Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ЭРХ МЭДЭЛ БИШ
2011 оны 5 сарын 4 [Уншсан тоо: 40803]
- Тэр тусмаа эрх чөлөөгөөр далайлган эрх мэдлийг санаархаж болохгүй. Бид УИХ-ын гишүүдийг муу ажиллалаа гээд тэдний өмнөөс хууль санаачлах ёсгүй, эмч нарыг чадваргүй гээд мэс засал хийж чадахгүй, шүүх шударга бус гэлээ гээд бид хэн нэгэнд цаазын ял төлөвлөж болохгүй.

Миний бодоход ямарваа нэг “засаглал”-д эрх мэдэл байх ёстой. Тухайлбал, шийдвэр гаргах, түүнийхээ биелэлтэд хяналт тавих, хариуцлага тооцох, шүүх таслах гэх мэт. Тэгвэл дөрөв дэх засаглал гэдэг хэвлэл, мэдээлэл, сэтгүүл зүйд хуулиар олгогдсон тийм эрх мэдэл байхгүй. Эрх мэдлийг ч гэсэн тухайн этгээдэд хэм хэмжээтэй олгож, хил хязгаарыг нь хуулиар тогтоож өгдөг билээ.

Эрх чөлөөтэй байх гэдэг нь эрх мэдэлтэй байхаас уг нь өөр ойлголт. Гэвч хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж яригсдын ихэнх нь энэ үгийн дор эрх мэдэл гэсэн ойлголтыг хүсэмжлээд байгаа мэт анзаарагддаг. Ялангуяа энэ салбарт ажиллаж яваа бид өөрсдөө!

Сэтгүүл зүйн бүтээгдэхүүн бэлтгэх явцад технологийн алдаа гаргаснаасаа болж бидний зарим маань шүүхийн хаалга татах тохиолдол өнгөрсөн хорин жилийн түүхэнд нэг бус удаа гарсан. Баримтын үнэн зөвийг өөрийн хэмжээнд нотлоогүйгээс, өгүүлж буй зүйл маань бусдын хууль ёсны нэр төр, аюулгүй байдал, эрх чөлөөнд халдаж буй эсэхийг өөрөө цензурдэж чадаагүйгээс, нэг үгээр бол мэргэжлийн алдаанаасаа болоод шүүх, цагдаад дуудагдахдаа хүрэх нь бий. Үүнийг хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө рүү хийж буй дайралт гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагаас ажилтнууддаа бүрдүүлж өгч буй ажлын байрны тааруу нөхцөл, ахуй хангамж, цалин хөлс зэрэг нь хэвлэлийн эрх чөлөөтэй бас л шууд хамааралгүй асуудал. Үүний ард сэтгүүлч худалдагдах, хэвлэн нийтлэх замаар нийгэмд нөлөөлөх эрх мэдлээ үнэлэх асуудал байж болзошгүй нь үнэн. Энэ тохиолдолд мөнгөний зохицуулалт л үйлчилж буй болохоос биш “сэтгүүлчийг худалдан авагч” нөгөө тал үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг олж авч байгаа нь мөн л хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг эдэлж байгаа хэлбэр. Тэгэхээр хэвлэл, мэдээллийн эрх чөлөө гэдэг нь тодорхойлоход төвөгтэй ойлголт ч байж магадгүй юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг уншигчид юугаар хэмждэг бол? Сонин, телевизээс өөр сувгаар олж авч чадахгүй, иргэнийхээ хувьд хэзээ ч нэвтэрч чадахгүй мэдээ, мэдээллийг уншиж, мэдэж байгаагаар үүнийг хэмжинэ гэж үзвэл Монголд хэвлэлийн эрх чөлөө муугүй байх. Сайн, муугаараа хэлүүлж байгаа хэвлэлийн баатруудын нэр төрөө сэргээлгэх гэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо ч бас хэвлэн нийтлэх эрх чөлөө хэр төвшинд явааг нэг талаас харуулах байх. /Энэ жилийн хэвлэлийн баатар, чөлөөт хэвлэлийн “дайснаар” нэрлэгдсэн сайд Л.Гансүх, сэтгүүлч А.Баатархуяг нарын зарга гэх мэт/ Учир нь, ямар ч байсан дараах үр дагавар, үнэн худлаас нь эмээлгүй хэвлэн нийтлээд олон нийтэд цацаж чадаж байна гэдэг муугүй эрх чөлөө биш гэж үү?

Ийм нөхцөлд ажиллаж байгаа сэтгүүлчдийн болоод иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хуульчлах нь харин тусдаа асуудал байх. Иргэдийн мэдээлэл олж авах эрх нь хуулиар хамгаалагдсан эсэхээр хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хэмжинэ гэвэл өнөөдөртөө бас муугүй дүр зураг харагдана. Хуулиар хориглоогүй л бол зөвшөөрч байгаа гэсэн үг. Нууцын жагсаалтад бичигдсэнээс бусад мэдээллийг олж авахад хэрхэхийг нэгэнт хуульчлаагүй учраас олоод авчихсан мэдээлэл баримтынхаа төлөө хариуцлага хүлээх тухай яриа өнөөхөндөө байхгүй. Эх сурвалжаа хамгаалах эрх ямар ч байсан хуульд бий...

    Нөгөө талаас хэвлэл, мэдээллийн байгууллага чөлөөт, бие даасан, хараат бус байх гэдгийг эрх чөлөөний ойлголтод багтаагаад байдаг. Манай салбарынхан ч гэсэн ингэж ярьдаг мөртлөө яг нарийндаа чөлөөт, бие даасан, хараат бус байхыг өөрсдөө хүсдэггүй. Үзэл баримтлал, бодлогын хувьд төдийгүй санхүү, үйл ажиллагааны хувьд “малгай, толгойтой” байхыг зорьдог нь, ингэж байж оршин тогтнодог нь 100% биш ч өндөр хувьтай үнэн. Хэвлэлийн байгууллага ч бас бизнесийн байгууллага, тийм ч учраас хэвлэл мэдээллийн бизнес гэж ярьдаг. Энэ бизнес нөлөөтэй бизнес. Энэ нөлөөгөө л мөнгө болгож хувиргах замаар оршин тогтнодог болохоос биш бизнесийн сонгодог утгаар бол шууд ашигтай бизнес бас биш байх. Өөрийн үйл ажиллагаагаар өөрийгөө санхүүжүүлээд бие даагаад явах боломж найдвар муутай гэсэн үг. Энэ онцлогоосоо болоод хэн нэгнээс хамаарах нөхцөл рүү шахагддаг.

Чөлөөт, хараат бус байх гэдэг нь ч харьцангуй ойлголт. Үзэл бодол, итгэл үнэмшил гэдэг хэвлэл, мэдээллийн байгууллагын хувьд оюун санаа, амин сүнс нь. Үзэл бодол, чиг хандлага, итгэл үнэмшил, байр суурь гэдэг зүйлгүйгээр сэтгүүл зүйн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэвэл давсгүй талх үйлдвэрлэхтэй адил. Нийгэм хүссэн, хүсээгүй үзэл баримтлал, байр суурь, санаа бодлоороо хуваагддаг шиг хэвлэл, мэдээллийн байгууллага ч үүгээрээ өөр хоорондоо ялгагдаад зогсохгүй өөрсдийн талархан дэмждэг хэсгийг налж байдаг. Оюун санаа, үзэл бодлын чиг баримжаагаа тийнхүү тодорхойлдог. Үүнийг хараат байдал гэж тогтоогоод хоргилохыг шаардах уу?! Өнөөдөр бодитой байгаа энэ бүх зүй тогтлын учир шалтгаан руу өнгийхгүйгээр эрх чөлөө гэдгийг хийсвэрлэн төсөөлж, түүнийгээ шууд хуульчилчихаж болохгүй байх. Ингэж хэлэхийн учир гэвэл ид боловсруулж буй Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн төсөлд хэвлэл, мэдээллийн байгууллагыг улс төр, бизнесийн байгууллагаас хараат бус байлгах зохицуулалтыг тусгах саналыг олон хүн гаргаж байгаа гэнэ. Тэгээд “өмчлөхгүй”, “санхүүжүүлэхгүй” гэсэн хориглолтыг шууд хийхээр болж буй сурагтай.  

Ийнхүү хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөөх тэмцэл маань өргөжсөөр. Чингэх тусам утга агуулга нь улам бүдгэрч, ойлгоход төвөгтэй болсоор байна. Олон нийтийн анхаарлыг хандуулж, улстөрчдийн шохоорхлыг өдөөж, өдий төдий хуулийн хэрэгтэй, хэрэггүй заалтаар эрх чөлөөгөө харин ч боомилуулж мэдэх нь байна.

Энэ гал тогооны нэг бэлтгэгчийн маань хувьд “Таны хэвлэн нийтлэх эрх чөлөө хангалттай юу” гэж хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт асуугаасай. Чамгүй олон жил ажиллахдаа үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэн нэгэнд ноцтой цагдуулж байгаагүй гэж итгэлтэй хэлнэ. Хэлье гэснээ хэлж, бичье гэснээ бичиж ирсэн. Харин мэргэжлийн талаас чанарын шаардлага хангахгүй материал гараасаа нэг бус гаргаж байсан ч түүнийг маань хэвлэсэнгүй хэмээн гомдоллож, хяналт цензурт өртлөө хэмээн хэвлэлийн эрх чөлөөг хайж будилсангүй. Энэ эрх чөлөө тэгэхээр бидэнд хангалттай байгаа юм биш үү?

Тиймээс эрх чөлөө нэрийн дор бусдын эрх рүү халдаж болохгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа эрх чөлөөгөөр далайлган эрх мэдлийг санаархаж болохгүй. Энэ бол миний л бодол. Бид УИХ-ын гишүүдийг муу ажиллалаа гээд тэдний өмнөөс хууль санаачлах ёсгүй, эмч нарыг чадваргүй гээд мэс засал хийж чадахгүй, шүүх шударга бус гэлээ гээд бид хэн нэгэнд цаазын ял төлөвлөж болохгүй.

Өнөөдөр хүсэмжлэх болсон хэвлэлийн эрх чөлөө маань яг юу вэ? Эрх мэдэл, бүр хэнд ч цагдуулдаггүй, хэнээр ч хянуулдаггүй, хууль, хууль сахиулагч, шүүх засаглал ч халдаж чадахгүй байх тийм эрх дархыг бид санаархаад байгаа юм биш биз?! Эрх чөлөө, эрх мэдлийн хооронд ялгаа бий билээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив