Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хямралд ч нээлттэй эдийн засаг
2013 оны 4 сарын 11 [Уншсан тоо: 49658]

Гадаадын хөрөнгө оруулалт-мөнгөний хомсдол

Монголын эдийн засагт маш том нөлөөлөл авчирч буй үзэгдэл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд өмнөх оныхоос бараг 40 хувиар буюу 800 сая ам.доллараар буурсан явдал. Монгол Улсын нийт гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар бөгөөд үүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг алдана гэдэг эдийн засагт багагүй ачаалал үүсгэх хүчин зүйл аж. Өөрөөр хэлбэл эдийн засагт эргэлдэж буй мөнгөний гадаад эх үүсвэр эрс багассантай холбоотойгоор дотоодын зах зээлд  мөнгөний эрэлт ихэсч, үүнийг дагаад банкуудын зээлийн хүү өсөх хандлага бий болжээ. Мөнгө хомсдох, зээлийн хүү өсөх зэрэг нь үйлдвэрлэл буурах, эдийн засаг саарах нэг нөхцөл.

Шинэ оны өмнөхөн Засгийн газар “Чингис” бонд арилжиж, 1.5 тэрбум ам.долларыг яаран татсан нь чухамдаа дээрх нөхцөл байдалтай холбоотой байжээ. Уг бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь бэлэн биш, өөрөөр хэлбэл, зориулалт нь тодорхойгүй байхад яаран бонд гаргасны нэгдүгээрх шалтгаан нь гадаад эх үүсвэрээс дотоодын зах рүү мөнгө татах явдал байсан гэж зарим мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдрийн байдлаар бондын мөнгөнөөс арилжааны таван банкинд нийт 850 тэрбум төгрөгийг байршуулж, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг тэр хэрээр нэмэгдүүлээд буй юм. Энэ нь Монгол банкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай, барилга, бүтээн байгуулалт эрчимждэг улирлын онцлогийг харгалзсан шийдвэр аж.

Монголын нэг онцлог нь жил бүрийн эхний улиралд эдийн засаг “зогсолт” хийдэг. Өөрөөр хэлбэл төсвийн орлого татан төвлөрүүлэлт энэ үед буурдаг. Засгийн газар төсвийн орлогыг нөхөх зорилгоор он гарсаар 100 тэрбум гаруй төгрөгийн үнэт цаасыг дунджаар 12 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад арилжаалаад байна. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 27-нд Засгийн газрын үнэт цаасны худалдаа болж, 70 тэрбум төгрөгийг 10.5 хувийн хүүтэйгээр банкуудад арилжжээ.

Нүүрсний үнэ-төсвийн алдагдал

Монголын эдийн засгийн талаас илүү хувийг төсөв эзэлдэг бол төсвийн орлогын 40 орчим хувь нүүрсний экспортын орлогоос бүрддэг. Мөн нийт экспортын 43 хувь нь нүүрс, 19 хувь нь зэсийн баяжмал эзэлдэг. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхэлсэн нүүрсний үнийн уналт өнөөдөр ч үргэлжилж байгаа нь экспортын орлого, төсвийн орлого давхар хүндрэх эрсдэлийг авчирлаа. Засгийн газар энэ онд нийт 34 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч гол худалдан авагч Хятадад үнэ өсөхгүй байна. Тэгэхээр Монголын эдийн засаг Хятадын эдийн засгаас, бүр нарийндаа Хятадын гангийн үйлдвэрлэлээс шууд хамааралтай болж байна.


  1. БНХАУ нүүрсний үйлдвэрлэлээрээ дэлхийн улс орнуудын хамгийн өндөр үзүүлэлттэй.
  2. БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн өсөлт. 2011 онд 3.5 тэрбум тонн нүүрс олборлосон байна.
Хятадын эдийн засгийн өсөлт 1999 оноос хойш хамгийн муу үзүүлэлтийг 2012 онд харуулсан. Эдийн засгийн бодит өсөлт нь 2011 онд 9.3 хувь байсан бол 2012 онд 7.8 хувьд хүрч буурсан юм. Харин Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт 2012 оны 1-р улиралд 11.6 хувь байж байгаад 3-р улиралд 9.1 хувь болж буурч байсан боловч 4-р улиралд ялимгүй сэргэж 10 хувьд хүрсэн юм байна.

БНХАУ-ын хүнд үйлдвэрлэлийн салбарт нүүсрний эзлэх хувь.

Монголоос экспортод гаргаж байгаа коксжих нүүрс нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд. Энэ утгаараа Хятадын аж үйлдвэржилт, бүтээн байгуулалт эргээд хурдтай эрчимжиж байж л нүүрсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд л нүүрсний үнэ өсөх логик харагдаж байгаа боловч үгүй ч байх магадлал бас бий. Тэр нь юу гэхээр Хятадын худалдан авалт буурахын хэрээр коксжих нүүрс экспортлогчдын хоорондын өрсөлдөөн ширүүсч байгаа явдал. Энэ өрсөлдөөн нийлүүлэгчдийн дунд нүүрсний үнээ буулгах зарчмаар өрнөнө гэж тооцвол экспортын болоод төсвийн гол орлогоо бүрдүүлдэг Монголд дараагийн хүндрэлийг авчирч болзошгүй байна. Нүүрс бол зөвхөн Монголд л байдаг ховор эд биш маш түгээмэл баялаг. Тэр дундаа Хятад өөрөө нүүрсний асар баялаг нөөцтэй.

Ердөө хэдхэн сарын өмнө Монгол Улс Хятадад нийлүүлдэг нүүрснийхээ хэмжээгээр Австралийг ардаа орхиж, жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар сарын мэдээнээс харахад Австрали, Канад, ОХУ, АНУ-ын дараа тавдугаарт бичигдэж, байр сууриа ихээхэн алдсан байна. Хятадын коксжих нүүрсний импортод харьцангуй маш бага хувь эзэлж байсан Канад, АНУ, ОХУ зэрэг орнууд байр сууриа бэхжүүлэхээр шургуу ажиллаж байна. Нүүрсний экспортоос зах зээл, эдийн засаг нь ихээхэн хамааралтай манай улсад энэ бүхэн таагүй хандлагыг сануулж байна.

Хятадын зах зээл нүүрсний худалдан авалтаа танах бодлоготой байгаа ч нийлүүлэгчид саналаа ирүүлсээр байгаа аж. Тэр дундаа хуучин нийлүүлэгчид нь үнэ буурсныг үл харгалзан нүүрсний нийлүүлэлтээ нэмэх саналаа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Австрали, Канад, ОХУ, Индонез нийлүүлэх нүүрсний хэмжээгээ нэмсэн байна. Цаашдаа үнэ сэргэх учраас урт хугацаанд найдвартай түнш байж, байр сууриа хадгалах эрмэлзлэлтэй байна гэсэн үг. Харин Монгол Улс нүүрсний үнэ унаснаас шалтгаалан урт хугацаанд нийлүүлэх гэрээгээ эргэн харах, цуцлах талаар ярьж буй.



Өнгөрсөн 2012 онд манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 11.1 тэрбум ам.долларт хүрч Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээнээс давсан байна. Нийт экспортын бүтцийг аваад үзвэл нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн нийтдээ нийт экспортын 82 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл эдгээр түүхий эдийн үнэ болон худалдан авалтын хэмжээ, эрэлтээс манай улсын гадаад худалдааны орлого шууд тодорхойлогдож байна. Тэр дундаа эрдэс бүтээгдэхүүний бараг 100 хувийг БНХАУ руу экспортолдог.

Харин импортын бүтцийг аваад үзвэл дийлэнх хэсэг нь машин тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь ОХУ-аас (нийт импортын 27.4 хувийг эзэлдэг) импортолдог, үлдсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ (нийт импортын 27.6 хувийг эзэлдэг), АНУ (нийт импортын 8 хувийг эзэлдэг), Япон (нийт импортын 7.4 хувийг эзэлдэг) улсаас тус тус импортолж байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив