Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
”Цагаан морь” эргэв
2012 оны 2 сарын 20 [Уншсан тоо: 33411]
Ардчилсан нам доторх хүчтэй, нөлөөтэй фракцийнх нь хувьд Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны хурлыг улс төрийн утгаар хүлээсэн уур амьсгал гадна талд зонхилж байв. Ардчилсан нам доторх асуудал, адаглаад Н.Алтанхуяг даргыг авч хэлэлцэх байх гэсэн таамаглалтай байсан зарим нэг хариуцлагатай хүмүүс “хурлаар яг юу ярьж байна?” гэж сэтгүүлчдээс тэсч ядан сониучирхаж байна.

Үнэндээ МоАХ бол Ардчилсан нам доторх фракци биш. Харин Ардчилсан намын нийгэм дэх фракци гэж хэлбэл илүү онохоор дүр зураг, уур амьсгал хурлын явцаас харагдлаа. Яагаад гэвэл улс төрийн намуудын ээлж дараалан хэлэлцэж байгаа эрх ашгаас илүү өөр зүйлийг, тэдний сонгуульд ялах тухай стратеги, тактикаас огт ондоог хөндсөн учраас тэр юм.

Өвгөн партизануудын хийрхэл, эсвэл Х.Баттулгын хувийн тоглолт болно гэж төсөөлж байсан МоАХ-ны хурал аядуу болж, даруухан төгсгөлөөр өндөрлөв. Х.Баттулгын өнөөдрийн байр суурийг дэмжигчид МоАХ-ны хурлын сургаар хад харсан ямаа мэт баярлаж байсан бол хурал тэдний санаанд хүрээгүй байх. Мөн түүнээс жийрхэгчид Ардчилсан намыг “самрах” нь гэж айж байсан бол одоо тайвширсан биз. Ардчилсан намын удирдлагад гарах санаархал, Н.Алтанхуягийг авч шидэх амбици гээд өнөө, маргаашийг харсан улс төрийн тоглолтууд Ардчилсан холбооны хурал дээр сад тавина гэж хүлээж байсан бол ёстой “уучлаарай” болов.

Мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн дээрх хурлын талаарх мэдээний араас “өө, ингээд л болчихож байгаа юм уу” гэх утгатай сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн сэтгэгдлүүд ар араасаа цуварч байна. Бухимдлыг нь тайлаад өгөх тэсрэлтийг сонгогчид хүлээж байсан хэрэг, нөгөө талаас хэн нэгнийг дагаад тэсэрчихмээр их бухимдал нийгэмд буйн илрэл.

Анхаарал, шохоорхол, атаа, агдал үүсгээд байсан Ардчилсан холбооны хурлыг аядуу болгон харагдуулсан нэг зүйл нь тэндээс гарсан уриалга юм. Монголын нийгмийг хөгжил биш харин харанхуй мухардал руу чирч оруулах гэж байгаа эрх баригчдын бодлого, энэхүү бодлогыг дамжуулан хэрэгжүүлэгч улс төрийн намуудын эрх ашгийг эрэмбэлэн өөрчлөх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд сонгуулийн замаар шийдвэрлэнэ гэсэн уриалгыг МоАХ гаргалаа. Ардчилсан хувьсгалыг, улмаар Ардчилсан намыг төрүүлсэн эл хүчин 1990 онд Монголын нийгэмд хувьсгал хийх бололцоо хууль, эрхзүйн орчинд огт байгаагүй нөхцөлд агуу их өөрчлөлтийг хийсэн гэдгээ сануулаад өнөөдөр хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүх бололцоог ашиглан дараагийн их өөрчлөлтийг хийхээ мэдэгдсэн хэрэг.

Нэг үгээр бол парламент дотор, Засгийн газрын танхимд хийж чадахгүй нь тодорхой болсон өөрчлөлтүүдийг гудамжинд хувьсгалын замаар хийхийг уриалсангүй. Хүчирхийлэл дагуулах нь ойлгомжтой “гудамжны” хувьсгалыг хуулийн хүрээнд хийх эрмэлзлээ илтгэснээрээ нийгэмд нэгэнт бий болоод байгаа хувьсгалт өөрчлөлтийг дэмжигчдийн замыг МоАХ эрүүл хөрс суурь руу татан орууллаа. МоАХ-ны ээлжит хурал үүгээрээ энэ удаад нийгмийн өмнө үүргээ гүйцэтгэв.

Ардчилагчдын нураасан социализм “шорон” байсан ч хорин жилийн дараа энэ “шорон” эрх чөлөө, ардчиллаар халхавчлагдсан пост хийгээд зулзаган коммунистуудын тохуурхал, мөлжлөгөөр солигджээ. МоАХ-ны хурлын индрээс үг хэлсэн хөгшин, залуу хүн бүрийн үзэл бодол, үзэл бодолдоо иш татсан жишээнүүд товчхондоо дээрх дүгнэлт рүү хөтөлж байлаа. Мэдээж зарим нь өш хонзон, хувьсгал, тэмцэл, занал зүхлээр илэрхийлэгдэж байсан ч эцсийн дүндээ нийгэм, улс төр, улс орны бодлого болохгүй байна гэдгийг илэрхийлж байв.



МоАХ-г олон нийтийн байгууллага гэдгээс өөрөөр Ардчилсан нам доторх, эсвэл нийгэм доторх улс төрийн фракци гэж харвал тэргүүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Фракцийн тэргүүний хувьд тавьсан түүний улс төрийн илтгэл энгийн гишүүд, иргэдийн өнцөг, өнцгөөс хараад байгаа гажуудлыг цогцоор нь учир агуулгынх нь дарааллаар бүхэлд нь харж чадсан даацтай бодлого байв.

Түүний илтгэлийг “улстөржүүлэн” харвал Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга С.Батболдын талаар нэр цохоогүй нэг, нэг өгүүлбэрээс илүү зүйлгүй боловч өнөөгийн нөхцөл байдлыг булингартуулсан бүхний “шинж тэмдэг” нь тэд гэдгийг илчилж дөнгөлөө. Тэрбээр “тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх бүрэн боломж байсан ч хамтарсан Засгийн газарт эдгээрийг хэрэгжүүлэх улс төрийн зориг, эрмэлзлэл дутлаа. Шалтгаан нь улс төр, шийдвэр гаргах төвшинд шургалсан гадны эрх ашиг, сонирхлыг хамгаалагч, нам дамнасан бүлгийнхний хориг, эс үйлдэл, ил далд эсэргүүцэл юм. Хамтарсан Засгийн газар өөрсдийг нь сонгосон нийт ард түмний эрх ашгийн төлөө бус өөрсдийг нь тэжээж тэтгэдэг Үндэстэн дамнасан корпорациуд, тэдний төлөөлөгч болсон ганц, хоёр аж ахуйн нэгжийн эрх ашгийг бүхнээс түрүүнд тавьж ирсэн... Хамгийн харамсалтай нь ийм бусармаг үйл ажиллагаанд МоАХ-ны санаачлагаар үүсгэн байгуулагдаж, МоАХ үйл ажиллагаанд нь байнга, идэвхтэй оролцдог Ардчилсан намын удирдлага хутгалдаж, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэж, ард түмний эрх ашгийг хөсөр хаялаа. Ардчилал бүх үзүүлэлтээрээ ухарч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байхад Ардчиллын тулгуур багана болж, ардчиллыг арчилж, тордож, ард түмнийхээ эрх чөлөө, сайн сайхан амьдралын манаанд зогсч байх учиртай Ардчилсан намын удирдлага олигархи бүлэглэлийн хяналтад бүрэн орж, “Мъянмар, Киргизэд ардчиллын хичээл заах” хоосон мөрөөдөлд л умбажээ” гэж МоАХ-ны хурлын илтгэлдээ дурджээ.

Ардчилсан нам өнөөдөр мөрөөдөж, МАН үлгэр ярьж байна. “Хэдхэн жилийн дараа бид коммунизм руу орно, тэр үед хүн бүхэн хүссэн зүйлээ хэрэгцээнийхээ хэрээр үнэгүй авдаг болно” гэсэн үлгэрт итгүүлж ирсэн коммунистуудын залгамж үе өнөөдөр “хэдхэн жилийн дараа монгол хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 60 мянган ам.долларт хүрнэ” гэсэн хий хоосон төсөөллөөр монголчуудыг цатгаж байна. Энэ үнэн гэж үү? Эсвэл өнөөх коммунизм, социализмынх нь төгсгөл шиг бүтэшгүй зүйл үү?! Социализм байдаг эсэхийн хариуг олох гэж монголчууд хорьдугаар зууны амьдралаа бүхэлд нь золиосолсон. Өнөөдөр эрх баригчдын сурталдаж буй сайхан амьдралд энэ байдлаар хүрч чадах уу? Үгүй. Чухам энэ асуултад л МоАХ хариу өгөх гэж ээлжит хурлаа хийжээ. Эцэст нь өөрчлөлтийг хуулийн хүрээнд сонгуулийн замаар хийнэ гэж стратегиэ тодорхойллоо. Хэрэв энэ удаагийн хурал Х.Баттулгын хувийн тогтлолтын нэг хэсэг гэж үзвэл тэр том нүүдлийг хийгүй хийв. Тэр Ардчилсан нам доторх фракцийг биш нийгэм дэх Ардчилсан намын фракцийг энэ удаад сэрээв.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив