Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
СОНГУУЛИЙН ӨМНӨ МАН-АН САРНИХ УУ?
2012 оны 1 сарын 4 [Уншсан тоо: 25515]

“Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийх гэж байна” гэсэн мэдээлэл өчигдөр орой ирэв. Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан эсэхийг Ардчилсан намын удирдлагын хүрээнээс тодруулахад юутай ч ийм асуудал яригдсан нь тодорхой боллоо.

МАН ба АН-ын хүчтэй мэт боловч маш хэврэг нэгдэл задрах цагаа хүлээж байгааг бүгд мэдэж буй. Учир нь төрийн эрх мэдлийг хэнээс хэнд хэрхэн шилжүүлэхээ иргэд шийдэх сонгууль хэтэрхий ойрхон ирсэн байна. Хамгийн сонирхолтой нь өнөөгийн хамтарсан Засгийн газрын хувь заяаны төгсгөлийг хийх шийдвэрийг хэн нь эхэлж гаргах бол гэсэн асуулт байдаг.

Ардчилсан нам өөрсдөө хаалга татаж гарах ёстой юу, эсвэл хөөгдөхөө хүлээх үү? Угаасаа ийм л хоёр сонголтын өмнө Ардчилсан нам тулж ирээд байгаа. Хэрэв МАН-тай хамтарсан чигтээ сонгуульд орох гээгүй л юм бол энэ нь Ардчилсан намын үүдийг сахиж байгаа жижүүрийн асуулт билээ. Ардчилсан намын улс төрийн шийдвэрийг гаргадаг Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурлаар АН хамтарсан Засгийн газраас гарах эсэх, намын даргаа солих эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт хэдийнэ үүсээд байгаа нь үүний нотолгоо юм. Уг нь ҮЗХ-ны хурал дүрмийнхээ дагуу бол он гарахаас өмнө хуралдах ёстой байв. Гэхдээ оны өмнө хурал биш баярын цэнгүүнүүд л болж өнгөрсөн билээ. Орон даяар “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг явуулж, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тодорхойлж буй Ардчилсан нам бодлогын баримт бичгээ эцсийн байдлаар бэлтгэсний дараа ҮЗХ-ны хурлаа хийнэ гэсэн тайлбарыг өгч ирсэн. Энэ үнэхээр ҮЗХ-ны хурлыг хүлээлгэж байгаа шалтгаан мөн эсэх нь эргэлзээтэй юм. Ардчилсан нам юутай ч бодит байдлаа үнэлж цэгнэсэн улс төрийн шийдвэр гаргах цаг үе дээрээ ирээд байгаа нь л эргэлзээгүй билээ.

Өнгөрсөн сонгуулиас хойш хамтарч Засгийн газар байгуулан эрх мэдлээ хуваан эзэмшиж буй хоёр нам өнөөдөр сонгуулийн чимээнээр хоёулаа ялалт зүүдэлж байгаа. Үхэшгүй мөнхийн Кашей мэт МАН-д “үхлийн тэврэлт”-ээр ороогдсон Ардчилсан нам эгэл гишүүн, дэмжигчдэдээ өрөвдөлтэй харагдаж байгаа бол дарга, удирдлагуудад нь огт өөр мэдрэмж төрдөг. Тэдэнд харин ч МАН өрөвдөлтэй. Үнэндээ Ардчилсан нам, ардчилсан Ерөнхийлөгч л улс төрийн эгзэгтэй мөчид МАН-д түшиг тулгуур болж байна гэж үзэх хандлага Ардчилсан намын удирдлагын хүрээнд байдаг. Тэгэхээр нэг нэгэнгүйгээрээ хэн ч биш болж хувирахад бэлэн дөрвөн жилийг МАН, АН тэврэлдэн өнгөрөөсөн. Харин одоо хоёр тийш салах цаг ойртжээ.

Ардчилсан нам засгаас гарна гэдэг мэдэгдлийг МАН хэрхэн хүлээж авах бол? Үнэндээ МАН-ын хувьд АН том асуудал биш. Ардчилсан нам ардчилсан Ерөнхийлөгчтэйгээ хамт С.Батболдын Засгийн газар, намыг эгзэгтэй үеүдэд хэд хэдэнтээ түшиж тулсан гэх ч үүнийг хүлээн зөвшөөрөх, ач санах хэмжээнд хүртлээ МАН шалдаа буугаагүй, бас л ирэх сонгуулийн ялалтаа зүүдэлж байгаа.  
Харин МАН-ын толгойн өвчин болоод байгаа асуудал МАХН гэж үзвэл тэдний хооронд хэдийнэ яриа тохироо эхэлсэн мэдээлэл байна.  МАН-ын нэр нүүр, рейтинг, орон зайг бодитой булаалдаж буй МАХН-тай сонгууль дээр зохицож чадах мэхний дэгээ МАН-д байгаа гэх. Ямар ч байсан цор ганцаараа шахам Н.Энхбаярыг дэгээдээд унагавал ч унагах, эвэндээ оруулбал ч оруулчих нээнтэг экс Ерөнхийлөгчийн өнгөрсөн үйлдлүүдээс нэг бусаараа олдох аж. МАХН ба МАН-ын хооронд гар гараа барилцаад сонгууль руу яваад орчих учир шалтгаан олон байгааг олж харсан Ц.Шинэбаяр, М.Энхсайхан нар Н.Энхбаяраас нүүр буруулсан гэдэг таамаглал тэгэхээр оргүй биш бололтой.

Улс төр, социологийн судалгааны мэргэжлийн байгууллагуудын прогнозоор ирэх сонгуулийн үр дүнд МАН ба АН-ын УИХ-д авах суудлын харьцаа тун ойролцоо байхаар төлөвтэй байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй байх. Энэ таамаг бодитой болбол МАНАН дахин хамтрах болов уу гэх саваагүй асуулт санаанд орж байна. Өмнө нь хамтарч болсон юм яагаад дахиад үгүй гэж? Олонх болсон нь Засгийн газар байгуулах эрхийг хэрэгжүүлнэ, ингэхдээ парламент дахь бусад нам хүчинтэйгээ хамтарч болно гэдэг асуудлыг хууль нээлттэй үлдээх ёстой гэдэг үзэл бодолтой хэсэг Ардчилсан намд байдаг. Бусад улс орнуудад ч парламент дахь хүчнүүд хамтарч Засгийн газар байгуулах нь олонтаа.

Хэрэв үнэхээр ирэх сонгуулийн үр дүнд МАН ба АН ойролцоо харьцаагаар парламентад суудал авлаа ч дахин хамтарна гэвэл энэ удаагийнхаас хүнд байдалд хэн хэн нь орох болов уу. Нам дамнасан бүлэглэл, фракц, хяналтгүй хуйвалдаан зэрэг өнгөрсөн дөрвөн жилийн гашуун бүхнийг дахин давтана гэвэл ард түмэн тийм таатай хүлээж авахгүй нь тодорхой. Ийм нөхцөлд парламентад гуравдагч байр суурин дээр орж ирэх нам, хүчнүүд хэн хэн байх нь маш чухал бөгөөд сонирхолтой асуудал болж байна. Өнөөдрийг хүртэл гуравдагч хүчний орон зайг дүүргэж, цаг зуурын явцуу сонирхол бүхий бүлэглэлд энэ орон зайг алдахаас хамгаалж ирсэн Иргэний зориг намд олон тал найдвар тавьж байгаа. Гэвч Иргэний зориг нам Ногоон намтай нэгдэх асуудал улс төрийн шалтгаанаар удаашран гацаж байгаа нь сонгуулийн өмнөх бэлтгэл ажлыг нь зохион байгуулалтгүй, удирдлага, санаачилгагүй болгоод байна. Энэ нөхцөл байдлаас гарах арга замын нэг нь Ногоон намын дарга Д.Энхбат, УИХ-ын сул гишүүн З.Алтай, мөн танхимын С.Дэмбэрэл нар Иргэний зориг намд элсч, намын нэрээ Иргэний зориг-Ногоон нам болгон өөрчлөх хувилбар гэдгийг олон хүн ярих болсон. Нөгөө талаар Иргэний зориг нам Ардчилсан намтай нэгдэх ёстой гэдэг хэлэлцүүлэг ч өрнөж буй. Гэхдээ Ардчилсан нам үүнийг сонсох, өрөөл бусдыг тоох сөгөөгүй, ялалт зүүдэлж байдаг... Юутай ч тэдний “зүүд” үнэн байгаасай гэж хүсэх, ерөөх шалтгаан олон бий. Улс төрийн намуудын хуулийг өөрчлөх, намын гишүүнчлэлгүй болгох зэрэг улс төр, төрд олон реформыг хийж, нийгмийг дахин цэвэрлэх төлөвлөгөө, эр зориг тэдэнд байгаа. Учир нь намын гишүүнчлэлээс татгалзах тухай АН-ын бодлогын хүрээнд яригдаж байсан удаа бий. Мөн хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн намуудыг татан буулгах асуудлыг сөхсөн нь санамсаргүй зүйл биш байх. Хэрэв эрх мэдэл авбал энэ бүхнийг хийж чадна гэсэн амлалт өгвөл дэмжих хүмүүс олон бий.  

Зургаахан сарын дараа төрийн эрх мэдлийг хэнд өгөхийн иргэд хуулийн дагуу шийднэ. Яг одоо улс төрд үнэ ханш нь өндөрт хадаж яваа хоёр нам МАНАН-г сарниаж өөр өөрийн буурин дээрээ эргэн буух эсэхээ эхлээд шийдэх болох нь ээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив