Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Өршөөлийн хууль батлагдвал АТГ ажилгүй болох уу?
2015 оны 8 сарын 11 [Уншсан тоо: 49182]

-Албан тушаалын гэмт хэргээр хорих ял эдэлж байгаа 35 хүнээс 25 нь суллагдаж, мөн ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдохоор байна-

УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх Өршөөлийн тухай хууль өргөн баригдсан өнгө зүсээ гээлгүй батлагдах тохиолдолд юун түрүүнд авлига, албан тушаалын гэмт хэргүүд өршөөгдөх, хэрэгсэхгүй болох эрх зүйн нөхцөл үүсэхээр байгаа аж.  Нэг үгээр бол УИХ-ын “өврийн хаалгаар” Өршөөлийн хууль орох тэр үед “арын хаалгаар” нь албан тушаалын гэмт хэрэгтнүүд гараад гүйх бололцоо бүрдэнэ.

Алдаж эндсэн иргэндээ төрөөс итгэл хүлээлгэж, гэм буруугаа засч залруулах бололцоо олгох нь буруу биш  ч ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш зорьж тэмүүлсээр ирсэн авлигын эсрэг итгэл үнэмшлээ дээрх байдлаар үгүйсгэх нь хэр зөв алхам бол?! Тэр тусмаа өнөөгийн парламентыг бүрдүүлж буй улс төрийн нам хүчнүүд өөрсдийн мөрийн хөтөлбөртөө “авлигын эсрэг ажиллахаа” амласан  санагдана.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд “хээл хахууль авах буюу Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл, хээл хахууль зуучлах буюу Эрүүгийн хуулийн 270.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамруулахгүй” гэж тусгасан байгаа ч энэ нь өнгөлөн далдлалт төдий. Учир нь Авлигатай тэмцэх газраас шалгагдан шүүхээр шийдэгдсэн  болон шалгагдаж байгаа, тэр дундаа олон нийтийн анхааралд өртсөн ихэнх хэргүүд “хээл хахууль авах, зуучлах” заалтад огт хамааралгүй, цэвэр албан тушаалын гэмт хэргүүд байдаг юм байна. Өршөөлийн хууль өнөөдрийн өнгө төрхөөрөө батлагдах тохиолдолд авлига, албан тушаалын гэмт хэргээр хорих ял эдэлж байгаа 35 хүнээс 25 нь суллагдаж, мөн ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдохоор байгаа аж. Эдгээрт экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ял шийтгэгдсэнээс гадна шинээр үүсгэгдсэн хэргүүд, цаашлаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний зөвлөх асан Л.Гансүх, хүргэн дүү Г.Дэнзэн нарын хэргүүд багтаж байгаа. Тэднийг заавал хорьж шийтгэх ёстой гэж хэлэх гэсэнгүй. Нийгэмд учруулсан хор хохирлыг нь төлүүлэх механизмыг бий болгох нь чухал биш үү?



Дээрх хэргүүдээс гадна хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн хянан хэлэлцэх шатанд байгаа, түүнчлэн түдгэлзүүлсэн олон арван хэргүүд бас хэрэгсэхгүй болох юм байна. Эдгээр хэргүүдийн ард гэм буруугүй хүмүүс байхыг, тэд асуудлаа шалгуулж нэр төрөө цэвэрлэхийг хүсч байхыг үсүйсгэхгүй. Гэтэл өршөөлийн хууль энэ хэвээр батлагдах тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа албан тушаалын гэмт хэргүүд бүгд хаагдахаар байгаа юм байна. Авлигатай тэмцэх газар ажилгүй боллоо гэж хэлэхэд хилсдэхээргүй нөхцөл байдал үүсчээ гэсэн үг. Тус газрын үйл ажиллагааг улс төрийн зорилготой, арга барил нь хуучинсаг гэх шүүмжлэл дагалдах болсонтой зэрэгцээд дээрх нөхцөл байдал нэр хүнд, сүр хүчийг нь  улам сулруулахыг үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь энэ бүхэн “авлига, албан тушаалын гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөдөг” гэсэн ойлголтыг нийгэмд бий болгож мэдэх илүү холын хор урхагтай. Тэгэхээр албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх эсэх нь Н.Энхбаяр тэргүүтнийг аврах уу, түлхэх үү гэдгээс илүүтэй чухал асуудал гэдгийг УИХ-ын гишүүд уг нь анзаарах л ёстой. Гэвч “улс төрийн бохир дүрэм” УИХ-ын гишүүдэд ийм бололцоо олгохгүй байх талтай. Учир нь...

УИХ-д олон суудалтай, Засгийн газрыг тэргүүлэх эрх мэдэлтэй Ардчилсан намд Өршөөлийн тухай хуулийг энэ хэвээр зүтгүүлэх ашиг сонирхол бий. Магадгүй үүн дээрээ хуулийг санаачлагч МАХН-тай тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад яг энэ өдрүүдэд Засгийн газрын бүрэлдэхүүндээ сэлгээ хийн МАН-ыг шахаж, МАХН болоод ИЗНН, “Шударга ёс” эвслийг танхимдаа урьж байгаа юм бэ?!

Улс төрийн намуудын рейтинг, тэр дундаа АН болон МАН-ын чансаа сүүлийн үеийн судалгаануудаар үлэмж доогуур буюу 20 хүрэхгүй хувьтай гарч байгаа.  Хамгийн сүүлд МАН-аас хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг 14 хувь, АН-ын рейтинг 13 хувьтай байна гэж гарчээ. Сонгуулийн өмнөх жилийн судалгааны үр дүн ийм байна гэдэг үнэхээр асуудал. Ийм нөхцөлд өрсөлдөх Ардчилсан намын хувьд 2016 онд  арчигдаж алга болохгүйн тулд дангаараа биш, харин МАХН, ИЗНН, “Шударга ёс” гэхчлэн бусад хүчнүүдтэй эвсэл болж сонгуульд орох нь  илүү дээр хувилбар. Яг одоо Засгийн газраа бүрдүүлэх гэж байгаа хувилбараар гэсэн үг.  Тэгэхээр МАН ба АН гэсэн уламжлалт хувилбараар биш МАН ба бусад гэсэн хувилбараар 2016 оны сонгуулийн өрсөлдөөн өрнөж мэдэхээр байна. Амиа аврах эцсийн ийм хувилбар дээр бууж мэдэх АН-ын хувьд харьцангуй рейтинг өндөр яваа Н.Энхбаяртай хүч хавсайдах, үүний тулд түүнийг ялаас чөлөөлөх, сонгуульд нэр дэвших эрхтэй болгох сонирхолтой байж таарна. Ардчилсан нам МАХН болоод бусадтай эвсч сонгуульд орсон тохиолдолд парламентад 40 гаруй суудал авах бололцоотой харагдаж байгааг улс төрийн стратеги судлаачид хэдийнэ тооцоолсон байна.Чухам ийм учраас Ардчилсан нам МАХН-тай Өршөөл үзүүлэх тухай хуулиар тохиролцон 2016 оны сонгуулийн төлбөрөө хийх гэж байж мэдэх юм. Хэрэв энэ таамаглал үнэн бол Ардчилсан намын хувьд  энэ удаагийн Өршөөлийн тухай хууль нийгэмд үзүүлэх нөлөөлөл талаасаа биш улс төрийн үр дагавар талаасаа илүү чухал биз ээ. Албан тушаал, авлигын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг үзэл суртал уг нь Ардчилсан намын амин сүнс байсан санагдах юм. 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив