Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төсвийн өрөө багасгахын тулд “тонуул” хийгээд эхлэв үү?
2014 оны 6 сарын 5 [Уншсан тоо: 51002]

Хүн амын өсөлт, төвлөрлөөс үүдээд нийслэл хотод сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, хүүхдүүд өдий төдийгөөрөө гэртээ, хараа хяналтгүй хаягдаж байгаа талаар жил бүрийн намар болохоор л бид дээр, дооргүй шаагидаг. Тэгвэл энэ сэдвийг зургадугаар сарын нэгэн гээд улсын цэцэрлэгүүд хаалгаа барьж, хашаандаа томоо цоож зүүгээд орхидог зуны саруудад ч хөндөх шаардлагатай болох нь ээ.

Эцэг, эхчүүдийн цөөнгүй нь хүүхдээ зуны хэдэн сард хувийн цэцэрлэгт өгдөг жишиг сүүлийн жилүүдэд бий болжээ. Намар болохоор улсын цэцэрлэгт нь буцаагаад өгчихнө. Харин намар, өвөл, хавар, зун ялгалгүй хувийн цэцэрлэгээр хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг, эхчүүд тэднээс хавьгүй олон бий. Улсын, үнэгүй цэцэрлэгт орон тоо олдохгүй, олдлоо ч нэг ангидаа олон хүүхэдтэй, хамгийн гол нь орой эрт тардаг гээд олон шалтгаанаар хувийн хэвшлийн цэцэрлэгийг тэд сонгодог. Сонгохоос ч өөр аргагүй байдал руу түлхэж байгаа нэг нөхцөл нь нийслэлд ясли, цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хангамж, хүрэлцээ хаанаа ч хүрэхгүй байгаа явдал. Ийм нөхцөлд улсын цэцэрлэгийн ачааллыг хөнгөлж, жилд 13 мянга гаруй хүүхдийг сургаж хүмүүжүүлдэг хувийн хэвшлийн 260 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Сургуулийн өмнөх насныханд боловсрол эзэмшүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулж, төрийн ачааллаас бага ч болов хөнгөлж байгаа хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд улсаас үзүүлдэг ганц дэмжлэг нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал аж. Гэтэл одоо төсөв хүндэрсэн шалтгаанаар давын өмнө хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хуваарилдаг хүүхдийн хувьсах зардлыг танах “дээрэм” маягийн ажиллагаа явагдаад эхэлжээ.

Юу гэхээр нийслэлийн Засаг дарга сар гаруйхны өмнө нэг захирамж гаргасан юм байна. Нийслэлийн төсөвт үүсээд байгаа өр, авлагыг барагдуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах тухай захирамж. Төсөвт жилийн яг өдийд сургууль, цэцэрлэгүүдэд улс, нийслэлийн төсвөөс өгөх ёстой зардал, зарлага овоорч өр үүсгэдэг нь бараг л жам аж. Тэгэхээр нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч маань тэр бүх өр ширийг барагдуулах, зарим нэг зардалд үнэлгээ, дүгнэлт хийх зорилгоор захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан хэрэг.

Ажлын хэсэг аль хэдийнэ ажилдаа орж, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд аудитын шалгалт хийгээд эхэлсэн нь тэр юм. Хувийн хэвшлийн цэцэрлэг оршин тогтноход хамгийн том дэмжлэг, хөшүүрэг болсоор ирсэн хувьсах зардлыг танана гэдэг нь цаашид дампууралд хүргэх харанга дэлдэж байгаатай л адил аж. Хэдийгээр эцэг, эхчүүдээс төлбөр авдаг ч өнөөгийн зах зээлийн нөхцөлд дор хаяж 50-иас дээш хүүхэдтэй цэцэрлэг л хэвийн ажиллагаагаа хангах боломжтой. Түүнээс цөөн хүүхэдтэй цэцэрлэг ашиг хийх битгий хэл үйл ажиллагааны зардлаа дийлэхгүй гэсэн тооцоо байна. Зах зээлд хөлөө олсон ганц, хоёр цэцэрлэг өнөөдрийн байдлаар 2-3 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг ч 40 хүүхэдтэй салбараа бол дээрээс нь тэжээх маягаар ажиллуулдаг байна.

“Хүүхдээс өндөр төлбөр авдаг юм чинь ашигтай гэсэн ойлголтоор хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хандах нь өрөөсгөл” болохыг төрийн захиргааны байгууллагын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн ч хэлж байх аж. Тэдгээр цэцэрлэгүүдэд төрөөс олгодог нэг хүүхдийн хувьсах зардал нэлээдгүй дэм болдгийн хүчинд зах зээл дээр “хувийн” гэсэн хаяг, шошготой цэцэрлэгүүд өнөөдрийг хүртэл ажиллаж, төрийн ачааллаас хөнгөлж ирснийг мэргэжилтэн хүлээн зөвшөөрсөн. Түүний хэлж байгаагаар өнөөдөр нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 70 орчим мянган төгрөг бөгөөд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн цалингийн фондын 40-60 хүртэлх хувийг энэ мөнгө бүрдүүлдгийг аудитын шалгалтын явцад тогтоожээ. Цэцэрлэгийн үйл ажиллагааг түрээсийн байранд явуулахыг хориглодог тул хувийн цэцэрлэгүүд эхлээд байраа бэлтгэх болдог. Гэтэл үүнд нь зориулсан хөнгөлөлттэй зээл гэж байхгүй, төрөөс батлан даалт өгдөг жишиг байхгүй, тэрчлэн цэцэрлэг барих газрын зөвшөөрөл ч олдоггүй... Төр, засаг барилга, зам, газар тариалан, оёдол, даавуу гээд олон салбарт дэмжлэг, зээл олгоод байдаг хэрнээ сургуулийн өмнөх боловсролын салбарт чиглэсэн бодлогын дэмжлэг огт байдаггүй... Энэ мэт зовлонгоо хувийн хэвшлийн цэцэрлэгүүд аудит хийх зорилготой ажлын хэсгийнхэнд тоочсон талаар мэргэжилтэн учирлав.

Тухайн хичээлийн жилийн эхэнд цэцэрлэгүүд хүүхдийнхээ нэр ус, регистрийн дугаар бүхий баримтыг БСШУЯ-нд бүрдүүлж өгснөөр тухайн цэцэрлэгт хүмүүжих хүүхдийн тоог нягтлан гаргаж, түүний үндсэн дээр хувьсах зардлыг олгодог байна. Ингэхдээ яам хүүхэд бүрийн регистрийн дугаараар хөөн цэцэрлэгүүд дэх хүүхдийн давхцлыг хүртэл хянадаг. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн бичиг баримтаар хоёр цэцэрлэг зэрэг мөнгө авах бололцоогүй. Хичээлийн жилийн эхэнд гаргасан тэрхүү статистикаар хүүхдийн хувьсах зардлыг төрөөс тооцон олгодог журмыг Засгийн газар 2012 онд тогтоол гарган өөрчилж, гүйцэтгэлээр нь олгох “мэргэн арга” бодож олсон юм билээ. Энэ нь тухайн намар хэдэн хүүхэд бүртгэгдсэнээр биш өдөр, өдрийн гүйцэтгэлээр нь үнэлэн хувьсах зардал өгөх тухай журам юм. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа ч 2012 оны дээрх тогтоолыг иш үндэс болгож. Намар нь “цэцэрлэг, ясли хүрэлцэхгүй байна” гэж багш эрхлэгч, төр засгийг барьж идэхээ шахдаг эцэг, эхчүүд хүйтний улирал, ханиад томуу дэгддэг үеэр өнөө хэлсэн ярьснаа мартаад хүүхдээ цэцэрлэгт нь явуулахаа больчихдог. Үнэхээр ч хүйтний улиралд хүүхдүүд олноороо өвдөж, хөл хорио тогтоох хэмжээнд хүртлээ цэцэрлэгийн ирц цөөрдөг. Тэгэхээр төрөөс олгодог хувьсах зардлыг хүүхдийн ирцээс шалтгаалан өгнө гэвэл цэцэрлэгүүдэд хүндрэлтэй болж байгаа юм. Яагаад гэвэл ямар ч цэцэрлэг нэг багшид өгөх цалингаа сар бүр хүүхдийн тооноос хамаарч ихэсгэж бууруулах үндэсгүй, 50 хүүхэдтэй, тэрчлэн таван хүүхэдтэй ажилласан ч ялгаагүй тогтмол цалин өгөхөөр хөдөлмөрийн гэрээнд тусгасан байгаа. Ингэж байж боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулдаг.

Гэтэл Э.Бат-Үүл даргын захирамж дагуу Аудитынхан хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг танаж байгаагаа “хохирол барагдуулах тухай” гэсэн утга муутай албан бичгээр мэдэгдээд эхэлжээ. Тэгэхээр төр засаг гэнэтхэн зангаа хувиргаж, дүрэм, журмаа өөрчилж байгаа нь, тэр дундаа хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг ялгаварлан төсөв хөрөнгөөр шахаж байгаа нь нэгдүгээрт, оршин тогтнох эсэхийг хөндөж буй, хоёрдугаарт өмчийн хэлбэрээр ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Цаашлаад хүүхэд бүрийн тэгш эрх, сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, цэцэрлэг, яслийн хангамж гээд нийгмийн асуудлыг ч хөндөж байна.

Төр цэцэрлэгийн насны хүүхдүүдээ цэцэрлэг, яслид бүрэн хамруулах боломжгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, тун удахгүй “Хүүхэд асрах үйлчилгээ”-г хуульчлах гэж байгаа. Уг хуулиар 0-6 хүртэлх насны хүүхдийг 70 хүртэлх насны, мэргэжил үл хамаарах хүнээр харуулж, нэг хүүхдэд шаардлагатай бүх зардлыг нь төсвөөс даах гэж байгаа. Нас, насны хүүхдүүдийг нэг гэрт мэргэжлийн бус хүнээр харуулчихаад нас насанд нь тохирсон боловсрол олгох тухай ярих боломжгүй. Цаашлаад аюулгүй байдал, эрүүл мэндийн баталгаа зэргээ ч яаж хянах нь ойлгомжгүй. Гэвч хүүхэд бүрийг хараа хяналттай, асрах хандах орчинтой болгохыг хичээж байгаа нь сайн хэрэг боловч үүнийхээ зэрэгцээ болж бүтэж байгаа зүйлээ нураах гээд байгаа нь хачирхалтай. Ясли, цэцэрлэг барьж байгуулах, хангамж, хүрэлцээг нь нэмэгдүүлэх арга замаа төрөөс бодлогын хүрээнд дэмжих ёстой байтал харин ч бүр эсрэгээрээ, цэцэрлэгийн хангамж хүрэлцээ тааруу энэ үед төр засаг, эцэг эхчүүдэд дэм, нэмэр болж яваа хувийн цэцэрлэгүүдээ шахах бодлого хэрэгжүүлэх нь буруу байлтай.

2014.05.26

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив