Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
О.Гүндэгмаа: Галын шугамандаа эргэж ирэх сайхан байсан
2012 оны 3 сарын 9 [Уншсан тоо: 35098]
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаатай уулзаад байна.

Анхныхаа олимпийн эрхийг 16 жилийн өмнө авч байсан тэрбээр одоо тав дахиа энэ эрхийг аваад буй. Алдар нэр нь сонсогдож эхэлснээс хойш бараг хориод жил өнгөрсөн гэхэд итгэмээргүй юм. Цаг хугацаа огт урагшлаагүй юм шиг тэр алдрын тавцангаас, амжилтын тэнгэрээс буусангүй. Гоо үзэсгэлэн нь ч бүдгэрсэнгүй. Улам өгсч, улам л гэрэлтсээр. Энэ оргилоос буух, буцах болоогүй гэдгээ дэндүү сайн мэдэж байгаа түүнтэй Лондонгийн олимпоос өмнө амжаад уншигч таныг уулзуулахыг зорилоо. 



-Та удаан хугацаагаар Европ руу явах гэж байгаа юм байна. Ямар тэмцээнүүд таныг хүлээж байгаа билээ?

-Дэлхийн цомын аваргын төлөө тэмцээн жилд дөрвөн удаа болдог уламжлалтай. Энэ жилийн анхны цомын тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 17-ноос Лондонд эхэлнэ. Наана нь гуравдугаар сарын 1-нээс Германд буундаа үйлчилгээ, тест хийлгэнэ, бас сүүлд гарсан шинэ загварыг нь туршиж үзнэ гээд ажил байгаа. Тэгээд гуравдугаар сарын 7-ноос 12-ны хооронд Польшид гран-при тэмцээнд оролцоно. Дөрөвдүгээр сард болох Лондонгийн цомын тэмцээн их чухал. Ер нь Олимпийн өмнө тухайн газраа туршилтын тэмцээн заавал зохион байгуулдаг. Энэ хүрээнд цомын аваргын ээлжит тэмцээн Лондонд болж байгаа юм.

-Бууны үйлчилгээ гэнэ ээ?

-Би 2007 оноос хойш “Walther”-ын буугаар, тэдний талын саналаар буудаж байгаа. Бууныхаа бүх үйлчилгээг энэ хугацаанд тус үйлдвэрээр үнэгүй хийлгэх тохироотой юм. Буутай холбоотой бүх зүйлийг миний санаанд хүртэл янзалж, үйлчилж өгнө гэж тэдний тал санал болгосон л доо. Би хоёр төрөлд бууддаг. Нэг нь калибрийн буу 25 метрт, нөгөө нь хийн буу 10 м-ийн зайнаас бууддаг. Калибрийн төрөл бол миний олимпийн медаль авсан төрөл. Нэгдүгээрт, Лондонгийн цомын аваргаас өмнө, хоёрдугаарт, буундаа нэлээн анхаарах ёстой гэдэг үүднээс энэ удаад явахаас өөр аргагүй. Эхлээд буундаа үйлчилгээ хийлгэнэ, дараа нь тэмцээнүүдэд оролцож, цомын аварга хүртэл тэндээ бэлтгэл хийх зорилго байна.

-Бээжингийн олимпод тохиолдсон асуудлаас хойш хүмүүс энэ хүн буу хэрэглэдэг гэдгийг бараг анх удаа анзаарч, ойлгосон байх шүү. Өмнө нь О.Гүндэгмаа өөрөө байхад л болох юм шиг боддог байсан. Гэтэл таны амжилтад нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг нь буу юм гэдгийг Бээжингийн олимпиос хойш ойлгосон гэх үү дээ?


-Буу бол миний амжилт гаргаж байгаа салшгүй нэг зэвсэг. Олон буугаар буудаж байсаан. Ер нь буунууд хоорондоо ямар ялгаатайг тайлбарлахын тулд машинаар жишээ авч болох байх. BMW, “Бенз” хоорондоо ямар ялгаатай байдаг билээ, тэрэн шиг л... Тэмцээний өмнө бууг шүүгчид шалгаж, шаардлага, стандарт хангасан, тохирсон эсэхийг үзэж, зөвшөөрсөн гэсэн дардас тавьж өгдөг юм. Үүнийг хангаж байж тэмцээнд ордог. “Walther”-ийн бууг сонгосон шалтгааныг та асууж байна. Хаашаа ч юм бэ, яваад таг чиг алга болчихвол амармаар тийм таагүй үе таараад байхад тэдний санал, урилга давхацсан юм. Тэгээд л саналыг нь хүлээж аваад яваад өгсөн. Та санаж байгаа бол хэл ам, шүүх хурал энэ тэр гээд маргаан үүсч байсан даа...

-Одоо болох тэмцээнүүдэд энэ буугаа л хэрэглэх үү?

-Тэгнэ ээ. Нэг төрөл дээр нь тус үйлдвэрийн сүүлд гарсан шинэчлэгдсэн загварынхыг хэрэглэнэ. Тэр бууг туршиж үзээч гэсэн санал ирсэн л дээ. Хариуд нь би “Сонирхож үзье. Яг тэрүүгээр олимпод оролцоно гэж амлаж чадахгүй ээ” л гэж хэллээ. Одоо явахдаа тэр шинэ бууг туршина даа.

-Лондонд болох цомын тэмцээн чухал сорилт байх. Яг л Олимп болох зааланд, яг тэр орчин нөхцөлд буудаж үзэх болохоор?

-Олимпийн өмнө спортын аль ч төрөлд ялгаагүй, тухайн тоглолт болох газарт туршилт болон тэмцээн явуулдаг. Байр талбай, заал танхим гээд яг олимп зохиогдох тэр газарт тухайн тэмцээн болдог. Тэгэхээр энэ их чухал. Байр заалны гэрэлтүүлэг ямар байх гээд олон зүйлийг очиж үзэж, танилцах нь чухал.

-Би тантай уулзаж, ярилцлага хийх болмогцоо л яаж сайн ярилцлага хийх вэ гэж бодсоор байгаад л таарлаа. Өөртөө өндөр хариуцлага тохсон гэх үү дээ. Тэглээ гээд одоо ч гэсэн яавал сайн ярилцлага хийхээ мэдэхгүй л байна. Уг нь би худалч хүнд өдөр бүр л ярилцлага хийдэг хүн, энэ бол миний ажил мэргэжил. Гэсэн хэрнээ сандраад болдоггүй ээ. Яг Олимпод оролцох гэж байгаа юм шиг л... Та харин яаж сэтгэлтэйгээ ажилладаг хүн бэ?

-Тамирчин хүн тэмцээнд оролцохын тулд, тэгээд тэр тэмцээнд ялахын тулд бэлтгэгддэг. Энэ бэлтгэлийн үр дүн сайн тамирчнаас гадна сайн дасгалжуулагчийн зааж сургаснаас их хамаардаг. Мэдээж зарим нэг дутагдалтай тал байлгүй л яахав. Орчин үед шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ хөгжихийн хэрээр тамирчны амжилтыг хэмжих, түүнд нөлөөлөх олон зүйлс бий болж байна. Биеийн хүчээр өрсөлддөг төрөлд л гэхэд тусгай витамин, тэжээл тогтмол хэрэглэж байгаа тамирчинтай гурил, махаа идсээр байгаад л тулалдаж ялалт байгуулна гэдэг харьцангуй ойлголт болж хувирсан. Тэрэнтэй адил манай төрөлд бол тамирчин нь маш тайван байхыг шаарддаг. Зарим хүмүүс надаас чи баярлахаараа инээдэг үү, уйлдаг уу, бараг л тэрийг мэдэрдэг үү гэх шахам зүйл асуудаг л юм. Бидний хувьд сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээгээр барьж, жолоодоход суралцах хэрэгтэй болдог. Бас спорт маань аяндаа иймэрхүү байдалд оруулчихдаг.  Миний хувьд 2008 оны олимпийн өмнөөс сэтгэлзүйчтэй хамтарч ажилласан. Яагаад гэхээр... Би олон тэмцээнд оролцсон. Бээжингийн олимп гэхэд миний дөрөв дэх олимп байсан. Олимпийн наадмын тэмцээнүүдэд надад өмнө нь зөндөө боломж байхад сүүлийн мөчид ч гэдэг юм уу, нэг л зүйл дээр боломжоо алдаад байгаа юм бол. Энэ тал дээр сэтгэлзүйчтэй ажиллаад үзье гэж шийдсэн л дээ. Хамтарч ажилласан маань Бээжингийн олимпод үр дүнгээ өгсөн гэж бодож байна.

-Ямар сэтгэлзүйч таныг дасгалжуулж байгааг сонирхож болох уу?

-Тийм ээ. Золзаяа гээд МУИС-д багшилдаг, одоо Хятадад мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаж байгаа эмэгтэй байдаг. Өөрийнх нь сонгосон мэргэшил нь спортын сэтгэлзүй.

-Сэтгэлзүйч ховор талдаа шүү дээ, аль ч салбарт. Манай тамирчид тэдэнтэй хамтран ажилладаг туршлага хэр элбэг вэ?

-Сэтгэлзүйчид бол байгаа л даа. Харин хамтарч ажилласан тамирчдыг би сайн мэдэхгүй байна. Судалж үзээгүй болохоор. Манай буудлагын хувьд би бараг анх удаа байх аа. Мэдээж тамирчид амжилтаа ахиулахын тулд хувийн шугамаар сэтгэлзүйчидтэй хамтарч ажилладаг байж магадгүй л юм. Одоо манай буудлагынхан паралимпийн болон бусад бүх тамирчидтай хамтрах шаардлага гарч байгаа болохоор тийм боломжтой хүнийг дасгалжуулагч маань хамтарч ажиллахаар сонгосон. Тэгэхээр одоо өөр сэтгэлзүйчтэй ажиллахаар болсон байх аа. Золзаяа маань одоохондоо олон хүнтэй ажиллах боломж багатай байгаа юм.

-Бээжингийн олимпийн өмнөх Гүндэгмаа өнөөдөр зарим талаар өөр болсон. Нялх хүүхэдтэй, ид иртэй, карьертэй үедээ яваа тамирчин нөхөртэй гээд л... Ар гэрийн ажил асуудал, ачаалал гээд өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл нэг бус байгаа болов уу. Адаглаад л ярьдаг сэдэвт чинь “хүү” гэдэг том дүр орж ирсэн байна. Хоёр олимпийн хооронд гарсан энэ өөрчлөлт таны тамирчны амьдралд ямар байдлаар нөлөөлж байна вэ?


-Хувь хүнийхээ хувьд олон зүйлээр өөрчлөгдсөн ч тамирчин тамирчин хэвээрээ л байгаа. Буудлагын тамирчдаасаа хамгийн түрүүнд олимпийн эрх авсан...Зорилго бол тэмцээнд оролцох, ялахын төлөө л байдаг. Хэдийгээр хүүхэд гаргаад амьдралд зав бага болсон ч гэлээ миний нөгөө тал болох тамирчин хэвээрээ. Олимпийн эрх авч, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Үүнийг би үүргээ л гэж ойлгож байгаа. Мэдээж буудлагын спортыг болон Монгол Улсыг зөвхөн би төлөөлөөгүй, олон тамирчин бий. Бас ч гэж 1998, 2000 оны үеийнхийг бодвол тамирчдыг улсаас, төрөөс бодлоготойгоор дэмждэг болсон байна. Олимпийн хороо, Биеийн тамир, спортын газар, тамирчдыг ивээн тэтгэдэг спонсор байгууллагууд гээд олон газар, төсөв мөнгө гарган, тамирчдыг дэмжих болсон. Үүний цаана хариуцлагын асуудал үүсч байгаа хэрэг л дээ. Тамирчин бид хариуцлагатай байх ёстой. Хэдийгээр хэсэг хугацаанд завсарласан ч үүргээ биелүүлж явна гэж боддог доо. Сэтгэлзүйн хувьд ч юм уу бусад бэлтгэлжилтийн хувьд...

-Хариуцлага, үүрэг гэдэг талаас нь та их ярих юм. Заавал ингээд “хариуцлага” гэдэг хүнд ачаагаар өөрийгөө дарах, дарамтлах хэрэг байна уу. Таны өмнөөс хямарчихлаа...


-/Инээв.сурв/ Хүмүүс асуудаг л даа. Чи хүүхэд гаргачихсан, одоо буудахаа болих уу гэж. Манай буудлагын спорт тэгтэл насны хязгаар яриад байхгүй нь хамгийн сайхан. Би “Монголын үрс маш олон болтугай” гэдэг ерөөлийг биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Монгол Улсын иргэн гэдэг утгаар үүрэг, хариуцлагаа бүх талаар нь ойлгож байгаа гэх үү дээ. Гэхдээ өөрийгөө үүрэг, хариуцлагаар айхтар дарахгүй ээ. Хийх ёстойгоо хийгээд л явна. Бэлтгэл сургуулилтын хувьд урьдныхаас өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Яг л өмнөх горим, журмаар хийж байгаа.

-Гүндэгмаа гэдэг хувь хүн, хувь тамирчныг хамгийн сайн мэдэх хүн Гүндэгмаа өөрөө. Магадгүй дасгалжуулагчаасаа илүү сайн мэдэж байгаа шүү дээ. Тэгвэл Бээжингийн олимпоос хойшхи бэлтгэл сургуулилалт, оролцсон тэмцээнүүдээсээ хараад байхад Гүндэгмаа өсч байна уу, эсвэл... Ер нь өөрийгөө юу гэж мэдэрч байна вэ?

-Төрснийхөө дараа 2010 оноос бэлтгэлд орж эхлэхдээ урьд нь ямар хугацаагаар хийдэг байсан яг тэр горим руу гаа яваад орчихсон. Нялх биетэй, хөхүүл хүн. Шөнө нойр хагас... Гэтэл би урьд нь яаж бэлтгэл хийдэг байсан яг тэрүүгээрээ байх ёстой гэж бодоод л өөртөө амралт өгөхгүй явсан. Тэгтэл... Нуулгүй хэлэхэд ядарсаан, өөрийн мэдэлгүй л... Дараахан нь тэмцээнүүдэд өөрийнхөө санаанд хүртэл онож чадахгүй байсан. Ингээд л нөгөө харина гэдэг нь болж байгаа юм биш байгаа даа гэж хүртэл бодох үе байсан. Нэг хэсэг ийм байдалд орж байж л ядарч байгаагаа мэдсэн дээ. Дараа нь бодоход би зүгээр л ядарч байсан юм билээ. Бэлтгэл хийх цагаа бага багаар уртасгаж, аажмаар биеэ дасгах ёстой байсан. Урьд нь ямар байсан тэрүүгээрээ л яваад байдаг, бие организм маань шууд хүлээж авахгүй байсан юм билээ. Харин өнгөрсөн оны дунд үеэс л яг хэвэндээ орж байгаагаа мэдэрсэн. Урьд нь би ингэж хийх ёстой л гэж боддог байж. Одоо харин биеэ, өөрийгөө чагнадаг болж байна. Одоо амарья, бэлтгэлийн тоогоо цөөлье. Одоо ачааллаа нэмье гэдэг ч юм уу бага сага өөрчлөлтийг өөр дээрээ туршиж үзэж байж л мэдэрч байна. Өмнө ч би хийх ёстой гээд л хагас цэрэгжилтийн байдалтай л ажилладаг байв. Энэ зэргийн ачаалал авдаг байсан одоо ч авах ёстой гээд л. Эргээд хэвийн хэмжээндээ хүрэхэд ээж маань их тусалсан. Тэмцээн, бэлтгэлд явахад хүүг маань аваад үлддэг. Ээжээс маань өөр ямар хүн хүүхдийг минь тэгж сайн харж, асрах ч билээ. Тийм болохоор арагшаа нэг их санаа зовдоггүй, тайван байдаг даа.

-Одоо бол Бээжингийн олимпийн өмнөх үе дээрээ эргээд ирсэн гэсэн үг үү?

-Тийм ээ, одоо дажгүй.

-Энэ спортоор хичээллээд та 19 жил болжээ. Амьдралынхаа талаас илүү хугацаанд тийм бэлтгэл, дэглэмээр амьдарсан тань шиг тамирчин хүний бие организм өөрөө аяндаа “зохион байгуулагддаг” болоо байлгүй дээ. Бэлтгэл, сургуулилтынхаа формонд орох нь форм эвдэхээсээ амархан зүйл байдаг байх тийм ээ?

-Жирэмсэн байхад бэлтгэл хязгаарлагдаад тэмцээн, уралдаан алгасаад ирэхээр аяндаа л байж сууж ядаад цухал төрөх үе байсан шүү. Өөрөө оролцоогүй ч тэмцээний дүнг харна. Тамирчдынх нь амжилтыг харж байгаад “Хэрэв би оролцсон бол медаль авах байж” гэж хүртэл бодно. Тийм маягтай л байсан даа, дасталаа. Жирэмсэн гэдгээ харгалзахгүй тэмцээн, уралдаанд явчихмаар санагдаад л. Мэдээж хэрэг хүүхэд томрохын хэрээр гэртээ байж сураад, өөртэйгээ эвлэрч эхэлсэн. Завсарлага аваад эргэж ирсний дараа тэмцээн, уралдаанд оролцоод галын шугаман дээр зогсч байх ямар сайхан байсан гээч. Тэмцээний сургаар л “Би тэмцээнд явлаа ш дээ” гэж нөхөртөө гайхуулаад л...

-Бээжингийн олимпийн дараа завсарлага авна, амаржина гэдгийг төлөвлөсөн байсан уу. Гэнэтийн шийдвэр байв уу?

-Төлөвлөсөн байсан юм аа. Жаахан оройтчихсон. Болж өгвөл хоёр хүүхэд гаргая гэж бодож байсан юм. Арай л амжсангүй.

-Хоёр олимпийн хооронд уу?

-/инээв/

-Нээрээ юү?

-Яагаад гэвэл манай дүрмэнд өөрчлөлт орчихсон юм аа. Өмнө нь олимпийн дараа жилээс дэлхийн цомд түрүүлсэн тамирчдад олимпийн эрх өгөөд явчихдаг байсан бол одоо шинэ дүрмээр дунд талын хоёр жилд л эрх өгдөг болчихсон. Олимпийн дараа болон өмнөх жилд нь эрх өгөхгүй гэсэн үг. Найман оны олимпийн дараа хоёр хүүхэд амжуулбал амжуулж болохоор байсан. /инээв.сурв/ Есөн онд төрөөд, дахиад 10 ондоо төрчихвөл. 2011 оны дэлхийн аварга маань долдугаар сард болсон. Жаахан давчуу л байсан. Гэхдээ хүн ер нь амжуулахыг л бодно шүү дээ.Одоо ч олимпийн хэмнэлээр л амьдрал маань зохицуулагдаж байна даа.

-Бэлтгэлийг зөвхөн биеэрээ талбай дээр очиж байж хийх үү. Оюун санаа, төсөөллөөрөө буудах дасгал хийж болмоор юм шиг санагддаг. Гэхдээ би мэдэхгүй юм даа, буудахад яг ямар тооцоолол хийдгийг.

-Төсөөлөн бодох гэж зүйл бий. Төсөөлөх шаардлагатай. Яагаад гэвэл хүн өөрөө бодож, төсөөлж байж далд ухамсартаа нөлөөлж тухайн үйлдлийг зөв хийнэ. Тэгэхдээ мэдээж олон цагаар тийм дасгал хийхгүй. Бэлтгэл, тэмцээн, уралдааны үеэр хийдэг тийм аргачлал бол байдаг. Гэхдээ л махан бодиороо хийж байж л үр дүнд хүрнэ. Амжилтад зөвхөн харж, бодож сууж байгаад хүрнэ гэж байхгүй.

-Ямар ч салбарт амжилтад хүрсэн хүнийг харж байхад авьяас, хөдөлмөрөөс гадна оюуны потенциаль нь их чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал юм толгой сайтай байх. Биеийн хүчний хөдөлмөр хийдэг хүнийг хараад зарим нь үүнд ямар толгой шаардагдах биш гэж хэлдэг. Гэтэл үгүй шүү дээ. Ялангуяа буудлагын спорт нэлээд толгой шаарддаг байх?


-Тийм ээ, ухаан зарцуулдаг. Тэмцээн дээр хэн хамгийн тэвчээртэй байна, хэн өөрийгөө 100 хувь дайчилж чадна тэр хүн амжилт үзүүлдэг. Олон жил буудаад ирэхээр бусад тамирчдыг ч мэдэрдэг, мэддэг болчихдог. Өөр ээлжинд буудаж байгаа тамирчдыг харахад анзаарагддаг л даа. Хэн боломжоо ашиглаж чадаж байна, хэн боломж байгаа ч ухаанаа зарцуулж чадахгүй байна гэдгийг хараад мэддэг болчихдог юм. Ер нь гаднаас нь харахад анзаарагддаг. Буудлага бол зайлшгүй оюун ухаан шаардсан ажил. Яагаад би ингэж хэлж байна гэхээр заримдаа өндөр оносон тохиолдолд орой нь толгой их өвддөг. Унтахад хүртэл бүр нам унтдаг. Биеийн хүчний ажил хийсний дараа яаж ядардаг билээ тэрэн шиг бөх унтдаг. Тэгэхээр тархи их ажиллаж, энерги их зарцуулдаг юм байна гэж боддог.

-Буудлагын тамирчдыг тэгвэл дотор нь толгой сайтай хэрнээ авьяас муутай, авьяастай хэрнээ толгой муутай гэхчлэн хувааж болох уу. Амжилтыг дан гац хөдөлмөрөөр бүтээхгүй шүү дээ?


-/Инээв/ За, толгой сайтай, муутай гэх нь хаашаа юм. Эрүүл саруул л бол хүний заасныг, дасгалжуулагчийн хэлсэн ярьсныг биелүүлж чадна шүү дээ. Яахав, ерөнхийдөө хүүхдийн зан чанар, сэтгэлзүйн байдлаас хамаарах зүйл байна л даа. Холерик, сангвиник, флегматик, меланхолек гээд хүний темпераментууд байдаг даа. Тэр талаас нь манай буудлагынхныг хараад байхад хүнд тал руу гаа. Бусад төрлийнхөн биднийг тэгдэг юм. Танайхан намбайгаад суугаад л байцгаадаг гэдэг. Олон жил хичээллэж байгаа зүйл нь тухайн хүнийг уусгаж, төлөвшүүлнэ шүү дээ мэдээж. Тэрнээс биш заавал меланхолик хүн энэ спортыг олж очиж хичээллэхгүй шүү дээ. Энэ цаг үеийн алдартай тамирчдын нэг Гроздева гээд байна. Хачин цоглог эмэгтэй жирийн байгаа үедээ. Медаль авах үедээ ч сэтгэл хөдлөлөө нуухгүй илэрхийлдэг. Гэтэл тэр галын шугаман дээр огт өөр. Хэсэгхэн хугацаанд анхаарлаа төвлөрүүлж сурахыг л энэ спорт шаарддаг. Тэрнээс биш бидний хэлдгээр гавал байх албагүй. Энэ спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхдүүдийг хараад байхад юманд уйгагүй, тууштай чанар нь давамгайлсан байдаг юм. Тэдний амжилт илүү хурдан гараад ирдэг. Босч суусан, тогтвор муутай хүүхдүүдийн амжилт их удаан харагддаг. Зарим нь тэгсгээд хаяад явчихдаг даа. Тийм л ялгаа харагддаг юм. Тэрнээс биш зайлуул, /инээгээд/ тэнэг, мангар, толгой энэ тэрдээ биш л дээ...

-Галын шугаман дээр буудах гээд зогсч байхад юу хамгийн чухал нь байдаг юм бэ. Хараа юу, гар уу, амьсгал уу. Амьсгал аваад гаргах хооронд цээж үл ялиг хөдөллөө гэхэд л см, мм-ийн зөрөө гарна биз дээ.Гэх мэтээр асуулт их байна.

-Үгүй ээ, амьсгал энэ тэр хамаагүй. Хүн байгаагаараа л байна. Хамгийн гол нь би тайван байх ёстой. Тэгээд нэгдүгээрт, анхаарлаа төвлөрүүлэх. Хоёрдугаарт, зөв үйлдлийг зөв л хийх ёстой.

-Ямар үйлдэл? Хөндлөнгөөс харахад бол харин ч номхон зогсдог шүү дээ...

-Техниктэй харьцдаг гэдэг утгаараа зөв техникийг шилдэг байдлаар хийх ёстой. Юу гэх юм бэ дээ. Бөхийн барилдаан дээр их гоё уран мэх хийлээ гэж ярьдаг даа. Тэрэн шиг зөв техникийг төгс хийх хэрэгтэй л гэсэн үг.Зөв байдлаар тэмцээнийг дуусан дуустал тууштай хийх хэрэгтэй гэсэн үг.



-Тууштай? Энэ үгийг сонсоод нэг ийм юм санаанд орлоо л доо. Япончууд аливаа нэг үйлдлийг түмэн удаа давтаж хийсний дараа тухайн үйлдлийг хэзээ ч хийсэн яг санаснаараа хийж чаддаг болно гэж үздэг юм гэсэн. Шоо хаялаа гэхэд хүссэн талаараа буулгаж чаддаг болно гэсэн үг. Үүн шиг хэзээ ч алдахгүйгээр хамгийн өндөр оноог дандаа бууддаг, тийм төгс болох боломж гэж байх уу. Энэ их гэнэн асуулт байж магадгүй л дээ...


-/Инээх зуураа бодолхийлэв. Сурв/ Би жилд нэг төрөлдөө дунджаар 25-28 мянга, нөгөө төрөлдөө 15 мянга орчим сумаар бэлтгэл хийдэг. Зөвхөн буудаж байгаа л сум шүү дээ. Манайх чинь хэмжигдэхүүнтэй спорт. Урт бууны төрөлд гэхэд эмэгтэй тамирчин 60 сумнаас 600 оноо авах ёстой байдаг. Эмэгтэй гар бууны төрөлд гэхэд 60 сумнаас 600 онохоос дэлхийн рекорд 594 байдаг. Олимпийн рекорд гэхэд 590 байдаг.Оноогоор харьцуулаад харах юм бол бүр тэгж төгс буудсан хүн одоохондоо хараахандаа гараагүй л байна даа.

-Та энэ рекорд оноог хэд хэд давтсан байх аа?

-Аанхан. Миний тэмцээний рекорд оноо 590 /Бээжингийн олимпийн урьдчилсан дасгалд 590 онож, олимпийн рекордыг давтаж байсан. Сурв/. Бэлтгэлийн үед буудсан амжилт 595 байдаг. Энэ бол бас  сорилт байсан л даа. 2002 онд Азийн тоглолтод явахын өмнө. Ер нь бол 590-ээс дээш оноог долоо, найман удаа буудсан даа. Одоохондоо дэлхийн хэмжээнд тэмцээний үед 590-ээс дээш оноог хамгийн олон удаа буудсан нь би байгаа юм байна лээ.

-Өнөөдөр дэлхийн шилдгүүдээс таны гол өрсөлдөгчид хэн, хэн байна гэж та харж, судалж байгаа вэ?

-Ноднин дэлхийн аваргад Сербийн нэг хүүхэн хоёр төрлөөр нэгд нь алт, нөгөөд нь мөнгө авсан. Урьд нь хамт тэмцээнд орж л байсан, харж л байсан. Тэгтэл дээгүүр байр эзэлж байхыг нь санахгүй байгаа юм. Ийм байдлаар орон орноос шинэ шинэ тамирчид гэнэт гараад ирдэг л дээ. Ер нь шинэ залуу, хүчтэй тамирчид олимпийн хооронд төрдөг. Миний мэдэхээр ялангуяа Солонгосын залуу тамирчид маш богино хугацаанд тодроод гараад ирдэг. Ихэвчлэн тэмцээн уралдаанд анх очоод л өндөр амжилт үзүүлээд цойлоод ирдэг. Ер нь миний дасгалд өрсөлдөж байгаа тамирчид бүгд л хүчтэй өрсөлдөгчид. Дэлхийн аварга, Дэлхийн цом, тивийн аварга гээд олимпийн эрх өгдөг тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль хүртэж байж, эрхээ авдаг. Зөвхөн алтан, мөнгөн медаль... Арынх нь медаль эрх авдаггүй учраас эзэд нь ёстой огшоод л үлддэг. Миний хувьд мөнгөн медаль хүртэж, энэ удаагийн эрхийг авсан. Ийм нөхцөлөөс шалгарч гарсан туршлагатай тамирчид байдаг болохоор тааруу өрсөлдөгч гэж байдаггүй.Тэр дундаа монголчуудын сайн мэдэж байгаагаар Бээжингийн олимпийн аварга болсон бүсгүй байна. Бас Бээжингийн олимпийн дараа хүүхэд гаргасан. Сүүлд миний мөнгө авсан тэмцээнээс тэр алт авсан. Тэр сайн тамирчин, том өрсөлдөгч.

-Буудлагын спортод тухайн тамирчин бүрийн ур чадварын цаана үндэстнийх нь онцлог гэхээр зүйл харагддаг уу? Тухайлбал, Хятадын тамирчин гэхэд хөдөлмөрч, нягт нарийн, дотуур тамиртай ч гэдэг юм уу тийм байдлаар...

-Тийм зүйл ажиглагдах нь хаашаа юм бэ. Гэхдээ сургалт, бэлтгэлийнх нь аргачлалыг хараад байхад ондоо ондоо онцлогтой нь анзаарагддаг л даа. Муу арга гэж хэлэхэд оновчгүй байж магадгүй, аливаа зүйлийг амар хялбар, хялбаршуулсанаргаар хийдэг онцлог өмнө нь харагддаг байсан. Хятад хүн яаж дугуй хийлдгийг харж байсан уу? Бид дугуй хийлэхдээ гарын булчингаа байдгаар нь ажиллуулахын хажуугаар нуруугаараа бөхөлздөг. Хятад хүн тэгдэггүй. Зөвхөн өвдгөөрөө л нугалараад босч суугаад байдаг. Тэр бол биед тун хялбар. Тамирчдынх нь хувьд бэлтгэл, сургуулилтын ийм онцлог харагддаг байсан бол одоо даяаршаад харьцангуй өөр, дэвшингүй болсон. Би ч сайн анзаарахгүй л дээ. Манай дасгалжуулагчид л тэрийг анзаарч ярьж байсан. Мөн дэлхийн ихэнх оронд Оросын мундаг дасгалжуулагчид олноор уригдан ажиллаж байна. Тэгэхээр орос школ буудлага дээр их даяаршиж байгаа.

-Манайд буудлагын спорт хэр хөгжиж байгааг хорин жил энэ гортиг дотор амьдарч байгаагийн хувьд та хамгийн бодитой хэмжиж чадах хүн. Ганцхан Гүндэгмаа гэдэг тамирчин л хөгжөөд байна уу, эсвэл энэ төрөл бүхэлдээ хөгжсөн үү?

-Сая бид Эрдэнэтэд 14 хоногийн бэлтгэл хийгээд ирлээ. Oройн хоолны дараа хоорондоо лекц маягийн яриа өрнүүлж, туршлагатай нэгнээсээ асууж лавлаж, санал бодлоо солилцсон юм. Тэгэхэд манай ахлах дасгалжуулагч нэг сонин зүйл ярилаа л даа. Дээхнэ үед, бүүр 1970-аад онд юм уу даа. манай нэг тамирчин анх удаа босоо байдлаас урт бууны төрөлд10 сумнаас 70 онож. Энэ бол одоо бидний хувьд 10 сумнаас гурван сум нойллосон үзүүлэлт. Тэгэхэд тэр хүнийг 70 оносон туршлагаасаа хуваалцахгүй юу гэж тамирчиддаа яриулж байсан гэдэг.Урт бууны төрөлд л гэхэд голын 10-ыг онох ёстой. Гэтэл тэр 10 гэдэг нь жижигхэн зүүний үзүүр шиг цэг байдаг. Тэрийг онож байж 10. Одоо дэлхийд хэвтээ, зогсоо байдлаас эрэгтэйчүүд 60 сумнаас 600 онох ёстой. Энэ оноог оносон хүний тоо нэлээд олон байгаа. 1992 оноос хойш бай л том зууван байсан бол жижигхэн дугуй болж өөрчлөгдсөн. Тэгэхээр шалгуур улам нарийсч, спорт маань улам илүү техник, ур чадвар сорих болсон. Манайхны хувьд ч гэсэн тэр жишгийг дагаад ахиж байна. Өмнө нь бэлтгэл сургуулилтыгулсаас тавьж өгсөн сумаар л хийдэг байсан бол өнөөдөр сонголт нь илүү өргөн болсон. Боломжийнхоо хэрээр сайн гэсэн сонголтоо хийх нөхцөл нь бүрдсэн гэх үү дээ. Нэг үе улсаас ч харж дэмжиж чаддаггүй байсан бол өнөөдөр хувь хүмүүс, байгууллага, компаниуд ч үүнд анхаарлаа хандуулдаг болсон. Спорт маань ганц өөрөө бие даагаад яваад байх биш бусдын тусламж, дэмжлэгээр хөгжилд хүрч байна. Манай урт бууны эрэгтэй тамирчид 1982 оны Азийн тоглолтоос багаараа алтан медаль авсан гэдэг. Тэрнээс хойш эрэгтэй урт буучид маань ерөөсөө медаль аваагүй байж байгаад сая 2012 Азийн аваргаар хоёр хүрэл медаль багаараа авсан. урт бууны тамирчин Баяраа гээд залуу маань олимпийн эрх авчихаад байгаа. Спорт маань хөгжлийн хувьд өсч л байна.

-Монголын буудлагынхнаас шинээр гарч ирж байгаа ирээдүйтэй залуус гэвэл хэнийг нэрлэх вэ? Дараагийн Гүндэгмаа хэн байх вэ гэж асуумаар байна.

-Ер нь бол зөндөө олон байгаа шүү. Тэр нь, энэ нь гэж онцлох аргагүй олон залуус байгаа. Хэн нэгийг нь хэлчихбэл үлдсэн нь гомдох байх.

-Тэдэндээ багшилна биз дээ. Дасгалжуулах үүрэг хүлээхгүй ч гэсэн хамтдаа бэлтгэл хийх явцдаа юм хэлж өгдөг л байх тийм ээ?

-Манай буудлага спортын төв клуб, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн дэргэд Техник спортын төв гэж байдаг. Миний хувьд Батлан хамгаалахын их сургуулийн байранд “Алдар” спорт хорооны “Аварга” гээд зэвсэгт хүчиндээ харьяалагддаг клуб дээр бэлтгэлээ хийдэг юм. Би өөрөө “Алдар” спорт хорооны тамирчин. Манай клуб дээр ирж байгаа хүүхдүүдийг харахаар хэлэхгүй өнгөрч боломгүй зүйлс бас ажиглагдана л даа. Харж байх тохиолдолд би хэлье гэсэн юмаа хэлчихдэг. Мэдээж хэрэгтэй учраас л хэлж байгаа. Харин би өөрөө бэлтгэлээ хийж байгаа үед тийм сатаарах боломж хомс. Бэлтгэлийн хооронд амраад байж байх үед бол юу юм гэхээс биш. Өнөөдөр би өөрөө тамирчин байгаа учраас бусдыг дасгалжуулах арай болоогүй. Гэхдээ зайлшгүй юман дээр бол дуугарна аа.

-Ер нь хэзээ нэг цагт дасгалжуулагч болох болов уу?

-Сайн тамирчин болгон бас сайн дасгалжуулагч болдоггүй. Гэхдээ одоохондоо би нэгдүгээрт тамирчин байна. Хоёрдугаарт, би энэ олимпийн дараа, 2016 оны олимпод оролцоно гэж бодож байгаа шүү! Тэрний дараагийн олимпийг ч харж байгаа. Дасгалжуулагчийн ажил тэр хэрээр хойшилж байгаа гэсэн үг л дээ /инээв.сурв/

-Тэгэлгүй яахав. Би таныг зодог тайлах дөхлөө гэдэг утгаар биш сайн тамирчны чинь хувьд, урт удаан хугацаанд хуримтлуулсан туршлага гээч капиталыг чинь бодсондоо л ийм асуулт тавьсан юм шүү, уучлаарай.

-Тийм, тийм. Заримдаа бас дасгалжуулагч болчихвол гэж бодогдож л байсан. Зарим хүн хэлдэг л дээ. Дасгалжуулагч болчихвол хэрэгтэй. Өөрийнхөө алдааг бас олж хардаг юм гэж. Миний хувьд дасгалжуулагч болчихбол бусдыг амжилт гаргахад нь зорих, өөрийгөө зориулах сэтгэл бол байдаг юм. Тэр хүний гаргаж буй цаг зав, хөрөнгө мөнгө, эцэг эхийнх нь сэтгэл, зүтгэл үнэтэй цагийг дэмий нэг  үрж болохгүй шүү дээ. Тийм болохоор тэр ажилдаа өөрөө бүрэн дүүрэн цаг заваа зарцуулах боломжтой болсон хойноо л дасгалжуулагч хийх нь дээр юм уу гэж боддог.Тэр болтол тамирчнаараа л байсан нь хамаагүй дээр.

-Гүндэгээ ер нь биеийн тамирын хичээлдээ сайн хүүхэд байсан гэж сонссон. Өөр спортоор хичээллэсэн бол энэ хэмжээний амжилтад хүрэх байсан бол уу?

-Аав, ээж маань хоёулаа тамирчин байсан. Бага байхдаа өөр спортоор оролддог л байсан. Гэхдээ тууштай хичээллэсэн нь үгүй. Аав, ээж маань цэргийн хүмүүс. Байсгээд л тушаал аваад ийш тийшээ шилжээд явчихдаг байсан юм. Тийм болохоор тэр бүрийд нэг зүйлээр тууштай хичээллэх боломж байгаагүй юм бол уу даа. Өөр төрлөөр хичээллэсэн бол ийм амжилт гаргах байсан эсэхийг бодож байгаагүй. Ээж, аав маань шүхрийн тамирчид байсан. Буудлагаар амжилт гаргасны дараа тэдний маань шавь нар ярьж байсан л даа. Гүндэгээг тэс хөндлөн, буудлагын тамирчин болчихно, тэгээд ийм амжилтад хүрнэ гэж бодож байгаагүй. Ер нь бол шүхэрчин болох байх гэж ярьцгаадаг байсан гэж. Шүхэрчин болох болохдоо нэг бол их сайн тамирчин болно, нэг бол их муу тамирчин болно гэж ярьдаг байсан гэсэн. Би бага байхын л ээж, аавтай хамт бэлтгэлд нь дагаж явдаг хүүхэд байсан. Аав маань дасгалжуулагч учир хамгийн түрүүнд буулт хийж, дороос нь шүхэрчдэдээ заавар өгдөг байсан. Бууж ирмэгцээ шүхрээ эвхэх завгүй надад өгчихнө. Би бүхэл бүтэн нэг хүний, аавынхаа амь насыг хариуцдаг байлаа. Хэрэв би буруу эвхвэл аав маань дараагийн буулт дээр амиа алдана шүү дээ. Тэр үедээ мэддэггүй л байж. Одоо бодоход аав маань над шиг хүүхдэд амь насаа даатгах зориг зүрхтэй байсан нь гайхмаар. Яахав, дунд нь хэд хэдэн удаагийн үзлэг хийж, зөв эвхсэн эсэхийг шалгадагт л найддаг байсан юм бол уу. Заримдаа ээжийг бууж байхад аавтайгаа зэрэгцээд дороос “Ээж, ээж. Ингээч, тэгээч”гээд зааж зөвлөнө. Тийм байсан болохоор л шавь нар нь намайг их сайн тамирчин болно, эсвэл их муу тамирчин болно гэж ярьдаг байсан байх. Яагаад муу гэхээр би их эрх хүүхэд байсан юм. Ямар тамирчин болох байсныг одоо бүү мэд. Гэхдээ ямар ч байсан шүхрээр бууна гэж боддог байсан. Тэгээд бууж үзсээн.

-2008 оны олимпоос хойш Цагаанаагийн амжилт бас тасралтгүй өссөн. Амжилтынхаа ид үед яваа хоёр тамирчин үр хүүхдээ өсгөхөөс эхлээд ажил асуудал ихтэй хэрнээ хэн хэн нь амжилтаа хадгалж чадаад байна гэдэг маш мундаг явдал шүү. Тэгэхээр та хоёрын гэрлэлт амжилттай, азтай гэрлэлт болсон гэдгийг хүлээн зөвшөөрнө биз дээ?

-Азтай?! /инээв. Сурв/ Монголын нэрийг дуурсгаж яваа гэдгээрээ хүмүүст содон ч гэх юм уу, байн байн ч гэх юмуу бид хоёрын нэр сонсогдоод байдаг байх. Бид хоёрын хувьд спортоо дагаж яваад л нэг нэгнээ харж, нэг нэгэндээ дотноссон. Бусад салбарт ч гэсэн жишээлбэл, багш багштайгаа суусан, үр хүүхэд нь ч багш болсон хүмүүс зөндөө бий. /инээв/. Тэр бүгд бусдын анхааралд өртөж, хэвлэлээр бичигдээд байдаггүйд учир нь байгаа. Спорт гэдэг зүйл дэлхий даяар алдрыг нь дуурсгаж, нэр хүнд дагуулдаг болохоор л манай гэр бүлийг “азтай” гэж та тодорхойлсон байх. Тийм ээ, бид аз жаргалтай гэр бүл. Жирийн л сайхан айл. Тэрнээс биш ажил, мэргэжил нэгтэй олон хосууд Монголдоо ч, гадаадад ч амжилттай сайн ажиллаад сайхан амьдарч яваа жишээ олон бий. Би өөрөө ч тамирчны гэр бүлд өссөн. Ээж, аав хоёр маань хоёулаа л Монголын шүхрийн спортын ууган, манлай тамирчид. Тогтоосон амжилтууд нь одоо ч эвдэгдээгүй байгаа. Наадмын үеэр үзүүлдэг шүхрийн буултын үзүүлбэрийг аав маань  санаачилж, ээж туршиж үзэж байсан юм шүү дээ.  Цагаанаа бид хоёрын хувьд спорт бидний ажил шүү дээ. Ажлын үзүүлэлт маань тэмцээний амжилт байдаг. Бид ажлаа л хийгээд явж байна. Амжилт маань түрүүний хэлдгээр байнга л сонсогдож байдгийн хувьд хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлдэг байх. Бид хоёр салбар салбартаа амжилт гаргаад явж байгаа олон, олон гэр бүлүүдийн л адил амьдралтай даа. Мэдээж хэрэг би гэр бүлээрээ, ханиараа бахархдаг.

-Тамирчдынхаа хувьд яг ид амжилт үзүүлдэг үе чинь гэрлэлттэй давхацсан учраас би тэгж харж байна л даа?

-Тэр харин үнээн. Tамирчдын амжилт үзүүлэх цаг хугацаа маш богинохон. Залуу сайхан цагтаа л амжилт гаргах болдог. Харин одоо улс орон маань хөгжихийн хэрээр тамирчдын амжилтыг үнэлдэг болж байна. Бид амжилт гаргаж чадах л юм бол амьдралд маань өөрчлөлт гардаг тийм цаг үе ирж байна. Гэхдээ өөрчлөлт гэхээр жигтэйхэн их зүйл төсөөлөх хэрэггүй л дээ. Тасархай баян гэдэг ч юм уу тийм утгаар хүлээж авбал бодит байдлаас их өөр болно.Тамирчдын маань амжилт их богино хугацаатай. Хэрвээ бид өөр зүйлийг зорилгоо болгосон бол насаараа ажиллаж болно. Бидний хувьд амжилт тун богино хугацааны зүйл. Амжилт гаргахын хажуугаар биеэ сайн анхаарч байхгүй бол бүх зүйл эрүүл мэндээс шалтгаалдаг болохоор тун хэцүү. Хүмүүс ихэвчлэн тамирчид гэхээр эрүүл чийрэг, бат бэх төмөр шиг л улс байдаг гэж боддог л доо. Ялангуяа нөхөртөө би их санаа зовдог. Яагаад гэхээр бэртэл, гэмтэл байнга л дагаж явдаг. З.Ойдов гуайн нэг удаа хэлж байсан үг бий. Тамирчид сайхан шүү л гэдэг. Гэтэл насны эцэст хэмхэрхий бие, хэдэн шаржигнасан төмөр л үлддэг юм шүү гэж хэлж байсан. Хар залуугаасаа л хамаг юм нь өвддөг, үе мөчнөөс эхлээд. Тийм л хүмүүс болж хувирдаг. Өнөөдөр амжилт гаргаад явж байгаа нь сайхан л даа. 

-Бэртэл гэмтэл гэснээс одоо дажгүй биз? Хагалгаанд ороод удаагүй байгаа байх аа?

-Манай хүн үү? Өнгөрсөн оны есдүгээр сард өвдөгний хагалгаанд орохоос өөр аргагүй болсон л доо. Тэмцээний оноогоор гаргадаг болохоор тэмцээнд оролцохгүй алгасах нь тун хохиролтой. Шинэ дүрэм нь илүү хэцүү болчихсон юм билээ л дээ. Миний энэ үг бол ар гэрийн хүний л үг.

-Тийм үед, өвдөж бэртсэн үед нь цаг зав гаргаад гэртээ асарч сувилж чаддаг уу?

-Яг хагалгаанд орох үед нь би тэмцээнд явж таарсан. Урд өдөр нь нөхрийгөө Солонгос руу эмнэлэгт явуулж, онгоцны буудлаас суулгаж өгөөд л маргааш нь өөрөө тэмцээнд явчихсан. Тэгээд Цагаанаа надаас хоёр хоногийн өмнө гэртээ ирж таарсан. Дараа нь өөр хүнд ярьсан байсан л даа. “Хагалгаа гэдэг чинь ганцаараа явж очоод хийлгэчихдэг зүйл биш юм байна” гэж... Би тэмцээнээс буцахдаа шууд Солонгос яваад очьё, намайг очихоор хагалгаагаа хийлгэх үү гэж хэлж байсан ч цаг хугацааны хувьд тийм боломж олдоогүй. Дараагийн тэмцээнд оролцоно гэвэл аль болох эрхтэн шиг хагалгаа хийлгээд аль болох урт хугацаанд гам барих хэрэгтэй байсан юм. Өөрт нь хэцүү л байсан байх. Надад ч тэрийгээ хэлээгүй. Найздаа ярьсныг нь л би дараа нь сонссон хэрэг. Сонсоод дотор хэцүү л болж байсан. /Нүдэнд нь нулимс цийлэгнэв/. Аргагүй шүү дээ, өөрөө босч чадахгүй, ... бие зассан ч, аяганы амсар зуусан ч хүний гар хараад хүний газар ганцаараа байх гэдэг.

-Гадаадад, ер нь энд тэнд явж байхад хүмүүс та хоёрыг таньдаг уу?

-Өө, таних үедээ таньдаг юм аа. Манай хүний хагалгаа хийлгэсэн эмнэлэг их том эмнэлэг байсан. Хагалгаанаас гарсныхаа дараа надтай ярих гээд мессенжерт орох гэтэл сүлжээ нь болохгүй, тэргэнцэр дээр суугаад сувилагчдын өрөө рүү орж гараад чанга чанга яриад л байж. Тэгээд явж байхад нь хоёр монгол залуу таарчихаад “Яасан хөгшөөн, үйлдвэрийн осол уу. Хаана ажиллаж байгаад ирсэн юм бэ” гэж асуугаад байсан гэсэн. Танихгүй байж бололгүй яахав. Хэд хоногийн дараа харин таньчихаад “Чи чинь Цагаанбаатар юм байна ш дээ” гээд инээлдсэн гэсэн. Зарим хүмүүс зурагтаар гардгаасаа их өөр юм аа гэж хэлэх нь ч байдаг. Гадаадад спортын хүрээнд л таних хүмүүс нь таньдаг ч гэлээ олимпийн медальтай гэхээр маш хүндэтгэлтэй хүлээж авдаг. Олимпийн медаль, дэлхий хэмжээний амжилт гаргасан хүн гэхээр тэдний хувьд хүндлэхээс аргагүй зүйл байдаг юм шиг байна лээ.

-Танд гаднаас санал ирдэг хэвээрээ биз дээ. Зөвхөн Монголдоо үлдэнэ гэдэгт чинь итгэж болох уу?

-Олимпийн дараа тиймэрхүү зүйл хэвлэлд дурссаны дараа УИХ-ын гишүүн Н.Батбаяр гуай нутгийн зөвлөлийн шугамаар нэг уулзахдаа “Чи тийм зүйл ярьж болохгүй шүү. Битгий яваарай” гэж хэлж байлаа. Тэгээд нутгийн зөвлөлөөс надад нэг байр өгсөн л дөө. Одоо хүртэл нэр дээрээ авч чадаагүй л яваа.Мөнгө нь дутуу гэдэг шалтгаанаар. Саяхан нутгийн зөвлөлийнхөө нэг ахтай онгоцны буудал дээр тааралдаад байраа яасан гээд асуухаар нь би хэлээд л авсан. Өгвөл өгөөд, өгөхгүй бол больдог юм уу,  хөөцөлдөх зав ч гарахгүй юм гэж хэлсэн. Юу ярьж байгаа юм бэ, дараагийн олимп болох гэж байхад гэж байна лээ. /инээв/

-Миний асуултад хариулсангүй. Төөрүүлээд өнгөрчихлөө?

-Өмнө нь би тийм саналуудад хариу хэлэхдээ “Би ганцаараа шийдэж чадахгүй нь ээ” гэж хэлдэг байсан. Харин одоо бол ганцаараа шийднэ. Шийдвэрээ бодчихсон байгаа... Би “Монголын буудлагын тамирчин” нэр алдрыг үүрч явах хугацаандаа албаа нэр төртэйгээр хааж, энэ үүргээ боломжийн хэмжээнд гүйцэтгэж байна гэж өөрийгөө боддог.

-Таны нэг зураг байдаг даа. /хагас нүцгэн/ Тэрийг хэзээ, хаана яагаад авахуулсан юм бэ. Гадаадын нэг сэтгүүлээс явуулдаг спортын гоо бүсгүйчүүд гэдэг жагсаалтад таны нэр бичигдэж, яг тэр зураг чинь хэвлэгдсэн байсан.


-“Uptown” сэтгүүлээс ярилцлага аваад, зураг авалтыг нь энгийн биш их гоёор, яг л сэтгүүлийн зураг ямар байдаг тэр маягаар хийхээр болсон юм. Би “Найрамдал”-д бэлтгэлд байх үед л дээ. Тэгэхэд зургадугаар сар байсан ч дулаан ороогүй, би зузаан бэлтгэлийн хувцастай явж байсан юм. Ярилцлаганы дараа хувцсаа сольчихоод ороод иртэл сурвалжлагч нь “Ерөөсөө ингэж авахуулбал яаж байна” гээд гадны сэтгүүлийн зураг авалтын санаануудаас харуулсан. Уг нь бол гоё даашинз өмсөөд, ой мод, цэцэг навчин дунд байгаагаар зураг авна гэж тохирсон байсан юм. Би бодож байгаад болъё гэж тухайн үед хариулсан л даа. Тэгээд бодож байгаад нэгдүгээрт залуу байгаа дээрээ зориглоод үзье гэж шийдсэн юм. Төрсний дараа зааны тугал, эсвэл тооройн ээж ч болчих юм билүү гэж бодсон /инээв/. Тухайн үеийн зоригтой шийдвэрийн л нэг байсан гэх үү дээ.Тийм зүйл эмэгтэй хүний амьдралд нэг л удаа байхад болно. Мэдээж дахиж тийм зураг авалтад оролцохгүй.

-Одоо ч гэсэн сайхан хэвээрээ л байна шүү дээ. Охиноосоо ялгарахгүй харагдаж байгаа биз дээ. Охин чинь зөндөө том болсон байх, ээжтэйгээ адилхан сайхан бүсгүй болсон уу?

-Надтай адилхаан. Одоо 11 дүгээр анги. “Сант” сургуульд сурдаг юм. Хүүг маань Ховор-Эрдэнэ, охиныг маань Соёл-Эрдэнэ гэдэг. Энэ жил сургуулиа төгсч, конкурс өгнө дөө, бид хоёр. Ямар мэргэжлээр суралцахаа ярилцчихсан л байгаа. Харамсалтай нь, конкурс өгөх үеэр нь би байхгүй. Өөрөө л бүх юмаа бэлтгээд л явж байна даа. 

-Хүү бол ээжийн “энгэрийн зүүлт” биз?

-Өө, харин тийм. Ялангуяа хэлд орсноос нь хойш хол явахдаа улам их санадаг болчихсон. Миний хүү улсын тэргүүний цэцэрлэгт явж байгаа. Өмнө нь хоёр ч хувийн цэцэрлэг дамжсан, сахилгагүй залуу байгаа даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Олимпод одтой байхыг, амьдралдаа аз жаргалаар дүүрэн явахыг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив