Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Авлига авсан улстөрчид л буруутай
2012 оны 4 сарын 11 [Уншсан тоо: 32116]
Хорин жилийн өмнө нурсан хаалттай нийгэмд дамын наймаа гэгдэж байсан зүйлийг ардчилсан нийгэм хууль ёсны болгон хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн бүтэн нэртэй бүлээн зүстэй баялаг үйлдвэрлэгчид буюу бизнесмэнүүд буй болсон юм. Тэд ашиг орлогын төлөө зах зээл дээр өрсөлдөх явцдаа цоо шинэ бүтээгдэхүүн, цоо шинэ технологи, цоо шинэ менежмэнт, ер нь л цоо шинэ бүхнийг монголчуудад танилцуулж яваа гавьяатай хүмүүс. Нэг үгээр бол тэд ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий өнөөдрийн Монголыг бүтээсэн. Үр дүнд нь монголчууд боломжийн төвшний хэрэглэгчид болсон. Хүн бүр гар утастай, өрх бүр компьютертэй, суудлын тэрэгтэй... Тэдний үйлдвэрлэсэн, импортолсон аль л өнгөтэй өөдтэй гэсэн бүхэн дундаас бид илүү өнгөтэй өөдтэйг нь сонгон хэрэглэж байна. Тэдний төлсөн татвараар данхайсан төрийн механизм цэрэг, цагдаа, шүүх, прокурор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэйгээ цалинжиж, хүүхэд, хөгшдөө халамжилж байна. Ингэхэд тэдний дэргэд улстөрчид гэж хэн юм бэ? Баялаг үйлдвэрлэхгүй атлаа баяжсан улстөрчдийн амьдрах, хөлжих хэрэгсэл нь эрх мэдэл юм байна гэдгийг бид нийтээрээ ойлгоход хангалттай урт хугацаа өнгөрчээ. Хорин жил шүү дээ! Төсөв батлах, хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаа давуу талаа худалдаж ирсэн улстөрчдийн нүг­­лийн төлөөсөнд үндэсний томоо­­хон компаниуд, өнөөх баялаг үйлдвэрлэгчид маань нэг нэгнээ татан унахад бэлэн байгааг сүү­лийн үед өрнөсөн үйл явдлууд харууллаа. 



Ард түмний /иргэд, олон нийтийн/ нийтлэг эрх ашгийг биш хэсэг бүлгийн /зарим компанийн/ ашиг сонирхлыг хадгалсан төрийн шийдвэрүүд ил цагаандаа гарч, нуухын эцэсгүй болчихоод байгаа гэдэгтэй маргах хүн уг нь цөөхөн үлдсэн. Хэн нь түрүүлж дуугарахыг хүлээж байсан болохоос биш Х.Баттулга улс төр хийх, сонгуулийн шоу дэглэх гэсэндээ улстөрчдийн авлигын сэжмийг шүүрч, АТГ-т өгсөн хэрэг биш болов уу. Гэвч түүний мэдээллийн дагуу АТГ-аас богино хугацаанд явуулсан шалгалт, гүйцэтгэх ажиллагаа авлига авах замаар төрийн шийдвэрийг худалдсан эрх мэдлийн хүрээнийхэн рүү биш авлига өгсөн байж магадгүй үндэсний компани руу хүссэн хүсээгүй чиглэсэн юм. Авлига өгснийг нь биш авлига авсан албан тушаалтнуудыг илчлэх нь Х.Баттулгын зорилго байсан болохоос бус “MCS” компанитай тэмцэлдэх атгаг сонирхол үүний цаана байсан гэж би лав бодохгүй байна. Х.Баттулга “MCS”-тэй эн зэрэгцэхүйц үндэсний хэмжээний цөөхөн компаниудын нэгийг үндэслэгч, саяхныг хүртэл түүнийгээ удирдаж байсан, Монголын нэр, нөлөө бүхий бизнесмэнүүдийн нэг мөн нь мөн. Монголын цөөн хэрэглэгч бүхий жижиг зах зээл дээр тэд өрсөлдөгчид мэт харагдавч үйл ажиллагааны хувьд өөр, өөр салбарт хүч сорьдог учраас тэдний ашиг сонирхол шууд мөргөлдөх нь юу л бол. Хэрэв ижил төстэй бизнес эрхэлдэг бол дээрх тэмцэл нь зах зээлээ булаалдах явцуу сонирхол тээж байна гэж хардах үндэстэй л юм. Гэтэл “Женко” компани мах, сүү гээд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол “MCS” үгүй, “Женко” компани банкны салбарт хөрөнгө оруулалттай бол “MCS” тийм биш. Эндээс харахад тэдний зах зээлээ булаалдах бизнесийн өрсөлдөөн ингэтлээ ширүүсэх шалтгаан байхгүй.

Тийм атал яагаад заавал Х.Баттулга тэдэн рүү чиглэсэн зарга үүсгэсэн бэ гэдгийн учир шалтгааныг тэгэхээр улс төрийн нөхцөл байдлаас л хайх хэрэгтэй болж байна. Х.Баттулга сүүлийн дөрвөн жил Засгийн газарт ажилласан, бас УИХ-ын гишүүн. УИХ-ын төвшинд ямар бодлого боловсруулж, ямар баримт бичиг баталсан бэ гэдгийг тэр мэдэж байгаа. Тэдгээрийг Засгийн газар хэрхэн хэрэгжүүлж ирснийг ч мэдэж байгаа. Гүйцэтгэх засаглалын төвшинд ажил ямар шалгуураар яваад байгааг, парламентын боловсруулсан шийдвэрийг яаж гуйвуулаад байгааг баримт, факттайгаар мэдэх бололцоо түүнд байсан гэсэн үг. Ардчилсан намаас хамтарсан Засгийн газарт орж ажилласан бусад сайдуудад ч тийм бололцоо, мэдрэмж байсан боловч тэрийг олон нийтэд дэлгэсэн нь Х.Баттулга юм.

Авлига авсан тал нь араа даах дүрэм, тохироо байдаг байлгүй, Х.Баттулгын энэ удаагийн тэмцэлд хамгийн түрүүн хариу реакц үзүүлсэн субъект бол улстөрчид байлаа. Нэр бүхий улстөрчдийн хэвлэлээр өрнүүлсэн дайралтууд үргэлжилж, Mонголд ганцхан компани муу муухай байж таарахгүй, “Женко” ч бас бузар булай, жижиглэнгийн бизнес гэх утга агуулгатай нийтлэл, нэвтрүүлгүүд долгион тутамд цацагдаж эхэлсэн. Монголын эдийн засгийн бүтэц, өсөлт, чадамж чансааг тодорхойлж ирсэн, монголчуудын хэрэг­лээ­ний төвшинг өнөөдрийн зэрэгт татаж ирсэн үндэсний хэдхэн компаниуд нэг л өдөр муу муухай, бусармаг бурангуйн үүр уурхайн болон харагдаж эхэлдэг байна шүү. Үүнийг хэн хүссэн бэ? Өнөө авлига авдаг улстөрчдийн хийж байгаа ажил гэдгийг харин хаа очиж хэвлэл, мэдээллийнхэн нуусангүй. Тэдний ярьсан, хэлснийг ний­тэлж нэвтрүүлэхдээ “захиалгат” гэдгийг онцлон тодруулж өгөв. Улстөрчид өөрсдөө л уснаас хуурай гарч байвал Монголын эдийн засгийг нуруундаа үүрч, өдий төдий хүнийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлага гэдгийг жинхэнэ утгаар ухамсарлаж яваа баялаг бүтээгчдийн нэр төр хамаагүй аж. Тэр увайгүй мэдэгдэл, мэдээл­лийн ард бизнесийн нэр хүнд хохирох, гадаадын хөрөнгө оруулалт зогсох зэрэг сөрөг үр дагаврууд улстөрчдөд сонин биш юм байна. Өөрсдийг нь тэжээдэг татвар, төсөв ч чухал биш хэрэг. 

Үндэсний хэмжээний то­моо­­хон компани, тэдгээрээсээ анхдагч болж, олон улсын хөрөнгийн зах зээл үнэлэгдсэн “MCS”-ийг авлига өгсөн гэж үзвэл үүнийх нь төлөө тэднийг шууд буруутгах нь бас учир дутагдалтай. Эцсийн эцэст хорин жилийн хөдөлмөр зүтгэл, бор зүрхээрээ өөрөө өөрсдийгөө босгож ирсэн “Бодь”, “MCS”, “Таванбогд”, “Женко” гэх үндэсний хэмжээний цөөн хэдэн компанийг өнөөдрийн зэрэгт хүрэхэд нь төрийн оролцоо юу л байсан бол доо?! Хууль журам, татварын дарамт, төрийн албаны хүнд суртал, зохицуулалт нэрээр хийдэг төрийн оролцоо гээд улстөрийн хүрээнээс үүдэлтэй саад, дарамтуудыг давж, тэсч үлдэхдээ тэд сайн, муу аргын аль алийг хэрэглэж ирсэн нь нуухын аргагүй үнэн. Тэдгээр аргын нэг нь яах аргагүй авлига. Эхэндээ төрийн зүгээс үзүүлдэг хөшүүн хойрго үйлчилгээг хөдөлгөөнд оруулах, хүнд суртлыг нугалах механизм болгон ашиглаж байсан авлига нь эцэс сүүлдээ улстөрчдийг худалдан авах, улмаар төрийн шийдвэрийг өөрсдөдөө ашигтай байдлаар гаргуулах арга зам болтлоо нарийсч, өнөөдөр үр дагавар нь хэтийдэх тийшээгээ хандчихлаа. Улс төр рүү орохгүй бол бизнес нь урагшилдаггүй, улстөрийн аль нэг бүлэглэл, нам хүчинтэй эрх ашгаараа /санхүүгээрээ/ нэгдэхгүй бол зах зээл дээрээс зүй бусаар шахуулдаг зэрэг шалтгаанаас үүдээд бизнесийнхэн улстөртэй сүжрэхээс аргагүй байдалд орсон шүү дээ. Тэгэхээр бизнесийнхнийг ийм байдалд оруулсан гол хүчин зүйл нь улстөр, буруутан нь улстөрчид. Бизнесийн бүлэглэл, компанийг саах замаар хөрөнгө босгодог, эргээд үүнийхээ хариуд мэдээллийн давуу байдлыг олгодог. Ийм давуу байдал олсон компани, бүлэглэлтэй нөгөө­дүүл нь шударгаар, зах зээлийн зарчмаар өрсөлдөх аргагүй тул бүгд адилхан үзэлцэхээс өөрөөр яах юм бэ? Улстөрийн нөгөө бүлэглэлийг нь тэтгэх замаар давуу байдалд хүрэхийг бүгд чармайсан, хоорондоо өрсөлдсөн. Эцэст нь, улс төр бизнесийн бүлэглэл, өнөө муу нэртэй олигархиуд үүссэн. Төрийн хууль, шийдвэр ард түмний эрх ашгийг гэхээс илүү хэсэг бүлэглэлийн ашиг сонирхлыг тээх болсны үр дагаварт эцсийн хохирогч нь ядарсан ард түмэн болж байна.

Ард түмэн гэж ярих дуртай улстөрчид өө! Та нар одоо л жинхэнэ утгаар нь ард түмнээ бодох цаг болсон юм биш үү?! Мэдээлэл, эрх мэдэлд ойр байгаагаа ашиг­­лан биз­несийнхнээс авлига авч тэжээгддэг ужиг шуна­лаа татан өөрсдөдөө ёс сур­та­­хууны хэмжүүр тавьж, өөрөө өөрсдийнхөө үйл хэ­р­гийг цэнэхгүй бол та нарыг хөнд­­лөнгөөс хэн ч хөдөлгөж, өөр­чилж чадахгүй юм байна. Авлига авсан албан тушаалт­нууд өөрсдөдөө улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээ­гээд өндөр сэнтийгээсээ буухын оронд өрөөл бусдыг өштөн дайснууд болгон харагдуулж, үүгээрээ нийгмийг хоёр хэсэгт талцуулахаас эмээхгүй юм байна. Улс орны эдийн засаг, иргэдийн амар тайван байдал, эв нэгдэл ч та бүхэнд эцсийн эцэст хамаагүй, уснаас зөвхөн өөрсдөө л хуурай гарахыг хүсдэг юм байна гэдгийг ойл­го­лоо. Улстөрчдийн авлига, хахууль, шударга бус байдлыг илчлэх оролдлогууд үр дүнд хүрэхгүй, үүний хөлд нь үндэсний хөрөнгөтнүүд, үйлд­вэр­лэгчид л хохирох юм байна гэдгийг мэдэрлээ. Харин энэ удаад Авлигатай тэмцэх газраас үүсгэсэн эрүүгийн хэргийг хаах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргасан нь “MCS”-ийн араас ээлж дараа­лаад үндэсний компаниуд нурж унах, эдийн засгийг хөлдөө чирэх аюулыг хаасан хэрэг болох шиг боллоо.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив