Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Н.Алтанхуягийн айхгүй байгаа фракциуд
2012 оны 3 сарын 1 [Уншсан тоо: 34657]
Улс төрийн томоохон намуудад зүй ёсны үзэгдэл болтлоо хэлбэрж­сэн фракци гэдэг ойлголтыг манайхан тун тааруу утгаар нь харж хэвшсэн болохоор энэ удаад Ардчилсан намын фракциудаас хэн хүнгүй жийрхэх янзтай. Ялангуяа МАН “Манайх ямар ч фракцигүй”  гэж  ялгарч харагдахыг хичээж байгаагаас үзвэл юутай ч энэ нь муу зүйл байж таарна. Сар орчмын өмнө МАН-ын дарга гишүүдийн асуултад хариулах үедээ өөрийнхөө намд ямар ч фракци байдаггүй гэдгийг чуулганы танхимд мэдэгдээд, тавлангуй инээмсэглэлийг АН-ынхан руу чулуудаж байсан санагдана. Илэрхий үйл ажиллагаа явуулаад байдаг хэрнээ ил тод зарлаад гараад ирж чаддаггүй МАН-ын фракциудыг намын дарга нь чухам юу гэж ойлгох нь түүний л хэрэг. Харин Ардчилсан намын ил тод фракциуд МАН-ын маш нууц тэдгээр бүлэглэлүүдээс юугаараа ялгаатай юм бэ?

Үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ үүднээс тэртэй тэргүй нэг эрэг дээр ялгарч шидэгдсэн нөхдүүд өөр дотроо дахин хуваагдаж, фракци бүлэг байгуулаад байх нь зохистой юу гэдэг асуултыг Ардчилсан намын дэмжигчид нь тавьж байна. Байнгын ажиллагаатай, тэр тусмаа улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагынх нь хувьд нам доторх фракциуд үзэл бодлын хагарал гэхээс илүү бүтэц, зохион байгуулалтын оновчтой үүрэг гүйцэтгэдгээрээ ашигтай аж. Олон мянган гишүүдтэй нэг бүрчлэн тулж ажиллах боломжгүй учраас дээрээ нэг, нэг лидертэй хэсэг бүлгүүдэд хуваагдсан олонлогтой ярилцах нь ойлголцлыг хөнгөвчилж, шийдвэр гарах явцыг хялбаршуулдаг учраас бас ч ашигтай механизм. Мөн асуудлыг шийдэх гарц, гаргалгааг фракциудын өрсөлдөөн л олон хувилбартай болгож, тэр дундаас хэлэлцүүлгийн явцад илүү дээр хувилбар нь намын бодлогын төвшинд шийдвэр болж гардаг учир тухайн намын оюун санааг хурц, хүчтэй болгодог.

Н.Энхбаяр МАН-ын дарга байх үед хэсэгхэн хугацаанд ч болов тус нам бүхэлдээ Н.Энхбаярын фракци байсан байж магадгүй. Нам доторх шийдвэр зөвхөн удирдагчийн үзэл бодол, эрх ашгаас бүтэж, түүнийг нь бүгдээрээ даргын фракцийнх болж хувирсан гишүүд нь өрсөлдөөн, сөргөлдөөнгүйгээр дэмжиж байсан учраас энэ байдал л Н.Энхбаярыг “дарангуйлагч” болгож хувиргасан юм. Тэгэхээр улс төрийн нам доторх фракциуд бол нэг талаас хяналт, нөгөө талаас механизм, бүтцийн үүрэг гүйцэтгэдэг эрүүл саруул үзэгдэл учраас харин ч ийм зүйлгүй намд эрүүл бус зүйл үржих магадлал нь илүү өндөр. Тийм учраас Н.Алтанхуягт айх асуудал бага байгаа хэрэг.

Гэхдээ Ардчилсан нам дахь фрак­циуд үйл ажиллагаагаа зөв голдиролоор явуулж, өөрсдийг нь нэг эрэг дээр гар­гасан үзэл бодол, үнэт зүйл дээрээ нэг­дэж чадвал шүү дээ. Хэрэв ингэж ча­дахгүйгээр зөвхөн ашиг сонирхлын бүлэг маягаар ажиллаж, үнэт зүйлээ үгүйсгэх дээрээ тулбал Ардчилсан нам задралд ч хүрэх аюултай. Ардчилсан нам бол Монголын ардчиллын батал­гаа, түүний бат бөх цайз гэж олон хүн харж итгэж ирсэн. Энэ бол төрийн эр­хийг хэнээс хэнд шилжүүлэхээ иргэд ший­дэх гэж байгаа энэ үед Ардчилсан намын хүлээх хамгийн том хариуцлага нь байх ёстой. Ардчилсан нам дахь фракциудын үйл ажиллагаа сонгуулийг угтан эрчимжихийн хэрээр намаа задлах вий гэсэн болгоомжлол дэмжигчдийнх нь дунд газар авч бай­сан нь үнэн. Тэр тусмаа Ардчилсан нам дахь хүчтэй, нөлөөтэй фракциудын нэг МоАХ-ны ээлжит хурлын өмнө “юу л болох бол” гэсэн эргэлзээ байсан. Гэвч ардчилсан хувьсгалын партизанууд энэ удаад сонгуулийн хувьсгалын тө­лөө байгаагаа зарлалаа. Ажил хийе гэхээр олддоггүй, ажилгүй байлаа гээд өлбөрч үхдэггүй өнөөдрийн нийгэмд эрх баригчдын амлалт, халамж хэрээс хэтэрч, шударга бус байдал, баялгийн тэгш бус хуваарилалт зохистой хэм­жээ­нээс хэтийдсэн гэдгийг МоАХ мэдэг­дэж, үүнийг өөрчлөхийн тулд сонгуу­лийн хувьсгалд гишүүдээ уриалан дууд­сан. Мөн МҮДН фракци үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэний дараа ч бас “одоо яах гэж байгаа бол?” гэх асуулт үүсч байсан. Тэгвэл Ардчилсан нам дахь либерал эдийн засагчдын цөм болох МҮДН фракци намынхаа мөрийн хөтөлбөр, бодлого дээр анхаарал хандуулан ажиллаж буй юм байна. Долоо хоног бүр нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж, “Эдийн засгийн хувьсгал”-ыг бодитой хэрэгжүүлэх бодлогыг томьёолж буй МҮДН-чүүд нам дотроо үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг. Тэгвэл Ардчилсан намын нөлөө бүхий лидерүүдийн нэг З.Энхболдын тэргүүлж буй “Шонхрууд” фракци өөрсдийн санаачлан боловсруулсан хуулиа сар шинийн өмнөхөн УИХ-аар батлуулжээ. 1995 оноос өмнө “нөхөн олговор” хэмээх төрлөөр тэтгэврээ тогтоолгосон ахмадуудын сар бүрийн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх уг хуулиа өөрсдийн бүтцээрээ дамжуулан лоббидож батлуулсан гэсэн үг.

Монголчууд “фракци”, “лобби” гэх ухагдахууныг гуйвуулж, буруу утгаар нь улс төрд нутагшуулсан л болохоос биш уг нь нэг их муу зүйл биш аж. Юутай ч энэ удаад Ардчилсан намд амь орсон фракциуд намын эрх ашиг, ардчиллын үнэт зүйл дээрээ нэгдэж, өөр өөрсдийн итгэл үнэмшлээр өрсөлдөөнтэй боловч эрүүл саруулаар ажиллах нь ээ гэдэг итгэл найдварын гэрэл гялсхийлгэлээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив