Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тамирчны ялалт хямдхан олддоггүй
2012 оны 8 сарын 16 [Уншсан тоо: 40047]
Хүн бичнээс үүссэн гэдэгт эрхгүй эргэлзэм гайхамшгаар дүүрэн олимпийн наадам өндөрлөлөө. Сансрын хөлөг, онгоц, машин, компьютер, техникийн хурд хүчийг биш харин хүн төрөлхтөн өөрийнхөө гайхамшгийн хязгаарыг хэмжиж, шинэ рекорд, амжилтыг нээдэг спортын гайхалтай агшнуудыг бид сэтгэл догдлон үзлээ. Авьяас чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээрийн эцсийг хэмжих энэ өрсөлдөөн дунд монгол хүн хаанахын хэнээс ч юугаараа ч дутахгүй гэдгээ харуулдаг болохоор монголчууд бид бахархал, омогшлоо бадраах гэж тамирчдынхаа амжилтыг тэсэн ядан хүлээдэг. Тэднийхээ ялалт, ялагдалтай нь хамт унаж, босон догдолж, дээлийнх нь захыг мушгин суудаг. Энэхүү чин сэтгэлийнх нь төлөө үзэгчдийн магтаал, муушаалыг ойлгож, уучилж болох ч заримдаа хэрээс хэтэрмээр үгс  сонсогдох юм. Үзэгчдийн маань үнэлэмж арай л биш ээ.

Ялсан ч, ялагдсан ч бай энэ бүхний ард тамирчны хөлс дусч байдаг. Хөдөлмөрлөж, хүчээ шавхаж буй хүнээс л хөлс дусдаг бол хий хоосон хөөрч байгаа нэгнээс шүлс үсрэхээс хэтэрдэггүй.



Лондонгийн олимпод амжилттай оролцсон тамирчдаа магтаж сайшаасан фэнүүд нь хэлэх үгээ олохгүй шүлсээ үсэргэж байхад ялагдсан нэгнийг баалах гэсэн нөхөд тэдэн рүү зүгээр л нулимж байна. Ялалт, ялагдлын ард унагасан тамирчны хөлс, хүч шүлсний дайтай хямдхан биш шүү дээ.

Дэлхийн хамаг л шилдгүүд өрсөлддөг олимпийн хатуу дэвжээн дээр ялалт байгуулна гэдэг амаргүй. Тэнд хурд хүчний төдийгүй сэтгэл зүйн тулаан өрнөж байдаг. Өрсөлдөгчөө болон өөрийгөө ялах тэрхүү тэмцэлдээнд ямар ч аварга мөнхөд ялна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг хүнд үргэлжийн ялалт тохиох боломжгүй, энэ бол магадлалын онол. Үүнийг ядаж ойлгоогүй зарим үзэгчид спортын дэвжээнд ялагдал хүлээсэн тамирчдаа яллах гэхдээ хэл амаа жинхэнэ утгаар билүүдэж байх юм.

Цагаанаа, Гүндэгээг дахиад олимпод явуулах ёсгүй л гэнэ, улсын мөнгөөр бэлтгэл, тэмцээнд явчихаад медаль аваагүй тул өөрсдөөр нь төлүүл л гэнэ. Сэр-Одоор яах гэж туг бариулсан юм бэ, тэрэнд тийм эрх байх ёсгүй л гэнэ. Ийм нөхдийг агуу гэж магтаж байгаа хүмүүс тэдэнтэйгээ таарсан тэнэг л гэнэ. Бурхан аятай бүгдийг шүүж, яллах гэдэг зуршилтай эдгээр үзэгчид өөрсдийн энэхүү дүгнэлтээ ердөө нэг зүйлээр цагаатгаж байх аж. Тэр нь “шударга шүүмжлэл тамирчдад тустай” гэдэг үндэслэл. Мэдээж шүүмжлэл тустай нь үнэн. Гэхдээ шүүмжлэл гэж юуг хэлэх бэ гэдэгт л хамгийн гол учир бий.

Спортын тухайн чиглэлээр тамирчдынхаа нөхцөл байдал, бэрхшээл зовлонг мэддэг мэргэжлийн хүний ул суурьтай судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн шүүмжлэл л энд тустай болохоос биш захын нэг үзэгчийн доош хийсэн сэтгэгдэл, баалж ноолсон үгсээр зам заалгана гэвэл зангууны үлгэр. Гэхдээ манайд аль ч салбарт мэргэжлийн судалгаа шүүмжлэл хөгжөөгүй учраас энэ орон зайг сэтгэгдэлчид дүүргэж буй. Энэ удаад Лондонгийн олимпод оролцсон баг, тамирчдаа бас л сайн, муу сэтгэгдлээр дүүрэн угтаж байна. 

Амар хялбар аргаар амьдрах зам зөндөө бий ч тийм замыг сонгоогүйнх нь төлөө тамирчдыг хүндэтгэх ёстой. Хэдийгээр тамирчны хүнд хүчир замналыг тэд өөрсдөө л сонгосон ч энэ нь ялагдвал ял зэм сонсох хариуцлагыг хэн нэг үзэгчийн өмнө хүлээсэн хэрэг биш юм. Тийм болохоор тамирчдынхаа ялагдал, уналт бүрийг уучлах ёстой. Яагаад ингэв гэдэг шалтгааныг ярихаас урьтаад ял зэм оноодог гэмээ хойш тавих хэрэгтэй.

Монголчууд бид цөөхүүлээ. Хоёр сая гаруйхан хүн амтай ч олимпод оролцсон тамирчдынх нь 20 хувь медаль авна гэдэг чамлахааргүй амжилт юм. Хятадын хэмжээнд зөвхөн хүндийн өргөлтийн шигшээ багуудад харьяалагддаг тамирчдынх нь тоо хоёр сая гэж сонсч байсан. Мөн Монголд тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, цалин хангамж, амьдралын баталгаа ямар билээ. Өндөр хөгжилтэй орнуудын тамирчидтай харьцуулбал ямар тод ялгаа харагдах бол? Тэр хэрээр илүү их хүч, тэвчээр зарж байж тэдгээр орны тамирчдын хэмжээнд бэлтгэгдэнэ гэсэн үг.

 Лондонгийн олимпийн үеэр спортын зургаан төрөлд дэлхийн 31 рекорд шинэчлэгджээ. Хүний оюун ухаан, бие бялдрын гайхамшигт бараг л хязгаар байхгүй мэт. Бичнээс илүүтэй бурханд ойрхноо мэдрэх боломжийг өгдөг спортын энэ агуу, хатуу ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг дуудуулж монгол хүний ид хавыг харуулж яваа тамирчдынхаа ялалт, ялагдал бүрт нь бүгдээрээ талархъя. Гараанаас бариа хүртэл гүйж үзээгүй ч гэлээ бусдын урсгасан хөлс, хүчийг үнэлж хайрлаж суръя гэж монгол үзэгчдэдээ уриалмаар санагдлаа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив