Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Би кноп дарах дуртай
2012 оны 4 сарын 3 [Уншсан тоо: 33670]
Оюутолгойн уурхайн монгол ажилчдаас нэлэн хэдэн хүн ердөө кноп дарсан шалтгаанаар ажлаас халагдсан тохиолдол хэдэн жилийн өмнө гарсан гэдэг. Мэдээж, халах тушаал дээр “кноп дарсны учир” гэж бичээгүй л байх. Аюулгүй ажиллагааны журам заавар ноцтой зөрчсөн гэдэг ч юм уу, нэлээн ул үндэстэй, хуулийн хэллэгтэй тушаалууд байсан байж таарна. Хөрөнгө оруулалтын гэрээ хурцаар яригдаж байгаа энэ үед “Монголчуудыг маань ердөө нэг муу кноп дарсны төлөө ажилаас халдаг юу вэ” энэ тэр гээд улстөржүүлээд явчихав аа.

Кноп дарсан шалтгаанаар хэд хэдэн хүн ажлаас халж байж кноп дарах явдлыг арай багасгасан яриаг сонсоод тэр үед миний инээд өөрийн эрхгүй хүрч байлаа. Эхлээд нэгийг дарж үзнэ, тэгээд юу ч мэдэгдэхгүй байвал дараагийнхийг нь дарна. Дүлий дүмбэ оргиод байвал зэрэг дарна. Тэгээд юу болохыг хүлээгээд ангайгаад зогсч байгаа өөрийгөө нүдэндээ төсөөлөв. Дэлбэрвэл яана, гэхдээ айх ч  үгүй, дэлбэрсэн ч яадгийн гэж боддог юм болов уу!? Хүү маань цахилгаан шатны хаалга нээгдмэгц хөл доогуур чихэж ороод хаалга нээх, хаахаас эхлээд болдогсон бол бүх товчлуурыг нь дарах хүсэлтэй. Нэлээн хэдэн хүн лифтэнд сууж таарвал түүнд бүр гоё. Цифр сайн танихгүй ч “хэд дээр дарах уу” гэж хүн болгоноос асууж өмнөөс нь хуруугаа хөдөлгөхийг чармайна. Тийм ээ, би кноп дарах дуртай. Дуртай нь ч юу юм бэ, харагдвал дарж үзмээр санагдаад байдаг юм. Аливаа техник хэрэгсэлтэй харьцахдаа юун түрүүн товчлуурыг нь олоод утга учиргүйгээр дарж үзэх дуртай монголчуудын занг Оюутолгой илчилсэн хэрэг.

Багадаа радио, транзистор, магнитофон... өөр юуны ч байдаг юм кнопыг утга зорилгогүйгээр дарж үзээгүй монгол хүн ховор байх. Одоо ч шинэ машин техник, хэрэгслийнхээ  товчлууруудыг эхлээд дарж үзэж байж л ямар үүрэгтэйг нь мэддэг биз дээ? Бүр ямбийгаад цаашаа чихэгдээд ортол нь дарна гээч. Хуучин зөвлөлтөд үйлдвэрлэсэн зүйлс тэр аяыг нь даахдаа үнэхээр сайн байсан байх.
 


Хүйтэн дайн, үзэл суртлын хуваагдлын үед атомын бөмбөг гэдэг зүйлээр биднийг айлгадаг байлаа. Энэ “үлгэр”-т нэг кнопны тухай гардаг байсан. Ганцхан кноп дарвал тэгээд л гүйцээ...Тэр кноп нь хэнд байдаг юм бэ гэж хүүхэд болохоор асууна. Кноп гэдэг ид шидийн зүйл ч юм шиг. Үнэндээ бол ид шид ч гэж ойлгож болно. Хориннэгдүгээр зуунд хот, хөдөөгийн ялгаа арилна гэж ярьдаг багш маань хориннэгдүгээр зуун кибернитикийн зуун гэж бас ярих дуртай байлаа. Кибернитек гэдэг яг юуг хэлдгийг нь мэдэхгүй ч их гоё, ганган нэр, сонсголонтой... Банхар нохойдоо тийм нэр өгчихмөөр санагдана. Энэ нь залуур зүй гэж монголоор буудаг, багшаар хэлүүлж биш өөрөө зөнгөөрөө олж мэдсэнээр бол бүдүүн барагхан тоймчилбол нөгөө кнопны ид шидийг хэлдэг ухаан байсан санагдана.

Дуу гаргадаг, үсэрдэг, дэвхэрдэг эд, зүйлийн кноп бол ойлгомжтой. Харин үйлдвэрийн том байшингийн ханан дээр энд тэнд таарах өнгө өнгийн ганц нэг кнопыг дарчихвал хаана юунд хүрч нөлөөлөхийг хараад мэдчих аргагүй. Хялбар мэдэх аргагүй тусам нь дарж үзэхээс өөр замгүй мэт санагдахаар л юм билээ. Оюутолгойн гүний уурхайд явж байхад яг ийм сэтгэгдэл төрж байсан. Тэр үед хүн ажлаас халагдсан яриаг сонсоогүй байсан нь яамай. Гэрлийн шил амандаа хийчихээр буцаад гардаггүй гэхээр тэр тусам нь хийж үзмээр санагддаг юм гэнэ лээ. Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм гэдэг амандаа чийдэн хийж тоглохоос ч нарийн зүйл байх л даа. Аливаа дүрэм, журам гэдэг аюулгүй байдлын баталгаа гэдгийг бид яс махандаа шингэтэл ойлгоогүй хүмүүс. Заавал зөрчиж байж, горыг нь амссан хойноо л ойлгоно. Тэгээд ёстой яс махаараа ойлголоо гэж хэлцэнэ. Тун өндөр өртгөөр ухамсарлаж буй хэрэг л дээ. “Сүх далайтал үхэр амар”  гэж монголчууд хэлдэг. Тун ухаантай онож хэлсэн үг шүү. Дүрэм журам, ёс заавар зөрчих хамаагүй. Тэглээ гээд юу ч болоо билээ, дээрээс тэнгэр хөмрөв л гэж... Дандаа азтай байдаг улс юм бид. Ерээд оны дундуур Монголд ирээд буцсан нэгэн гадаад Хандгайтын цанын баазад очиж үзээд “Монголчууд азтайдаа л амьд явдаг улс юм байна” гэж хэлсэн нь өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэн байж билээ.

Үйлдвэрийн кноп бүхэн утга зорилготой байлгүй. Түүнийг хэрэгтэй үед нь дарах ёстой. Энэ дүрэм зөрчигдвөл аюулгүй байдалд заналхийлнэ гэдгийг л ойлгуулахын тулд Оюутолгойд тийм арга хэмжээ авсан хэрэг. Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч “Рио Тинто” үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам ягштал мөрддөгөөр алдартай гэнэ. Тус компанийн эзэмшдэг АНУ-ын Юта мужид байх Кеннекотын зэсийн уурхайг  /дэлхийн хамгийн том зэсийн ил уурхай, зуу гаруй жил ашиглаж байгаа/ эзэмшдэг. Тус уурхайн үйл ажиллагаатай Монголын хэсэг сэтгүүлчид хэдэн жилийн өмнө очиж танилцаж байсан юм. “Рио Тинто” компанийнхан дүрэм хэрхэн мөрддөгөө, өөрөөр хэлбэл, таарсанн товчлуураа хүссэн үедээ дарж болдоггүй гэдгийг бидэнд жигтэйхэн сайн ойлгуулсан. Автобус, машинд суух бүрт аюулгүйн бүсийг заавал хэрэглэхийг шаардана. Манайхны ярьдгаар “хонины хонхор” нь хүртэл бүстэй. Шалан дээр суумагч эрүү, өвдөг нийлчих атал “бүсээ зүү” гэж шахна. Гартаа цаасан аягатай кофе, бургер бариастай “хонины хонхорт”, тэгээд бүсээр баглуулчихаад явах сонин санагдсан.
Энэ мэт хэм хэмжээг л Монголд тогтоохын тулд юуны өмнө шаардлагагүй үед товчлуур дарж саваагүйтдэг араншинг маань захиргааны аргаар дарж авсан бололтой юм. Тэгэхээр энд хэрүүлийн алим болсон Хөрөнгө оруулалтын гэрээ ямар ч хамаагүй зүйл.

Кноп дардгаас болоод асуудалд орсон нь зөвхөн уурхайн ажилчид ч биш УИХ-ын гишүүд гэж нөхдүүд байна. Хууль батлах онцгой эрхийг нэгнийхээ өмнөөс ердөө кнопоор дамжуулан булааж авдаг гээд өнгөрсөн хаваржин хэвлэлээр шүүмжлүүлсэн дээ. Цаад учир холбогдол нь сонин биш, хурууны өндгөөр товчлуур дарах шиг хялбархан бөгөөд ахуйд ойрхон үйлдэл гэж хаа байх билээ? Уг нь товчлуур дарахаасаа өмнө бодох л хэрэгтэй юм билээ. Ажлаас халагдвал яана? Бас л айхгүй юу ай хө?
   

 2011.10.04
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив