Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЭВЕРЕСТИЙН АВИРАЛТ СЭТГҮҮЛЧДИЙН МӨРӨӨДӨЛ ДЭЭРБОССОН
2011 оны 5 сарын 31 [Уншсан тоо: 37100]
Зургаан жилийн өмнө тавдугаар сарын 30-нд Монголын уулчин Г.Өсөхбаяр Эверестийн оргилд гарсан юм. Монгол хүн анх удаа дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан амжилт, ялалтыг дурсч сэтгүүлч, уулчин Д.Баярнямтай ярилцлаа. Яагаад гэвэл энэ хүн Эверест оргилд монгол хүний мөрийг гаргах аяллын санаачлагч, зохион байгуулагч нь юм.  

-Өнөөдөр /өчигдөр/ монгол хүн анх удаа дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд хөл тавьсны зургаан жилийн ой тохиож байна. Зургаан жилийн өмнөх тэр өдрийг заавал дурсах ёстой. Тэр дундаа энэ гайхамшигт үйл явдлын “зохиогч” нь сэтгүүлчид байсан гэдгийг дурсах ёстой гэж бодлоо. Танд энэ санаа хэзээ, хэрхэн төрсөн юм бэ?

-Анх “Аяллын цаг” хэмээх тойрон аяллын нэвтрүүлгийг бид 1996 оноос хийж эхэлсэн юм. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэх явцад Аялагч сэтгүүлчдийн холбоог байгуулах санаа төрж, 1998 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Байгаль хамгаалал, экологи, аялал жуулчлал, танин мэдэхүй, бас дээр нь экстрем спорт хослуулсан чиглэлийг төрөлжүүлэн хөгжүүлье гэж зорьсон хэрэг. Энэ чиглэлээр сонирхдог, бичдэг, санаа зовдог сэтгүүлчид санаа нэгдэн дээрх холбоог байгуулж байлаа. Тэгээд энэ холбоо “Аяллын цаг” нэвтрүүлгийнхээ шугамаар Монголдоо хэд, хэдэн ууланд авиралт хийсэн юм. Зөвхөн уулын авиралтыг биш Монгол орны газар зүй, байгалийн сайхныг танин мэдрүүлэх, үзүүлэх, уншуулах, ойлгуулах зорилгынхоо дагуу ууланд явсаар байгаад сүүлдээ “Эверестэд авирья” гэдэг санаа, сэдэлд хүрсэн дээ. Энэ саналыг манай Аялагч сэтгүүлчдийн холбооны хамгийн дотно туслагч, зөвлөх байсан Отряд гуай хамгийн түрүүнд дэмжин хүлээж авсан юм. Бид хоёр ярилцаад монгол хүний мөрийг Эверестийн оргилд гаргая, төрийн далбаагаа мандуулья гэдгийг санаа төдий биш зорилго болгоё гэж шийдсэн. Тэр үед олон уулчин Эверестэд авирах хүсэл мөрөөдөлтэй байсан. Гэхдээ тэр хүсэл мөрөөдөл нь яагаад ч юм бэ, хаа нэг газар гацчихаад байлаа. Уулын холбоо ч гэдэг юм уу, улс төрийн асуудал ч байдаг юм уу...

Ер нь гол нь мөнгөн дээр гацдаг байсан л даа. Тэр үед Эверестэд авирахад олон жилийн өмнөөс очер, дугаар авдаг гэдэг ойлголт байв. Яагаад заавал ямар нэг байгууллагаар дамжуулах ёстой юм бэ, яагаад хувиараа явж болдоггүй юм бэ гэдэг санааг Отряд гуай гаргаж байсан. Тэгээд хоёулаа хэнийг Эверестийн авиралтад сонгох вэ, хэн тэнд гарч чадах вэ гэдгийг ярилцаж эхэлсэн. Отряд гуайн хувьд Монголын үе үеийн уулчид, тамирчид, дасгалжуулагчдыг мэдэх хэмжээнд хүрчихсэн туршлагатай. Үүндээ үндэслээд Г.Өсөхбаярыг л хамгийн өндөр магадлалтай тамирчин гэж үзсэн. “Өсөхөөг дэмжиж, өөртөө татаж аваад хамтран ажиллаарай. Бусад уулчидтай харьцуулбал энэ хүү л Еверестэд гарах бололцоотой. Их багаасаа ууланд авирсан, их сайн багш нартай” гэж надад захиж байсан юм. Бас дээр нь байгалийн өгөгдөл сайтай. Ингээд Өсөхбаярыг багтаа авч, Аялагч сэтгүүлчдийн холбоондоо элсүүлсэн. Бас Эрдэнэтийн Мягмарсүрэн гэж уулчин байсан. Ер нь авирах багийн бүрэлдэхүүн бол Отряд гуай, Өсөхөө, Мягмарсүрэн бид хэд гэж товлож байсан юм. Гэтэл ингэж ярьж эхэлснээс хойш мөнгө хөөцөлдөж, 2005 онтой золгох хооронд хоёр маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Тэгээд Өсөхөө бид хоёртой хамт Эверестэд найруулагч Р.Тулга авирсан шүү дээ. Яагаад түүнийг сонгосон гэхээр тэр миний багын найз, бас бидний авиралтын зургийг авах хүн хэрэгтэй гэж бодож сонгосон л доо.

-Үнэнийг хэлэхэд таныг Эверестэд гарна гэж ярих бүрт чинь итгэдэггүй байлаа. Хожим энэ нь бодитой зүйл болж, Г.Өсөхбаяр маань Эверестэд гарсан хойно  бахархал төрж байлаа. Яаж чадав аа гэж. Магадгүй энэ “тэнэг” санааг зөвхөн  сэтгүүлчид л бодож олж, биелүүлж чадах байсан юм байлгүй. Г.Өсөхөө ч хэлж байсан. Баярням байгаагүй бол би Эверестэд гарч чадахгүй байсан гэж...


-Дэлхийн хамгийн алдартай, шилдэг тагнуулчид дандаа сэтгүүлчид байдаг ш дээ. Рихард Зорге, Колби... гээд дурсвал зөндөө олон. Сэтгүүлчид яагаад гэхээр аливаа зүйлийг их ухдаг, эцсийг нь тултал болохоос болохгүйг нь хүртэл явдаг, судалдаг. Тэр сониуч, хайгуулч зан нь л чиний хэлдгээр мөрөөдлийг бодит зүйл болгоход нөлөөл­сөн байх гэж боддог. Эверестийн тухай унших, үзэх бүрт бусад хүн чадаж байхад монголчууд яагаад чадахгүй гэж хэмээн боддог байлаа. Явья, очиж үзье гэдэг хүсэл хатгаад суулгахаа байсан. Уул хар тамхи шиг донтуулдаг. Ууланд авирах тусам дурлана. Сүүлдээ сэтгүүлчийн ажлаа хаяад ууланд зүтгэсэн дээ. Чи санаж байгаа биз дээ, 2000 он гээд ажлаасаа гарч байлаа. Уул гээд ... аялаад л байдаг. Ялангуяа Эверестэд авирахаар товлосон хугацаа ойртох тусам ивээн тэтгэгчийн асуудал хүндэрсэн. Авиралт, аяллын зардал мөнгийг олохын тулд Р.Тулга бид хоёр өдөр шөнөгүй ажиллаж байсан. Маргааш явлаа гэж байхад орой нь бид хоёр хүмүүстэй уулзаад мөнгөний асуудал яриад сууж байлаа. Тэнд очсон хойно хүртэл мөнгөний асуудал дуусахгүй ард үлдсэн хүмүүс маань хөөцөлдөөд явж байв. Багийн авиралтын бодлогоор зохион байгуулалт, санхүүгийн асуудалд Өсөхөөг ерөөсөө оролцуулаагүй. Оролцуулах шаардлага ч байгаагүй, тийм совесть ч байж болохгүй. Зөвхөн бэлтгэл дээр анхаарлыг нь хандуулсан. Өсөхөөгийн аав Доржготов ах уулчин хүн. Мөн уулчин Г.Бат-Оронго ах бэлтгэлийг хангахад нь тусалсан. Фитнесс клуб, бассейн гээд шаардлагатай бэлтгэлийг хийлгэж, бэртэж гэмтэх зүйлээс хамгаалах гээд түүнийг зургаан сарын өмнөөс л зөвхөн бэлтгэлд анхаарал хандуулж, хамгаалалтад авсан байсан.

-Тун өндөр зардлаар бүтсэн аялал байсан уу. Тэр үед Монголын компаниуд өнөөдрийнх шиг хөл дээрээ зогсоогүй хэцүү үе байсан юм болов уу даа. Хамгийн түрүүнд Оросууд л дэмжсэн шүү дээ. Громов захирал өөрөө Уралаас гаралтай гэдэг байх аа. Тийм тулдаа та нарт итгэж дэмжсэн байх?


-Ерөнхий том санхүүжилтийг нь гаргасан нь Чингис хаан банк. Тэр банктай харилцаж, дэмжлэгийг олж өгсөн хүн нь уулчин Г.Бат-Оронго ах. Наяад сая ам.доллар шаардлагатай болсны 60-ыг нь Г.Бат-Оронго ах, үлдсэн 20-ыг нь Р.Тулга олсон юм. Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс сул дорой, компаниуд нь хөл дээрээ баттай зогсоогүй байсан үе. Биднийг Эверестэд очсон хойно гадаадынхан монголчууд явааг мэдчихээд гайхаж байсан шүү. “Танай эдийн засаг ингэж сайжирсан юм уу, бүхэл бүтэн баг явуулах чадалтай болсон юм уу” гэж асууж байв. Өөрөөр хэлбэл, баян чинээлэг, бололцоотой орны хүмүүс Эверестэд багаа явуулдаг. Өнөөдөр хүртэл энэ хэвээрээ. Нийтдээ далан хэдэн орон тамирчнаа Эверестэд гаргаснаас манайх 56-д нь бичигддэг юм. Гадаадынхны асуулт дандаа тийм байсан, “танай эдийн засаг сайжирч байгаа юм уу” л гэнэ. Бид “тийм ээ” гэж хэлдэг. Гэхдээ Оросын компани л ивээн тэтгэсэн шүү дээ. Эдийн засаг сул доройгоос гадна эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс уулын тухай ойлголт багатай байсан нь ч нөлөөлсөн байх. Ууланд авирна гэдэг юу байдаг юм бэ гэж асуудаг байсан бол өнөөдөр бизнесмэнүүд ууланд их явдаг болж. Бололцоотой болжээ л гэсэн үг байх даа. Энэ чинь их моодны, үнэтэй спорт юм байна, хамгийн гол нь эрүүл мэндэд сайн юм байна гэж ойлгох болсон байна.

-Эверестэд авирах оролдлогыг өмнө нь манай уулчид бас хийж байсан шүү дээ. Тийм ч учраас уулчид танай багийн амжилтын араас их амбици цухалзуулсан байх аа?

-“Эверестийн анхны экспедиц” гэж бид авиралтаа нэрлэсэн. Яах аргагүй анхны баг. Монголын гурван хүн бие даасан баг болж, Монголын туг далбаатай, өөрсдийн өмсгөлтэй, бие даасан штабтайгаар авиралт хийсэн. Хөрөнгө санхүүжилт, тамга тэмдэг, статус гээд бүх зүйлээрээ бие даасан экспедиц байсан юм. Зарим хүмүүс юун дээр эргэлздэг гэхээр 1996 онд анх Жуков ах Эверестийн хойд талаас Төвдөөс авирч байсан. Анх удаа монгол хүн ингэж авирсан нь үнэн. Гэхдээ тэр бол Энэтхэгийн хилийн цэргийн багт монгол хүн орж явсан хэрэг. Харин бие даасан экспедиц гэдгээрээ биднийх ялгаатай юм. Санхүүжилт, тамирчдын хувьд бие даасан багийг монголчууд өөрсдөө экспедиц болгон бүрдүүлснээрээ анхдагч.

-Уулын авиралт ямар ч үзэгчгүй спорт. Сэтгүүлчид камертай, зургийн аппаратттай оргил дээр гарч олон нийтэд дүрс зургийг нь үзүүлж, Эверестэд авиралт зохион байгуулж чадсан. Уулын спортыг шинэ шатанд гаргах,олон нийтийнх болгоход үүрэг гүйцэтгэсэн л гэж би бодож байна. Тийм ч учраас уулчид та нарт баярладаг байх?


-Үзэгчгүй, билет байхгүй. Шүүгч байхгүй... Ийм л спорт. Зарим нь оргилд гарсан, гараагүй гэж үнэн худлыг их ярьдаг, маргаантай байдаг спорт. Үүнийг шийдэх ганцхан зүйл нь фото зураг, дүрс бичлэг. Хүмүүс уул руу авираад, буугаад ирдэг. Тэр дунд юу болдгийг бүү мэд. Хүмүүс их өөр ойлголттой байсан л даа. Их зоригтой, тусгай хүмүүсийн ажил гэдэг ойлголттойгоор тавиад жил явж ирсэн. Одоо Өмнөд Солонгос, Япон, АНУ, Орост хар л даа, уул бүх нийтийн спорт, амьдралын хэв маяг болж байна. Хэн чадаж байгаа нь оргил руу гарч байна. Манайд ийм л болоосой гэж боддог. Нэг үеэ бодвол хүмүүс уулын тухай мэддэг, ийм, тийм байдаг гэж маргалддаг болсон байна ш дээ.

Уулчид бидэнд их сайн. Гэхдээ тал талын шалтгаантай болоод сайн байдаг байх. Хамгийн гол нь тухайн уулчны оргилд гарсныг бид гэрчилнэ, бичнэ, тухайн хүмүүсийг олон нийтэд таниулна. Ганцхан уул биш улс төрд ч гэсэн тийм байдаг. Тэгэхээр бидний хийх ажил маш өргөн хүрээтэй, тийм л учраас яах аргагүй сайн байдаг./инээв/

-Уг нь би өөр утгаар асуусан юм. Аялагч сэтгүүлчдийн холбоо байгуулагдахаас өмнө зурагтын дуран хамгийн сүүлд хэдэн онд ууланд гарсан гэдэг билээ. Оператор нь ууланд осолдсон эмгэнэлт түүх байдаг шүү дээ. Ийм эрсдэлтэй замаар сэтгүүлчид авирч, тэдний зовлон бэрхшээлийг нийтэд харуулсны төлөө хайртай байдаг болов уу гэж би асуусан юм...


-Баримтат киноны том аппарат байсан л даа, телевизийнхээс өөр. Явуухүү гуай ууланд бичлэг хийж яваад Түргэний уулсад осолдсон. Занабазар гуай ууланд бэртэл гэмтэл авсан нь хожим сэдэрсэн юм болов уу, бурхан болсон. Ууланд хөдөлгөөнт дүрс бичлэг хийж байсан хоёрхон байсан нь тэр хоёр хүн. Дараа нь 1998 оноос хойш би явж эхэлсэн. Ууланд кино дүрс авах багаж техник орчин үед хөгжиж, жижиг авсаархан болсон. Намайг энэ ажил руу татаж оруулсан хүн бол бас л Отряд гуай. Анх намайг дагуулж явсан хүн. Өөрт нь хэцүү л байсан байх. Камер үүрчихсэн хүн дагуулж явах гэдэг. Яг сайхан авираад явж байхад зогсоорой, би зураг авья гээд л...

-Эверест оргилд монгол хүн анх удаа гарлаа гэдэг мэдээг монголчууд их сайхан хүлээж авч байлаа. Хүлээлт их байсан юм билээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга уулчидтайгаа утсаар холбогдоод л, буугаад ирэхэд нь шагналаа бэлтгэчихсэн байсан.

-Бид уулын бэлд камп дээр байхад Ерөнхийлөгч Н.Багабанди гуай утсаар холбогдож баяр хүргэж, биеийн байдлыг маань асууж байсан. УИХ-ын дарга Н.Энхбаяр мөн ярьж байсныг санаж байна. Тэд хоёулаа “та нар маш баатарлаг гавьяа байгууллаа. Та бүхнийг Монголын ард түмэн тэсч ядан хүлээж байна” гэдэг үгийг хэлж байв.

-“Эверестэд хийсэн авиралтыг зохион байгуулагчид нь сэтгүүлчид гэнэ” гэдэг мэдээ олон хүнд сонин санагдаж байсан?


-Энэ жил монгол хүн анх ууланд авирч эхэлсний, уулын спорт үүсч хөгжсөний жаран жилийн ой тохиож байна. Гэвч Монголын уулчдын холбоо гэдэг байгууллага албан ёсоор гурван жилийн өмнө л байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эверес­тийн анхны аяллыг сэтгүүлчид хү­сэл мөрөөдөл, эмоциороо зохион байгуулсан. Үүнийг сэтгүүлчид, Мон­голын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, тэр дундаа ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Сарангэрэл маань маш сайхан хүлээн авч, чин сэтгэлээсээ дэмжсэн. Харин уулчдын хувьд байдал өөр байсан. Тухайн үед уулчдын холбоо нь олон нийтийн байгууллагын бүртгэлд ороо­гүй, статус байхгүй, хоёрдугаарт, экс­пе­дицийн зохион байгуулалтад оролцоогүй, тэр байтугай, эсэргүүцэж байсан, гуравдугаарт, Г.Өсөхбаярт шагнал олгоно, үгүй гэдэг дээр хэд хэд хуваагдаж, зарим нь барьцсан тохиолдол ч гарсан. Харин сэтгүүлчдийн байгууллага санаанд багтамгүйгээр сайн ажиллаж дэмжсэн. Аялагч сэтгүүлчдийн холбооныхоо нэр дээр шагналын тодорхойлолт бичээд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн даргаараа дэмжүүлэн гарын үсэг зуруулаад дээш нь өргөн барьсан байсан. Ингэж шуурхай ажиллаагүй бол уулчдын барьцаа Г.Өсөхбаярын гавьяаг үнэгүйдүүлж ч мэдэхээр байсан гэж боддог. Би сэтгүүлчдэдээ баярлаж явдгаа илэрхийлье. Яагаад би энэ тухай ярих болов гэхээр өнөөдөр Эверестэд гарсан манай анхны эмэгтэй тамирчин Гангаамаа дээр энэ түүх давтагдаж байх шиг байна. Уулчдын холбоо хуралдаад шагнал өгнө, өгөхгүй гэдэг дээр хуваагдаж байна. Мэргэжлийн хүмүүс нь дэмжихгүй, үнэлэхгүй байхад нийгэм алмайраад аль нь зөв бурууг мэдэхгүй төөрөгдөх нь аргагүй шүү дээ.

-Үнэлэх л ёстой гавьяа мөн биз дээ?

-Бүх спорт өөрийн онцлогтой, зовлонтой. Гэхдээ бөх барилдаж, бокс тоглож байгаад үхэхээ шахлаа гэдэг ойлголт байдаггүй биз дээ. Харин ууланд бол өөр. Үхэж ч магадгүй.  Сая Гангаамаагийн авиралтын үеэр Эверестэд дөрвөн хүн осолдсон. “Ирланд хүн анх удаа Эверестэд осолдлоо” гэдэг мэдээ сенсааци тарьж байна. Биднийг авирах үеэр долоон уулчин осолдож эндсэн. Тэдний хоёр нь бидний сайн танилууд байсан. Ийм хувь заяаг тойроод гарна гэдэг хүнд зүйл шүү дээ. Монгол төрийн далбаа, төрийн сүлд гэдэг бүх монголчуудын хийморийн дарцаг. Түүнийг дэлхийн ноён оргилд мандуулна гэдэг бидэнд ч хамаатай асуудал. Тэр чинь лам нарын гардаг Тасганы овоо, эрчүүдийн зорьдог Хийморийн овоо биш шүү дээ.

-“Ууланд авирч байхдаа юу боддог вэ, оргил дээр гарсан хойно юу бодогддог вэ” гэдэг асуултыг та нарт их тавьдаг байх. Магадгүй хариулт олддоггүй, утгагүй асуулт байх аа даа?


-Мэргэжлийн уулчдад чин үнэндээ сэтгэлийн хөдөлгөөн бага байдаг юм. Дээшээ гарах гэж тархи толгойгоо өвтгөнө. Нурчих болов уу, цөмөрчих болов уу, цаг хэд болж байна, салхи гарчих вий, бушуухан дээшээ очьё гэж бодно. Бөхчүүдэд ч гэсэн адилхан байлгүй дээ. Учраагаа унагаж явахдаа “за би ялж байна шүү, ура” гэдэг ч юм уу, тэгээд давангуутаа “ямар гоё юм бэ” энэ тэр гэж боддоггүй л байх Тэрэнтэй л адилхан. Дээшээ авирч байхдаа үргэлж мэргэжлийн юмаа бодоод явна. Оргилд гарангуутаа төдөн минут зураг авна, тэгнэ ингэ, буухад зам байх болов уу, алга болсон байх уу гэхчлэн бодно. Гэхдээ оргилд гарсны дараа хэдхэн хоромд нэг бодол зурсхийнэ. Энд цөөхөн хүн гарсан, тэдний нэг нь би гэж бодоод амжина. Энэ өндөр дээрээс тэртээ алсын бараа, маш их юм харагдана. Тоолж баршгүй их уул, толгод, тэгээд үүл харагдана. Тэр бүхнийг хэдэн секунд харж таашаал авна. Бидний амьдардаг орон зайн хэмжээсүүд өөрчлөгдөнө. Дотор нь багтдаг байшин сууц хумсын чинээ гэж ойлгогдоно. Бэлд нь байхад сүрдмээр өндөр байсан уул өчүүхэн бага харагдана. Буугаад ирсэн хойноо өөрийгөө өчүүхэн жижиг шоргоолж шиг мэдэрнэ. Би ч хөгийн жижиг юм, байгаль дэлхий ямар агуу юм бэ гэдгийг ойлгож, би түүний нэг эд эс боллоо гэж сэтгэх сайхан байдаг. Ууланд гарах гэж хүн өөрийгөө л ялан дийлдэг. Өөрийгөө ялан дийлэхэд минь та тусаллаа гэж ууландаа сүсэглэдэг. Уулсыг хараад байгаль өөрөө бүтээсэн гэхэд итгэмээргүй санагддаг үе бий. Өөр оюун ухаан, увидас шидээр бүтээсэн юм шиг санагддаг. Анх Алтай Таван Богдыг хараад ч, Эверестийг хараад ч тэгж бодсон. Байгалийн, геологийн нас хүний наснаас олон зуун сая жилээр ах. Тэр явцыг төсөөлж чадахгүй учраас ч тэгдэг ч юм уу, бурхан л бүтээгээд тавьчихсан юм шиг санагддаг.

-Уг нь таны эзэмшсэн мэргэжил сэтгүүлч ч биш, газар зүйч байх аа?

-Тийм ээ, газар зүйн багш. Самбар дээрээс, цаасан дээрээс газар зүйн хичээл заана гэдэг сонин. Өөрөө тэр газраар явж үзмээр, хүмүүст бодитоор нь харуулмаар санагдсан. Тэгээд л сэтгүүлч болохоор шийдсэн. Нэг ангид самбарын өмнө зааж байхаар телеливээр харуулаад олон зуун хүнд нэг зэрэг зааж үзүүлье гэж бодсон. Сэтгүүлч болоход хөтөлсөн зүйл энэ.

-Аялж явахад тохиолддог адал явдал бишгүй. Отгонтэнгэрт осолдсон онгоцны үлдэгдэл саяхан болтол хэвээрээ байсан. Тэндээс бид хүүхдийн бойтог, лаазтай молоко, Алдарт эхийн одон олж байсан шүү дээ. Эзнийг нь олох гээд эрэн сурвалжлага хийж байснаа санаж байна. Танд ямар нэг сураг чимээ сонсогдоогүй биз?

-1963 онд сүйрсэн онгоц шүү дээ. Завханд буугаад цаашаа Ховд нисч байсан онгоц юм билээ. Бид МИАТ-ийн болон Улсын төв архиваас материал шүүж, нэлээд хөөцөлдсөн. Телевизээр хоёр удаа, радиогоор нэг удаа зарласан боловч тэр одонгийн эзэн олдоогүй. 1963 онд Алдарт эхийн хоёрдугаар одон авсан хүн гэхээр бага хүүхэд нь л гэхэд миний үеийнх байх ёстой. Тэр онгоцонд явсан зорчигчдын нэр ус ч үлдээгүй, ерөнхийдөө дөчин хэдэн хүн сууж явсан гэдэг. Нэг ч хүн амьд гараагүй юм билээ. 1963 онд Отгонтэнгэрт осолдсон онгоцноос олдсон алдарт эхийн одон хэнийх байв гээд дахиад хайвал сураг чимээ гарах болов уу гэж заримдаа боддог л юм. 

-Эверестийн авиралтаас хойш ба­га­гүй хугацаа өнгөрлөө. Дараагийн “ро­мантик” санаагаа бодож олсон уу?

-Өнөөдөр ихэнх өндөр хөгжилтэй улс оронд уулын авиралтыг спорт биш амьдралын хэв маяг гэж үздэг болж. Харин спортын чиглэлээр хөгжиж байгаа, удахгүй олимпийн төрөлд орох нэг шинэ төрлийг Монголд дэлгэрүүлэх гээд ажиллаж байна. Энэ нь хиймэл хад, хиймэл мөсний авиралтын төрөл. 2018 оны өвлийн олимпод шинээр орох төрөлд олимпийн аварга төрүүлнэ. Эверестэд авирна гэдэг шиг мөрөөдөл. Чи бас л итгэхгүй байгаа биз дээ?

Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх учиртай энэ баярын өдрийн мэндийг танай сониноор дамжуулан бидэнд маш их тус, дэмжлэг үзүүлж байсан Аялагч сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчид, ивээн тэтгэсэн байгууллагууд, тэр дундаа саяхан 10 жилийн ойгоо тэмдэглэсэн Чингис хаан банкны хамт олон, захирал Борис Громовт туйлын их баярлаж явдгаа илэрхийлье. Мөн АПУ, компани, Худалдаа хөгжлийн банк гээд ивээн тэтгэсэн бүх байгууллага, хамт олон, бас ээж аав, ах дүү нартаа талархдгаа хэлье.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив