Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
”Ардчиллын үнэт зүйл байгаа ч ардчилсан засаг алга”
2012 оны 3 сарын 28 [Уншсан тоо: 34384]
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Өнөөдөр нийгмийн анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл долдугаар сарын 1-нийг тойр­сон маргаан болоод байна. Үйл явдал болох тэр үед МАХН эрх баригч, Ардчилсан нам сөрөг хүчин байсан. Сонгуулийн дараа дахиад МАХН эрх баригч, Ардчилсан нам сөрөг хүчин болоод гараад ирсэн. Энэ утгаараа бол тэр жагсаал, үймээнийг Ард­чилсан нам турхирсан, зохион байгуулсан мэт харагд­даг. Ингэж ойлгуулах сонирхол одоо ч зарим талд байна шүү дээ?

-Долдугаар сарын 1 бол Монголын түүхэнд хамгийн эмгэнэлт үйл явдал болон үлдсэн өдөр. Тэр өдрийн үйл явдал юунаас эхлэлтэй байсныг сонгууль дөхөж байгаа энэ үед ярих зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл үүссэн асуудалд хэн ч хариуцлага хүлээгээгүйн зэрэгцээ дахиад ч ийм асуудал, нөхцөл байдал үүсэх вий дээ гэсэн үүднээс ярих ч ёстой. Тийм нөхцөл байдал дахиад үүсэхийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй байна. Ардчилсан нам долдугаар сарын 1-ний үйл явдалд сонгуулиас өмнө холбогдох хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Тэр өдрийн үйл явдал сонгуулийн үр дүнд бухимдсан иргэдийн өөрсдийнх нь үйлдэл байсан гэж нэг хэсэг нь үздэг. Нөгөө хэсэг нь турхиралт байсан гэж ярьдаг. Хэн нэгний турхиралтаар тийм олон зуун хүн нэг дор цуглачихаад цусаа урсган тэмцэлдэж байсан асуудал хэзээ ч байгаагүй. Энэ бол тун үнэмшилгүй зүйл.

-МАН-ын зүгээс ч, Н.Энхбаярын зүгээс ч тэр үйл явдлыг нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалт­тайгаар хийсэн үйлдэл гэж мэдэгдэл хийгээд байгаа..?


-Тэгэхээр зохион байгуулалттай гэхээс илүү сонгуулийн дүн бу длиантай гарсан гэдэг иргэдийн бухимдал байсан гэж бид хатуу ойлгодог. Хоёрдугаарт, яах аргагүй таван хүний амь нас хохирсон явдал. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Яагаад онц байдал зарласан үед хүмүүсийн амь нас хохирсон бэ. Энгийнээр аваад үзэхэд жагсаал цуглааны үеэр иргэд, цагдаа нарын хооронд зөрчил үүсээд тэр хооронд хүний амь нас хохирсон бол нэг өөр. Гэтэл тийм үед нь хүний амь нас хохироогүй мөртлөө яагаад онц байдал зарласан үед хүний амь үрэгдэж, хүн буудуулав аа гэдэг яах аргагүй хариуцлага тооцох нөхцөл байдал. Энэ хоёр асуудал тусдаа гэдэг Ардчилсан намын байр суурь өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн. Мөн жагсаал цуглаан юунаас үүдэлтэй вэ гэдэг бас нэг өөр зүйл. МАН-ын нөхдүүд өнөөдөр сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байхад жагсаал цуглаан зохион байгуулсан мэтээр ярьж байгаа. 2008 оны зургадугаар сарын 30-ны орой тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр “Хамгийн сүүлчийн байдлаар ирсэн, нэгтгэгдсэн мэдээллээр бол МАХН олонхи болж магадгүй байна” гэж хэвлэлийн хурал зарлаж мэдэгдсэн. Мөн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр “Манай нам орон нутагт 38 суудал аваад байна” гэж ярьсан байдаг. Сонгуулийн дүнг хэн эхлээд зарласан нь эндээс шууд харагддаг.



-Ардчилсан нам тэр үед ямар байр суурьтай байсныг тодруулахгүй юу. Өнөөдөр хүмүүсийн санаж байгаа зүйл гэвэл тэр үйл явдлын дараа Ардчилсан нам Засгийн газарт орсон гэдэг баримт л байгаад байна шүү дээ?


-Юунаас болоод иргэдийн бухимдал үүсч, жагсаал цуглаандаа хүрсэн бэ гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, үүний үр дагавар үймээний уршгаар таван хүний амь нас хохирсон хэрэг. Яагаад ийм зүйл болов, буруутай этгээд нь хэн байсан юм бэ? Энэ явдалд хүрэхгүй байж болох улс төрийн алхам юу байв? Энэ явдлыг буй болгоход Засгийн газрын алдаа ямар байдлаар оршиж байсан юм бэ гэдэгт тухайн үед Ардчилсан нам өөрийнхөө дүгнэлтийг өгч, байр сууриа илэрхийлж байсан. Тэр үед Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга, Д.Дорлигжав ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Ардчилсан намын даргын зүгээс энэ үйл явдлыг даамжруулахгүй, иргэдийн бухимдлыг гааруулахгүй байхад анхаарч, энэ асуудлаар Ерөнхийлөгч дээр улс төрийн намуудын дарга нар уулзалт хийхийг уриалж байсан. Яаж энэ асуудлыг намжаах вэ, яаж зөв явах вэ гэдэг санаачилгыг Ардчилсан нам түрүүлж тавьж, түрүүлж мэдэгдлээ хийсэн байдаг. Гэтэл Ардын нам ямар ч үйл явдал зохион байгуулаагүй, дагасан, урсгалаар нь явуулсан шинж ажиглагддаг. Тэр байтугай байшиндаа харамсч байснаас биш таван хүний амь хохирсонд гашуудаж байгаагүй. Харин Ардчилсан нам бол хүний сонгох сонгогдох эрх ноцтой зөрчигдсөн, хүний амь хохирсонд хариуцлага хүлээх ёстой гэдэг дуу хоолойгоо хамгийн түрүүнд хүргэсэн. Ардчилсан намын тэр үеийн удирдлагуудын хийсэн мэдэгдэл, Цагдаагийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, мөн Засгийн газарт өгсөн шаардлага ч байдаг. СЕХ-ны будлиантай үйл ажиллагаа, сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах ёстой Засгийн газрын алдаа, улс төрийн албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг сөхсөн мэдэгдэл, шаардлагад эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ямар ч хариу өгөөгүй. Хариуцлага хүлээх ёстой этгээдүүд юу ч болоогүй юм шиг зүв зүгээр өнгөрсөн. Харин ч бүр эсрэгээрээ хариуцлага хүлээх биш албан тушаал ахих ч юм уу, шагнуулах хэлбэрээр асуудал явсан. Ямар ч хариуцлага хүлээх чадваргүй СЕХ, Засгийн газар байсан гэдгийг харуулсан шүү дээ. 

-Тухайн үед хариуцлага хүлээх чадваргүй Засгийн газар бууж, оронд нь байгуулагдсан Засгийн газарт Ардчилсан нам багтсан. Хүний амь үрэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, хариуцлага тооцох асуудал үүнийг дагаад бүдгэрсэн юм биш үү. Хэрэв Ардчилсан нам ийн алхам хийгээгүй бол долдугаар сарын 1-ний асуудал арай эрт шийдвэрлэгдэх байсан биш гэж үү?

-Шууд ийм дүгнэлт хийж болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл, МАХН сонгуулийн үр дүнгээр олонхи болсон гэдгээ нэгэнт шийдчихсэн байсан. Энэ нөхдүүд олонхиороо түрээ бариад явах байсан. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ороогүй бол энэ дөрвөн жил улс орны тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт өнөөдрийнхөөс илүү байх байсан гэдэгт итгэхгүй байна. Илүү хохирол амсах байсан болов уу гэх төсөөлөл байдаг. Гэхдээ нэг алдаа байсан. Энэ нь юу вэ гэхээр хамтарсан Засгийн газрын үед Ардчилсан намын шийдүүлж чадаагүй зүйл гэвэл долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэрэг дээр албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадаагүй. Хамтарсан Засгийн газарт ажиллах хугацаанд шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар ахиц гарсангүй гэдэг дүгнэлтийг хийж, хамтарсан Засгийн газраас бид гарсан. Ирэх сонгуулийн өмнө энэ асуудлыг нэг тийш шийдэж чадахгүй бол 2012 оны сонгуулийн дараа үүнээс ч илүү хор уршиг учирч болзошгүй гэдэгт анхаарах естой.  Энэ удаад Ерөнхийлөгчийн гаргаж тавьсан байр суурь, цагдаа, шүүхтэй холбоотой асуудал дээр Ардчилсан нам нэг байр суурьтай байна.

-Долдугаар сарын 1-ний хэргийг та хоёр хувааж байна. Жагсаал цуглаан, зүй ёсны эрхээ хамгаалсан асуудал нэг тусдаа. Хүний амь хохирсон нь бас тусдаа гэж. Хүний амь хохирсон гэмт хэргийн хариуцлага цагдаа нар дээр яригдаж, шүүхээр асуудал нь шийдэгдэх байх. Харин бүхэлдээ энэ юунаас үүдсэн гэдэгт улс төрийн дүгнэлт гаргах ёстой болов уу. Улс төрийн дүгнэлт өгөх дээр аль ч нам юу ч хийсэнгүй. Ялангуяа тэр үеийн эрх баригч хүчин..?


-Тэр үйл явдлыг зөвөөр зохицуулах боломж, цаг хугацаанд эрх мэдэлтнүүд юу ч хийгээгүй. Төрийн зүтгэлтний шинж чанар хэнд ч байгаагүй. Төрийн зүтгэлтэн байх нэг өөр, төрийн эрхэнд байна гэдэг нэг өөр шүү дээ. Тэр үед эрх мэдэлтнүүд л байсан, эрх мэдлээ хамгаалахыг хүссэн хүмүүс л байсан. Өөрсдийгөө хамгаалуулах эрх ашиг л байснаас биш төрийн зүтгэлтэн шиг улс олны өмнө гараад үгээ хэлчих эр зоригтой төрийн зүтгэлтэн байгаагүйгээс л энэ бүхэн үүдсэн. Тэр төрд байсан, төрийн зүтгэлтэн шиг байгаагүй хүмүүст улс төрийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл жагсаал цуглааныг буй болгох эх үүсвэрийг тавьсан тэр хүмүүс зайлшгүй хариуцлага хүлээх шаардлагатай. Цагдаагийн тухайд хоёр дахь асуудал нь. Юунаас үүдэж тийм явдал гарсан гэхээр тэр арчаагүй хүмүүс өөрсдийгөө хамгаалуулах үед үүссэн цагдаа, иргэн хоёрын зөрчлийн улмаас тийм гэмт хэрэг болсон. Ийм зүйлд хүрэхгүй байх, цагдаа нарыг ард түмний эсрэг тавихгүй байх боломж тухайн үед цаг хугацааны хувьд байсан шүү дээ. Үүнийг хийхийг хэн ч хүсээгүй. Тэд зүгээр бэртэгчингүүд байсан. Тэд зөвхөн өөрсдийгөө хамгаалуулахыг л хүссэн болохоос биш ард иргэд юу шаардаж байгааг сонсохыг хүсээгүй. Улс төрийн дүгнэлт хийхэд уг нь их амархан. Ардчилсан нам тухайн үед сөрөг хүчин байсан. Бид ардчиллын үнэт зүйл алдагдсанд харамслаа илэрхийлж, ард түмнээсээ уучлал гуйсан. Тэгэхэд Ардын нам амиа аргацаах, хамгаалж үлдэхийн тулд цагдааг ашигласан. Одоо ч Ардын намыг шууд утгаар шүүмжилнэ. 2008 оны долдугаар сарын 1-нд Ардын нам нэг удаа цагдааг ард түмний эсрэг ашигласан. Өнөөдрийн өнцгөөс харахад мөн цагдааг ард түмний эсрэг турхирч байна. Цагдаагийн удирдлагуудыг таван хүний амь нас эрсэдсэн асуудлаар шүүх ажиллагаа явуулж байхад “энгийн цагдаа нарыг шүүж байна, хэлмэгдүүлж байна” гэдэг мэдээллийг тарааж байгаа нь эцсийн эцэст Ардчилсан намын эсрэг биш ард түмний эсрэг турхирч байгаагийн хэлбэр гэж би ойлгож байгаа. Энэ бол байж болшгүй зүйл. Одоо өнөөдөр юу үүсэх гээд байна гэхээр нэг хэсэгт нь цагдаа нар, нөгөө хэсэгт нь ард түмэн. Яг өнөөдрийн өнцөг дээрээс харахад цагдаагийн удирдлагыг хамгаалж, өмгөөлөөд байгаа, янз бүрийн юм бичүүлээд байгаа нь Ардын намынхан өөрсдөө. Хэвлэл мэдээллийнх нь агуулга, захиалагдаж байгаа эх үүсвэрийг харахад тийм байна.

-Та Ардын намыг гүтгэж байгаа юм биш биз?

-Би гүтгээгүй. Гүтгээгүй гэдгийг сүүлийн үед хэвлэлээр явсан цагаан дээр хараар бичсэн зүйлүүд нотолно. Ардын намын байр суурь хаана байгаа нь ойлгомжтой харагдаж байна шүү дээ. Цагдаагийн байгууллага гэдэг чинь Засгийн газрын агентлаг. Засгийн газар үүнд санаа зовохгүй явж байхад Ерөнхийлөгч санаа зовно гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Засгийн газар яагаад санаа зовохгүй байгаа юм бэ? Тэгсэн хэрнээ яагаад цагдаагийн байгууллагын удирдлагуудыг хамгаалсан зүйл хэвлэлээр явуулаад байгаа юм бэ. Энэ байж болох зүйл мөн үү?! Энгийн цагдаад ямар ч буруу байхгүй. Цагдаа, ард түмэн хоёр яг л ижил. Өнөөдөр өөрсдийнхөө орчинг буй болгоод тэрүүгээрээ амьдарч байгаа энгийн иргэд. Цагдаа хувцас өмссөн иргэдийг жирийн иргэдийнх нь эсрэг толхилцуулах бодол хэн нэгэнд байгаа юм биш биз дээ. Энэ бол байж болшгүй бодол. Харин цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад хариуцлага тооцох ёстой. Тэд хэнээс ямар тушаал авч тийм ажиллагаа явуулснаа шүүхийн өмнө зайлшгүй хүлээх үүрэгтэй. Үүнийг нь шүүх зайлшгүй тодруулах үүрэгтэй. Түүнээс биш жирийн цагдааг буруутгаад байгаа асуудал угаасаа биш. Жирийн цагдааг ард түмний эсрэг аваачиж тавьж байгаа нь асар том алдаа. Дахиад буруу концепци руу явж байгаа юм. Бид жирийн цагдаа гэдгийг бол хамгаална. Цагдаагийн удирдлага гэж нэг өөр юм аа, албан тушаалтан гэж нэг өөр юм шүү дээ. Албан тушаалтнууд аль нэг намд харьяалагдаж болдоггүй юм байна. Албан тушаалтнууд намд харьяалагдахаараа, энэ нь олон жил ужиграхаараа шударга ёсны үйлдэл биш болдог юм байна гэдгийг харж байна. Зүгээр л эрх ашгаа хамгаалсан дарангуйллын хэлбэр рүү давхиад орчихдог юм байна гэдэг харагдаж байна. Энэ бол зөвхөн цагдаагийн удирдлага биш энэ төрийн албанд ч хамаатай зүйл. Жирийн цагдаа хэлтсийн даргаасаа үүрэг авахад тэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Тэгтэл жирийн төрийн албаны түшмэл хэлтсийн даргаа яаж зусардаж амьдарч байгааг бас ойлгож байна.  Тэд шударгадуу байвал өнөөдөр яаж хэлтсийн даргадаа адлуулах бол. Яаж нэг цалинтайгаа үлдэх вэ гэхдээ тэдний үгийг үг дуугүй биелүүлж байгаа. Өнөөдрийн нийгмийн бодит байдал нь энэ. Хэрэв намайг гүтгэлээ гээд зохих газарт нь өгвөл өгнө л биз. Өнөөдрийн бодит байдлыг харъя л даа.

-Цагдаагийн байгууллагаар жишээг татаж байгаа боловч албан тушаалтнууд намд үйлчилдэг, нам нь төр, засгийг эрх ашгаа хамгаалах дарангуйллын зэвсэг болгодог гэж та дүгнэлээ. Миний ойлгож байгаа зөв үү?

-Тийм ээ. Энэ Монгол Улсад ардчилсан нийгмийн үнэт зүйл олон байна. Гэхдээ засаг нь өөрөө ямар ч ардчилалгүй байна шүү гэдгийг л би хэлээд байгаа юм. Төр нь хагас ардчиллын хэлбэртэй. Гүйцэтгэх засаглал нь өөрөө дарангуйллын хэлбэртэй байгааг өнөөдрийн үйл явдлууд нотлоод байна. Ардчилсан засагтай болохгүй бол Монгол Улс урагш явахгүй. Өнөөдөр засаг нь дарангуйллын хэлбэртэй байгаа цагт ард түмний тухай, шударга ёсны тухай, хөгжлийн тухай мянга яриад урагш явахгүй. Өнөөдөр энэ төрд байгаа нөхдийг олигархиуд гэж нэрлээд байна. Тэд бол олигархиуд биш төрд байгаа ашиг сонирхлын  бүлэглэлүүд. Тэдэнд үзэл бодол байхгүй, зөвхөн эрх ашиг л байгаа. Нарийн яривал тэдэнд нам гэж байхгүй. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахад зориулагдсан бүтцийг буй болгосон, арван хэдэн жил ажиллаж байгаа бүлэглэлүүд. Эд зөвхөн цагдаагийн байгууллагад байгаа биш төрийн бүх шат, баг сум, дүүрэг, аймаг, нийслэлд байна. Энэ нийгмийн энэ тогтолцоо маш буруу тийшээ явчихжээ гэдгийг бид олж харлаа. Бүх юм нь эрх ашгийн төлөө явчихсан энэ тогтолцоог бид задлах ёстой. Саяхан нэг юм яригдана лээ. Ардын намынхан мэдэгдэл хийж, “Ардчилсан намынхан зохион байгуулалттайгаар манай Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газарт өгч байна” гэсэн утгатай.  Би тэрийг сонсоод гайхсан. Зохион байгуулалттайгаар гэх асуудал манай намд байгаагүй. Гэхдээ АТГ-т өгсөөн, үнэн. Өвөрхангай аймгийн Засаг даргын хариуцлагагүй үйлдлийг Өвөрхангай аймгийн Ардчилсан нам АТГ-т өгсөн. Би үүнийг буруу гэж бодохгүй байна. АТГ-т ямар ч байгууллага, ямар ч хүн асуудал өгөх нээлттэй. Хүний эрх рүү, байгууллагын эрх рүү ямар нэг хүн орох эрх байхгүй. Хэрэв тийм зүйл ярих гээд байгаа бол энэ бол зөвхөн аймгийн Засаг дарга нарын асуудал биш шүү. Сумдын дарга нар ямар явуургүй юм хийдэг, яаж ах дүүсээрээ юмыг явуулдаг. Яаж иргэдээ ялгаварлан гадуурхдаг. Яаж эрх барьж байх үедээ нэг хэсгийг тэжээдэг, яаж худалдаж авдаг, яаж зохион байгуулдаг вэ гэдэг нь бүгд ил тод байгаа. Ийм ялзарсан төрд бид амьдарч байна. Үүнийг засах ёстой. Өөрчлөх ёстой. Ийм зүйлийг харин ч зохион байгуулалттай хийх ёстой. Одоо миний эмзэглэж байгаа зүйл энэ. Яагаад бид үнэн юм хэлсний төлөө улс төрийн утга, агуулгаараа буруудах ёстой юм бэ? Хэрэв энэ хүмүүс нь идэж уугаагүй, бид доромжилсон, гүтгэсэн юм бол хариуцлагаа хүлээх эзэн нь тодорхой байна. Ардчилсан нам хэрэв шударга ёсны төлөө явах гэж байгаа бол, Ардчилсан нам ирэх сонгуулиар энэ төрийг цэвэрлэж, ардчилсан засаглалтай болгоё гэж тэмүүлж байгаа бол энэ бүхэнтэй харин ч нэг зохион байгуулалттай тэмцсэн шиг тэмцээд, хийсэн шиг хийнэ. Хэрэв сонгуульд ялбал, дахиад энэ тогтолцоог  Монгол орны хөрсөн дээр идээшихгүй болтол нь орчныг нь цэвэрлэх ёстой юм.

-Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа олон хүмүүс цагдаагийн байгууллагын идээ, бээрийг энэ удаад илчиллээ гэж олзуурхаж байна. Энэ бол зөвхөн цагдаагийн биш төрийн өөрийнх идээ бээр, үүнийг шахах ёстой гэж та хэллээ. Энэ ажилд цаг хугацаанаас гадна багагүй эр зориг, эрсдэл хэрэгтэй болох байх. Ардчилсан нам энэ тэмцэлд ялагч болж чадах уу?

-Энэ зөвхөн цагдаагийн байгууллагын идээ бээрийг шахах тухай асуудал биш. Төрийн бүх шатанд тогтсон идээ бээрийг шахах тухай юм. Тэгэхгүйгээр энэ төр өөрөө цэвэршинэ гэж байхгүй. Тэгэхгүйгээр хариуцлага, шударга ёсны тухай ярих ухагдахуун байхгүй. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн менежерээр ажилласан. Иргэд одоо ч асуудаг, хэвлэл мэдээллээр ч ярьдаг. Шударга байя гэсэн чинь хаа байна гэж? Үнэхээр шударга ёсны төлөө бид Ерөнхийлөгчтэй болсон. Би ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон гэдгээрээ ч бахархдаг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед бид хэн байлаа. Яаж амаа хамхиуллаа. Н.Энхбаярын  үед яаж улсын хөрөнгө төвлөрлөө. Яаж үүн дээр “ялаа батганууд” цуглаж байлаа? Одоо ялаа батгана бүүр гүн шингэсэн юм руу бид нэвтэрч чадахгүйдээ гаслаад сууж байгаа. Магадгүй Ерөнхийлөгчдөө бид шударга ёсыг хэвшүүлэхэд нь дэм өгөх ёстой. Энэ шударга бус зүйлийг устгах нь Ерөнхийлөгчийн ч үүрэг, Ардчилсан намын ч үүрэг. Тэгж байж тэрхүү шударга ёс руу орно. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 2009 оны шударга ёсны уриа энэ УИХ-ын сонгуулийн уриа хэвээр байж ч болно. Яагаад гэвэл бид өнөөдрийг хүртэл үүнийг хийж чадахгүй байгаа. Тэгвэл бид төрийн эрх мэдлийг авч, Ерөнхийлөгчтэй хамтарч байж шударга ёсыг тогтоох ёстой юм байна гэдэг дээр хатуу байр суурьтай байна.

-Та олигархиудын тухай ярихдаа нам ч үгүй, үзэл бодол ч үгүй, зүгээр л бизнесийн бүлэглэлүүд гэж хэллээ. Тийм бүлэглэлийн эрх ашиг танай намд ч байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Үүнд би хүний өөрийн намын тухай яриагүй. Зүгээр л шударга ёсны тухай ярьж байгаа юм. Өнөөдөр хариуцлага алдагдсан учраас ярьж байгаа юм. Үүнд танай, манай намын асуудал байх ёсгүй. Хүн баян байхыг, баяжихыг би буруутгаагүй шүү. Буруу замаар баяжсан хүмүүс улс орныг буруу тийш нь хөтлөөд байгааг л хэлж буй юм. Энэ хүмүүс чинь анх гарч ирэхдээ энэ Монгол Улсын газрыг нь худалдаад авчихлаа. Үл хөдлөх хөрөнгийг нь  худалдаад авчихлаа. Дараа нь Ардчилсан нам “Эрдэнийн хувь” ярилаа. Дүйвээнээр нь газрын доорх баялгийг худалдаад авчихлаа. Одоо эцэст нь оюун ухаантай хүний үнэ цэнийг худалдаж авч байна шүү дээ. Бидний хүндэлдэг эрдэмтэн мэргэд, соёл урлагийнхныг, сэтгүүлчдийг хүртэл мөнгөөр авч байна. Бүр хэвлэл, мэдээллийг нь тэр чигээр нь худалдан авч эрхшээлдээ оруулж байна. Одоо тэгээд яах юм бэ? Энэ ард түмэнд юу үлдэж байгаа юм бэ? Улс орон хэний ч бүү мэд мөнгөнд живээд сүйрлээ шүү дээ. Гэтэл энэ улстөрчид чимээгүй байж байх ёстой юм уу. Ерөнхийлөгчөөсөө эхлээд Ардчилсан нам дуугүй байх ёсгүй. Бид эхлээд энэ дотоодынхоо булай, балай бүтцийг өөрчлөөгүй, хариуцлага тооцоогүй цагт өөр юмны тухай ярих нь хэтэрхий алс хол байна.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив