Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цахим ертөнц дэх Ц.Нямдорж
2012 оны 4 сарын 6 [Уншсан тоо: 35672]
“За, ТМС-ийн найзууд аа, good morning!” Ц.Нямдорж сайд ердөө урьд орой нь телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ анх гаргаж ирсэн хэлц үгээр өглөө нь твиттерчид хоорондоо мэндчилж эхэллээ. Ялангуяа “хуулийн ТМС” төгссөн, жижиг биетэй, адайр зантайгаараа төрийн сайдад цоллуулсан нөхөр хамгийн түрүүнд үүнийг өлгөж авсан нь тодорхой.

“Жижиг гарын наймаачин” байх муухай юм уу?! гэж жиргээчид нэг нэгнээсээ бас асуужээ. “Улстөрчийн хувьд огт сонирхолгүй субъект”-тэйгээ нэн сонирхолтой шинжтэй маргалдаж буй төрийн сайд ард түмнийг боловсрол мэдлэг, ажил мэргэжлээр нь айхавтар ангилан үздэг юм санж л дээ. Түүнийхээр ТМС төгсөх нь ичгэвтэр, жижиглэнгийн наймаа эрхлэх нь ч дорд явдал аж. Гэхдээ ийм үзэл бодол, үнэлэмжтэйнх нь төлөө түүнийг бас ялгаварлаад эхэлбэл түүнээс ч дор харагдах болно гэдгийг мэдэж байна.



Өмнөх нийгэмд ТМС-д суралцах гэдэг нийтийн галт тэрэгний тасалбар авахтай адил тун тааруу сонголт, харин дээд сургууль, тэр тусмаа Ленинградад дээд сургуулийн хуваарь авна одоогийнхоор онгоцны бизнес классын тийз авахтай адил чухал зүйл байсан л байх. Мөн цалингаас гадуур орлого хөөцөлдөгчийг “муу дамын наймаачин” гэж нүд үзүүрлэдэг байсан сэтгэлгээгээр хүмүүжсэн хүнд Нарантуулын худалдаачин шударга бус санагддаг л биз. Үүнийг нь уучилж болохоор барахгүй уучилж байна аа, хүмүүс. Тухайлбал, “Бүхий л талаар муу хүнийг та энэ хорвоогоос хайгаад олохгүй, Нямдорж гуайд ч бас сайн чанар зөндөө л байгаа гэж хөөрхийг сэтгэлдээ цагаатгав” гэж нэгэн твиттерч бичжээ.

Өчигдөр твиттерээр жиргэгчдийн үзэл бодлыг уралдуулсан нэг сэдэв нь “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж” байлаа. Түүний телевизэд өгсөн ярилцлагын талаар хэн юу гэж бодож, харж байгаагаа илэрхийлцгээсэн хэрэг. Сайд юун төлөө захиалга өгч үзэл бодлоо уламжилсан билээ? Чухам хэн нэгэнд хэлэх гэсэн хатуу үгээ дайхаас гадна бусадтай санаа бодлоо хуваалцахын тулд чингэсэн нь лавтай. Тийм ч учраас түүний талаарх твиттерчдийн сэтгэгдлээс энд хуваалцахад эмзэглэхгүй зүйлгүй болов уу.

“Хуулийн ТМС” төгссөн гэдэг үнэлгээг “албан ёсоор” хүртсэн УИХ-ын гишүүн З.Энхболд “1996 онд миний төгссөн МУИС Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийнхоор бол ТМС юм байна л даа, манай сургуулийнхан мэдээд аваарай” гэсэн байна. Мөн Мэргэн нэрт “Чимэд гэдэг хуульч чинь ТМС-ийн багш байсан юм уу” гэжээ. Өдгөө мартагдсан, зарим нь тэр үед ч анзаараагүй явдлыг Зандан сануулж, “Нэлээн хэдэн жилийн өмнө академич С.Нарангэрэл багш Нямдоржийг бакалтай бакалавр гэж хэлж байсан. Хариуд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг ТМС гэж доромжлов” гэжээ.

З.Энхболдод хандаж, твиттерч U “Танд Нямкагаас ая дууны мэндчилгээ ирсэн байна. Дуучин Сарантуяагийн “кэн юм бэ кэн юм бэ чи” гэдэг дуу байна хүлээн авна уу хэхэ” гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын ярилцлагынхаа үеэр хэлсэн хамгийн хатуу үг болох “Намайг хаах ганцхан л арга бий. Миний аминд халд, чадал чинь хүрвэл. Өөрөөр та нар хааж чадахгүй гэж би хэлж байгаа” гэдэг “мэдэгдлээс” твиттерчид ер нь халгасан шинжтэй байлаа. Илүү, дутуу тайлбар, сэтгэгдэлгүйгээр “Чаддаг юм бол миний аминд халд” гэсэн өгүүлбэрийг шидсэн твиттерчид гэхдээ байна аа. Халдлагад дуудсан гэмээр дээрх хэртхийм мэдэгдлийг тойруулан Ё.Отгонбаярт хандаж, “Сайд аа, Нямка сайдыг боль гээд загнаж болдоггүй юм уу? Арай биш ээ, та хэлээч түүнд!” гэсэн байна. Ё.Отгонбаяр хариуд нь “Надад тийм юм сонирхох цаг алга” гэсэн төдийгүй дараагийн жиргээчид “Засгийн газар хуралдаж байна. Ээлжит хуралдаантай байдаг өдөр ш дээ” гэжээ.

Ц.Нямдорж улстөрчийнхөө хувьд өөрийн хатуу бодолтой байж болох ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд арай л хөнгөдөм зүйл хэлсний нэг нь “Би хэнийг ч шүүхэд өгөхгүй. Энэ бол миний ёс зүй” гэх философи. Уг нь аливаа маргаантай асуудлыг шүүхийн журмаар хуулийн хүрээнд татан оруулж байж шийдэх нь хууль цаазат нийгэмд жинхэнэ шударга зарчим биш гэж үү. Тэгээд хувийн журмаар өс хонзон тооцдог, тайлдаг байх хэрэг үү?

Ц.Нямдоржид хаягласан шүүмжлэлээс зөвлөгөө нь илүү олон байлаа.

-“Хэн нэгэн таныг ямар нэгэн зүйлд буруутгаж байгаа бол түүний хариуд хараал зүхлээр хариулах шаардлагагүй #Dalai lam”.

-“Хэрэв хэн нэгэн таныг буруутгахад би, би гэж өөрийгөө өмөөрөн хараал ерөөл тавин бусад руу үсчих нь өөртөө дурламтгай хүний тод илрэл гэнэ ээ”.

-“Надаас өөр хууль мэдэх хүн байхгүй. Бага насны хүүхэд надаас илүү зодолдох хүүхэд манай ангид байхгүй гэдэг шиг...”

-“Өрсөлдөгч, дайсан хоёр нь хэзээ ч гарч ирэхэд бэлнээр нуугдаж байдаг байх. Өөртөө дурласан хүнд өрсөлдөгч байдаггүй”. “Үүнийг narcissus үзэл гэдэг юм шиг байна лээ. Олон зураачид энэ нэрээр зураг зурсан байдаг” гэсэн шүүмжлэлүүд байна.

Мөн шүүмжлэхээс гадна түүнийг ойлгох гэсэн оролдлогууд ч нэг бус таарч байна. Тухайлбал, Ц.Оюундарь “Нямдорж гуай уг нь бүгдийг нь будаа болгоод өгье гэж бодсон шиг байгаа юм. Оронд нь харин вакумд орж нийгмээс тасарсан хүний бодит байдлыг илчиллээ” гэсэн байна.

Төрийн эрхийг олон жил барьсан МАН-д шууд хаягласан үгс ч сонсогдоно. “Танай намын ноймор нэг хуульч?” гэдэг өгүүлбэрийг Ц.Нямдоржод итгэл, хариуцлага хүлээлгэж ирсэн МАН-д хаягласан асуулт гэхээс өөрөөр унших аргагүй байх. Түүний хэлсэн үг, хийсэн мэдэгдэл бүрийг МАН-ын байр суурь, итгэл үнэмшил гэж тусган авах хүмүүс байна гэдгийг энэ бүхэн илэрхийлж буй биз ээ.

Энэ бүх сэтгэгдэл, байр суурь дунд асуудалд төвч хандсан жиргээчид байгааг ч дурдах ёстой. Тухайлбал, “Жиргээчид ээ, та нар авах гээхийн үлгэрээр л яваарай даа. Улстөрчидтэй хүзүү сээрээ холбоод гүйгээд байгаа шүү. Сонгуулиар заваараад байвал unfollow хийнэ шүү” гэж нэгэн адарсан байх аж.

Хүмүүс үзэл бодлоо солилцох, хуваалцах, бас тэмцэлдэх орон зайг тэлж, энэ үйл явцын хурдыг төсөөлшгүй нэмж буй цахим ертөнцөд Ц.Нямдорж өчигдрийн хувьд гол дүр байлаа. Хэн нэгний урьд орой нь хэлсэн үгийг маргааш өглөө гэхэд “хит” болгож дөнгөдөг хурд, хүчний гайхамшгийг Ц.Нямдоржийг тойрсон жиргээ энэ удаад тов тодорхой харууллаа даа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив