Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нефть боловсруулах үйлдвэр байгуулахад юу хэрэгтэй вэ?
2012 оны 12 сарын 27 [Уншсан тоо: 76699]
ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН ЯМАР НӨӨЦӨӨР?

Монгол Улс өнгөрсөн 2011 онд жилд нэг сая 50 мянган тонн нефть бүтээгдэхүүн хэрэглэжээ. Үүнийг ОХУ-аас импортоор авчирч борлуулдаг 20-иод компани нийтдээ 55-60 сая ам.доллар буюу 60-аад тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэх тооцоог мэргэжилтнүүд хийсэн байна. Тэдгээр импортлогчдын бизнесийн эрх ашиг Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудалтай зөрчилддөг гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Нефть боловсруулах үйлдвэрийн санаа хэрэгжихгүй өнөөг хүрсэнд олон шалтгаан, энэ хэрээр олон таамаглал байгаагийн нэг нь энэ юм.

Боловсруулах үйлдвэр байгуулахын тулд түүхий эдийн нөөцөө хаанаас яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд тавигддаг аж. Хэрэв Монгол Улс боловсруулах үйлдвэр ажиллуулах хэмжээний өөрийн нөөцгүй гэж үзвэл түүхий тосыг юун түрүүнд ОХУ-аас л импортлох боломжтой. Энэ тохиолдолд өнөөдрийн шатахуун импортлогчид шатахуун биш түүхий тос импортлох сонирхол хийгээд бололцоо бий юү? Хэдийгээр түүхий тосыг төмөр замаар болон автозамаар ОХУ-аас авах бололцоо хамгийн ойр харагддаг ч хөрш маань бидэнд түүхий эд биш нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээ борлуулахыг ашигтайд үзэх болов уу. Тэгэхээр ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компанийн харилцагчид болох дотоодын импортлогчдын хувьд түүхий тос олж ирэх нь төвөгтэй, ер нь бүтэшгүй асуудал. Нөгөө талаас илүү өндөр үнэтэйгээр нь эцсийн бүтээгдэхүүнийг импортлох нь тэдний сонирхол, эрх ашигтай илүү нийцэж байгаа.
Дараагийн хувилбар түүхий тосыг Арабын орнуудаас авах хувилбар байж болох ч тээвэрлэлтийн зардал Японы эрэг хүргэхэд литр тутамд 0.40 центээр, Тяньжиний боомт хүргэхэд үүнээс нэмэгддэг тооцоо гарч байна. Түүхий тосоо гаднаас өндөр өртөг зардлаар тээвэрлэн авдаг ч дотооддоо боловруулж эцсийн бүтээгдэхүүн гарган авдаг улс орон олон бий. Учир нь ямар ч тохиолдолд нефть боловсруулах үйлдвэр үр ашигтай байдаг гэдгийг мэргэжилтнүүд нотолж буй. Хэрэв Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулахад түүхий эдийн нөөцөө хаанаас яаж бүрдүүлэх вэ гэдэг нь асуудлыг гацааж буй гол учиг юм бол үүнийг шийдэхийн тулд нөөцөө далайн чинадаас тээвэрлэн авахад ч алдаад байх зүйлгүй бололтой.

Гэвч асуудлын хамгийн гол нь юунд байна вэ? Асуудлын хамгийн гол нь гэвэл бид гаднаас түүхий тос гуйж явахааргүй хангалттай нөөцтэй гэдгээ баттай тогтоох, үүнд тулгуурлан дараагийн  алхмыг хийх хүсэл эрмэлзэл л дутагдаж байна. Нөөцөө тогтоох, үүндээ тулгуурласан дараагийн бодлогын алхмыг хийх хүсэл эрмэлзэл шинэчлэлийн Засгийн газраас харагдаж байна уу?

Засгийн газар саяхан Чингис бонд гаргаж, 1.5 тэрбум ам.долларыг босгосон бөгөөд үүнээсээ хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд нефть боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулна гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээлсэн.

Мөн аль ч Засгийн газрын үед ажилласаар ирсэн нэгэн агетнлаг бийг энд сануулах нь зүй.

Монгол Улс Газрын тосны асуудал эрхэлсэн агентлагийг 1990-ээд оны эхээр байгуулсан нь өнөөдрийг хүртэл энэ чиг үүргээрээ ажиллаж байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбай ялгаснаас 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагааг явуулж байна. Газрын тосны газар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу жилд олборлосон тосны 26 хувийг нь Хятадын талд нийлүүлж, улсын төсөвт үүний орлогыг  төвлөрүүлдэг. Мөн Газрын тосны газар шатахууны хангамж, импортын болон дотоодын зах зээлийн үнэ зэрэг асуудлаар талуудын зөвшилцлийг хангадаг байх. Өөрсдөө газрын тосны нөөцтэй хэрнээ үүнийгээ Хятад руу гаргах зохицуулалт хийдэг, гаднаас 100 хараат шатахууны хангамжаа шийдвэрлэх талаар дорвитой бодлого хэрэгжүүлэлгүй 20 гаруй жил ажиллачихаад яваа Газрын тосны агентлаг цаашид энэ хэвээрээ оршсоор байх уу. Бид энэ асуултад өөрсдөөс нь хариу авч, цаашид ямар бодлого баримтлахыг нь тодруулах гэсэн боловч “энэ бол эмзэг асуудал” гэдгээс өөр хариулт хэлэхийг хүссэнгүй. Уул уурхайн сайд мөн л “бодлого боловсруулж байгаа” гэдгээс илүүг дэлгэрүүлэн ярих боломжгүй гэдэг хариуг өгч байгаа юм.

Өнөөдөр шийдвэр гаргагчдын гарт байгаа мэдээллээр бол Монгол орны газрын тосны боломжит нөөц 800 гаруй мянган тонн, үүнээс баталгаат нөөц нь 332,6 сая тонн юм. Өнөөгийн технологийн төвшинд баталгаат нөөцийн 95 хувийг, заримдаа 100 хувийг олборлож авдаг болсон байна. Монголын газрын тос хүндэд тооцогддог бөгөөд энэ тохиолдолд 30 хувийг нь олборлож авдаг гэж тооцоход бидэнд 100 сая тонны газрын тосны нөөц байна. Энэ бол Монголын 30 жилийн хэрэгцээний түүхий эд юм. Гэхдээ энэ бол маш бага судлагдсаны үндсэн дээр гаргасан хэмжээ юм.

Тэгвэл нөөц үүнээс илүү гэдгийг холбогдох эх сурвалж онцлоод нөөцийг дахин тогтоолгох, ингэхдээ манайд үйл ажиллагаа явуулдаг компаниас өөр байгууллага, экспертийг ажиллуулах ёстой гэж үзэж байна. Бид “ашиг сонирхлын зөрчилтэй” этгээдийн тогтоож өгсөн нөөцөд итгэж, үүндээ тулгуурлан бодлогоо боловсруулж байгаа нь ер нь зөв алхам уу?

Хятадууд Монголыг хангалттай нөөцгүй гэж ойлгуулах сонирхолтой бол Оросууд Монголын газрын тосыг маш муу гэж ойлгуулсаар иржээ. Өөрөөр хэлбэл, маш хүнд тостой гэж үздэг байна. Гэтэл өнөөдөр үндэсний мэргэжилтнүүдэд тодорхой болсон зүйл гэвэл Монголын газрын тос Light-medium нягттай, маш цэвэр, хүхэр, asphaltene-ийн агуулга маш багатай болох нь тогтоогдсон. Мөн Монголын тосыг парафинлаг гэдэг ч энэ нь муу шинж биш аж. Ялангуяа дизель түлшинд энэ нь сайн үзүүлэлт болдог. Сөрөг тал нь гэвэл температур буурахад амархан царцдаг, гэхдээ өнөөдөр асуудал биш. Яагаад гэвэл урсах чадварыг дээшлүүлэх, шинж чанарыг сайжруулах шилдэг технологиуд аль хэдийнэ үйлдвэрлэлд нэвтэрсэн байна.

Тэгэхээр хангалттай нөөцгүй, эсвэл муу тостой гэдэг итгэл үнэмшлийг бодлого боловсруулагчид маань толгойноосоо авч хаяад, Монгол газрын тосны хангалттай нөөцтэй, чанарын хувьд өндөр төвшнийх гэж үзэж байгаа судлаач, мэргэжилтнүүдийн үзэл бодлыг сонсох цаг болсон байна. Ийм үзэл бодолтой мэргэжилтнүүдийн нэг ХБНГУ-д газрын тосны боловсруулах үйлдвэрийн асуудаар докторын зэрэг горилж буй Дашдаваагийн Алтанцэцэг өнгөрсөн жил Монголын хэвлэлд нэгэн өгүүлэл хэвлүүлсэн юм.

Тэрбээр Монголын газрын тосны нөөцийг ашиглан боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг хийж байгаа аж. Үйлдвэрийн хаана байгуулах вэ гэдэгт хариулт өгөх түүний судалгааны шинэ санааг энд дэлгэрүүлэн тайлбарлахыг зорилоо.

ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН ХААНА?

Боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн эх үүсвэрийн ойролцоо байгуулах уу, эсхүл хэрэглэгчийн төвлөрлийн ойролцоо байгуулах нь зүйтэй юу гэсэн асуулт гардаг байна.

Боловсруулах үйлдвэрийг төлөвлөхөд түүхий эдийн эх үүсвэрийн ойролцоо байгуулахад түүхий тосыг тээвэрлэхэд хялбар байх боловч үйлдвэрээс гарах олон тооны бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн төвлөрөл рүү нижгээд тооны, төрөл бүрийн тусгай тээврийн хэрэгслүүдээр хол замыг туулан хүргэх шаардлага гарна. Ингэснээр зам, тээвэрлэлтийн асуудал давхар хүндэрч, маш өндөр зардал гарна. Харин боловсруулах үйлдвэрийг гол зах зээлд ойролцоо байгуулахад түүхий тосыг хол зайд тээвэрлэх шаардлагатай болох хэдий ч үйлдвэрээс гарах олон төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хялбар болно. Их хэмжээний түүхий тосыг хамгийн бага зардлаар ер нь л дамжуулах хоолой болон усан онгоцоор тээвэрлэдэг. Монгол орны хувьд одоогоор газрын тосны түүхий эдийн хамгийн ирээдүй бүхий ордууд нутгийн зүүн бүсэд буюу гол зах зээл болох Улаанбаатар хотоос нилээд зайдуу оршиж байгаа нь хүндрэлтэй асуудал мөн боловч гол хэрэглэгчийн ойролцоо боловсруулах үйлдвэрийг барих тохиолдолд түүхий тосыг дамжуулах хоолой ашиглан тээвэрлэх боломжтой байж болох юм.

ТЭГВЭЛ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Эрдэмтэд, судлаачид усан онгоц, төмөр зам, автозам болон дамжуулах хоолойн тээвэрлэлтийг эдийн засгийн ач холбогдол, хангамжийн болоод тээвэрлэлтийн аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд нь харьцуулан судалж, түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хол зайд бөөнөөр тээвэрлэхэд хамгийн тохиромжтой нь дамжуулах хоолой болохыг тогтоожээ. Дамжуулах хоолойн хувьд зөвхөн цахилгаан эрчим хүчийг л ашигладгаараа энерги зарцуулалтын хувьд хамгийн бага зардалтай, зөвхөн шингэний өөрийн урсах чадварыг ашигладаг түүнчлэн тээвэрлэх сав, тээврийн хэрэгсэл, тээврийн замын үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог юм. 

Төмөр зам болон автозамын тээвэртэй харьцуулахад дамжуулах хоолой нь зам тээврийн хүндрэл, цаг агаарын нөлөөллөөс хамааралгүй. Түүнийг ерөнхийдөө газар доогуур барьж байгуулдаг тул хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бараг үгүй, бусад тээврийн адил хоосон сав буцааж тээвэрлэгдэхгүй. Өнөө үед технологийн шаардлага улам нарийн болж, хоолойн шугам сүлжээг бүхэлд нь процесс удирдах автомат системээр хянадаг болсон бөгөөд  гэмтэл гарах, тос алдах зэрэг явдал бараг үгүй болсон байна.

Өнөөдөр дэлхийд 3 сая км урт өндөр даралтын дамжуулах хоолойн тусламжтайгаар асар их хэмжээний тос, хий орд газруудаас боомтууд болон боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэгдэж байна. Зарим хоолой 2000 метрийн далайн гүнд эсвэл, өндөр уул нуруудын дундуур тавигдсан байдаг. „Transalpine” дамжуулах хоолой гэхэд жишээ нь Триест боомтоос Ингольштадт хот хүртэл 464 км замыг туулахдаа 30 томоохон гол мөрөн (Дунай, Изар, Инн, Исонзо гэх мэт), 136 горхи шанд, 154 зам, 26 төмөр замын доогуур явж өнгөрдөг.

Дамжуулах хоолойг бүтээн босгох өртөг зардал өндөр боловч нэг удаад оруулсан хөрөнгө оруулалтаа борлуулж буй бүтээгдэхүүний хирээр харьцангуй богино хугацаанд нөхөх боломжтой.

Дамжуулах хоолойн талаар олон хүн огт сонсч байгаагүй, бодож ч байгаагүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна. Тэгвэл өөрсдөд байгаа дэд бүтцийн нөөцөө ашиглая, уламжлалт аргаар төмөр замаар тээвэрлэх нь илүү гэж үзэх талууд дамжуулах хоолойн асуудлыг эсэргүүцэх магадлал өндөр. Нийгмийн хамарсан ийм маргаан мэтгэлцээн өрнөж, аль илүү ашигтайг нь хэлэлцэж байж сонгох зарим энд үйлчлээсэй гэж хүсч байна. Судлаачдын үзэж байгаагаар дамжуулах хоолойгоор биш төмөр замаар тээвэрлэх нь үүнээс илүү зардалтай юм байна. Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх боломжийг шинээр бий болгоход зөвхөн төмөр замыг бариад зогсохгүй олон тооны тусгай тоноглол бүхий вагон цистернийг худалдаж авах, үйлдвэрлэх буюу түрээслэх шаардлага гардаг. TOTAL концернийн ХБНГУ дахь боловсруулах үйлдвэр нь жилд 12 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд хоногт ойролцоогоор 3000 тн түүхий тос боловсруулдаг байна. Энэ нь 600 вагон цистерн гэсэн үг юм. Үүнээс үзэхэд манай улсын хэрэглээнд нийцэхүйц  2 сая орчим тоннын хүчин чадалтай боловсруулах үйлдвэр барих тохиолдолд өдөрт 100 вагон цистерн тос тээвэрлэх шаардлага гарах юм. Ийм хэмжээний тосыг жишээ нь ОХУ-аас импортоор оруулж боловсруулахад манай улсын төмөр замын ачаалалд нэлээд хүндрэлтэй тусахаар байгаа юм.

 ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Яагаад нефть боловсруулах үйлдвэрийн тухай яриа өмнө нь тэр бүрийд сонсогдож байгаагүй хоолойн тээвэрлэлт гээч рүү халтрав аа гэж та гайхаж байгаа байх. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь нэгдүгээрт нөөцөө шийдсэн байх, хоёрдугаарт, хаана вэ гэдэг байршлаа шийдэх, гуравдугаарт, хөрөнгө оруулалтаа шийдсэн байхыг шаарддаг зүй тогтолтой аж.

Тэгвэл бид өнөөдрийн байдлаар эдгээр суурь асуудлуудаасаа лийг нь шийдээгүй байгаа гэхэд болно. Асуудлын гуравдугаарх болох хөрөнгө оруулалтыг шийдэх нь тийм ч хүндрэлтэй асуудал биш. Харин нөөцөө хаанаас авах вэ. Үйлдвэрээ нөөцөө түшиглэж байгуулах уу, хэрэглэгчээ түшиж байгуулах уу гэдгээ огт тооцоолоогүй байна. Нефть боловсруулах үйлдвэр шаардлагатай, шаардлагагүйн тухай дэндүү удаан хугацаанд ярьсан атлаа хамгийн гол суурь асуудлуудаа огт судалгаа, бодлогогүй хаячихсан байна.

 “Хэргээ болохоор хэрэмний сүүл” гэж монголчууд ярьдаг. Яг үүний амьд жишээгээр нефть боловсруулах үйлдвэр байгуулах дээрээ тулахад бэлэн зүйл бидэнд бараг алга.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив