Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ИНФЛЯЦИЙГ БАРИХ МӨРӨӨДЛИЙН ГАРГАЛГАА
2012 оны 1 сарын 18 [Уншсан тоо: 38668]
Төрийн мөнгөний бодлого инф­ляцийг нэг оронтой тоонд барих том зорилтыг жилийн жилд тунхагладаг ч өнөөх нь хоёр оронт руу хөл халтирахдаа амархан эд. Өнөөдрийн байдлаар инфляци буюу үнийн өсөлт бас л хоёр оронтой тоонд буюу 10.2 орчим хувьтай байх аж.

Дээшээ цойлох дуртай үнийн өсөлтийн эсрэг “төрийн” нэрээр хэрэгжүүлдэг “бодлого” нь их хялбархан, нарийндаа бодлогосоод ч байх юмгүй. Ердөө Төвбанк бодлогын хүүгээ нэмэх байдлаар л мөнөөх бодлого нь мухарлагдана. Уг нь энэ бол инфляцийн эсрэг хэрэглэх хамгийн энгийн томьёо, эдийн засгийн ангийн оюутан бүрт ойлгомжтой зүйл юм. Тэгэхээр үүнээс өөр ид шидгүй Төрийн мөнгөний бодлогыг “төрийн” бөгөөд “бодлого” гэж хэлэхэд томдсон хэрэг болох биз.

Хоёр оронтой тоон дээр халууц­талаа цовхчиж байгаа инфляцийн бараг тал орчим хувь нь зөвхөн махны үнийн өсөлтөөс хамаарсаар олон жил болж буй. Махны үнийг өсгөхгүй бариад байх тохиолдолд л инфляци мөрөөдөл болсон нэг оронтой тоон дээр тогтворжино гэсэн үг. Ингээд л шийдэгдчих инфляцийг нэг оронт руу буулгах гэж бодлогын хүүг өсгөж, бизнес, тэр дундаа үйлдвэрлэл эрхлэгчдийг чангалахын хэрэг юун? Тэгэхээр л төр бодох зүйлээ бодож, хэрэгжүүлж чадахгүй байна гэж шүүмжлээд буй хэрэг. Аливаа бүтээгдэхүүний үнэ ямар нөхцөлд өсдөг вэ гэдэг асуултад чөлөөт эдийн засагт сүүлийн хорин жил суралцсан монгол хүн бүр хариулт өгч чадна. Тийм ээ, та хариултыг зөв хэллээ.

Тухайн бараа, бүтээгдэхүүн хомсдоод ирэхээр л үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл, аливаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт нь эрэлтээсээ бага байх тохиолдолд үнэ өсдөг. Тэгэхээр үнийг нь буулгахын тулд нийлүүлэлтийг нэмэх, эсвэл эрэлтийг багасгах ёстой байж таарна. Монгол банк бодлогын хүүгээ нэмж буй нь эрэлтийг бууруулах л гэсэн арга бөгөөд төв банкны хувьд хийх ёстойгоо л хийлээ гэсэн үг. Бодлогын хүү нэмэгдсэнээр арилжааны банкуудын зээлийн хүү өснө. Зээлийн хүү өсөх тохиолдолд зах зээл болоод иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ багасч, худалдан авах чадвар буюу эрэлт буурна. Энэ тохиолдолд эрэлт, нийлүүлэлтийн харьцаан дээр тодорхойлогддог үнэ буурах ёстой. Монголбанк бодлогын хүүгээ нэмэхийн үр дагавар инфляцид ийм байдлаар нөлөөлөх ёстой. Уг нь бодлогын хүүг нэмэх арга хэмжээ нь иргэдийн хэрэглээг буруулахад чиглэсэн алхам боловч бодит байдал дээр хэрэглээг биш үйлдвэрлэлийг хумидаг сөрөг үр дагавартай нь сүүлийн жилүүдэд тодорхой болсон зүйл л дээ. Гэхдээ Монголбанк хийх ёстойгоо хийж буй л хэрэг.

Харин нөгөө талд инфляцид шийдвэрлэх нөлөөтэй байгаа махны үнийн өсөлтийг барихын тулд нийлүүлэлтийг нь нэмэх арга замыг хайх нь төрийн бусад байгууллага, тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажил юм. Тус яамны зүгээс жил бүр нөөцийн мах бэлтгэлийн хэмжээг өсгөсөөр байгаа ч төдий л дорвитой нэмэр болж чадахгүй байгаа. Тэгэхээр одоо бодлогоо илүү гүн гүнзгий, далайцтай болгох шаардлага тулгарчээ гэсэн үг. Тухайлбал, яаж?

Өнөөдөр махны үнийн өсөлт инфляцийн тал хувийг эзэлж байгаатай яг адилаар улаан буудай, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ инфляцийг хөөргөдөж байсан үе бий. Инфляцийн тал шахам хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүний үнээс хамаарч байсан тэр үеийг бид сүр дуулиантай “Атрын III аян”-аас хойш мартсан юм. Гурван жил хэрэгжиж, 2010 онд өндөрлөсөн атрын шинэ аяныг Ерөнхий сайд асан С.Баяр сүр дуулиан болгон зарлаж байх үед “социализм ханхлуулсан кампанит ажлын нэг” хэмээн зарим нь шүүмжилж байсан ч эдийн засагт чухал үр нөлөөтэй зүйл болсон гэдгийг өнөөдөр эдийн засагчид хүлээн зөвшөөрч байна. Уг аяны хүрээнд жилийн хэрэгцээт буудайг 100 хувь дотоодоосоо хангадаг болсноор гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ инфляцид тун бага буюу ердөө 1.5-2.0 орчим хувийн нөлөөтэй болсон юм. Харин одоо мах, махан бүтээгдэхүүний үнийг буулгахын тулд атрын аян шиг мах бэлтгэлийн аян өрнүүлээд үзвэл яах бол? 

Уг нь дөчин сая толгой малтай Монгол Улс гарын таван хуруунд багтах цөөн хэдэн хот суурингийнхаа хүн амд хангалттай хэмжээгээр мах нийлүүлэх тийм хэцүү зүйл биш байх. Байгаль, цаг уурын эрхшээлээс үлэмж хамааралтай газар тариалангийн салбарыг сэвхийтэл өргөж болсон юм чинь малчдын гар дээр бөөцийлүүлж буй  дөчин сая толгой малыг “алт” болгоход амархан баймаар. Үүнд төрийн оролцоо биш төрийн ухаалаг зохицуулалт л хэрэгтэй.

Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид, худалдаачидтай өдөр тутам нүүр тулж ажилладаг банкны зээлийн мэргэжилтнүүдийн гаргасан нэг сонирхолтой тооцоо байдаг юм билээ. Өнөөдөр зах зээл дээр махны үнийг тогтоож байгаа 200 орчим махны ченж байгааг тэд анзаарчээ. Тэдгээр 100 гаруй ченжид хүүгүй буюу хямд эх үүсвэртэй зээл өгөөд малчны хот руу явуулчихбал өвөл, хаврын хахир цагт махын үнэ өнөөдрийнхөөс хямд байх бололцоотой гэж банкирууд харж байна. Хятадын ноолуурын ченжүүдийг төрийнх нь зүгээс хүүгүй зээлээр дэмждэг, тэд нь Монголын ноолуулыг жилийн жилд хуу хамдаг гээд бид шүүмжилдэг дээ. Үүн шиг л хялбархан зохицуулалт хэрэгтэй. Харин ченжүүдийн татсан махыг нөөцлөн хадгалах томоохон агуулах, зоорь манайд бараг үгүй. Шаардлага хангасан тийм агуулах, зоорь барих ажилд төрөөс эдийн засгийн дэмжлэг өгөөдөхвөл захын компани энэ бизнес рүү ороход бэлэн. Энэ асуудалд тэгэхээр төрийн зохицуулалт, бодлого л үгүйлэгдэж буй хэрэг. Зуу гаруй ченж, зоорь агуулахын асуудлыг л шийдэж чадвал инфляцийг хоёр оронтой тоо руу хөтлөөд байгаа махны үнийн өсөлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Бодлогын хүүг байн байн нэмж, бизнес эрхлэгчдийг хямраах шаардлагагүй хялбархан арга зам хажууханд байгааг харахгүй байгаа юм биш биз дээ?!

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив