Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ам.доллар авчрах сувгуудаа нээгээд өгөөч
2013 оны 9 сарын 10 [Уншсан тоо: 64631]
-Стратегийн хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөх, Алтны худалдааг ил тод болгох зэрэг хэд хэдэн хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр зэхжээ. Юутай ч Засгийн газар эхний ээлжинд эдийн засагт туссан шуухинааг зөв оношилж, таарах жорыг нь биччихлээ гэсэн үг-

Ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг Монголбанк санхүүгийн хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж болох бараг бүхий л аргаа хэрэглээд дуусав. Нэлээн эртнээс эхэлсэн ам.долларын ханшийн өсөлтийг удаашруулах, огцом савлагаа үүсэхээс сэргийлэх, дагаад өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөхөөс хамгаалах аргуудыг хэрэгжүүлсэн гэсэн үг. Гэхдээ ханш 1470-1500 төгрөгт хэлбэлзэж байх үед дээрх арга хэрэгслүүд илүү үр дүнтэй байсан бөгөөд түүнээс хойшхи огцом өсөлтүүд Монголбанк цаашид удаан хугацаагаар үүнийг жолоодох боломжгүй гэдгийг харуулж эхэлсэн. Харин өнөөдөр ам.долларын ханш зах зээлийн зарчмаар өссөөр, одоо бол ямар ч арга хэрэгслийн үйлчлэл хамаарахгүйгээр өөрийнхөө байх ёстой үнэ дээр тогтоод байна гэхэд болно. Ноён долларын төгрөгтэй харьцах ханш бодит байдалд хэд байж болох вэ тэр хэмжээндээ очлоо гэсэн үг.

Ам.доллар нэг төрлийн бараа гэж үзвэл нийлүүлэлт нь хомсдохын хэрээр үнэ нь ийн өсч буй хэрэг. Тэгэхээр одоо гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, экспортын орлого өсөх, алтны нөөц нэмэгдэх, зээл авахаас нааш ам.долларын ханш өсөхөөс өөр сонголт байхгүй юм. Нэгэнт ам.доллар хэвлэхгүйгээс хойш Монголбанк ажлаа хийгээд дууслаа. Харин одоо ам.доллар олдог сувгуудаа ажиллуулж эхлэх Засгийн газрын ажил л үлдлээ гэсэн үг.

Монгол Улсын хувьд ам.долларын нөөцөө нэмэгдүүлэх дөрвөн суваг байгаа нь зөв дарааллаараа бол нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт татах, хоёрдугаарт, алтны нөөцөө нэмэгдүүлэх, гуравдугаарт, экспорт хийх, дөрөвдүгээрт, гаднаас зээл авах. Гаднаас ам.доллараар зээл авах нь хамгийн сүүлчийн сонголт гэж үзвэл бид сүүлчийнхээ аргаар амьдарч байгаа гэхэд болно. Энэ аргыг эрх баригчид сайн дураараа сонгосон хойно одоо яая гэхэв.

Гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг татаж байсан уул уурхайн салбарыг стратегийн салбарт тооцож, хөрөнгө оруулалтыг нь төрөөс зохицуулах тухай хуулийг УИХ 2012 онд баталсан. Уг хууль хэрэгжсэн жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт 40-50 хувиар багасч, эдийн засагт хүндрэл нүүрлэх нэг шалтгааныг тавьсан байна. Ийнхүү ам.доллар олох эхний суваг бөглөрч эхэлсэн. Харин хоёрдугаар суваг болох алтны нөөц жилд 24 тонноор нэмэгддэг байсныг 2006 онд батлагдсан Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварын хууль шууд боомилж, Монголбанкинд төвлөрөх алтны хэмжээ жилийн хоёр тонн болж буурсан юм. Эхний хоёр суваг ийн бөглөрч байх зуур гурав дахь суваг болох экспортын орлого суга өсөх цаг зуурын таатай үе тохиосон тул дутуугаа нөхөөд болоод л байж. Үүнд найдсан эрхбаригчид үргэлж ийм байх юм шиг зарлагаа л нэмээд байснаас биш ам.долларын эх үүсвэрүүдээ эргэж харах талаар бодоогүй. Экспортод гаргадаг гол нэрийн түүхий эд нүүрсний үнэ, экспорт унаж, байдал хэцүүдэж эхэлмэгц хамгийн сүүлийн арга болох зээлийг сонгосон юм. Энэ оны эхнээс эргэлтэд орсон “Чингис” бондын зээл Монгол Улсыг бүтэн жил торгоож буй нь энэ. Хэрэв уг бондыг босгоогүй байсан бол өнөөдрийн ханшийн уналт аль эрт нүүрлэх байв.

Монголыг бүтэн жил торгоосон бондын хөрөнгө дундрахын хэрд Засгийн газар одоо л хөдөлж эхэллээ. Стратегийн хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөх, 68%-ийн татвараас болоод хууль бус, далд хэлбэрт ороод байсан алтны худалдааг ил тод болгох зэрэг хэд хэдэн хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр зэхжээ. Юутай ч Засгийн газар эхний ээлжинд эдийн засагт туссан шуухинааг зөв оношилж, таарах жорыг нь биччихлээ гэсэн үг.

Мөн экспортыг нэмэгдүүлэх, зээл, хөрөнгө оруулалт татах талаар тодорхой ажлуудыг төлөвлөсний түрүүч нь Ерөнхий сайдын Японд хийх айлчлалаас эхэлж буй аж. Эдгээр эмчилгээ, арга хэмжээ үр дүнгээ өгч эхлэхээс наана ам.долларын өсөлт, төгрөгийн уналтын эсрэг мянга, түмэн салаавч байгаад ч нэмэргүй нь тодорхой байна.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив