гэсэн шүү. Тэр ч байтугай хүн амын эрүүл мэнд гэдэг утгаар нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс спортын заал талбай, цогцолбор байгуулах хөрөнгө оруулалтыг төр нь гаргадаг жишигтэй.

Гэтэл Монгол Улс улсын хэмжээнд цорын ганц байдаг томоохон төрөлжсэн эмнэлгүүддээ нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийг шийдвэрлээд өгчих бодлого бүү хэл санаачилга ч үгүй байж байдаг. Аргаа ядаад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, төрийн бус байгууллагынхан хандив цуглуулж, олон нийтийг уриалж байгаагийн бас нэг жишээ нь 25 дугаар суваг ТВ-ийн “1000 төгрөг” аян юм. Уг аяныг санаачилахад хүргэсэн шалтгаан нь өөрсдөд нь байгааг ч үл анзааран дарга нар маань даган дэмжиж байгаагаа гайхуулан патиараа татуулж, хэвлэлээр түгээж байх аж. “1000 төгрөг”-ийн үнэтэй PR. Энэ улс орныг хэн удирдаж, хэрхэн яаж бодлогоор хөгжүүлэх учиртайг үнэхээр ойлгож ядна.

www.politik.mn




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив