Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Х.БАТТУЛГА: ҮЗХ ДҮГНЭХ БИЗ
2011 оны 11 сарын 11 [Уншсан тоо: 33523]
УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.

-Уржигдрын Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлаас юуны өмнө тодруулмаар байна. “Эрдэнэс Тавантолгой” уурхайн нүүрсийг нэг тонныг нь 70 ам.доллараар зарах гэрээ хийж байгаа талаар хуралдаанаар яригдсан юм уу. Зах зээл дээр нүүрсний үнэ үүнээс хавьгүй өндөр байгаа шүү дээ?


-Яг  70 ам.долларын тухай яриагүй юм. “Эрдэнэс Монгол” компанийн IPO-г хийж, хувьцааг нь бирж дээр гаргах асуудал яригдсан. Ямар ч уул уурхайн компанийн хувьцааг бирж дээр гаргахад тэр уурхай байгаа улсын хууль эрх зүйн орчин, дэд бүтцийг нөхцөлийг дагаж хувьцааны үнэ өсч, буурдаг. Гэтэл Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” компани юу хийгээд байна гэхээр Тавантолгойн нүүрсийг урьдчилсан гэрээгээр зараад, авсан мөнгөнөөсөө иргэдэд тараах маягтай юм сэдэж байна. Зүй нь нүүрсээ ахиу үнээр, их хэмжээгээр зарах гэрээ хийгээд, мөнгөөр нь дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлээч гэдэг саналыг л би тавьсан юм.

-Тавантолгойн уурхайгаас нүүрс олборлож эхлээгүй байгаа ч урьдчилаад нүүрс зарах гэрээ хийж байгаа. Ер нь энэ нөхцөлдөө шахагдаад хямд үнээр гэрээ хийсэн байж магадгүй гэсэн хардлага байгаа юм л даа?

-Магадгүй биш ээ. Хийчихсэн! Ухаахудагийн уурхайтай хийсэн гэрээг нь дуурайгаад “Эрдэнэс Монгол” компани бас 70 ам.доллараар гэрээ хийчихэж байгаа юм. Өнөөдөр зах зээл дээр хүрэн нүүрс 110 ам.доллар, коксжсон нүүрс бол 300-350 ам.долларын үнэтэй байна. 40 доллар хаачив? Энэ бол хулгай. “Ард түмний өмч-өөс” хумсалж, хулгайлж байгааг л би шүүмжилсэн. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаан дээр дэмжлэг авсангүй. Уг нь санаж сэрээд явмаар юм.

-Төрийн өмчийн Тавантолгойгоос хулгай хийгээд нүүрсийг нь хямдаар зарж болдог юм байж. Тэгвэл хувийн хэвшлийн Ухаахудаг коксжсон нүүрсээ яагаад тийм бага үнээр зарж байгаа юм бол. Аль болох ашгийн төлөө явна биз дээ?


-Ухаахудагийн 70 ам.долларын үнэ чинь хуурамч  үнэ. Хилийн цаана өөр үнэтэй, давхар гэрээ хийгээд 40-50 долларын зөрүүг Монголын татварын албанд бүртгэлгүй дансаар авдаг. Монгол Улсдаа бол 70 ам.доллараар борлуулсан гэдэг хуурамч гэрээгээ үзүүлээд, тэр үнээрээ татвар төлдөг. 2010 онд Монголын компаниуд 15 сая тонн нүүрс Хятад руу борлуулснаас ердөө 200 сая ам.долларын татвар авсан гэж байгаа. Энэ бол Европын  хөлбөмбөгийн клубын нэг тамирчны л үнэ ш дээ. Уул уурхайд нүүрс голлох салбар болсон гээд байдаг, гэтэд иймхэн мөнгө төсөвт орж байна. Тэрнийг нь төр засаг нь хараагүй юм шиг дүр эсгээд сууж байж болохгүй. Монгол улс нүүрсийг Австралиас илүү их хэмжээгээр Хятад руу экспортолсон гэж байна. Австралийн төсөвт нүүрснээс хоёр тэрбум гаруй доллар орчихоод байхад илүү ихийг зарсан Монголын төсөв орж ирж байгаа юм байхгүй. Энэ бол хий хөөс. Маш аюултай. Ерөнхийдөө баялгийн хуваарилалт хэдхэн хүн дээр төвлөрөөд “1-ийн эсрэг 99” гэдэг эхэлж байна. Өнөөдөр дэлхий хавтгай болчихлоо. Лондонд амьдарч байгаа хүн, энд амьдарч байгаа хүн хоёр ав адилхан нөхцөл, мэдээлэл, сэтгэл зүйтэй. Тэнд баялгийн тэгш бус байдалд бухимдахдаа ядуус бослого гаргасан. Улаанбаатарт тэрэн шиг бослого гарвал манай хөгжил 15-20 жилээр ухарна. Египет, Ливи, Сири, Судан, Европын зарим оронд ямар үйл явц өрнөж байна? Бүр Нью-Йоркт баялгийн тэгш бус байдалд эгдүүцэж жагсаж эхэллээ. Эргэн тойронд ийм үйл явц саяхан, жилийн өмнө, сарын өмнө, долоо хоногийн өмнө болоод байхад бид сайн эргэцүүлэх л хэрэгтэй юм даа. 

-Та үүнийг Засгийн газарт хаяглаж хэлж байна. Санаж сэрүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа танай намын гишүүдийн ажил байх. Хэдийгээр хамтарсан Засгийн газар ч гэлээ хуйвалдах биш хяналт тавих үүрэгтэй байх. Энэ байр суурь дээр та ганцаардаад байгаа юм шиг ажиглагддаг болсон. Энэ зөв үү? 

-Хамтраад их олон юм хийнэ ээ гээд бид чинь гэрээ байгуулаад, хундага тулгаад ажлаа эхэлсэн. Тавантолгойгоос өөр бусад олон асуудал, ажил бий л дээ. Ийм байдлаар бол ч... Мэдэхгүй юм даа. Хүмүүс нь ажлаа ойлгодоггүй юм уу, эсвэл би юмаа ойлгохгүй байгаа юм уу? Энэ хоёрын л нэг нь байгаа байх... Энэ хүмүүс ойлгохын дээдээр ойлгож байгаа байх л даа. Би бас цаад учрыг нь олохгүй байна. 

-Тавантолгойн орд дээр гэхэд эхлээд дэд бүтэц тавьж, ордынхоо үнэ цэнийг өсгөж нүүрсээ зах зээлийн өндөр үнээр борлуулах ёстой гэдэг байр суурийг та Засгийн газрын хуралдаан дээр тавьсан. Таны хувьд дэд бүтцийн томоохон төслүүдийнхээ санхүүжилт, хувь заяанд санаа зовж байгаа. Энэ утгаар л та ганцаараа бухимдсан бололтой?

-Ганц би биш байх. Бүх хүмүүст хүлээлттэй нь тэнцэхгүй байдал үүсэхээр бухимдал үүсчихээд байгаа ш дээ. Бодлогын хувьд Монгол Улсын Их хурлаар 2010 оны зургадугаар сард төмөр зам, дэд бүтэц, 100 мянган орон сууц, Сайншандын цогцолбор гээд олон зүйлийг баталсан. Уул уурхайгаас мөнгө ороод ирэнгүүт “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт багтаж буй эдгээр төслүүдэд хөрөнгө оруулна гэж баталсан. Үсрэнгүй хөгжлийн суурийг бүрдүүлнэ гэж ярьсан. Одоо ажил удаан явж байна. Би ч сүүлдээ энийг ярьсаар байгаад ад болж байх шиг байна...

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт багтсан төмөр зам, авто замаас гадна 100 мянган айлын орон сууцыг хүмүүс амьдралд нь ойр учраас хүлээж байна. Үүнд их мөнгө шаардлагатай ч төр засаг шийдээд өгнө гэсэн найдвар их бий. Гэтэл та сайд нь байж сайхан зүйл амлаж чадахгүй сууж байгаад гонсойж байна.

-Оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг л ажил явж байна, маш удаан байна. Хамгийн гол нь, нэгдүгээрт анхаарал хандуулах ёстой ажлууд маань дарааллын хувьд хэддүгээрт ч ороод байгаа юм бэ, бүү мэд. Ямар ч байсан, “Монгол мал” энэ тэрийн дараа л явж байх шиг байна.

-“Эдийн засгийн хувьсгал”, “Үйлдвэржилтийн хувьсгал” гэдэг зүйлийг Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар ярьж байсан. Энэ хувьсгал нь дэд бүтцийг сайжруулж, иргэдийн бизнес, өмч капиталынх нь үнэ цэнийг өсгөх явдал юм гэж одоо тайлбарлаж байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн хувьсгал хийх нөхцөлөө бүрдүүлж чадаагүй учраас ирэх сонгуулийн дараа хийхээр яриад байгаа хэрэг үү. 

-Тийм, чи их сайн ажигласан байна. 2008 оны сонгуульд орох тэр үед Ардчилсан намын дарга нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Бид ар талд нь санаа, бодлогыг нь гаргах ажлыг хийж байсан. Тийм ч учраас Элбэгээ “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно”, ирэх жилүүдэд Монгол Улс эдийн засгийн хувьсгал хийх ёстой гэдгийг зарлаж сонгуульд орж байсан. Энэ бол саяхан, гуравхан жилийн өмнө л болсон санагдах юм. Одоо мартчихаад дахиад л “Эдийн засгийн хувьсгал” хийх гээд зарлаад явахаар гайхлаа. Уг нь энэ хувьсгалыг чинь эхлүүлье гээд 2010 онд УИХ-аас шийдвэр гарчихсан. Гэтэл дахиад л зарлаад унахаар юу гэж ойлгох ёстой юм бол?

-“Эдийн засгийн хувьсгал” гэдгийг Ардчилсан нам дотроо МоАХ санаачилж, тийм учраас та дэд бүтэц бүтээн байгуулалт хариуцсан салбарын сайд болсон гэж бодож байна?


-2008 оны УИХ-ын сонгуульд эдийн засгийн эрчимтэй үсрэлтийг хийх санаа гаргаж байхад бид бодлого, санаан дээр нь ажиллаж байсан гэж дээр ярьсан. Тийм ч болохоор би энэ ажлуудыг эхлүүлэх гэж энэ яаман дээр ирсэн л дээ. Уг нь ажил хийж болохоор байгаа юм. Өнөөдөр гадаад орчинд ямар таатай нөхцөл байна. Энд тэнд болоод байгаа шиг дайн дажин, үймээн самуун алга. Дотоод талд хэрүүл тэмцэл гэж алга, гадаа жагсдаг иргэд, хөдөлгөөн алга. Одоо бүх шийдвэрийг УИХ батлаад гаргачихсан, бас дээр нь мөнгө байна. Дээд зэргийн таатай уур амьсгал дунд л байна даа, уг нь. Одоо юу болохгүй байгаа юм, бүү мэд. Би бодоод олохгүй байна.

-Засгийн газрын нэг гишүүн нь үүний шалтгааныг мэдэхгүй гэхээр сонин юм даа? УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газарт байгаа биз дээ.

-Харин тийм. Дотор нь байж байгаа мөртлөө л...

-Томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банк байгуулсан. Энэ банк урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олох, санхүүжүүлэх чиг үүрэгтэй байгуулагдсан боловч одоо болохоор богино хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлөөр зээлжүүлнэ гэж яриад байгаа. Гэхдээ одоогоор ямар ч төслийг санхүүжүүлээгүй байгаа л даа...Ерөнхийдөө танай яамны төслүүдэд бол оролцохгүй гэсэн үг болж таарсан уу?

-Хөгжлийн банк хэцүү л дээ. Дөнгөж саяхан, энэ оны тавдугаар сард л байгуулагдсан. Хөлөө олоогүй байна. Арга ядаад “Болохгүй байна аа” гээд ТУЗ-ийн даргыг нь сольсон. Хаанаас ч юм бэ, нэг эмэгтэй олж авчраад гүйцэтгэх захирлаар тавьсан. Тэр нь ёстой буруу ишилсэн сүх шиг. Монголынхоо юмыг ойлгодоггүй. Уг нь хийвэл хийсэн шиг хийж болно. Манай яаман дээр ажиллаж байгаа хэдэн залуу яваад л Хятадын “Экзим” банкнаас шинэ хороолол барих мөнгөний эх үүсвэрийг олоод ирж болоод л байна ш дээ. 

-Арилжааны банкны нөхцөлөөр бол та нар Хөгжлийн банкнаас санхүүжилт авч чадахгүй юу? 


-Яах гэж энэ Хөгжлийн банк байгуулж байгаа юм бэ. Арилжааны банкууд тийм том хэмжээний хэлцлүүд хийж чадахгүй учраас л. Бусад хөгжсөн улс орны жишгийг дагуулаад Хөгжлийн банк гэж байгуулаад дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлээд явья гэж шийдсэн. Гэтэл одоо Хөгжлийн банк нь огт өөр юм яриад, арилжааны банкных шиг нөхцөл шаардаад, тэр нь хаа байна, энэ нь хаа байна гээд. Гэтэл өнөөдөр ийм том төслүүдэд хаанаасаа ямар  барьцаа өгөх ч юм. Барьцаа нь Засгийн газар, тэрний татвараас олох ирээдүйн орлогууд биш үү.
 
-ХБ-ыг шууд удирдаж байгаа нь Засгийн газар биз дээ?

-Тийм. Засгийн газар дээр зөндөө ярьсан, хэцүү л байна.

-Төр муу менежер гэдэг. Нэг үгээр бол Засгийн газар. Төрийн ажил үр ашиг муутай, хувийн хэвшлийн ажил жинхэнэ зах зээлийн утгаараа сайхан явдаг гэсэн ойлголт байдаг. Энэ л жишгээр Засгийн газар яваад байна уу.

-Ухаахудагийг эзэмшиж байгаа Хятад-Монголын хамтарсан компани яг таны хэлээд байгаа шиг гомдлыг байнга гаргадаг. Төр юу юм бэ, засаг юу юм бэ. Бид л хийнэ гэж. Энэ компани сүүлдээ хийхгүй ч юмгүй боллоо. Утаагүй зуух, хүүхдийн памперс ... Үнэн хэрэгтээ бол энэ компанийн бүх ажлыг төр бэлдэж өгдөг, бэлдүүлдэг ч гэж болох байх. Тендер бол төрийн өгч байгаа зууш шүү дээ. Тэгэхээр энэ компани уг нь төрдөө гомдоллоод байх хэрэггүй байгаа юм. Төр бүх юмыг нь хийж өгсөн. Спирт бал бурмыг авахдаа төрөөр түшүүлсэн, Ухаахудагийн дөрвөн хувийг авч өгсөн нь бас Төр. Тавантолгойг татвар төлөгчдийн мөнгөөр л төр нөөцийг нь 1970-аад онд тогтоосон. Тэрнээсээ тэдэнд өгсөн. Ухаахудагийн нөөцийг өнөөдрийн үнэлгээгээр тооцоход дөрөв биш харин нийт нөөцийн бараг 40 хувийг нь тэд авчихсан л байгаа байхгүй юу. Дөчин хувийг нь дөрөв, таван гэр бүл авчихсан. Үлдсэн нь 2.7 сая иргэнд ногдох маягийн байгаа. Нэг төрийн бус байгууллага энэ талаар тооцоо хийгээд ард түмэнд Ухаахудагийнхаас хэдэн мянга дахин бага мөнгө ногдохыг бодоод гаргачихсан мэдэгдэж байсан. 96 хувьд нь дөрвөн хувиас бага ашиг ногдоно. Тэд Ухаахудагийн нөөцөөр Хонконгийн биржээс дөрвөн тэрбум долларын хөрөнгө босгожээ. Гэтэл бидэнд байгаа 96 хувийг Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд 15 тэрбум доллар гэж үнэллээ. Уг нь энгийн тоо  бодоход дөрвөн хувь нь дөрвөн тэрбум болсон юм бол 96 хувьтай бид 96 тэрбумтай л болох ёстой доо. Гэтэл . . . Энэ бол тун шударга бус. Ухаахудагийнхан жинхэнэ ёсоороо нөөцийн дөрвөн хувиа л аваад бусдыг нь ард түмэндээ буцааж өгөх ёстой. Ухаахудагийн төмөр зам барих шийдвэрийг хэн гаргасан юм. Төр. Эрчим хүчний шийдвэрийг нь хэн гаргаж өгсөн юм. Төр. Тэдний ажлыг төр засаг бүх ажлаа хойш тавиад л хийж байгаа. Том Тавантолгойн хувьцаа уг нь тэднийхээс түрүүлж гарах ёстой, гэтэл байдаггүй. Засгийн газрын сайд нарт Ухаахудагаас орон сууц өгчээ. Тэрний нэг нь сая Н.Энхбаярын хэрүүлээр тодорхой боллоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, тэрийгээ түрээслэдэг гэж хэллээ. Одоо бусад сайд нарынх нь авсан зүйл тодорхой болох байх. Хувийн компанийн ажлаас төрийнх хоцроод яваад байдаг. Энэ нь ойлгомжтой, зохион байгуулалттай шүү дээ.

-Энэ баялгийг хуваарилах эрх мэдэлтэй төр бол ард түмний төлөөлөл гэж бид итгэдэг. Гэтэл тэнд амин хувийн эрх ашиг улсынхаас дээгүүр тавигдаж байна гэдгийг бүгд л хэлэх юм. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр санагддаг.


-Бид уг нь УИХ-ын гишүүн болох, төрд ороход тангараг өргөдөг юм шүү дээ. Гэхдээ манайханд тэр тангараг гэдэг зүйл энэ хэдэн жилд их холдчихсон шиг байгаа юм. Би гадныхныг хараад байхад жишээ нь АНУ-д конгресст ороход, Ерөнхийлөгч болоход библи дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Шүтлэг талаасаа “Би худлаа хэлвэл буруу болно” гэсэн ойлголт байдаг. Манайхан бол зүгээр цээжилсэн үгээ уншдаг, тэр нь буудаггүй. Хаашаа ч юм бэ, зүгээр нэг ийм үе рүү л орчихлоо. Мөнгө олох, донтохыг жинхэнэ бодит чанар мэт ойлгож шүтдэг.

-Баялгийн ихэнх хэсэг хүн амын цөөнхөд төвлөрлөө гэдгийг одоо хүмүүс ойлгож байх шиг байна. Тэр тусмаа төрийн эрх мэдэлд хүрч баялгийн хуваарилалтад оролцохоос өөр аргагүй гэсэн нэг хэсэг байна. Эсвэл хувьсгал хийж, дахин хуваарилалт явуулна гэсэн хэсэг ч байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? 

-Ийм сэдэв их яригддаг болсоон, бодох л асуудал. Өнөөдөр “Макдональдс” Монголд орж ирээгүй байхад LV, Zegna гээд тансаг брэндүүд ороод ирчихэж. Ямар харьцангуй өөр ойлголт гээч. Өнөөдөр бид “Макдональдс”-ын сүлжээг Монголд ажиллуулъя гэхэд “Танайд Макдональдс зарагдахгүй. Судлаад үзэхээр танай иргэдийн орлогын төвшин хүрэхгүй юм байна лээ” гэж байна. Гадаадад 3-5 ам.доллараар “Макдональдс”-аас жаахан юм аваад идчихдэг. Монголоор бол 5-7 мянган төгрөг. Манай иргэдийн ихэнх нь өдөрт 1500 төгрөгөөр шөл, талхаар өл залгуулчихдаг. Тэгэхээр Монголд түргэн хоолны сүлжээг оруулбал дампуурах юм байна гэж тэд үздэг.

-Уг нь тэр чинь нийтийн хоолны сүлжээ биз дээ? Масст зориулсан үйлчилгээ, бизнес дампуурна гэж үзэхээр бид маш муу, иргэд маань их орлого  муутай харагджээ?


-Нийтийн л хоол байхгүй юу. Нийтийн хоол гэдэг маань нийтийн нийтлэг хэрэглээ. Үс засуулахдаа хэдэн төгрөг төлж байна, өдрийн хоолондоо ажилтай хүн хэдийг төлж байна. Ажилгүй хүн хэдийг төлж байна гэдэг. Тийм тооцоолох арга байдаг юм байна лээ.  Тэгвэл Zegna, LV манайд яагаад ороод ирсэн юм бэ гэж асуухаар “Наадахь чинь авлигатай оронд байдаг юм аа. Тодорхой хэсэгт л зориулагдсан зүйл. Авлига өгөхдөө үүнийг ашигладаг гэсэн судалгаа байдаг юм аа” гэж хариулж байна. Ийм л зүйл яваад байна. Нийгмийн баян, ядуу хэсгийн хоорондын зөрүүг тогтоодог Жини коэффициент гэж байдаг.. 1912 оны үед нэгэн итали хүний гаргасан аргачлал юм байна л даа. Энэ Жини коэффициент ихсэх тусам хувьсгал гардаг гэсэн онол байдаг юм байна. Тэг утга бол идеал төвшин, ихсэх тусмаа 0,47 хүрэхэд мөргөлдөөн, цуст тэмцэл гардаг гэж тэр онолд бичжээ Энэ бол бодитой юм гэж үзэх болсон. Дэлхийн нэгдүгээр дайн, Октябрийн хувьсгал гарахын өмнөх нөхцөлийг судлаад үзэхэд. Манайх бол одоо 0,46 орчим байна. 1917 оны Октябрийн хувьсгал гарахад 0,53 хувьд хүрсэн байсан. Сая Каддафийг авч хаяхын өмнө Ливид 0,60 хувь руу орчихсон байсан гэж үзжээ. Өнөөдөр АНУ гэхэд 0,43 хувь руу орчихсон явж байна. Эвгүй болоод эхэллээ гэдгийг АНУ-ын шийдвэр гаргагчид мэдмэгцээ баячуудаас илүү их татвар авах зэрэг арга хэмжээ яриад эхэллээ. Хятадууд бас адилхан. Тансаг брэндийн рекламуудыг гудамжуудаас буулгах, жижиг үндэстнүүд рүү хөрөнгө оруулалтаа нэмж, тэдний түүх, соёлыг босгож байгаа хэлбэрээр шингээж байх жишээтэй. Дэлхий хавтгай болчихсон. Үүнийг бид бодохгүй бол долдугаар сарын 1-нийх шиг асуудал дахин үүслээ гэхэд бид гадна талаас дэмжлэг авч чадахгүй. Харин ч гадаад талаас үүнийг илүү өдөөх болно. “Монголчуудыг толгой сэргэлэн хамар өөдөө байлгах гадны хүчин гэж байхгүй шүү” гэж Содном гуай өчигдрийн “Өдрийн шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа их үнэн үг хэлсэн байна лээ. Монголын төлөө орж ирдэг гадныхан гэж байхгүй шүү гэж. Би үүнийг л урьдчилж ярих гээд оролдоод байгаа юм.

-Мөнгө олох, донтохыг жинхэнэ чанар мэт ойлгож шүтэх болсон гээд та түрүүн яриад өнгөрлөө. Энэ юунаас үүдэлтэй вэ? Бид олон жил нийтээрээ нэг адил ядуувтар амьдарсан. Одоо чадаж байвал хэн ч бусдаасаа баян чинээлэг амьдарч болно. Үүнийг зөвшөөрөх ёстой юм биш үү?


-Дон олон янз. Мөнгөний, бэлгийн, архины гээ л. . . Архины монополь бизнесийг эрхэлсэн хэсэг бүлэг асар хурдан баяждаг. Тэгээд юуны түрүүнд хэвлэл, мэдээллийг худалдаж авна, дараа нь эрх мэдэлтэй улсуудыг худалдаж авна. Тэд нараар хүссэн шийдвэрээ гаргуулна, ард түмний арчаагүй, төр засгийн чадамжгүйг гайхан шогшроно.

-Та нэг л компанийг энд нэрлэх гээд байна. Хүмүүс хэнийг хэлж байгааг ойлгож байгаа байх...

-Архи маш бага өртгөөр үйлдвэрлэж, өндөр үнээр зарагддаг. Зуугаад жилийн өмнө дэлхийн нэгдүгээр дайны үед яасан бэ гэхээр хүйтэн уур амсьгалтай Швед, Финланд зэрэг улсад Их хуралд нь архины үйлдвэр эрхлэгчид мөнгөөр ороод ирчихсэн. Эдгээр улс дампуураад, дайнд ялагдал хүлээснийхээ дараа л ойлгож, архины бизнес эрхлэгчдийг улс төрөөс шахах бодлого хэрэгжүүлсэн. Орос яасан бэ гэхээр төрөөс гэртээ гар аргаар нэрдэг самогоныг хорьж, үйлдвэрийн аргаар архи хийдэг болсон. Самогоныг нь хорьчихоор хүмүүс дэлгүүр рүү үйлдвэрийн архинд оочерлосон. Төсвөө бүрдүүлэх зорилгоор тэр шүү дээ. Зэвсэг үйлдвэрлэж байгаатай адил орлогыг архинаас олж байсан монополь бизнес юм. 

-Архи үйлдвэрлэгчдийг улс төрд орохыг хорих ёстой гэж үү. Та архины тухай хууль санаачилж байгаа гэж сонссон. Гол концепци нь юу вэ?

-Архины эсрэг хуулийг хүмүүс надад санал болгосон. Архины бизнес хийдэг хүмүүс их хуралд олноороо байна ... нэг гараараа архи зараад, нөгөө гараараа хууль батлаад байгааг болиулаач гэсэн саналын дагуу хэсэг хүмүүстэй хамтраад хууль санаачлаад явж байна, дэмжигдэх үгүйг мэдэхгүй. Архи нэрээр далд сурталчилгаа ч маш их болчихсон. Алсын хараатай амьдарья, Ерөөл өргөж амьдарья гээд архи сурталчилдаг болчихсон. Оюутны тэтгэлэгт хөтөлбөр байна. “Спирт бал бурам” компаниас төдөн оюутныг архины орлогоос тэтгэлээ л гэнэ. Хамгийн сүүлд “Хар сувд”-ны нүүр царай хөгжимчин Дээгий боллоо гээд. Хүмүүс энийг нь андуураад байдаг. Тийм нэг муу зальтай. Монголчууд хүн ам цөөн. Аль болох архи, тамхи, хар тамхи зэргээс хол байх ёстой. Нийгмийг хамарсан зовлон болно. Саяхан Оросын нэг нэвтрүүлэг гарч байна лээ. “Russian vodka” гээд хоёр цагийн нэвтрүүлэг. Ердийн архичны, ерөнхийлөгч Медведевийн ууж байгаа архи бүгд нэг боошигноос гардаг. Шошго нь л ондоо болохоос хордуулах чадвар нь адил. Өнөөдөр Орос нэг жилд архинаас болж зургаан сая хүнээ алддаг юм байна. Энэ бол аюулын харанга. Дэлхийн хоёрдугаар дайнд алдаж байсантай адил тооны хүнийг зөвхөн архинаас болж алдаж байна аа гэж дүгнэсэн. Мөн хар тамхины асуудал байна. Бид хоёр талдаа уламжлалт хэрэглэгч гүрэнтэй хөрш залгаа. Зүүн тал руугаа Казахстан, Туркменистан гээд хар тамхины тариалалт хийдэг орнуудтай ойр. Ийм нөхцөлд бид дамжин өнгөрөх зам, тээвэрлэгч болох нь тодорч эхэллээ. Ийм учраас дээд зэргийн сэрэмжтэй байх ёстой. Миний ажиллаж байгаа хуулийн төсөлд энэ асуудлыг ч бас тусгаж байгаа.

-Төр засгаасаа эхлээд ээдрээтэй олон асуудалд бид орооцолдсон байна. Ирэх сонгуулиар бид зарим зүйлийг залруулж чадах болов уу?


-За мэдэхгүй дээ. Өнөөдөр яаж байгаа вэ гэхээр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 30-40 хувьтай байлаа гэхэд ч ард түмэнд хангалтгүй дээ. Өнөөдөр сөрөг хүчний орон зай дээр бас нам хүчнүүд гараад ирлээ тийм үү? МАХН энэ тэр гээд. МАН, МАХН хоёр бол тодорхой хэмжээнд эвсэнэ. Тэгээд бид 90 оноос хойш ардчилал гэж ярьж, хорин жил явсан ч сөрөг хүчин хэвээр үлдэнэ. Ер нь бол яаж ийж байгаад нөгөө нам ялах л болно. Луйвраа ч хийнэ, эвслээ ч хийнэ. Энэ чинь 90 жил ноёлсон хүчин. Муу талын аргууд ихтэй. Одоо энэ Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр хэрэлдээд л байна. Энэ бол тийм чухал юм биш. Цагаа тулахад тэд нэг орой архидаад л эвсээд гараад ирнэ. Сая тэр Сонгуулийн хуульд дээр МАН буулт хийлээ л гээд байна. Энэ бол худлаа. Тэр санал нь Цэц дээр уначих болов уу. Цэц дээр унана. Хугацаа байхгүй болно. Хуучнаараа явна. Энэ дэлхий дээр 90 жил ноёлж байгаа хүчин байхгүй. Хүмүүс тийм удаан хугацаагаар удирдлага дор нь явахаар уйдчихдаг юм шиг байна. Сая тэр Ливийг хар, Каддафи 1968 оноос хойш, Хойд Солонгост өнөөгийн ноёрхол 1945 оноос хойш, манайх бол 1921 оноос хойш. Ямар ч хүн уйдах байхгүй юу. Тэгээд хийсэн бүтээсэн юм байхгүй. Тэгээд уйдахаараа бухимдах болно. Ийм юмыг давхар давхар алсын хараатай харж явах л ёстой юм даа.

-Уйдахаараа өөр сонголт хийх ёстой юм биш үү. Тэр өөр сонголт гэдэг дээр нь харин Ардчилсан нам байж чадах уу?


-Өөр сонголт хийх гэхээр нөгөө сонголт нь хаана байна аа гэдэг асуулт үүснэ. Өнөөдөр бухимдаж байгаа хүмүүс яаж байна. Ялангуяа бага насны хүүхдийн амиа хорлолт нэмэгдэж байна. Бөөнөөр нь, гэр бүлээр нь устгадаг хэрэг газар авч байна. Энэ нь юунаас болж байна гэхээр ирээдүйдээ итгэх итгэлгүй болж байна. Баян айлын хүүхдүүдийн хэрэглээ хэрээс хэтэрсэн байдаг. Олонхи хүүхдүүд үүнийг хараад, бухимдана, гутрана. Өөрийгөө хүн биш гэж үзэх болно. Өнөөдөр LV-гийн дэлгүүр ороод хар даа. 350 мянган төгрөгийн түлхүүрийн оосор, сая төгрөгийн үнэтэй ороолт, зургаан сая төгрөгийн үнэтэй пиджак костюм хараад хүмүүс бухимдана ш дээ. Насаараа авч чадахгүй энэ зүйлийг нэг өдөр үнэгүй хэрэглээд үзье гэж бодно, нэгэндээ хэлнэ. Хэзээ ч хэрэглэж чадахгүй юмаа нэг өдөрт олох шунал нь дээрэм тонуул болж хувирна. Ямар ч үнээр хамаагүй.

-Энэ дөрвөн жилд Ардчилсан намыг юу хийгээсэй гэж сонгогчид хүлээж байсан бол. Тэр хүлээлтийг гүйцээж чадаагүй юу?

-Харин тийм. Одоо сонгууль болно. Сүүлийн үеийн судалгааны дүнг харахад Ардчилсан намын рейтинг 16 хувь, нөгөө намынх 14 хувь, МАХН 6 хувь байна гэдэг энэ хоёр эвсэхэд Ардчилсан нам ялагдана. Манай намын зарим дарга нар “Бидний үед АН-ын рейтинг өндөр байна” гэж тайлбарладаг юм. МАХН салсан, салахад нь бид нэг их үүрэг роль гүйцэтгээгүй шүү дээ. МАН хоёр салсан учраас бидний рейтинг өндөр яваад байгаа юм.. Ямар ч судалгааг аваад үзсэн манай намын дарга маань эхний 10 улстөрчид байхгүй л байгаа юм. Одоо сонгууль болж байхад бид ийм даргатай яваад орох нь зөв юм уу, үгүй юм уу Эсвэл дарга маань судлагаанаас нэрээ татаад авчихдаг юм болов уу. Би энийг хэлэх, шүүмжлэх эрхтэй, үүрэгтэй хүн. Энэ намаас нэр дэвшээд, ард түмнээс мандат аваад УИХ, Засгийн газарт ажиллаж байгаагийн хувь хэлэх л ёстой. Ардчилсан хүчний ууган байгууллага МоАХ-г толгойлж байгаагийн хувьд ч би хэлэх битгий хэл шаардах учиртай.

-Н.Алтанхуяг тэргүүн шадар сайдын хувьд Засгийн газарт байгаа өөрийн намын сайд нарынхаа байр суурийг хамгаалдаг, энэ талаар алхам хийдэг байх. Та нарт  бололцоо олгох талаар хэр ажилладаг вэ? 


-Өөрөө бол хийсэн л гэж ярьдаг юм. “Ажил явахгүй байна аа” гэхээр “ажил чинь явж л байгаа ш дээ” гэдэг. Би сүүлийн үед уулзах болгондоо ам муруйдаг болсон.

-Одоо АН-ын ҮЗХ хуралдахаар яригдаж байгаа юм байна. Энэ хурлаар намын даргын асуудал хөндөгдөх үү?

-Тэрийг би мэдэхгүй байна аа. Хавар манай ҮЗХ хуралдаад “энэ их том бүтээн байгуулалтыг хийхийн тулд АН хамтарсан засагт байж байг” гэж үзсэн юм. Одоо  тайлангаа тавих цаг болж байна. Олон гишүүд олон талаас юмаа ярина биз.

-Хамтарсан Засгийн газраас гарах цаг нь болсон гэж үү?


-Хамтарсан Засагт ороход чинь манай ҮЗХ хуралдаад санал хураагаад “Монгол Улсын хөгжлийн төлөө” хамтарна аа гэсэн зорилготой орсон. Тэгэхээр ҮЗХ тайланг сонсоод дүгнэлтээ гаргах биз.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив