Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нефть боловсруулах үйлдвэр яагаад бүтдэггүй вэ?
2012 оны 12 сарын 5 [Уншсан тоо: 84581]
Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж буй бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, ард иргэдийн өдөр тутмын амьдралд “ус” мэт хэрэгцээтэй шатахууны хангамж өнөөдөр 100 хувь ОХУ-аас хараат байдалд байна. Сүүлийн хорин жилийн ололтуудын үр дүнд улс төрийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдалд эргэлзээ үүсгэж буй асуудлуудын нэг нь шатахууны хангамж юм. Бидний хэрэглэж буй усны цоргыг нээж хаах крант нь хилийн цаана, бусдын гарт оршиж байгаа нь энэ асуудлыг эмзэг болгож буй хүчин зүйл.

Энэ байдлаас гарах арга зам бол дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах явдал гэж олон жилийн турш дээр дооргүй ярьсан ч өнөөг хүртэл баригдсан үйлдвэр нэг ч алга. Яагаад Монгол Улс нефть боловсруулах үйлдвэргүй өнөөдрийг хүрсэн бэ?

Уг нь Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр өнгөрсөн зууны дундуур ажиллаж, дотоодын зах зээлийнхээ багагүй хувийг хангаж байгаад 1970-аад оноос зогсчээ. Хаалгаа барьсан шалтгаан нь газрын тосны нөөцтэй холбоотой. Тэр үйлдвэрт ажиллаж байсан анхны инженер Ц.Багмидын хэлснээр бол “цаашид уг үйлдвэрийг ажиллуулахад нөөц хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр Оросууд үйлдвэрийн ирээдүйг шийдсэн” байна. Гэхдээ түүний бодлоор нөөцийн судалгааг цааш үргэлжлүүлэх, Зүүнбаянгийн үйлдвэрийг ажиллуулах сонирхол тэдэнд байгаагүй, өөрөөр хэлбэл, улс төрийн эрх ашиг үүний цаана байсан юм. Ингээд монголчууд нефть бүтээгдэхүүний хэрэгцээгээ Зөвлөлтөөс 100 хувь хангаж, төлбөрийг зээлээр хаах болжээ. Харин 1990-ээд оноос зээлээр тооцоо хийхээ больсон ч мөн л ОХУ-аас бүрэн хараат хэвээр өнөөдрийг хүрэв.

Нэгэн цагт Зүүнбаянгийн үйлдвэрийг “түүхий эдийн нөөцийн асуудалд орсон” гэж оросууд үнэмшүүлээд орхисон шиг өнөөдөр Монгол Улсыг газрын тосны хангалттай нөөцгүй гэдэгт итгүүлэх санаархал Хятадуудад байна. Учир нь “Монгол Улс газрын тосны нөөцгүй” гэдэг ойлголтыг хадгалах нь шатахууны хангамжийг бүрэн хараат байлгах хоёр хөршийн улс төрийн сонирхолтой нийцэж буй юм. “Газрын тосны нөөц хангалтгүй” гэдэг ойлголт  шууд утгаараа бол Монгол Улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй гэсэнтэй утга нэг. Яагаад гэвэл нефть боловсруулах үйлдвэр байгуулахад хамгийн чухал нөхцөл бол түүхий эдийн нөөцийг шийдэх явдал. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулахад нэгдүгээрт түүхийн эдийн нөөцийг, хоёрдугаарт хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх ёстой байдаг аж.

Монгол Улс газрын тосны нөөцгүй гэж үү?

Монгол Улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барилаа гэхэд түүхий эдээ хаанаас хангах вэ гэдэг асуудал тулгарах нь тодорхой байна. Эцсийн бүтээгдэхүүний хараат байдал маань түүхий эдийн хараат байдлаар солигдож болзошгүй нөхцөл байдал эндээс харагдаж буй. Газрын тосны нөөцгүй бусад улс орны туршлагаас харахад гаднаас түүхий тос авч стратегийн нөөц бүрдүүлдэг талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ярьж байна. Юуны өмнө Монгол орны нөөцийн талаарх судалгаанд анхаарал хандуулж, бид хэдий хэрийн нөөцтэйгээ мэдэх нь чухал гэдгийг онцолсон юм.

Тэгвэл Газрын тосны газрын мэдээллээс харахад Монгол Улсын газрын тосны боломжит нөөцийн хэмжээ 870 гаруй сая тонн, үүнээс баталгаат нөөцийн хэмжээ  2012 оны нэгдүгээр улирлын байдлаар 332,6 сая тонноор тогтоогдоод байна. Энэ бол Монголын хэрэгцээг 100-200 жил хангах нөөц гэсэн үг юм. Гэхдээ энэ нь маш бага судлагдсаны үндсэн дээр гарч ирсэн тоо. Нөөц үүнээс их байгаа гэж үзэх мэргэжилтнүүд байгааг онцолмоор байна.

Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 30 талбай ялгаснаас 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулж байна. Эдгээрийн цаана Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллаж буй бөгөөд жилд 6-20 сая тонныг Монголын нутгаас олборлох боломжтой гэж үздэг байна. Хятадын жилийн түүхий тосны хэрэгцээ 220-250 сая бөгөөд ийм өндөр хэрэглээтэй улс дор зургаан саяыг авахын тулд Монголд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг эргэлзээтэй юм. Тэгээд ч нэгээс хоёр орон бүхий сая тонноор яригддаг нөөц гэж байдаггүй аж. Нөгөө талаас дэлхийд томд тооцогдох Хайлаар, Эрээний газрын тосны сав газрын нэг хэсэг Хятадад, нэг хэсэг нь  нэг хэсэг нь Монголын нутагт оршиж байгааг судалгаагаар тогтоосон. Тэгэхээр хятадууд бидний мэдэхгүйг далимдуулан Монголын газрын тосны нөөцийг бодит байдлаас дарж хэлдэг, үйлдвэр байгуулах хэмжээний түүхий эдийн нөөцгүй гэж итгүүлэхийг хүсдэг байж болох юм. Хятадууд өөрсдөө болохоор Монголын хилтэй бараг залгаа газарт 1970-аад оноос хойш зогсоо зайгүй өрөмдлөг хийсээр байгаа аж.

Газрын тосны газарт байгаа судалгаанаас харахад Монгол Улс 2015 он гэхэд жилд 1.5 сая тонныг олборлох юм байна.Шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдын эш татаж буй нөөцийн хэмжээг хэн хэзээ тогтоож, өгсөн юм бэ, үүнд бүрэн үнэмшиж болох уу гэсэн асуулт тулгарч байна.

“Монгол Улсын жилийн хэрэглээ тун бага”

Монгол Улсын жилийн хэрэгцээний нефть бүтээгдэхүүн 2011 оны байдлаар ердөө 1 сая 50 мянган тонн байна. Үүний 60 хувь нь, зарим эх сурвалжийн тооцоогоор 80 хувь нь дизель түлш юм. Энэ хэмжээний бүтээгдэхүнн үлйдвэрлэдэг боловсруулах үйлдвэр байгуулья гэж бодоход жилд хэдий хэмжээний түүхий тос шаардлагатай вэ? Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ цаашид жилд 10 хувийн өсөлттэй байх, түүнчлэн боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2,5 сая тонн байх тооцоо гарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, жилд 2.5 сая түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр гэсэн үг. Гэхдээ заавал энэ хэмжээний хүчин чадалтай биш юм гэхэд үүнээс бага хэмжээтэй, дотоодын хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангах үйлдвэрүүд байсан ч стратегийн хувьд өндөр ач холбогдолтой гэж үзэж болох юм.

Жилд 2.5 сая хүртэлх түүхий тосыг Монголоос олборлох боломжгүй гэж үзвэл бидэнд хамгийн ойр харагдаж байгаа хувилбар бол мөн л ОХУ-аас түүхий тос авах. Энэ нь газар зүйн байршил, дэд бүтэц гэх зэрэг хүчин зүйлийг харгалзан үзвэл хамгийн ойр хувилбар болох юм. Арабын орнуудаас түүхий тос авах асуудал яригддаг ч тэндээс газрын тос тээвэрлэн Тэнжиний боомтоор дамжуулан авах тохиолдолд өртөг нь эцсийн бүтээгдэхүүний үнэ дээр нэмэгдэж таарна. Мөн тээвэрлэлтийн явцад урд хөрш оролцох, гацаа тээг үүсгэх замаар өөртөө давуу байдал бий болгохыг чармайж болзошгүй юм. Төмөр зам болон автозамаар ОХУ-аас түүхий тос авах тохиолдолд бид дахиад л төрийн өмчит “Роснефть” компанийн хэрэглэгч болох бөгөөд тус компанийн хувьд түүхий эд биш нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах нь илүү ашигтай юм.

Өнөөдөр Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхайн яам хамтарсан ажлын хэсэг байгуулагдан нефть боловсруулах үйлдвэрийн талаар бодлого боловсруулж байгаа аж. Уг ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй зөвлөх инженер Ц.Багмидын хувьд Монголд яригдаж байгаа боловсруулах үйлдвэрийн төслүүдтэй танилцаж, багагүй хэмжээнд судалсан хүн юм. Тэдгээр төслүүдээс тэрээр хоёрыг нь онцлон нэрлэж, ойрын ирээдүйд биелэх боломжтой, өгөөжтэй гэж харж байгаагаа хэлсэн юм. Нийт арваад төслөөс шүүрдэхэд иймэрхүү төлөв харагдаж буй бөгөөд ихэнх нь үндэслэл тооцоо муутай, хий хоосон санаанууд гэж тодотголоо.

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг УИХ-аас яг жилийн өмнө тогтоол гаргаж баталж байжээ. УИХ-ын уг тогтоолд төрийн өмчийн оролцоо нефит боловсруулах үйлдвэрт 34 хувь байна гэж тусгасан байна. Энэ нь боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагчдад тавьж буй саад, чөдөр гэж зарим хүмүүс харж буй юм. “Хэрэв хувийн хэвшлийнхэн хөрөнгөө гаргаж үйлдвэр байгуулж байгаа бол үүнийг нь төр чөдөрлөх биш дэмжих хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр хэлж байна. Ер нь арван хэдийн жилийн өмнөөс л эрчтэй яригдаж ирсэн боловсруулах үйлдвэрийн асуудлыг урагшлуулдаггүй “үл үзэгдэгч гар” ажилласаар ирсэн. Одоо ч хэвээрээ гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ярьж байгаа юм. Хоёр хөрш гүрний сонирхол, улс төрийн оролцоо нефть боловсруулах үйлдвэрийн төслийг “тушдаг” талтай. Гэхдээ эдийн засгийн шууд утгаар нь харвал юуны өмнө түүхий эдийн нөөцийг шийдэж чадаагүй байгаа цагт нефть боловсруулах үйлдвэр баригдахгүй нь тодорхой байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл нефть боловсруулах үйлдвэргүй, энэ талаар хий хоосон ярьсаар ирсний хамгийн бодит шалтгаан нь салбарын мэргэжилтнүүдийн хувьд ердөө “нөөцөө шийдээгүй” явдал юм. Түүхий эдийн нөөцийг тогтоохын тулд бид хаана, юу байгаагаа судалж мэдэх хэрэгтэй болжээ. Газрын тосны нөөцгүй, эсвэл боловсруулах үйлдвэрээ тэжээхүйц хангалттай нөөцгүй гэдэгт итгүүлэх сонирхол хоёр хөршид байгааг ухаарч, энэ талаар дараагийн шатны судалгааг хийх цаг болжээ.


                                                                                            

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив