Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Г.Батмөнх: Ухаалаг төр гэж юу болохыг томьёолж болно
2014 оны 1 сарын 8 [Уншсан тоо: 68817]

-Парламент аж ахуйн асуудал шийддэг институци л болж хувирч байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн уриалгыг дэвшүүлээд удаагүй ч үзэл санааг нь нийгэм бүхэлдээ дэмжээд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэхдээ ухаалаг төр гэж ямар төрийг хэлэх, яаж түүнд хүрэх арга замыг өнөөхөндөө хүн бүр өөр, өөрсдийнхөөрөө төсөөлж байгаагаас биш нэгдсэн ойлголт, нэг жор хараахан бий болоогүй байна. Үүнд иргэдийн дуу хоолой чухлаас гадна эрдэмтэд, судлаачдын үг яриа илүү чухал гэж үзэх хүмүүс ч бий. Энэ удаад дээрх сэдвээр улс төр судлаач Г.Батмөнхтэй ярилцлаа.

-"Хэний Засгийн газар данхар байна" гэсэн харьцуулсан судалгаа хийж, үзүүлэн маягаар нийтлэсэн байсан. Эндээс бид "том төр"-тэй болжээ гэсэн дүгнэлт хийж болмоор санагдсан. Өөр ажиглагдсан зүйл?


-Улс төрийн бялууны зүсэм нэмэгдсэн байгаа биз дээ?

-Тодруулбал?

-Сайд, дарга нарын сандал, суудлын тоо нэмэгдсэн байдаг. Даргын орон тоо нэмэгдэхэд дагаад төрийн хүнд суртал, төсвийн зардал нэмэгддэг аксиом хамаарал бий.

-Улстөрчид аль л болох олон нийтэд таалагдахыг хичээдэг зантай учраас тэдний иш татаж буй үндэслэл, тоо судалгаанаас үнэн бодит байдлыг олж харах амаргүй байдаг. Тэгэхээр улстөрчдийн олж мэдээгүй, мэдсэн ч нууж байгаа бодит байдлыг ил гаргах эр зориг, боломж бололцоо хөндлөнгийн судлаач шинжээчдэд л байх ёстой. Ялангуяа төр өөрөө өөрийгөө цэвэрлэх, чадваржуулах асуудлыг улстөрчид биш хэн нэгэн хөндлөнгийн этгээд л хэрэгжүүлж чадах байх. Ийм учраас ухаалаг төр гэж юуг хэлэх, яаж тэр төвшинд хүрч болох арга замын талаар судлаачтай ярилцья гэж бодсон юм.


-Монголд зарим бодлого, шийдвэр статистик, судалгаанд гэхээс илүү улстөрчдийн хүсэл мөрөөдөл, эсвэл тэдний эрх ашиг дээр үндэслэгдэн гарч байдаг нь үнэн л дээ. Харин сүүлийн үед үүнийгээ ойлгож, шинжлэх ухаанчаар асуудлыг судалж, шийдэж байя гэдэг санал санаачилга улстөрчдөөс сонсогдох болсон нь сайн хэрэг юм. Өнөөдөр олон нийт, нийгмийн зүгээс хамгийн өндөр дэмжлэг авч байгаа үйл явцын нэг нь "төм төрөөс ухаалаг төр рүү" шилжие гэсэн Ерөнхийлөгчийн уриалга яах аргагүй мөн. Үзэл санааны хувьд нийгмийн бүхий л хэсгүүд дэмжиж байна. Зөв. За тэгвэл дараагийн шатанд илүү нарийн ширийн процессын асуудал, арга зүйн талаар ярих ёстой. Зорилгодоо хүрэх арга замаа одоо тодорхойлно. Үүнд нэмэр болох үүднээс судлаачид өөрсдийн байр суурь, санаа оноогоо нэмэрлэх нь тун чухал гэдэгтэй санал нийлж байна.

-Тэгвэл “ухаалаг төр” гэж яг ямар шинж чанар, хэлбэр дүрс бүхий төрийг хэлэх вэ? Үүнд тодорхойлолт өгч болох уу. Одоо бол хүмүүс “том төр”-ийг биш “жижиг төр”-ийг байгуулчихвал ухаалаг болно гэсэн томьёо зохиочихоод байна л даа?

-Ухаалаг төрийн шинжийг тодорхойлж болно. Та томьёо хүсч байгаа бол “ Хуулиар өөрт нь оногдсон эрх үүргийнхээ хүрээнд төсөрхөн төсөв, цомхон бүтэц, технологийн дэвшлийг чадмаг ашиглаж хууль, бодлогын хэрэгжилтийг төгс хангаж чаддаг тэр төрийг ухаалаг төр" гэж ойлгож болно.

-Монголд өнөөдөр төрийн машин ямар бүтэц, чадамжтай байгааг бас томьёолж болох уу?

-Өнөөдөр төрийн эрх, үүрэг ямар хэмжээнд байгааг судалгаанаас харвал эрх нь тав, үүрэг нь нэг байна. Төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд төсөв, хөрөнгө шаардлагатай нь ойлгомжтой ч энэ хэмжээ өндөр байна. Бүгдээрээ хөдөлмөрлөөд нийт 100 төгрөгийн баялаг бүтээжээ. Үүний 50 төгрөгийг төр татвар болгон хурааж аваад таны нэрийн өмнөөс захиран зарцуулж байгаа. Та энэ мөнгөнийхөө дийлэнхийг захиран зарцуулдагсан бол төрөөс илүү үр ашигтай мөнгөний менежмент хийж чадна даа. Төрийн институцийн хувьд аваад үзвэл хэт таргалсан хүн шиг. Өөрөөр хэлбэл нэг ижил чиг үүрэгтэй 3-5 байгууллага энд тэнд ажиллаж байх жишээтэй. Төрд олгогдсон эрх үүрэг нь хязгаартай, төсөв нь төсөрхөн, бүтэц нь цомхон байх шинж тэмдгүүд бүгд эсрэгээрээ. Шинжлэх ухаан, технологийн дэвшлээс илүү хүний олноор ажиллах оролдлого давамгайлсан. Энэ бүхний нийлбэрээр хууль, бодлогын хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгааг нь хэмжиж үзвэл үр дүн, үнэлгээ тун тааруухан гарна. Хэт таргалалттай хүний хөдөлгөөн удааширдагтай яг адилхан, нэг чиг үүргийг дор хаяж гурван байгууллага дундаа хариуцаж ажиллана гэдэг нь нэг жилд хийх ажлаа гурван жилд хийж байгаатай адил үр дүн гарч байгаа юм. Тийм учраас ухаалаг төрийг бий болгохын тулд юуны өмнө жижиглэх ёстой юм байна гэж иргэдийн ойлгож байгаа нь нэг талдаа бараг зөв. Чиг үүргийн давхцлыг арилгаж, бүтцийг цомхон болгох, төсвийг нь танах, эрх үүргийг нь хязгаарлахаас энэ бүх үйл явц эхэлнэ гэж ойлгож болно.

Ухаалаг төрийг зорилтоо болгосон Солонгос улсын төсвийн хэмжээ ДНБ-ий 22 хувиас илүүгүй байх жишээтэй. Харин манайд улсын төсөв, түүнээс гадуурх мөнгөний зарцуулалт хамтдаа 60 хувийг давчихлаа. Өмнө нь ДНБ-ий 30 хүрэхгүй хувьтай төсвөө батлаж байсан түүх бидэнд бий.

Анх 1992 онд ардичлсан Үндсэн хуулийг батлахдаа хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал тус тусдаа байхаар тусгасан бол 2000 онд хуулийн өөрчлөлт хийж,  хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоорондоо нийлсэн. Энэ нь төрийн бүтэц томрох нэг нөхцөл нь болсон. Сүүлдээ төрд бүх ажлыг хийх сонирхол нь нэмэгдэж, зам засах, барилга барих, зээл олгож мөнгө хүүлэх, бизнес эрхлэх гээд юм юм рүү дайраад орчихсон. Төр өөрөө тэр бүх ажлаа төсвөөр хийхээс өөр аргагүй нь тодорхой. Ингээд төрийн бүтэц нь ч том, төсөв нь ч том, хийдэг хутгалддаг ажил нь ч их болсон. Үр дүн нь өнөөдрийн энэ том төр шүү дээ.

-Энэ байдал сүүлдээ нийгмээ өвчлүүлсэн гэж ойлгож болох уу. Нэг үгээр бол төрд орох, улс төр хийхээс илүү унацтай ажил, бизнес Монголд байхгүй юм байна гэдэг ойлголт газар авахад хүргэсэн гэж хэлбэл болох уу?

-Нам, улс төрөөр дамжин том төрд орвол ашигтай гэж үздэг энэ байдлыг өнөөгийн хууль эрх зүйн орчин цэцэглүүлж байгаа шүү дээ.  УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой. Энэ сонирхлыг нь гүйцэлдүүлэх эрх зүйн орчин нь нээлттэй. УИХ-ын гишүүд сайд боллоо, түүнд төсөв захиран зарцуулах эрх мэдэл хуулиар олгогдоно. Төсвийн захиран зарцуулагч байна гэдэг нь нэг талаараа аж ахуйн ажил хийнэ гэсэн үг юм. Ингээд бодлого боловсруулагчид нь аж ахуйн ажил хийдэг болчихлоо. Аж ахуй, бизнесийн ажилд садаа мундахгүй хойно ямар нэг асуудал үүслээ гэхэд түүнийг УИХ-д оруулж ирж, бодлого болгож гаргуулах гээд зүтгэчихнэ. Эцэст нь УИХ бодлого гаргаж, түүнийгээ гүйцэтгэх засаглалаараа хийлгэдэг байгууллага биш харин аж ахуйн асуудал шийддэг институци л болж хувирч байна. Өнгөрсөн парламентын хугацаанд батлагдсан хуулийн 25 хувийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлсэн байгаа бол 75 хувийг нь Засгийн газар санаачлан өргөн мэдүүлсэн гэсэн тооцоо гарсан байсан. Уг нь УИХ-ын гишүүн чинь хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй сонгогдсон хүн биз дээ? Гэтэл өнөөдөр хэн болж хувирсан байна вэ гэхээр Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг л кноп дарж дэмждэг хүн болсон байна.

Одоо энэ байдлыг өөрчилж, гишүүдийн өмссөн давхар цамцыг нь тайлах ёстой гэж яриад байгаагийн үндэслэл, шалтгаан нь энэ юм. Иргэд маань мэдлэгтэй, мэдээлэлтэй болж, нийгэмд зун цаг иржээ. Давхар цамцтай улстөрчид тайчиж эхлэхгүй бол эрх мэдэлдээ халуураад, халууцаад байгаа юм биш үү?

-Улстөрчдийг ийм зүйл хийж, дураараа дургих бололцоог нь иргэд бид өөрсдөө өгчихсөн шүү дээ. Ямар ард түмэн байна, тийм л төр байна гэдэг шиг л...

-Үнэхээр ийм байдалд хүрэх замыг нь засч, захиалгыг нь өгсөн эзэд нь иргэд бид өөрсдөө юм. Иргэд, олон нийтийн өнөөх олон хүслийг нь төсвөөр гүйцэлдүүлэхийн тулд л ингэж томроод, эрх үүргээ нэмэгдүүлээд байсан гэж харагдаж байна. Бүх юмыг төр өөрөө хийх сонирхолтой, иргэд ч үүнийг хүсээд байдаг.

Мөнгө муутай, эдийн засаг хүндхэн байх үед төсвөөр урсгал зардлаа л хаадаг байсан бол яваандаа мөнгөтэй болохын хэрээр төсвийн хөрөнгө оруулалт тэлж, бүр сүүлдээ хөрөнгө оруулалтаар дамжуулан бизнес хийдэг болсон. Өнөөдөр зөвхөн төсвийг захиран зарцуулаад зогсохгүй төсвөөс гадуур их хэмжээний мөнгийг захиран зарцуулдаг болчихлоо. Чингис бонд, Хөгжлийн банкны бонд гэх мэт эх үүсвэрийг төсвөөс гадуур захиран зарцуулж байгааг хэлээд байна л даа. Төсвөөс хийх хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөгийн хэмжээнд яригдаж байгаа бол төсвөөс гадуур мөн энэ хэмжээний мөнгийг давхар цамцтанууд маань захиран зарцуулж байгаа шүү дээ.

-Өнөөгийнх шиг ийм том төртэй байвал бид ямар үр дагаварт хүрэх бол?

Том гүзээтэй хүний хөл нь өвдөж, зүрхний ачаалал нэмэгддэг шиг том төрийн ачаалал иргэдийн нуруун дээр бууна. Том төрийг тэжээхийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгийг баялаг бүтээгчид, иргэд хөдөлмөрлөж бий болгодог. Тэднээс татвар нэмэх замаар хураах гээд л чөтгөрийн тойрог улам л томрох болно. Баян хоосны ялгаа, баялгийн тэгш бус хуваарилалт, авлига улам газар авна. Эдийн засаг талаасаа зах зээлийн жам ёсны эрүүл саруул процесс гэж байхаа болиод дампуурна. Улс орон өр ширэнд орж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Өөр сайн үр дагаварт хүрэхгүй л болов уу.

Тэгэхээр өнөөдрийн энэ ухаалаг төрийг бий болгох шинэчлэлийг бид хийж чадах ёстой. Тэр тусмаа либерал консервитив үзэлтэй гэж өөрсдийгөө тодорхойлдог Ардчилсан нам л үүнийг хийж чадах үүрэгтэй гэж ойлгож байна. Албан тушаалын амтат бялуунаас илүү ард түмний эрх ашиг, улс орны ирээдүйг эхлээд өмнөө тавих ёстой. Монголын нийгэмд өрнөсөн аливаа өөрчлөлт, реформыг Ардчилсан нам эхлүүлж, гүйцээж ирсэн түүх бий. Өнөөдөр энэ чадвараа хадгалж, харуулж чадах эсэхийг нь бүгдээрээ харцгаая. Юуны өмнө УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний давхар цамцаа тайлж чадах эсэхээс үүнийг нь харж болох байх. Засаглалын зарчмыг алдагдуулж байгаа энэ хоршил нь сүүлдээ улс төр-бизнесийн хоршил хэлбэрээр илэрч байгаа шүү дээ. Бодлогын улс төр биш мөнгөний улс төр бий болох байдлаар илэрч байна гэсэн үг.

Энэ давхар цамцнуудыг тайлахгүй бол эрх мэдлийн халуурал улам даамжирсаар  иргэн таны өмнөөс эхнэр, нөхрийг тань сонгож өгье гэх байх шүү.

-Тэгвэл төрийн эрх үүргийг нь хязгаарлаж, тэдгээр эрх үүргээс нь иргэдэд, хувийн хэвшилд өгөх нь ухаалаг төрд хүрэх нэг арга зам мөн үү?


-Төр ямар үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай вэ гэвэл нийгмийн суурь үйлчилгээ, үндсэн дэд бүтцийн үйлчилгээ. Үндсэн хуулиараа үүнийг л төрд хүлээн зөвшөөрсөн байдаг. Бусад үйлчилгээ, үүргийг нь хэн ч хийж, хэрэгжүүлж болно, чадна. Сүүлийн үед зарим орны төр засаг зарим чиг үүргээ хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад шилжүүлж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлж байна. Уг нь энэ чиглэлийн эрх зүйн орчин нь Монголд бүрдсэн байгаа. Гэтэл бид эсрэгээрээ хувийн хэвшлээ бүтээн байгуулалтад татан оролцуулах ёстой байтал төр өнөөдөр өөрөө компани байгуулж байгаад нүүрс зөөдөг болчихсон. Тэгээд тэр компанийнх нь ашиг улс төрийн бүлэглэлүүдийн бизнесийг дэмжихэд зарцуулагддаг болсон байна. Баялаг үйлдвэрлэгч дундаж давхаргаасаа ажлыг нь булааж, нэг ёсны тонуул дээрэм хийж байж төр өөрөө томорч, төрд ажилладаг улстөрчид нь хөлжиж байна гэсэн үг. Уг нь хууль, бодлого гаргах, тэрийг хэрэгжүүлэхэд төсөв шаардлагатай, тэрийг нь баялаг бүтээгчид үйлдвэрлэе л гэж эхлээд тохирсон санагдах юм.

-Өөр ямар жор байж болох вэ. Ямарваа өвчнийг эмчлэхийн тулд эмчийн жор л чухалтай адил өнөөдөр төрийг засахын тулд улстөрчдийн фантааз бол тус болохгүй байх?

-Төр аль болох бага мөнгөний менежмент хийж, хувийн хэвшил өөрөө мөнгөндөө менежмент хийдэг болоосой. Төсвийн хөрөнгө оруулалт жалга довны үзэлд бүү автаасай. Саяхан улсын төсөв сох дутаж, ам.долларын ханш чангарсан нь нэг үе тэсрэлт хийсэн уул уурхайн салбар агшиссантай холбоотой. Энэ нь судлаач О.Чулуунбилэгийн дүгнэсэн "Нүүрсний бүгд найрамдах Монгол улс" болсны нэг илрэл шүү дээ.

Мөн энэ их төвлөрөлүүдийг эхнээс нь задлах хэрэгтэй. Эрх мэдлийн төвлөрөл хэдхэн хүн рүү, өмчийн төвлөрөл төр рүү, хүн амын төвлөрөл Улаанбаатар руу, эдийн засгийн төвлөрөл нүүрс рүү шилжчихээд байна. Эдгээр төвлөрлийг сааруулах нь төрийг ухаалаг болгох бас нэг алхам.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив