Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХУВЬСГАЛЧИД, ПОПУЛИСТУУД Л СОНГОГДОНО
2011 оны 11 сарын 4 [Уншсан тоо: 28616]
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр Баабарын “Жамух”-ыг уншаад юу бодож байгаагаа сонирхуулснаар бидний яриа эхлэв. Товчхондоо бол Баабарын зөв ч, “Жамух” болж хувирсан нөхдүүдийн буруу биш гэж тэр дүгнэжээ.

Харин Р.Амаржаргал шиг ухаалаг, эвсэг, үзэл бодол нь дэвшилттэй ч түүгээрээ дарцаг хийж дэрвэдэггүй хэсгийнхнийг бас л Баабар “найс гай” нар гэж нэг удаа хэлсэн санагдана. Яагаад гэвэл...

-Хүмүүс тийм байх ёстой гээд ойлгочихсон, тэрэндээ эргэлзэхээ ч больчихсон зүйл дээр ганцаараа өөр үлдэхээр “хөгшин зөрүүд” нөхөр л харагдах гээд байна шүү дээ. Тухайлбал, Монголд сүүлийн хорин жилд хамгийн төгөлдөржсөн зүйл авлигын тогтолцоо. Хүлээн зөвшөөрөгдөөд нийгмийн үнэлэмжийн төвшинд тогтчихсон зүйл учраас дараагийн үе нь угаасаа ийм л байх ёстой гээд бодоод явчихаж байна. Гэтэл бидний үеийнхэнд тийм үнэлэмж байгаагүй, хэдийгээр ар, өврийн хаалга гэж байсан ч гэлээ. Өнөөдөр нийгмийн зохион байгуулалт, зохицуулалт болоод тогтчихсон авлигыг үгүй хийнэ гээд ганц нэг нөхөр тэмцэхээр ёстой л Дон Кихот болж харагдана. Салхин тээрэмтэй тэмцдэг шиг л...Дээр нь муухай ааштайгаараа хэлүүлнэ. Ингээд бодохоор тэр зүйлстэй тэмцэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу? Арваад жилийн өмнө дөө, би Чойжамц хамбатай ярилцаж байсан юм. “Монголд олон шашин нэвтэрч байна. Тэд хүмүүст ойлгомжтой хэлбэрээр ажиллаж, мультифильм үзүүлээд л, ном хэвлэж тараагаад л байна. Та нар ингэж болдоггүй юм уу” гэж асуусан чинь манай эр ингэж хэлсэн л дээ. “Үгүй ээ, Амараа. Бурхан багшийн хэлсэн үг байдаг юм. Хүмүүст савны хэмжээнд нь тааруулж харьц гэсэн үг байдаг юм” гэж. Нээрээ л савны нь хэмжээнд тааруулж ярих ёстой ч заримдаа эргэлздэг. Үгүй, яагаад би ярилцаж байгаа хүнийхээ савны хэмжээнд тааруулах ёстой юм бэ, харин тэр хүнийг өөрийнхөө савны хэмжээнд татаж ярих ёстой юм биш үү гэж боддог. Энэ зарчмаа хэрэгжүүлэх гээд хичээгээд л байгаа ухаантай. Энд тэнд лекц унших, уулзалт хийхдээ доошоо буухгүй гээд үзээд л байдаг.  Гэтэл хорин жил өнгөрөхөд одоо би өөрөө тэнэг харагдаж эхэлж байна. Тэгсний оронд гоё яриад л, зарим нэг улстөрч шиг юмыг харж байгаад шууд л нэг бол хар, нөгөө бол цагаан гээд хэлчихдэг баймаар санагдах юм. Тэр нь хүнд их амархан хүрч байгааг яана. Өөр юм бодох шаардлагагүй, шууд хар, цагаан гээд харчихна. Хүмүүсийн хамаг толгойн өвчнийг нь аваад хаячихаж байна. Гэтэл мань мэт шиг амьтан хажуугаас нь ороод “Хар ч биш, цагаан ч биш саарал. Тэр завсар, улаан байгаа, ногоон байгаа, шар байгаа, тэд давхцахаар дахиад өөр өнгө гарч ирнэ...” гээд л түмэн юм яриад байх ядаргаатай санагдана биз. Энэ олон өнгийг харж байж юмыг бүхлээр нь ойлгоно, тэгж байж амьдралын зүй тогтол, үнэн байдлыг олж харна гэж хэлэхээр дахиад л “тэнэг” болчихоод байх юм. Ийм нэг тэнэг дурак сууж л байдаг юм гэж харагдахаар олиг байна уу. Тэгэхээр яах ч ёстой юм бэ.

-Цаг үе бүрт өөрийн үнэлэмж байх шиг байдаг. Тэр бүрийг тусгаж авч та өөрөө өөрчлөгдөх, эсвэл өөрийнх дээр бат зогсох хоёр замын тухай л яриа байгаа юм биш үү?


-Үнэлэмж гэдэг зүйл өөрөө хорин жилийн дотор өөрчлөгддөг эд бас биш гэж боддог. Урт хугацааны л юм байх ёстой. Гэхдээ манайх шиг шилжилт хийж байгаа оронд тэр нь амархан хувьсч өөрчлөгдөөд бүрэн гүйцэд төлөвшөөгүй байна л даа. Мэдээж манай хорьхон настай ардчиллаас Кремлийн ордны хүндэт харуул шиг цэх алхахыг шаардаж болохгүй шүү дээ. Бүдрээд л, унаад л, бас ч гэж Монголын ардчилал дэлхий дахинд танигдчихсан. Бусад орныхон асуудаг, яаж ийм байдалд хүрч чадав аа гэж. Гэтэл бид өөрсдөө голоод л байгаа юм. Гэхдээ энэ том давалгааны хажуугаар дайвар гэж зүйлс байдаг ш дээ. Тэр дайврууд нь хэтэрхий томроод байгаад л эмзэглэдэг.

-Хүн цаг үеийнхээ бүтээгдэхүүн, тусгал нь. Түүнийгээ дагаад хувирчихаад байгаа хүмүүсийг зарим маань уучилж чадахгүй байна л даа?

-Би санал нийлж байна. Баабарын бичсэн зүйлийн ерөнхий санаа нь бол хүний муу үзэх гээд байгаа юм биш. Харин юу гэж байна гэхээр яг өгөгдчихсөн байгаа нөхцөл байдал, Монголын эдийн засаг, хүмүүсийнх нь ухамсрын төвшин, ахуй амьдрал нь ямар байгаа билээ. Яг энэ төвшинд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх зүйл бол нээлттэй эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт юм. Үүний эсрэг дуугараад байгаа чинь Монголын эсрэг болчихоод байна. Тийм учраас би чамайг ойлгохгүй, танихгүй байна, бүүр ясжаад уян хатан чанараа алдчихсан байна л гэж хэлээд байгаа юм шүү дээ. Арван жилийн дараа, хорин жилийн дараа энэ шаардлагууд Монголын нийгмийн захиалга болоод гараад ирж магадгүй шүү дээ. Гэвч яг өнөөдөр бол тийм биш шүү. Тийм учир та нар Жамух болчихоод байна гэж өөрийнхөө арга хэлбэрээр олон түмэнд хүргэх гээд байгаа юм. Үүнийг би зөвшөөрч байна. Гэхдээ яг нөгөө талаас харах юм бол тэд бас л нэг тайлбар тавьж л таараа. Энэ бүхэн болохоо байж байна, тэгснээс ингэсэн нь дээр юм байна гээд нэг сонголт дээр гараад ирэхээр өөр. Тэгээд цаг хугацааны фактор байнга үйлчилж байна. Ер нь явсаар байгаад хүн төрөлхтөний түүх гэдэг цаг хугацааны л хүчин зүйл. Тухайн цаг хугацаа яаж үйлчилж байна тэрийг ойлгох ёстой л юм шиг байна.

-Нэр цохогдсон нь З.Энхболд, М.Энхсайхан, Н.Энхбаяр болохоос биш танай үеийнхэн бүгд тийм болсон юм биш үү. Ганцаараа сөрөхөөр таны хэлдгээр “хөгшин, зөрүүд” болж харагдах учраас...

-Бүгд гэж хэлэхгүй. Гэхдээ ихэнх хүмүүс өрнөж байгаа үйл явдлыг хараад “Энэ төр төмөр нүүрээ харуулах ёстой юм биш үү гэсэн зүйл дээр яагаад хатуу байж болдоггүй юм бэ” гэж бодож байна. Яг ний нуугүй хэлэхэд хүмүүс хувьдаа хууль бусаар хуваагаад авчихсан зүйлүүд байгаа ш дээ. Тэнд байж байснаас төрд байж байвал дээр юм биш үү гэсэн хүмүүс олон байгаа. Өнөөгийн нийгэмд ардчиллын өөрийнх нь сул талууд болон илэрч гарч байгаа зүйлүүд бий.  Ардчилал гэдэг чинь ерөнхийдөө дахиад сонгогд л гэсэн үг шүү дээ. Бүр нарийн ярих юм бол нийгмийн баялгийг хуваарилах тухай асуудал л яригдаад байгаа юм. Өмнө нь хаан, дараа нь улс төрийн товчоо мэдээд л хуваарилчихдаг байсан. Одоо бол ардчилал гэхээрээ ард түмнээс сонгогдсон нэг хэсэг хүмүүс болох 76, нийтдээ 300 орчим хүний хүрээнд тэрийг хуваарилалтыг хийх эрх мэдэл ногдож байна. Тэгээд нэг нь нөгөөдөө ахиухан өгчихдөг, өөртөө ч бас авахаа мартдаггүй. Ардчилал гэдэг юм байгаа учраас нийгмийн баялгийг хуваарилах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ дуу хоолойг сонсох хэрэгтэй болж буй юм. Тэгэхээр ардчилал гэдэг асуудалд шийдэл олох механизм, шийдлийг олохдоо ард түмнийхээ дуу хоолойг сонсоно оо л гэсэн үг юм. Тэгээд ард иргэдээ сонсч байж шийднэ ээ гэчихээр яг амьдрал дээр юу болж байна вэ гэхээр “Би чамд өнөөдөр 10 мянгыг өгсөн, маргааш 21 мянгыг өгнө өө” гэдэг л механизм болоод хувирчихаж байгаа юм. Өөр арга байхгүй. Би нөгөөдөр 31-ыг л өгөх байхгүй юу, цаад хүн ч тэрийг шаардаж байгаа хэрэг. Зүгээр янз бүрийн юм ярьж болно, ийм байдаг юм, тийм байдаг юм гээд. Утга нь юу юм бэ гэхээр өчигдөр өгснөөсөө ихийг өгнө, нөгөөдөр бүр ихийг өгнө гэдэг л механизм болж байгаа юм.

-Ард иргэдээ сонсдог төлөөлөл байхын тулд популизм хийхээс өөр аргагүй болж байна. Үүний тулд үзэл бодол, өнгө төрхөө худалд, хувирга гэж үү...


- Дахин дахин сонгогдох хүсэлтэй хүмүүс улам л популизм руу явж байгаа учир шалтгаан, зүй тогтол нь энэ. Үндсэндээ өнөөдөр барууны чиглэлтэй нам байхгүй болчихлоо. Манай нам уг нь барууны нам байх ёстой. Гэтэл заримдаа зүүний намаас зүүн болчихсон яваад байна. Улс төрийн тавцанд барууны нам байхгүй болчихсон. Дээрээс нь нэг аюултай юм гэвэл улс төрийн тавцанд баруун, зүүнээс гадна туйлширсан хэсэг байдаг. Уг нь улс орныг туйлшрагчдын дунд байдаг төв хэсэг нь авч явдаг юм. Оросоор “умеренный” гэдэг. Тэр хүмүүсийн тоо сүүлийн үед их цөөрөөд байгаа. Миний санаа зовж байгаа зүйл тэр.

-Цөөрөхөөс гадна дуу хоолойгоо гаргахаа больсон юм биш үү. Өөрсдийнх нь төлөв байдал нь ч үүнд нөлөөлдөг байх.


-Дуу хоолойгоо ч гаргахаа больчихоод байна, тэрнээс гадна цөөрчихөөд байна. Сонгуулийн тогтолцоо үнэндээ бол тэр умеренный хэсгийг шахаж байна. Энэ хэсгээ шахаж гаргаад, цааш нь түлхээд байна аа гэдэг УИХ-д нэг бол аягүй мундаг популист хүмүүс орж ирнэ. Нэг бол радикал хувьсгалчид орж ирнэ гэсэн үг. Энэ дунд нь амортизатор болоод ажиллаж байдаг тэр хэсэг алга болж байгаа юм. Тэгэхээр дахиад л хүмүүсийн амьдрал сайн байна уу, муу байна уу гэдэг сонгуулийн тогтолцооноос шалтгаалах болж байна. Тэр сонгуулийн хууль Монголын улс төрийн ноён нуруу гэж ярьдаг “араг яс” нь байх юм уу, эсвэл тэр нь зэврээд хоёр туйл руугаа туйлширсан мундаг жадтай, сэлэм эргүүлсэн улс байх юм уу гэдгийг л шийдэх асуудал болж хувираад байгаа юм.

-Үүнийг та УИХ-ын гишүүд дундаа ярьдаг биз дээ. Дэмжлэг авахын тулд тэдэнд  ойлгуулах ёстой биш үү. Тэд л шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс.


-Энэ Их хурал дотор би нэг их олон хүнтэй ярьж байгаагүй. Цөөхөн хүмүүстэй бол  ярьж байсан. За ирэх жил сонгууль боллоо. Их хуралд хэн сууж байх ёстой юм бэ? Өөрийнхөө намынхныг ярихаа больё. Өнөөдүүлээ рекламдчихаж гэнэ байх. Ардын намаас гэхэд Лүндээ заавал байж байх ёстой. Гэтэл Лүндээд гарч ирэх магадлал байгаа юу, үгүй юү. Нөгөө мөнгө, төгрөгтэй, цол хэргэмтэй дуучин, бөх нөхдүүд гараад ирвэл тэр хүн шахагдаад алга болчих магадлал өндөр. Жишээ нь би Д.Дэмбэрэл гуайг байж байх ёстой гэж боддог. Зарим нь “Нас нь явчихлаа, одоо боллоо” энэ тэр гээд ярьдаг. Үгүй ээ, байж л байх ёстой. Тэр хэмжээгээр хий нь гарчихсан. Төрийн ой санамж болоод байж байх ёстой. Манай Гончигоо байж байх ёстой гэж боддог юм. Манай Баабар энэ дотор сууж л байх ёстой. Хүмүүс түүнийг “ярьдаг бичдэг” гээд элдвээр л хэлдэг. Зүгээр сууж л байх ёстой байхгүй юу, энэ 76 дотор. Тэгж байж “хамгаалалтын механизм” бий болох ёстой. Ардчилалд өөрөө өөрийгөө хамгаалдаг тийм механизм нь алга болчихоод байна. Үүний чинь оронд “өнгө, мөнгө” гэдэг зүйл орж ирсэн. Ажиглаад байхад хүний ч бай, өөрийн ч бай, энэ том хөрөнгө оруулагчид Монголын төрийг хүчтэй байлгахыг хүсдэггүй юм байна. Тэдэнд хүчтэй, ухаантай улс төрийн нам байх ашиггүй. Бодлоготой, баримтлалтай улс төрийн хүчин биш нөгөө “манан” гэдэг шиг зүйл байлгах сонирхолтой. Арга ч үгүй байх. Харин тэгэхээр энэ олон эрх ашиг огтлолцож байгаа уулзвар дээр төрийн дархлаа, ой санамж, дэг жаяг, жудгаа авч үлддэг, хадгалдаг тэр механизм энэ дотор үгүйлэгдээд л байгаа юм даа.

-Сонгуулийн хуулийн талаар бүлэг дээр байр сууриа илэрхийлдэг л биз дээ? Тэдний өмнө гараад манлайлаад, үүнийгээ яриад яваасай гэж танаас хүсэх хүмүүс олон байгаа даа?  

-Би өөрийнхөө байр суурийг сүүлийн хоёр жил ярьж байна. Пропорциональ тогтолцоог ярья гэж. Энэ бол гайхамшигтай тогтолцоо биш ээ. Гэхдээ Монголын өнөөгийн хөгжлийн төвшинд пропорциональ давамгайлсан, болж өгвөл 100 хувь пропорциональ тогтолцоо байх хэрэгтэй. Магадгүй 10 жилийн дараа байдал ондоо болно. Яг өнөөгийн төвшинд бол миний дээр хөндөөд байгаа асуудлуудыг ямар нэгэн байдлаар хадгалж үлдэх механизм гарцаагүй байх ёстой юм. Үүний тулд пропорциональ тогтолцоо байх хэрэгтэй гээд үзээд л байна.

-Үнэнийг хэлэхэд үүнийг ойлгож, дэмжиж байгаа гэдэгт өөрийн бүлгийнхэндээ ч найдах хэцүү байгаа биз дээ?

-Хэцүү, хэцүү. Сонгуулийн хуулийг хүн болгон өөрийнхөөрөө харж, дахин сонгогдох магадлал хэдэн хувь байна вэ гэдгээ л харж байгаа. Үүнд нь тэднийг буруутгаад байх ч арга байхгүй. Гэхдээ л хийх ёстой.

-УИХ-ын гишүүдийн хувьд жинхэнэ утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй хуулийг батлах гэж байгаа. Гэхдээ аливаа шинэчлэлийг парламент дотор л хийх ёстой. Өмнөөс нь хийж өгөх газар байхгүй шүү дээ?

- Байхгүй, байхгүй. Туршлага, сэтгэлийн тэнхээ, хат... гэдэг орчуулахад ч хэцүү, ойлгоход ч хэцүү нэг томьёонууд байна шүү дээ. Бодитой үгүйлэгдэж байгаа эдгээр зүйлс л үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой юм.

-Парламент дотор хийж чадахгүй бол үүнийг парламентын гадна гудамжинд хувьсгалын замаар хийнэ гэж яригсад улам олшрох болно шүү дээ?

-Яг тэгнэ. Үндсэн хуулиар ногдуулсан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өмнөөс нь хэн нэгэн хүн хийнэ. Гэхдээ тэрнийх нь үнэ өртөг асар өндөр байх болно. Одоогийн байдлаар бол Сонгуулийн хууль батлагдах магадлал маш бага. “Батлах магадлал өндөр байна, батлагдана” гээд сайхан яриад байгаа. Явж явж байгаад 12 дугаар сарын 1 гэж нэг хууль баталлаа гэж бодьё. Арван хэдээр зогсохгүй иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана. Тэгээд Цэц нь сар хэлэлцэж байгаад “Үндсэн хууль зөрчжээ” гэсэн шийдвэр гаргах юм бол 2008 оныхоо орчинд л сонгуулиа явуулна. Үүнээс өөр гарц байхгүй.

-Холимог тогтолцоо нэртэй боловч үр дүн нь өмнөхөөс ялгаагүй өөрчлөлт хийвэл түүнээсээ ч илүү муу урхагтай. Шинэчлэл хийгээд ч нэмэргүй юм байна, тогтолцоондоо асуудал нь байдаггүй юм байна гэсэн ойлголт нийгэмд төрүүлбэл шинэчлэл дахиад олон жилээр хойшилж, энэ хэрээр хохирол амсах болно. Тэгснээс бараг энэ хэвээрээ байсан нь дээр юм биш үү?


-Яг тэр хувилбар л яваад байна. 28 тойргийг пропорционалиар, 48-ыг мажоритариар явуулна гэдэг чинь тийм зүйл рүү явж байна л гэсэн үг. Улам л “төгөлдөршүүлж” байна даа. 

-Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байгаа үе. Төсвөөс онцлох зүйл юу байна?

-Ний нуугүй хэлэхэд би сонгуулийн төсвийг ярих дургүй. Одоо бол сонгуулийн төсөв л ярьж байна. Их гоё, гоё амлалтуудтай. Харахад тэр дунд дутуу юм алга. “Тойрог дээр чинь ийм тийм зүйл хийнэ, өчнөөн төчнөөн төгрөг зоогдчихсон байгаа биз дээ” гээд очоод ярихад их урамтай төсөв хийгдсэн л байна. Чухам үүний цаана ямар бодлого, юу байгаа юм бэ гээд харахаар юу ч байхгүй. Тийм учраас би энэ төсвийг ярих их дургүй. За яахав, хэлэлцэнэ биз, батлана биз. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд төсвийн албан хаагч, ахмадууд цалин, тэтгэврээ авах ёстой юм чинь батлах л болно. Тэгээд хурдхан шиг сонгууль нь болоосой, сонгууль болсны дараа ялсан хүчин нь Засгийн газраа байгуулаад тодотгол хийгээд бодлогоо гаргасан төсвөө батлаасай гэсэн л хүсэл байна. Бодлогоо тусгасан төсвөө гаргаж ирнэ гэдэг чинь хамгийн өөдрөг хувилбараар бодоход ирэх оны наймдугаар сар. Найман сараас наана ажил хийх ёстой хамаг хугацаа урсчихна. Үндсэндээ бүтэн жилийг алдах болно.

-Эдийн засгийн өсөлтийг их өндөр тусгасан байна лээ. 25 хувь гэж?


-Тийм. Баярлахад хэцүү, уйлахад ч хэцүү л байгаа юм. Би нэг зүйлийг их дээр үеэс ярьж байгаа. Чи өөрийнхөө хөдөлмөрөөр хийж байгаа юмаа л өсөлт гэж ярь. Өөрөө хийгээгүй бүтээгээгүй юмаа өсгөчихсөн юм шиг битгий яриад бай гэж.

-Тэр өсөлт бол баялгаа зараад олсон мөнгө л байх гээд байна. Тийм болохоор баярлахад эрт гэж үү?


-Тийм, нөгөө уул уурхай л даа. Ухаад гаргаад ирж байгаа өсөлт болохоос биш нэг их хөлсөө дусаагаад шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи гаргаад үр дүнд нь шинэ салбар бий болгоод олчихож байгаа өсөлт биш. Тийм учраас тэр хорин хэдэн хувийн өсөлт гэдэгт би л ямар ч байсан хууртахгүй.

-Уг нь шинэ бүтэц бий болгож, баялаг үйлдвэрлэгдэж  байж энэ их мөнгө маань хүндээ наалдсан хөгжил, өсөлт болно гэж үү?


- Өнөөдөр уул уурхай гээд байгаа тэр том баялгийг хуваарилж байгаа механизм нь 21 мянган төгрөг л юм даа. Аргаа ядсан механизм. Аргаа ядаад л ийм механизм хэрэглэж байгаа юм. Үүнийг орлох юм алга. Хүмүүс гайхаад байгаа нь зөв шүү дээ. Хорин хэдэн хувь өслөө л гэх юм миний амьдралд өссөн зүйл мэдэгдэхгүй байна гэж. Энэ баялгийн хуваарилалт нэг хэсэг дээр дэндүү их төвлөрөөд, илүү ихийг өөрсдөдөө авчихаж байна. Үүнийгээ халхавчлаад хуваарилалтыг иргэд рүү чиглүүлсэн гээд 21 мянган төгрөгийн төвшинд ярьж байгаа байх л даа. Өгсөн хуваарилсан дүртэй халхавч.

-Таныг Ерөнхий сайд байхад төсөв ч хэцүү бүрддэг байсан байх. Эдийн засгийн өсөлт ч амаргүй зүйл байсан байх.

-Тэр үе хэдийнэ эдийн засгийн өсөлт ороод ирсэн үе л дээ. Гэхдээ тэр өсөлтийг авчрахын тулд өмнөх сайдууд маш хүндхэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн, би ч амаргүй зүйлүүдтэй нүүр тулсан. Адаглаад л өнөөх банкны өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Нэг их сүрхий амьтан болж харагдах гээд байгаа юм биш шүү. Естой нөгөө “баас, шээсийг” цэвэрлэж бүгдийг л хийсэн. Тэгж байж эдийн засагт мөнгө чөлөөтэй, найдвартай урсдаг болоод явсан.

-Тийм бодлого хийдэг Засгийн газар байхгүй болж мөнгө тараадаг Засгийн газар л бий болоод байна даа.

-Ингээд мөнгө их болчихоор хүмүүс макро бодлогыг харахаа больчих юм. Сэтгэлд гоё санагдсан юмнууд л харагдаад байдаг. Төсвийн орлого орж ирээд байдаг, алдагдал харагдахаа больчихдог, тийш нь ч өгчихмөөр, ийш нь ч хуваарилчихмаар болоод л бүх юм нь гоё харагдаад байдаг. Гэтэл үүний цаана ямар аюул байж болох вэ, ямар тэнцвэргүй байдал үүсч болох вэ, уялдахгүй тасалдаад байгаа юм хаана байж болох вэ, гинж хаана тасарч байгаа вэ гэдгийг халхалчихаж байгаа юм. Наагуур нь нэг их гоё гялгар уут тавьчихсан. Энэ бол түр зуурын л зүйл шүү дээ.

-Тэр уутыг аваад харья л даа, таны нүдээр?


-Тэр гялгар уутыг аваад харах юм бол манай эдийн засаг тун бүдүүлэг, тун хоцрогдсон бүтэцтэй хэвээрээ л байж байгаа.

-Тэр хэрээрээ найдваргүй, эмзэг... Харин одоо яах ёстой вэ гэдэгт хариулт өгөх үү?

-Яахав, ярихад их амархан. Төсвийн орлого талыг их нэмэгдүүлж байна. Тэр орж ирсэн мөнгийг чи бүтцийн өөрчлөлт рүү чиглүүл. Тэр нь юу юм бэ гэхээр чи хөрөнгө оруулалт руугаа л хийгээд бай. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд рүүгээ хий гэсэн үг.

-Манай эдийн засаг маш хялбар бүтэцтэй. Тэр тусмаа эмзэг найдваргүй боловч удирдан жолоодоход тэр хэрээрээ амар хялбар биш үү?

-Уг нь их амархан. Гэтэл үүн дээр чинь субъектив хүчин зүйлүүд орчихоод байгаа юм. Тэр тусмаа хувь хүмүүсийн амин хувийн эрх ашгийг ороод ирж байна. Баялгийн эзэн байя гэдэг утгаар л тэр хуваарилалтыг хийж байгаа баг дотор орох сонирхол их байна ш дээ. Тэр өрсөлдөөн тун зовлонтой байна. Миний хэлэх гээд санаа юу гэхээр одоо төрийн хувьцаат Тавантолгой дээр алалцаан болж байна. Нөгөө бүх сайд дарга, бүх эрх мэдэлтэй хүмүүс машин бариад тэнд оччихсон. Би тэр нүүрсийг чинь зөөнө гээд алалцаж байна шүү дээ.

-Улс төр гэдэг баялаг хуваарилах багт орох арга зам болж хувирч байна гэж хэлж байна уу?


-Улс төр гэж тэр л болчихоод байна. Би яаж тэр Тавантолгойн баг дотор орох вэ, яаж Оюутолгойн багт орох вэ. Хувьдаа яаж ахиухан олох вэ гэдэг логик л яваад байна. Тэр л гол санаа нь. Гэхдээ тэрийгээ гоё чихрийн цаасанд боогоод сайхнаар томьёолоод “эх орон”, “тусгаар тогтнол” гээд нэр хаяг өгөөд байна.

-Ингэхэд та Оюутолгойн гэрээнд ямар үнэлгээ өгч байна вэ?

-Би гэрээнд сэтгэл хангалуун биш. Гэхдээ нэг зүйлийг харж байна. Өгөгдсөн тухайн нөхцөлд үүнээс илүү гэрээ хийх бололцоо байхгүй. Угаасаа л бид ямар байсан тэрнийхээ үнэ цэнийг л төлж байгаа юм. Бид арчаагүй байсан, бид өөрсдөө мэдлэггүй байсан, бид өөрсдөө туршлагагүй байсан. Хувийн ашиг сонирхлоо улсынхаасаа дээгүүр тавьсан. Бүх юм явсаар байгаад тэр гэрээн дотор тусгалаа олоод л гараад ирсэн. Өнөөдрийн бидний бодит байдлын төвлөрсөн илрэл нь тэр. Улс төр өнөөдөр ямар байна, яг тэр хэвээрээ гэрээн дээр илэрч байна. Улстөрийн зан араншин ямар байна, яг тэрний цогц илрэл нь. Би тэгж л харж байгаа.

-Өөрсдөө өөрчлөгдөөгүй байгаа цаг өнөөдрийнхөөсөө илүү гэрээ хийх бололцоогүй юм байна гэж ойлголоо. Тэгэхээр гэрээгээ өөрчилье гэж одоо ярих нь үр дүн муутай хэрэг биш үү?

-Хоёр жилийн өмнө гэрээ байгуулсан юм байж. Гэхдээ үүнийг боловсронгуй болгох бололцоо байна уу гэвэл тэр орон зай нь байгаа. Тэрэн дээр Засгийн газар санаачилгагүй ажилласан. Идэвхгүй хандсан. Уг нь УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу ажиллах ёстой байсан. Үндсэндээ тэрийгээ орхичихсон учраас хүмүүс бухимдаад байгаа нь зөв шүү дээ.

-Эрх ашиг нь ханасан учраас Засгийн газар ажиллахгүй орхичихсон юм байгаа биз дээ...


-Тэгж орчуулж болно. Олон хүн тэгж ойлгож байгаа.

-Дараагийн Засгийн газар их зүйл хийх түүхэн үүрэгтэй. Энэ бүх гажуудлыг залж, өсөлтийг хөгжил болгох бодлого, сэтгэл, хариуцлага дараагийн үеэс нэхэгдэж таараа?

-Яг ний нуугүй хэлэхэд дараагийн сонгуульд Ардчилсан нам ялаасай гэж хүсч байна. Энэ хорин жилд бид бас ч гэж тулхтай улстөрийн хүчин гэдгээ харууллаа. Их ч юм ойлголоо, их ч юм сурч авлаа. Их ч юм шийдсэн. Одоо үнэхээр нэг олонх болж яг өөрийнхөө бодлогыг дан хар толгойгоороо хэрэгжүүлээд шийдээд явах юм сан гэж хүсч байна.

-Үнэндээ өөр намд найдвар харагдахгүй байгаа гэж болох байх. Учир нь өмнөх сонгуулиар л гэхэд МАХН-д хөгжлийн бодлого байгаагүй. Ардчилсан намд иргэдэд баялгийн хувь эзэмшүүлэх идей байсан бол МАХН-д тэрийг давж гарах том амлалтыг хар зоригоор хийсэн. Одоо ч гэсэн “Эдийн засгийн хувьсгал” гэдэг шиг шинэ санаа МАН-аас сонсогдохгүй л байна?


-Тийм. Бид бас ч гэж 10 чиглэлд бодлого боловсруулаад, уул уурхайн баялгийг хувь хувьцаагаар эзэмшүүлнэ гээд концепци гаргаад ирсэн. Гэтэл МАХН-ын 1,5 сая гэдэг нь цэвэр сонгуулийн тактик л байсан. Хөгжлийн концепци сонин биш, ямар ч байсан нугалж амлах ёстой юм байна, өөр ямар нэг арга байхгүй гэдэг тактикаар явсан. Нэг сая, гэхдээ “хувьцаа” гэж Ардчилсан нам дэвшүүлж байхад 1.5 сая, тэгэхдээ “төгрөг” гээд амлачихаж байгаа байхгүй юу.

-Олонх болсон ч МАН танай намтай хамтарснаараа Засгийн газар нь хийх ажилтай дөрвөн жилийг өнгөрөөлөө. Танай бодлогыг хэрэгжүүлэхийн тулд. Хэрэв хамтраагүй байсан бол өөр юу хийх байсан бол? “Эдийн засгийн хувьсгал” гэдэг ирэх сонгуульд дэвшүүлэх танай бодлого. Энэ хувьсгалаар яг юу хийх юм бэ?

-Бид амьхандаа бүх аймгуудаар энэ асуудлыг яриад явчихлаа. Яг одоо энэ маань ямар хэлбэрээр тухайн суманд яаж хүрэх юм бэ гэдгийг судлаад яваад байна. Энэ долоо хоногийн төгсгөлд Өмнөговьд “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн төгсгөлөө хийгээд, хотод дүүргүүдээр хэлэлцүүлгээ үргэлжлүүлнэ. Тэгээд цуглуулсан тэр их материалаа нэгтгээд ерөнхий дүр төрхөө гаргана. Ерөнхийдөө юу хийхээ бид гадарлаж байгаа. Ийм, ийм чиглэлд тийм тийм зүйл хийх ёстой гэдгээ.

-Өнөөдөр Ардчилсан намын удирдлагын төвшинд бодлоготон байхгүй боллоо гээд л шүүмжилдэг. Та санал нийлэх үү?


-Бас тийм биш. Манай Ардчилсан намын нэг онцлог юу вэ гэхээр албан тушаалтан хүүмүүсээсээ гадна намын ой санамж, оюун ухааны цөм нь болж байдаг хүмүүстэйгээ албан болон албан бус байдлаар холбоотой байдаг. Манай Да.Ганболд дарга гэхэд байж л байна. Толгой нь бас лут шүү дээ. Гэхдээ бүрэн хэмжээнд ашиглаагүй л байна.

-Та түрүүн хэллээ. АН төрийн эрхийг хэрэгжүүлэх эрх мэдлийг авах сан гэж. Хэрэв энэ биеллээ олоод жишээ нь та Ерөнхий сайд болбол юу хийх вэ?

-Дээр хэллээ ш дээ. Бидэнд тэр санаанууд тодорхой байж байгаа. Эцсийн эцэстээ дэд бүтцийг хөгжүүлэх ёстой. Чамд нэг өмч байна. Чи нэг хашаа байшинтэй. Тэр бол чиний актив, өмч. Төрийн бодлого юу гэхээр чиний өмчилж байгаа тэр зүйлийн үнэ цэнийг л өсгөх ёстой. Тэр хашаа байшин руу хүрдэг зам байхгүй бол үнэ цэн нь доогуур л байна. Чиний байшингийн доогуур халаалт, халуун ус орж ирээгүй бол үнэ цэн доогуур л байна. Тэгтэл чиний хашаа руу хүрдэг зам тавьчих юм бол үнэ цэн нь өсөөд явчихна. Эдийн засгийн бодлого, төрийн бодлогын утга учир гэдэг чинь ард иргэдийнхээ өмчлөлд байгаа юмны үнийг тасралтгүй өсгөх тэр ажлыг л хийх ёстой юм. Нэг жижигхэн наймаа хийх гээд чи Ховд явдаг. Түүнийгээ хийх гээд өнөөдрийн энэ замаар давхиад машинаа эвдээд, тэгээд хоёр гурав хонож хугацаа алдаад тэр бизнесийн чинь үнэ цэн тэр хэмжээгээр доогуур л байна. Харин дардан зам тавьчихвал чи ердөө 12 цагийн дотор Ховдоос наашаа давхиад ирэх юм бол чиний бизнесийн үнэ цэн өсөөд л явчихаж байгаа юм. Өнөөдөр Замын-Үүдийн хүчин чадлыг гурав дахин өсгөчихвөл Улаанбаатар, Монгол даяар бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бизнесийнх нь үнэ цэн дагаад өсөөд явах юм. Энэ бол ердөө гол философи. Ийм л бодлогыг бид хэрэгжүүлэх ёстой. Үүнийг юугаар дамжуулж хийх вэ гэхээр дэд бүтцээ хүргэж өгье. Цаашаагаа үйлдвэржүүлэлтийн төвүүд бий болоод явчихна. Нефть химийн үйлдвэр бүрэн хөгжих бололцоотой гэж би боддог. Нүүрсээ зүгээр олборлоод гаргаад байх биш тэрийг дагаж гарч ирдэг дайвар бүтээгдэхүүн түүхий эдийг ашиглан цоо шинэ салбар үүсэх бололцоо харагдаж байгаа.

-Одоо үүнийг хийхэд мөнгө дутагдана гэж байхгүй биз дээ. Шилжилтийн Засгийн газруудын үед мөнгө олох л хамгийн том асуудал нь байдаг байлаа?

-Мөнгө дутагдана гэж байхгүй. Тэр үед амьд байх уу, үгүй юү гэдэг л аминд тулсан асуудал байлаа. Одоо бол бид хөгжлийн тухай ярьж байна шүү дээ. Тэр хөгжлийн механизм нь юу байх вэ гэдгийг л ярих ёстой. Бодлого, хамгийн гол нь эв нэгдэлтэй, хариуцлага үүрээд явах чадвар, “Бид чадна” гээд хэлээд гараад ирэх л хэрэг байна.

-Өнөөгийн Засгийн газрыг шүүмжилдэг нэг өнцөг бий. Улсын ажлаас түрүүнд амин хувийн ажлаа амжуулдаг гэж. Та санал нийлэх үү?

-Тэрийг чинь өрөөл бусдаас их сонсч байна. Арван хүнтэй уулзахад ес нь тэгж хэлж байна. Буруу яваад байна л гэсэн үг.

-Одоо Засгийн газрын буруу зөвийг ярих хугацаа үлдсэнгүй. Жилийн өмнө бол Ардчилсан нам дүн тавиад мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт муу гэж шүүмжилж байлаа. Өнөөдөр үүнийг сөхөх шаардлагагүй болсон уу?

-Одоо Засгийн газрын сайн, мууг ярих л байх. Юманд бодитой хандах ёстой. Мэдээж шүүмжлүүлэх ёстой, тэрний төлөө цалин аваад сууж байгаа хүмүүс. Ажил хийх ёстой. Хийх ёстой ажлаа бол олигтой хийхгүй байгаа. УИХ-д оруулж ирж байгаа хуулиудаас нь л Засгийн газар ямар төвшинд ажиллаж байгаа нь харагддаг. Ёстой нэг цалгайрч, назгайрчихсан, намайг хэн хэллээ, нохойг хэн саалаа гэсэн шиг.

-Гэтэл эдэн шиг бүх бололцоогоор хангагдсан Засгийн газар байгаагүй биз дээ. Сөрөг хүчин гэж алга, хүний өөрийн нам хоёр талаас нь түшээд байж байна шүү дээ?

-Ёстой үнэн. Дэндүү том бололцоо байсан. Тэр бололцоог дутуу ашигласан гэж дүгнэхээс л өөр арга байхгүй.                 

-УИХ-ын гишүүний хувьд ямар хууль, төсөл дээр ажиллаж байна?

-Санаачилсан хуулиуд дотроос хоёрыг нь л онцолмоор байна. Би өөрөө гар бие оролцож, ажлын хэсэгт нь багтсан Концессийн хууль гэдэг бодлогын баримт бичиг батлагдсан. Тэр бол ерэн оноос хойш гарч ирсэн агуулгыг өөрчлөхөд чухал зүйл болсон. Зүгээр хэрэгжилт тал дээр нь аваад үзвэл үнэнийг хэлэхэд концессийн хуулийн маань философийг төрийн захиргааны байгууллагууд ойлгоогүй, хэрэгжүүлэх механизмаа тодорхойлоогүй байгаа тал бий. Гэхдээ ямар ч байсан эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгсөн, цаашид их хэрэг болно. Үүнд гар бие оролцож хийсэндээ би энэ дөрвөн жилийнхээ гавьяаг гэж бодож байгаа. Хоёр дахь нь Төсвийн тухай хууль. Энэ хууль гарснаар асуудал их цэгцэрч байгаа. Төрийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль энэ тэрийг нэгтгээд Төсвийн тухай хууль болж гарсан. Их дажгүй хууль болсон. Ямар ч байсан нэг жил уг хуулиар яваад үзье. Юуны тулд байнгын ажиллагаатай парламенттай билээ. Болохгүй бол тухай тухайн үед нь засвар хийгээд явчихья. Энэ хуулийн нэг онцлог нь гэвэл орон нутгийн удирдлагыг эдийн засгийн хувьд баталгаажуулахад их анхаарсан. Бие даасан байдлыг нэлээн хангаж өгсөн.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив