Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Анхаарал, шохоорхол татсан Монгол Улс
2012 оны 10 сарын 10 [Уншсан тоо: 75614]
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотноо болсон  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд есдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд оролцсон юм. Энэ талаарх сурвалжлагууд өмнөх дугааруудад “НҮБ-ын шинэ мессеж ба Монголын байр суурь”, “НҮБ-ын үнэлгээ бө Монголын нөлөө”  гарчгийн дор тус тус нийтлэгдсэн болно.  

...Иранд айлчлахдаа тус улсын цөмийн байгууламжтай танилцсан анхны гадаад орны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан нь өнгөрөгч зун дэлхий дахины анхаарлыг татах үйл явдал болсон юм. Үүний дараахан буюу есдүгээр сарын сүүлийн долоо хоногт тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы арга хэмжээнд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо очив.

“АНУ-ын тухайд...?” гэх өгүүлбэрээ төгсгөөгүй асуултыг CNN телевизийн сэтгүүлч К.Аманпаур Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага дундуураа тавиад араас нь Ираны цөмийн байгууламжид яагаад очсоныг нь асуусан юм. Харин эдгээр асуултыг тавихаасаа өмнө байгалийн асар их баялагтай орны хувьд тулгарч буй бэрхшээлүүд юу байгааг лавлаж, газрын зураг дэлгэнгээ “Монголд хамгийн ойр зах зээл бол Хятад. Энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах уу, эсвэл...” гэдэг асуултыг тулгасан... Дэлхийн хэмжээний бодлого, стратегийн асуудлаар улс орнуудын төрийн тэргүүн, бодлого тодорхойлогчдыг ихэвчлэн урьж  ярилцдаг алдарт сэтгүүлчийн дээрх асуултууд надад бол “асуулт” төдий биш харин ч “хариулт” гэмээр нухацтай мэдэгдлүүд шиг санагдаж байлаа.

Тийм ээ, Монгол Улсын хувьд эдийн засгийн өндөр өсөлттэй яваа ч энэ нь уул уурхайн салбараас хамааралтай, уул уурхайн салбар нь ганц том худалдан авагчаас хараат болох эрсдэл, магадлалыг цаг хугацаа, газар зүйн байршил бидэнд тулгаж буй. Гэхдээ хаалттай, хатуу дэглэмтэй хоёр гүрний дунд ардчилсан загвараар хөгжиж байгаа Монгол Улс сүүлийн хорь гаруй жил гуравдагч хөрш рүү, улмаар гуравдагч зах зээл рүү “нүүх” бодлогыг эрэлхийлж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс, АНУ нь нийгмийн үнэт зүйл нэгтэй ард түмнүүд. Манай зэвсэгт хүчний төлөөлөл дэлхий нийтийн халуун цэгүүд болох Ирак, Афганистанд энхийг сахиулж байна. Мэдээж АНУ-д Монгол Улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж нээлттэй байгаа. Бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нь олон тулгуурт эдийн засагтай байхыг эрхэмлэж буй хэрэг юм” гэсэн хариултыг CNN-д өгсөн юм. Мөн тэрбээр “Манай ард түмний эрх ашгийг дээдэлсэн ямар ч орон бидэнтэй хамтран ажиллах боломж бий” гэдгийг онцолсон.

Америк газар зүйн байршлаар биднээс хол ч үнэт зүйл, үзэл санааны хувьд гуравдагч хөршийн хэмжээнд ойртон дотноссон гэдгийг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч, ардчиллын түүхийг эхлүүлснээс хойшх хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар тус тус Монголд айлчилсан юм. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс өөрийн цэрэг дайчдаа илгээж, АНУ тэргүүтэй улс орнуудтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэснээс хойш 10 гаруй жил өнгөрч, энэ нь улмаар хоёр талын ойлголцол, итгэл үнэмшлийг улам ойртуулж ирсэн гэхэд болно. Нөгөө талаас гэвэл Монголын хорь гаруй мянган иргэн өнөөдөр АНУ-д суурьшин амьдарч, хоёр орны харилцааг тив, далай үл хамааран холбох дэд бүтцийн үүрэг гүйцэтгэж буй. 

Монголчууд бид өөрийн хөрш, хамтрагч, үлгэр дууриалаар давын өмнө нэрлэх болсон АНУ-ын хувьд харин Монголыг дэмжих цаад ашиг сонирхол нь юу юм бэ? Асуудлыг олон талаас харах тохиолдолд зайлшгүй гэмээр геополитикийн энэ асуултад бид хариулахдаа “АНУ ардчилал, энх тайвныг дэмждэг” гэж хариулна. Гэхдээ зарим эх сурвалж “АНУ-ын хувьд Монголыг дэмжих ашиг сонирхол нь түүний хоёр том хөрш” гэдэг хариултыг өгдөг нь нууц биш юм. Олон ургальч үзлийн огтлолцол дунд оршиж буй даяаршсан ертөнц Монгол Улсын Ерөнхийлөгч Ираны цөмийн байгууламжтай танилцсан алхмыг ч тал талаас нь сонирхож байгаа. Харин Монгол Улсын хувьд цөмийн зэвсэггүй бус гэдгээ зарлаж, үүнийгээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хорин жил тасралтгүй ажилласан бөгөөд Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон Монголын энэхүү статусыг нотлох хамтарсан мэдэгдэлд саяхан гарын үсэг зурсан юм. Цөмийн асуудалд Монгол Улс маш тодорхой байр суурь баримталдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индрээс илэрхийлсэн. Ираны тухайд ч гэсэн ялгаагүй. Нэгд, Ираны цөмийн хөтөлбөр нь аливаа тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлж болохгүй. Хоёрт, тэд цөмийн хөтөлбөрөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хяналт шалгалтын өмнө нээлттэй байлгах ёстой. Гуравт, Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Үүнийг НҮБ дэмжсэн. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхийд ч чухал асуудал юм.

“...Сорилт, хүндрэлүүдийг шийдвэрлэх гол арга зам нь салан хөндийрөх бус, харин хамтран ажиллах явдал юм. Илүү дипломат арга ажиллагаа, илүү яриа хэлэлцээ, илүү үйл ажиллагаагаар бид асуудлаа шийдэх ёстой” Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы үеэр цөмийн асуудлаарх байр сууриа илэрхийлэхдээ онцолсон. Ираны Ерөнхийлөгч Ахмадинижад болон Төвдийн талаарх Хятадын хатуу байр суурийг эсэргүүцэн шүүмжлэгчид Ерөнхий ассамблейн чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын байрны гадаа үзэл бодлоо илэрхийлэн жагсч байсан ч дотор танхимд лав л Ахмадинижад нааштай үйлдэл хийснийг ажиглагчид тэр дор нь цохон тэмдэглэж байлаа. Өмнө нь хатуу үгтэй урт илтгэл уншиж, бусдыг загнаж, зангадаг Ахмадинижад энэ удаад дүрмийн дагуух долоон минутад хэлэх үгээ багтааж, индэрт авч гарсан илтгэлээсээ хасч, баллаж байлаа...

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган бүтэн жил үргэлжилдэг ба жил бүрийн есдүгээр сард нээлтээ хийдэг. Энэ үеэр өндөр дээд хэмжээний уулзалтууд болж, НҮБ-ын гишүүн орнууд төр, засгийн удирдагчдын төвшинд яриа өрнүүлдэг уламжлалтай. Энэ удаад өндөр дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Японы Ерөнхий сайд Монголын талтай уулзах саналыг анх удаа гаргасан бөгөөд Японоос гадна арваад орны сайд, төлөөлөгчид манайтай уулзах саналаа илэрхийлснийг мөн энд дурдах нь зүй болов уу.

“Эдийн засгийн өндөр өсөлтөөр өмнөд хөршөөсөө илүүрхэнэ” гэдэг мэдээлэл өнөөдөр Монголыг гадаад ертөнцийн сонирхол, анхаарлын дунд гаргаж тавьж буйг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд болсон уулзалтууд харуулж байлаа. Түүнчлэн төрт ёсны талаарх эртний уламжлалтай, агуу түүхтэй, өвөрмөц соёлтой, ардчиллыг амжилттай байгуулж яваа гэдгээрээ Монгол Улс онцгойрч чадах юм гэдгийг ойлгуулсан юм. Тэртээ 1930 оны дугаартаа Монголын талаар анх мэдээлж, судалгааны экспедицээ илгээж байсан “National Geographic” сэтгүүл болон “Үндэсний газар зүйн нийгэмлэг”, дэлхийн музейнүүдийн холбоо болох Смитсинианы хүрээлэн зэрэг байгууллагад Ерөнхийлөгч зочилж, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив