Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАН-ын араншин
2012 оны 9 сарын 11 [Уншсан тоо: 60949]
УИХ-ын хоёр гишүүн маргалдаж, улмаар гар зөрүүлсэн нь нэг хэсэгтээ л улс даяар сонин хачин болж, араасаа баахан тайлбар, дүгнэлт дагуулснаар хэрэг явдал намдав. Шүүх, цагдаад хүрэхдээ тулсан тухайн үеийн сэтгэлийн хөөрөл ингэсгээд намдаж байгаа ч үүнийг өдөөсөн жинхэнэ зөрчил нь харин яах бол?! Учир нь мань хоёрын маргаан зүгээр нэг эрэгчин, эмэгчин, илүү дутуу хүчтэйгээ үзэх гэснээс үүдсэн хэрэг огт биш, арай өөр учир шалтгаантай юм.

Өнөөдрийг хүртэл парламент дахь бүлгийн статусаа ч баталгаажуулаагүй байгаа МАН улс төрийн өрөг дээр өөрийнхөө байрлалыг олохгүй яваа нь сонгуулийн ялагдалтайгаа эвлэрэх сэтгэл зүйн барьераа хэтэрхий удаан давж буйтай нь холбоотой. Ямар ч байсан УИХ-д бүлэг байгуулах хуулийн хугацаа дуусч байхад тэд зохих ёсны шийдвэрээ илэрхийлэх чадваргүй байсан. Үүнээс үүдсэн нөхцөл байдал өнөөдөр ч зарим гишүүдийнх нь хувьд бухимдах шалтгаан болж байгаа. Сонгуулийн ялагдлаас амсч буй үр дагавар бүхэндээ эмзэглэж яваа ийм үед нь намынх нь талаар таагүй үг хэлсэн хэнд ч шаралхаж мэдэх араншин МАН-аас цухалзаж байгаагийн нэг илрэл нь л У.Хүрэлсүхийн шанаа.



Энэ удаад МАН-ын талаар “буруу” юм ярьсан нь хөөрхий Г.Баярсайхан байж таарснаас биш Монголын ард түмний олонх нь түүнтэй адил бодолтой байгаа, тэр дүгнэлтээ ч сонгуулиар илэрхийлсэн. Тэгэхээр У.Хүрэлсүхийн авирлал ганц Г.Баярсайхан гэдэг хүнд гаргаж буй хандлага биш, харин өөрсдийн сонголтоо хийж, итгэл үнэмшлээ илэрхийлсэн нийт сонгогчдод үзүүлж буй хүчирхийлэл. Чөлөөт сонголтгүй хаалттай нийгэмд ард иргэдийг даргалахын тулд байгуулагдаж, тэр чиг үүргээрээ ерэн жил ажилласан МАН-ын араншин ялагдлын дараа ямар байдлаар илэрч болохыг л У.Хүрэлсүх харуулсан хэрэг. У.Хүрэлсүхийг МАН-ын нүүр царай биш гэж хэн хэлэх юм бэ?! Намынхаа үзэл санааны туг болж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллах хэмжээнд хүртлээ энэ нам дотор төлөвшиж, тогоон дотор нь чанагдаж болсон түүн шиг улстөрчийг үнэндээ МАН-аас ялгаж, салгаж ойлгоно гэдэг бэрхтэй. Өдийг хүртэл улс төрд уг намын улаан хамгаалагчийн дүрээр тоглож ирснээ мартчихаад гэнэтхэн “Би цэргийн хурандаа хүн” гэж хэлээд зогсч байгаа түүнд хэн үнэмших юм бэ?!

Намынхаа залуучуудын байгууллагаас улс төрийн карьерээ эхлүүлж, удирдлагын төвшинд хүртлээ өгссөн У.Хүрэлсүхэд МАН-ыг дагаж төлөвшсөн зан араншин, албан тушаал дагаж суусан ааг бярын аль аль нь мэдээж байгаа. Ямагт эрх баригч, удирдагч явж ирсэн намтайгаа хамт уначихаад байгаа түүнд шар хор ч бий нь мэдээж. Харин тэр бүхнийг хэнд хэзээ ямар утгаар гаргахад улстөрчийн ухаан шаардагдахаас биш цэргийн сургуулийн диплом хэрэг болохгүй. 

МАН-ын талаар шүүмжилсэн, тэрсэлсэн, тэр бүү хэл өөрийн гэх  үзэл бодолтой бүхэн түүхийн үе бүрт “урвагч” болж, буудуулж, хоригдож, нутаг заагдаж, ажил, амьдралаараа шоглуулж байсан. Энэ бол МАН-ын араншин байсан. Өнөөдөр ч бас МАН-ыг дэмжээгүй сонгогчид, үзэл бодол нийлээгүй улстөрчид тэдний “дайсан” болж харагддаг хэвээрээ байгаа бололтой. Г.Баярсайхан болон тэр өдөр МАН-ын талаар санаа бодлоо илэрхийлсэн гишүүд сонгогчдын төлөөлөл, энэ утгаараа чуулганы танхимд үзэл бодлоо илэрхийлэх ч эрхтэй. Тэгэхээр Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёрын тэр өдрийн зодоон жижиг байж болох ч цаадах зөрчил нь харин том юм.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив