Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хятад улс хөршийн бодлогоо шинэчилжээ
2014 оны 1 сарын 27 [Уншсан тоо: 118447]
   -Ойрын арван жилд хөгжлийн өөр өндөрлөгт хүрнэ гэж зорьж байгаа Хятадын төрийн удирдлагууд энэхүү зорилтоо илэрхийлэхийн хамт уг үйл явцад Монгол Улс татагдан оролцож, өөрсдөдөө боломж олж авахад бэлэн үү гэсэн асуултыг шууд бусаар тавьж байлаа-


Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын дэд дарга Ли Юанчаотой хамт.


Хүний олноор хүч түрэн хөгжлийг бий болгож яваа Хятад улс шинэ удирдлагатай болсноосоо хойш high технологид суурилсан хөгжил рүү шилжинэ гэсэн үзэл баримтлалыг өмнөө тавиад эхэлжээ. Тэд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг АНУ-тай өрсөлдөх амбициа аль хэдийнэ илэрхийлээд байгаа ч үүнийгээ арай  даруухнаар “Азийг түшиглэсэн эдийн засгийн эрин үе эхэлж байна” хэмээн томьёолж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Хятад улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд /1 дүгээр сарын 16-21/ БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөө ба хэтийн асуудлаар ярилцах үед Ли Юань дарга дээрх байр суурийг тойруугаар боловч тодорхой илэрхийлсэн юм. Удаад нь онцлох нэг асуудал бол Хятад улс хөрш орнуудын харилцаа, хамтынажиллагааны үзэл баримтлалдаа шинэ агуулга, томьёоллыг саяхнаас шинээр оруулж, төрийн бодлогын төвшинд хэрэгжүүлэхийг зорьж эхэлсэн явдал. Хятадын удирдлагын төвшинд хэлэлцэгдсэн дээрх концепци нь “хөрш орнуудтайгаа тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа илүү дотно, илүү чин сэтгэлийн, хамгийн гол нь  хамтын ажиллагаанаас олох үр ашгаа хөршүүддээ хүртээмжтэй болгох” тухай юм. Нэг үгээр бол хамтын ажиллагаанаас хөрш орнууддаа илүү ашиг тус хүртээнэ гэсэн үзэл баримтлалыг шинэ удирдлагууд бодлогынхоо үндэс болгоно гэсэн үг.

БНХАУ-ын тал “Хөрш орнууд, тэр дундаа Монгол...” гэсэн санааг Гадаад харилцааны сайд Л.Болдын айлчлалаар дамжуулан илэрхийллээ гэхэд болно. Учир нь 2014 он гарснаас хойш Хятадын тал төрийн хэмжээний анхны гадаад зочноо ийнхүү Монголоос хүлээн авч байна гэдгээ удирдлагууд нь онцолж байсан нь санамсаргүй зүйл биш. Хятад улс бүс нутагтаа хамгийн олон хөрштэй орон. Харин Монгол Улс бүс нутагтаа хамгийн цөөн хөрштэй орон. Эрс тэс энэ онцлогуудыг бүс нутгийн хамтын ажиллагааны бодлогод тусгаж, харилцан бие биенээ нөхөх нь чухал байгааг Гадаад харилцааны сайд айлчлалын үеэрх уулзалтуудын явцад онцолж байв. Далайд гарцгүй Монгол орны хувьд дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааны гол дэд бүтэц болох далайн тээвэрт оролцох бололцоо хязгаарлагдмал. Монголоос хамгийн ойр далайн боомтуудад хүрэх дөт зам нь Хятадын нутаг дэвсгэрээр дамжих. Тэгвэл Монголыг далайн боомттой холбох бололцоог нээж өгөхөд ажиллана гэдгээ энэ удаагийн айлчлалын үеэр Хятадын тал илэрхийллээ.

“Хамтын ажиллагааны үр ашгийг хөршүүддээ хүртээмжтэй” гэдэг бодлогын ард бүс нутагт нэг улс ганцаар хөгжиж бусад нь хоцрогддог хөгжлийн загвараас татгалзья гэсэн санаа агуулагдаж байна гэж ойлгож болох байх. Ойрын арван жилд хөгжлийн өөр өндөрлөгт хүрнэ гэж зорьж байгаа Хятадын төрийн удирдлагууд энэхүү зорилтоо илэрхийлэхийн хамт уг үйл явцад Монгол Улс татагдан оролцож, өөрсдөдөө боломж олж авахад бэлэн үү гэсэн асуултыг шууд бусаар тавьж байлаа. Тун тодорхой саналуудыг ч айлчлалын үеэр хэлж байсны нэг нь Монголтой хийх худалдааны эргэлтээ өнөөдрийн хэмжээнээс даруй хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэл юм. Энэ нь Монголын эдийн засагт гадаад худалдаагаар дамжуулан асар том түлхэц бий болно гэсэн үг юм. Тэр дундаа Монголын бизнесмэнүүдэд өгч буй мессеж. Нэгэнт гуравдагч зах зээлд хүрэх бололцоо хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд Хятад хэмээх хөршийнхөө зах зээлд лүү их экспорт хийх бололцоог бид ашиглах ёстой, харин үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ гэх асуулт үүнээс үүдэж байна.

Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь Хятадын баруун хойт хэсэгт орших, Монгол Улс, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг гэсэн найман оронтой хиллэдэг. Үүнийг энд дурдсаны учир гэвэл Хятадыг төв Азийн орнуудтай холбодог гол гарц болох Хоргосын боомт тус өөртөө засах орны казах үндэстний Или өөртөө засах тойрогт оршдог. Тодруулбал, Казахстантай хил залгаа боомт юм. Хоргос боомтоор авто зам, төмөр зам, газрын тос, байгалийн хийн хоолой дайран өнгөрдөг. Эртний Торгоны замын зангилаа. Үүнийг хөгжүүлэх, ялангуяа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд гол түшиц газар болгох зорилгоор сүүлийн хэдэн жилд тусгайлан бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалт хийсэн юм байна. Жил гаруйн өмнө буюу 2012 оны 12 дугаар сард ашиглалтад орсон  Хоргос боомтын төмөр зам нь Хятад, Казахстаны хооронд байгуулсан хоёр дахь төмөр замын гарц аж. Уг төмөр замаар жилийн хугацаанд 600 сая ам.долларын 15 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.Энд дурдахад Хятадын талаас нарийн царигтай төмөр зам тавьсан бөгөөд хилийн цаана Казахстаны талд өргөн царигийн замт тааруулан дугуй сольдог юм байна.

Хоргос боомтыг хөгжүүлэх, олон улсын эдийн засгийн чөлөөт бүс болгоход чиглэсэн 20 гаруй төслийг төлөвлөөд байгаа ба эдгээрт 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулах аж. Уг боомтын бүсэд иргэд ам.доллар, юань, Казахстаны мөнгөн тэмдэгт тэнгэгээр худалдаа хийж болдог. Хятад, Казахстанаас гадна гуравдагч орны иргэд худалдан авсан бараандаа өдөрт 8000 юаны хөнгөлөлтийг авах боломж бүрдүүлжээ. Хэдийгээр хил залгаа Казахстаны тал Хоргосын боомтыг чөлөөт бүсийн утгаар ашиглахад бэлэн биш байгаа ч Хятадын талд тэнд том бүтээн байгуулалт өрнүүлээд эхэлжээ. Хөршүүддээ нээлттэй, хүртээмжтэй байх бодлогынх нь нэг илрэл гэж хэлж болно. 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив