Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
НҮБ Монголын авиа компаниудыг эрсдэлтэйд тооцжээ
2013 оны 10 сарын 19 [Уншсан тоо: 40257]
-Иргэний нисэхийн ерөнхий газраас хоёр жил тутамд дотоодын авиа компаниудад үнэлгээ тогтоох шалгалт хийдэг. Тэдний гаргадаг үнэлгээний жагсаалт ч НҮБ-ынхаас төдийлөн зөрүүгүй гарсан байна-



Монголд олон улсын болон орон нутгийн нислэг үйлддэг авиа компаниудын эрсдэлийн үнэлгээг тогтоосон тусгай жагсаалтыг НҮБ дотоод хэрэгцээндээ ашигладаг нь ил боллоо. “Зөвхөн дотоод хэрэгцээнд ашиглана” гэсэн тодотголтой уг жагсаалтаас үзвэл Монгол руу нислэг үйлддэг “Аэрофлот” /ОХУ/, “Айр Чайна” /БНХАУ/, “Кореан Айр” /БНСУ/, “Туркиш Айрланес” А үнэлгээтэй, төрийн өмчийн МИАТ компани, “Изинис Айрвэйс” В үнэлгээтэй гэж тэмдэглэсэн байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /IACO/, Дэлхийн агаарын тээвэрлэгч компаниудын холбоо /IATO/ зэрэг нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагын зүгээс гаргадаг дээрх үнэлгээ А, В, C, D гэх дөрвөн шатлалтай бөгөөд С ангилалд хамаарах авиа компаниар зайлшгүй үйлчлүүлэхээс өөр сонголтгүй тохиолдолд НҮБ-ын тухайн ажилтан өөрийн удирдлага, хариуцлагатай албан тушаалтны зөвшөөрөл буюу гарын үсгийг авах ёстой гэсэн журам мөрдөгдөхийг хатуу сануулжээ. Харин D үнэлгээ бүхий авиа компаниар үйлчлүүлэхийг шууд хориглосон байна. Монголд олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэх эрх бүхий хувийн авиа компаниудаас өнөөдрийн байдлаар “Монголиан айрлайнес” D үнэлгээтэй, “Аэро Монголиа” компани С үнэлгээтэй, дээр дурдсанчлан “Изинис Айрвэйс” компани В үнэлгээтэй байгааг НҮБ-ын дотоод хэрэгцээнд зориулсан жагсаалтаас харж болох юм.



Хэдийгээр “Изинис Айрвэйс” компани В үнэлгээтэй байгаа боловч олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн ижил төвшний үнэлгээ бүхий компаниудаас онцлогтой болохыг ч энд сануулжээ. Тус компанийг нислэгт сонгож болох ч “эрсдэл” байгааг тодотгосон байна. Ийн “эрсдэлтэйд” тооцсон шалтгааныг тайлбарлахдаа тус авиа компани хөндлөнгийн аудитаар үйл ажиллагаагаа баталгаажуулсан боловч тухайн аудит нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөөгүй гэжээ. Жагсаалтаас үзвэл С үнэлгээ бүхий “Аэро Монголиа” компанийн хувьд агаарын хөлгийн парк хуучин болохыг нь онцлоод зайлшгүй сонгох тохиолдолд НҮБ-ын тухайн ажилтанд дээд албан тушаалтан нь зөвшөөрөл өгсөн байх ёстойг заажээ. Харин хамгийн тааруу буюу D үнэлгээтэй “Монголиан Айрлайнес” компаниар үйлчлүүлэхийг шууд хориглосон байгаа нь анхаарал татаж байна. Тус компани нь 2013 оны дөрөвдүгээр сараас хойш "Хүннү айр" нэртэй болж өөрчлөгдсөн.

Энэ компанийн хувьд дотоодод орон нутгийн нислэгээс гадна цөөн чиглэлд гадаад нислэг үйлддэг. Монголчууд төдийгүй гадаадын зорчигчдын сонголтод хэдийнэ багтах болсон тус компаниар юутай ч НҮБ-ын ажилтнууд үйлчлүүлэхгүй нь тодорхой байна. Тэгэхээр бусад үйлчлүүлэгчдийн хувьд амь насны баталгаа бий юу гэх асуудал энд хөндөгдөж таарах юм.

Иргэний нисэхийн ерөнхий газраас хоёр жил тутамд дотоодын авиа компаниудад үнэлгээ тогтоох шалгалт хийдэг аж. Тэдний гаргадаг үнэлгээний жагсаалт дээрхээс төдийлөн зөрүүгүй гарсаар иржээ. Тэгвэл D үнэлгээ бүхий компанийн хувьд нислэг үйлдэх эрхтэй байж таарах уу? Энэ асуултад мэргэжилтнүүд харьцангуй зөөлөн хариулт өгөх бололтой.

Учир юу гэхээр “Монголиан Айрлайнес” компанийн хувьд шинээр байгуулагдсан буюу 2011 оны сүүлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь D үнэлгээ авах гол хүчин зүйл болдог байна. Мөн агаарын хөлгүүд хуучин гэдэг хүчин зүйл ч үүнд голлох нөлөөтэй аж. Үүнийг ч НҮБ-ын тусгай хэрэгцээний жагсаалтад онцолж, “эрсдлийн үнэлгээ тогтоох асуулгад оролцох баримтгүй байсан” гэжээ. Шинэ тутам байгуулагдсан авиа компани CV-гүй ажилтантай адил “үнэ цэнэ” багатайд тооцогддог жишиг байдаг аж. Энэ утгаараа “Монголиан Айрлайнес” компанийн үнэлгээ бодит байдлаас доогуур гарч байгааг мэргэжилтнүүд онцолсон. Гэхдээ эрсдлийн үнэлгээг зөвхөн шинэ, хуучин гэдэг хүчин зүйл дээр түшиглэн гаргадаггүй, маш олон талын хүчин зүйл үүнд нөлөөлдгийг бас сануулж байна.

НҮБ-ын хувьд Монголын авиа компаниудын эрсдлийн үнэлгээг гаргах, тэдгээрээр үйлчлүүлэх хатуу журам тогтоох шаардлага 2001 оноос хойш бий болсон аж. Өдгөөгөөс 12 жилийн өмнө Увс аймагт байгалийн гамшгийн үнэлгээ хийхээр томилолтоор ажиллаж байсан НҮБ-ын ажилтнууд онгоцны сүйрлээр амь насаа алдсан харамсалтай явдлаас хойш тус байгууллага анхаарлаа энэ зүгт хандуулж эхэлсэн байна. 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр МИАТ компанийн JU1025 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газарт осолдсон юм. Уг ослоор УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д. Отгон нараас гадна Герман Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын (UNDAC) багийн ахлагч, Ази Номхон далайн бүсийн гамшгийн эсрэг арга хэмжээг зохицуулах салбарын удирдагч Сабин Мецнер-Страк, Их Британийн Нэгдсэн Вант Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын (UNDAC)  багийн  гишүүн, Жерси мужийн төлөвлөлт, байгаль орчны газрын Үйлчилгээний хэлтсийн захирал Жерард Ле Клэйр, АНУ-ын иргэн,  НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөтөлбөрийн ажилтан Матью Гирвин, Япон улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч Такахиро Като, Япон улсын иргэн, NHK ТВ- ийн зураглаач Минору Масаки нар амиа алдсан юм.

Энэхүү эмгэнэлт явдлаас хойш анх удаа 2005 онд олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд МИАТ компанид үнэлгээ хийхэд үзүүлэлтээрээ 200-аад орноос 117-д жагсч байжээ. Анх удаа олон улсын байгууллага МИАТ компанийн үйл ажиллагаанд үнэлгээ тогтоосон нь энэ бөгөөд салбарынхны хувьд энэ нь бараг л баяртай мэдээ байсан гэх. Учир нь үнэлгээ тогтоох ажил маш өндөр зардалтай байдаг төдийгүй жижиг гэж үзсэн авиа компанид аудит хийдэггүй жишигтэй тул анх удаа МИАТ-ийг тоосонд нь олзуурхаж байжээ.

Тэгэхээр энэ удаад НҮБ-ын хэрэгцээнд зориулан хийсэн эрсдлийн үнэлгээ Монголын компаниудыг том жижиг, хуучин шинэ гэлтгүй бүгдийг хамруулсан нь бидний хувьд бас л олзуурхууштай зүйл бололтой. Харин НҮБ-ын эрсдлийн үнэлгээний энэхүү нууц жагсаалтыг шийдвэр гаргах төвшинд нухацтай үзэж, мөрөөр нь арга хэмжээ авах нь чухал юм. Үнэлгээг нь бидний оролцоо, өртөг зардалгүйгээр хийгээд өгч. Одоо үүнд түшиглэн дараагийн алхмыг хийж чадвал олон хүний амь насны баталгаа болохоос гадна олон улс дахь Монголын нэр хүндэд ч нөлөөтэй шүү дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив