Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАН ЭР ЗОРИГИЙН ШАЛГУУРЫГ ДАВАХ УУ?
2011 оны 6 сарын 9 [Уншсан тоо: 27216]
Төр бол үндэсний аюулгүй байдлын дотоод эх сурвалж. Энэхүү механизм эрүүл, шударга, тогтвортой, тунгалаг бус байх аваас төр өөрөө үндэсний аюулгүй байдалд “заналхийлэгч” болж хувирдаг аж. Энэ бол өнгөрсөн жил шинээр батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гол тулгуур.

Харин аюулгүй байдлын баталгаа нь ардчилал, тэр дундаа парламентын ардчилал гэж үзвэл парламентын сонгуулийг явуулах хууль эрх зүйн орчин дархлал сайтай байх ёстой. Гэвч өнөөдөр дархлалын олдмол хомсдолын /ДОХ/ вирусээс сонгуулийн тогтолцоог хамгаалж чадах эсэх хариуцлага ард түмний гарт биш хоёр том намын эрх мэдэлд байна. Ийм учраас л УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуулийн төсөлд олон нийт, хэвлэл мэдээлэл анхаарал хандуулж, намын бүлгүүдийн байр суурийг дэнсэлж буй хэрэг.

Сонгуулийн мажоратор тогтолцоо нь сонгогчдын санал үлэмж гээгддэг сул талтай. 2000 оны сонгуулиар МАХН сонгогчдын 50.4 хувийн дэмжлэгийг авсан хэрнээ парламентын суудлын 96 хувийг авч байв. Мөн нэг тойрогт дөрвөн нэр дэвшигч байлаа гэж бодоход тэдгээрийн хамгийн өндөр саналтай нь буюу дор хаяж сонгогчдын 30 хувийн санал авсан нь парламентад орох эрх авна. Энэ тохиолдолд сонгогчдын 70 хувийн санал парламентын гадна үлдэж байгаа хэрэг. 70 ба 30 хувийн аль нь олонх вэ? Түүнчлэн олон жижиг тойрогт хуваах тусам нэг тойрог дахь сонгогчдын тоо цөөрч, тэдний саналыг худалдан авахад илүү хялбар болно. Тэр тусмаа өнөөдөр компаниуд хүчирхэгжиж байгаа нөхцөлд гадаад гүрний болоод дотоодын бизнес, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг бүхий этгээд тойрог худалдаж аваад Их хуралд ороод ирэх магадлал өндөрсч байна. Нэг үгээр бол цаашид мажоратор тогтолцоогоор сонгууль явуулах нь аюулгүй байдлын баталгаа болсон ардчилсан парламентын дархлалыг сульдуулах магадлалтай болжээ. Аюулгүй байдлын дотоод эх сурвалж болсон төрийг аюулгүй байдалд “заналхийлэгч” болгон хувиргах уу, үгүй юү гэдэг асуудал сонгуулийн тогтолцооны ард зангилагдаж байна. Тэгвэл бидэнд байгаа сайн хувилбар болох пропорциональ тогтолцоог хуульчлах эр зориг өнөөгийн УИХ-ыг бүрдүүлж байгаа хоёр намд байна уу?

Пропорциональ тогтолцооны шинж чанар давамгайлсан холимог хувилбар болох 50х26 гэсэн хувилбарыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг тууштай хамгаалах байр сууриа даваа гаригт болсон бүлгийн хуралдаанаараа юутай ч дахин бататгалаа. Харин МАН-ын бүлгийн хувьд мажораторын элементийг илүүтэй хадгалсан 26х50 гэсэн хувилбарыг зүтгүүлсэн хэвээр. Хамтран засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хоёр намд өнөөхөндөө зарчмын зөрүүтэй асуудал нь Сонгуулийн тухай хууль болчихоод байна.

УИХ-ын гишүүд энэ удаад жинхэнэ сонгодог утгаараа сонирхлын зөрчилтэй асуудалтай нүүр тулаад буй нь энэ. Өнөөгийн жижиг тойргийг хуулиар хадгалан үлдэж, өөрсдөө дахин сонгогдох магадлалаа бататган үлдэх сонирхол хэн, хэнд нь бий. Гэтэл улс, үндэстэн олон нийтийн эрх ашигт өнөөгийн тогтолцоог задлах нь илүүтэй нийцнэ. Ийм л эрх ашиг, сонирхлын зөрчил хөл хавчсан гутал шиг шаналгаж буй.

Үнэндээ МАН эрх мэдлээ хадгалах явцуу эрх ашгаа хамгаалсан, жижиг намуудыг шахсан улс төрийн сонирхлоо хазаарлах эр зоригоор дутаж байна. Намын бүлэг нэгдээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа энэ тохиолдолд шинэчлэлийг хүссэн хувь улстөрчдийн эр зориг, хүсэл эрмэлзэлд найдахаас өөр аргагүй.

2008 оны сонгуулийн дараа “сонгуулийн төгөлдөршил”-ийг хамтарсан Засгийн газрын улс төрийн зорилго болгон дэвшүүлсэн С.Баяр, Сонгуулийн хуулийн төсөл дээр УИХ-ын ажлын хэсгийг ахалж жил гаруй ажилласан УИХ-ын дэд дарга Н.Энхболд, тогтолцооны маргаанаас болж УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтаас сар шахам ухарсан Сонгуулийн хуулийн төслийг хүчлэн байж хэлэлцүүлэгт оруулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар гээд нам дотроо нөлөөлж чадахуйц зарим улстөрчдөд энэ найдварыг тавьж, ачааны хүндийг үүрүүлэхээс өөр замгүй. Ардчилсан нам одоо тэдний амыг харж, аялдан дагах уу, аль эсвэл байр суурь дээрээ баттай зогсч, парламентын гаднаас дэмжлэг авч тэмцэх үү гэдэг асуулт л үлдэж байна.

Хоёр намын тогтолцоо руу хүссэн, хүсээгүй шахдаг хуулиа өөрчилж, парламентын гадна орхигдсон бусад нам хүчний дуу хоолой, үйл ажиллагаа, хяналтыг танхимд оруулах эрмэлзэл хүсэл энэ нийгэмд үүсээд байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив