Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Польшоос импортолж болох ирээдүй
2013 оны 1 сарын 25 [Уншсан тоо: 51653]
-Чухамдаа “хүний хар нүд”-нээс бусдыг Польшоос импортолж буй монголчууд хамгийн гол зүйлээ тэндээс авч амжаагүй байна. Тэр нь боловсруулах үйлдвэрийн технологи-

Үзэл баримтлал, үнэт зүйлийг нэгтгэсэн ардчилал

Монгол болон Бүгд найрамдах Польш улсын шинэ үеийн харилцааг ойлголцлоор холбож бэхжүүлж буй нэг зүйл ардчиллын төлөөх тэмцлийн түүх, үнэт зүйл гэж хэлж болно. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг хэмээх дэлхийн 140 гаруй орныг нэгтгэсэн байгууллагыг Монгол Улс сүүлийн хоёр жил даргалах хугацаанд Ардчиллын боловсролын асуудлаарх НҮБ-ын тогтоолыг санаачлан батлуулсан юм. Өдгөө Ардчиллын боловсролын асуудлаарх ажлын хэсгийг Польш улстай хамтран даргалж байна.

“Ардчилал бол зөвхөн парламент юм уу, төр засгийг хэлж байгаа зүйл биш юм. Харин хувь хүн өөрөө ардчиллын үнэт зүйлийн төлөө мятрашгүй тэмцдэг, хамгаалдаг, хариуцлагатай байхаас эхэлдэг, үүнд болж өгвөл бага наснаас нь сургах ёстой юм байна” гэж Хөгжлийн төлөөх Польшийн олон улсын хамтын ажиллагааны сангийн тэргүүн ноён Кшиштоф Становски хэлсэн. Мөн “Ардчиллыг хэн удаа байгуулаад болчихдоггүй, байнга арчилж тордох ёстой цэцэг” гэж Польшийн Гадаад харилцааны дэд сайд Ежи Помяновски онцолсон. Харин Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса “Бидний сонгосон капитализм төгс биш юм. Гэхдээ коммунизмыг унагасны дараа үүнээс өөр сонголт байсангүй” гээд өнөөдөр овжин, зальтай, илүү мэдээлэлтэй хүмүүс амархан баяжиж, ард түмний дийлэнх нь ядуу байна” гэж Монголын хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь бидэнд нэг адил тулгамдаж буй асуудлыг хөндсөн хэрэг юм.

Польшоос технологи импортолъё


Өөр хэл, соёлтой ч Монгол, Польшийг холбож буй үнэт зүйл болох ардчиллаас гадна хоёр орны хамтын ажиллагааг тодотгох нэг чухал зүйл нь улам бүр нэмэгдэж байгаа эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны эргэлт юм. Монголчууд тэндээс гахайн мах, өөх, сүү, бяслаг, алим, ариун цэврийн цаас, хоол амтлагч, саван сойз, үнэртэн, үнэр дарагч, хувцасны хиймэл манекан, кофе, байхуу гээд хүний хэрэглэж болох юм бүхнийг, эцэст нь тавилга, элдэв тоног төхөөрөмж, барилгын материал гээд жилдээ нийт 60-аад сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Харин Монголоос Польш руу экспортод гаргадаг бүтээгдэхүүний нэр төрөл ердөө арваадхан. Ноос, ноолууран эдлэл, уламжлалт эм бэлдмэл гээд тоо ширхэг нь ч тодорхой хэдхэн зүйл.

Чухамдаа “хүний хар нүд”-нээс бусдыг Польшоос импортолж буй монголчууд хамгийн гол зүйлээ тэндээс авч амжаагүй байна. Тэр нь боловсруулах үйлдвэрийн технологи. Европын нүүрсний хэрэгцээний 50 хувийг хангадаг Польш томоохон олборлогчоос гадна маш өндөр төвшний технологи үйлдвэрлэгч юм. Монголын ашигт малтмал, түүхий эдийн үнийг өсгөх нэг хөшүүрэг нь боловсруулах үйлдвэрлэл. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах технологи чухал. Аливаа технологийг худалдаж авч болно, хулгайлж авч болно, аль эсвэл өөрсдөө бий болгож болно. Тэгвэл боловсруулах үйлдвэрийн технологиороо Европдоо тэргүүлдэг Польшоос технологи импортлох, технологийг нь хөрөнгө оруулагчтай нь хамт татах бололцоо бүрэн байна. Мөн уул уурхайн тоног төхөөрөмж, технологио экспортлох боломжтой гэж KOMAG техник, уул уурхайн хүрээлэнгийн захирал хатагтай Малгорзата Малек найр тавьж байлаа. 

“Монголд, тэр дундаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол үнэхээр их байгаа” гэж Гадаад харилцааны дэд сайд Ежи Помяновски онцолсон. Гэхдээ өнөөхөндөө польшуудад Монголд лобби дутагдаж байгаа гэж хэлж болно. Тус улсын Элчин сайдын яам Улаанбаатарт байхгүй, байсныг нь нэлээн хэдэн жилийн өмнө хаасан. Харин Польшийн хоёр ч том компани энэ хооронд Монголд тендерт өрсөлдөөд өвдөг шороодсон гэх мэдээлэл байдаг. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй мэдээлэл Польшид тодорхой хүрээнд сенсааци үүсгэж, томоохон хөрөнгө оруулагчид, тэр дундаа улс төрд нөлөөтэй нэр бүхий эрхмүүд Монголыг гэх сонирхол, шохоорхлоо илэрхийлээд эхэлжээ. Ер нь л бүхий талаас Монголд Польшийн Элчин сайдын яам үүдээ нээх нөхцөл бүрдсэн гэж албаны хүмүүс үзэж байна.

Польшийн нүүрс, химийн хүрээлэнгийн захирал Александр Соболевски өөрсдийн эрдэмтдийн гаргаж авсан, одоо судалж байгаагаас бусад бүхий л технологиудаа нээлттэй гэж бидэнд танилцуулж байна. Нүүрс бүрэн шатаах технологид суурилсан зуухнаас гарч байгаа эцсийн хаягдал нь үнс биш, нимгэм гялтгар ялтас. Цаашлаад нүүрснээс олон төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа шингэн түлш гаргах зэрэг монголчуудын эрж хайж байгаа олон технологи тэнд улам бүр боловсронгуй болж байгаа аж. Товчхондоо уул уурхайн салбар хоёр орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ орон зай болон харагдаж буй.

Польшид экспортолсон монгол “технологи”

Харин өнөөдрийн байдлаар польшууд Монголоос уламжлалт анагаах ухааны эмчилгээ, оношлогоог импортлоод авааччихсан юм байна. Тэнд 100 гаруй монгол иргэн байнга оршин суудгийн дийлэнх нь, худалч хүнд 100 хувь уламжлалтын эмч нар юм. Бүгдээрээ шахам хувийн эмнэлэгтэй, өөрсдийн үйлчлүүлэгчидтэй. Адилхан зүү, төөнүүр, бариа заслын эмчилгээ хийдэг польш эмч байхад түүн дээр биш монгол эмч дээр очихыг илүүд үздэг аж. Анагаах ухааны энэ төрөлд зах зээлийг нь хэдийнэ эзэлсэн монгол эмч нарын хувьд “Уул уурхайгаас илүүтэй олон улсын зах зээлд гарах салбар бол Монголын уламжлалт анагаах ухаан” гэж Польшид амьдардаг монгол эмч нарын холбооны тэргүүн профессор Д.Чулуунцэцэг ярьсан юм. Уламжлалт анагаах ухааны эмч, эмчилгээг Польшууд Монголоос импортолсон. Харин одоо монголчууд боловсруулах үйлдвэрлэлийн технологийг импортлох, хөрөнгө оруулалтыг нь татахаар төр, засгийн бодлогын хэмжээнд сонирхож эхэллээ. /үргэлжлэл бий/

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив