Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Давос ба дундаа нэг асуудалт дэлхий
2013 оны 1 сарын 31 [Уншсан тоо: 42007]
Нэгдсэн Европ байгуулах зорилго, үнэндээ бол оролдлого гэж хэлж болох уг үйл явц амжилтад хүрч байна гэдгийг илэрхийлэн ойлгуулах нь энэ удаагийн Давосын чуулга уулзалтын нэг утга учир байв гэлтэй. Тэгж ч хүссэн учраас “Евро бүсийн хямралыг европчууд амжилттай давж чадлаа, цаашид ч чадна” гэсэн өгүүлбэр эцсийн хариулт нь болж гарах “бодлогуудаар” Давосын арга хэмжээ уригдсан зочдоо сорьж байлаа. Мэдээж “Дэлхийн хямралыг нийтийн хүчээр давж гарна” гэдэг гол мессежийг ойлгоход олон үйлдэл бүхий бодолт хийх шаардлагагүй байлаа. Энэ бол энэ удаагийн Давосын чуулга уулзалтын өмнөө тавьсан зорилго юм.

Дэлхийн түүхэнд анх удаа олон улсын харилцаа дэлхийн шинжтэй болж, эдийн засаг аль ч тивд нэг зэрэг хөгжиж, эс бөгөөс нэг зэрэг хямарч байх болов. Харилцан хамааралд орсон улс орнуудын өмнө нэг нэгээрээ асуудлаа шийдээд явах боломж бараг байхгүй болж, дэлхий нийтийн хэмжээнд л шийдвэрлэвэл зохих цогц, иж бүрдэл асуудлууд тулгарах болсон байна. Тийм учраас жил бүр болдог Давосын чуулга уулзалт энэ удаад “гамшгийн эсрэг хамтдаа” буюу аливаа хямрал, эрсдлийг хамтдаа даван туулах менежмент юу байж болохыг анхаарлын төвдөө тавив. Гэхдээ өмнө нь “гол тоглогч” байсан зарим улс орны хувьд энэхүү шинээр үүсч буй дэг журамд дасан зохицох бэрхшээл бас учирч буй аж.

“Баавгай” архирах уу?

ОХУ-ын эдийн засгийн төлөвийг судалсан хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээ энэ удаад маш том асуултын тэмдгийг гаргаж ирэв. Ойрын ирээдүйд Оросын эдийн засаг хямрах аюул харагдаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн судалгааны үр дүн чуулга уулзалтад оролцогсдын анхаарлыг татлаа.

АНУ эрчим хүчний дараагийн эх үүсвэр гэгдэж байсан занарын тос боловсруулах технологитой болж, үүнийгээ үйлдвэрлэлд ашиглахаар тооцоолж байгаа нь тун богино хугацаанд тус улсыг томоохон шатахуун үйлдвэрлэгч болгоно. Энэ тохиолдолд нефтийн нэг баррелийн үнэ 60 ам.доллараас доош унах магадлал их байгаа аж. Үүнээс үүдээд ОХУ-ын эдийн засаг хямрах аюул харагдаж байна гэдэг төлөвийг дэлхийн эдийн засгийн чуулганы бие даасан баг гаргаснаа сая танилцууллаа. Мөн ОХУ-ын засаглал, авилгын асуудал анхаарал татахуйц төвшинд байгааг онцолсон судалгааны дүн ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевт юу бодуулсныг хэн ч мэдсэнгүй. Учир нь тэрээр дээрх судалгааны дүнг ил танилцуулсны дараа үг хэлэхдээ тодорхой юм ярьж чадаагүй байна.

ОХУ-ын нөхцөл байдал цаашид ямар болох талаар гурван хувилбарыг судалгааны баг тоймлон тодорхойлсон байна. Эдгээр нь бүгд сөрөг дүр зурагтай байв. Ямар ч байсан энэхүү төлөвт үл итгэж байгаагаа ноён Д.Медведев илэрхийлээд дээрх гурван хувилбар бүгд худлаа, бид дөрөв дэх хувилбараар явна гэж мэдэгдсэн ч энэ нь чухам ямар хувилбар байх талаар ярьж чадсангүй.

Европын хуучин улсуудын аль нь ч одоо үүсч буй олон улсын шинэ дэг журамд гол үүрэг гүйцэтгэж чадахгүй болсон гэж зарим судлаачид үздэг бөгөөд энэхүү сул талаа нэгдсэн Европ байгуулах замаар нөхөхийг оролдож, хамаг хүчин чармайлтаа шавхаж буй гэж дүгнэдэг. Энэ чармайлт, оролдлого дэмий өнгөрөхгүй гэдэг итгэл үнэмшил төрүүлэхэд “евро бүсийн хямрал юуг ч өөрчлөхгүй” гэсэн мессеж нь ямар ач холбогдолтойг ойлгох амархан. Тэгвэл Орос ч мөн Европын адил бие даан оршихоо, “гол тоглогчийн” үүргээ дахин тогтооход ихээхэн хүч зарцуулах шаардлагатай гэж үзэх нэг хэсэг бий аж. Хамгийн гол нь Орос дэлхийн дэг журам ямар байхаас үл хамаараад ямар ч тохиолдолд тэрхүү дэг журмын чухал хүчин зүйл болсоор ирсэн гэх. Гурван өөр соёлын хүрээлэл болох Европ, Ази, мусульманы ертөнцтэй хиллэдэг ОХУ цаашид яах вэ. Тус улсын хөгжлийн төлөв тийм ч аятайхан харагдахгүй байгаа нь олон хүний санааг зовоох асуудал болох нь ээ.


Монгол үнэхээр моодонд орох уу?

Энэ удаагийн Давосын чуулга уулзалтаар “Орос баавгайн” хөгжлийн төлөвийг хэлэлцсэний нэг адилаар ирэх жилийн чуулга уулзалтаар Монголын хөгжлийн асуудлыг тойрсон тусгай хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнөх болно. Учир нь Монгол Улс Давосын түншлэлийн хүрээнд бие даасан шинжээчдийн баг Монголд ажиллаж, 2030 он гэхэд Монголын хөгжлийн төлөв ямар байх тухай судалгааг гаргахаар боллоо. Энэхүү шинжээчдийн баг ирэх гуравдугаар сараас Монголд ирж ажиллах бөгөөд есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатарт хөгжлийн асуудлаар олон улсын хурал хийхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон Давосын чуулга уулзалтаас бидэнд хамаарах нэгэн үр дүн нь энэ байлаа гэхэд болно.

Монгол Улс хөгжих гээд байна, дэлхий нийтийн анхаарлыг татаад байна гэдэг бидний хөөрөл хэр бодитойг харцгаая. Хөгжингүй болон хөгжиж буй хол, ойрын хөршүүдийн маань хувьд хөгжлийнхээ төлөвийг гаргаж, судалгаа, төлөвлөлтийн үндсэн дээр зохицуулалт, бодлогоо тодорхойлдгийг бид мэднэ. Энэ удаад бид ч бас тэднээс хоцрохгүйгээр хөгжлийнхөө төлөвийн судалгааг хөндлөнгөөс хийлгэж, хаагуур явбал хаанаа хүрэхээ баримжаалах “газрын зураг”-тай болох нь олон талын ач холбогдолтой аж.

Дэлхийн улс орнууд хэл, соёл,түүхийн туршлагаасаа үл хамаараад итгэл үнэмшлээрээ нэгдэж, тус тусын биш харин олон улсын эрхзүйн хүрээнд асуудлаа хамтран шийддэг байх шинэ дэг журмыг сануулсан Давосын чуулга уулзалт Монголын хувьд хамгийн бодит үр дүнгээр ийн өндөрлөлөө.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив