Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ДОЛДУГААР САРЫН 1-НД ЮУ БОЛСНЫГ ХЭЛЭЭД ӨГЬЕ
2011 оны 4 сарын 14 [Уншсан тоо: 48006]
Долдугаар сарын 1-нд болсон иргэдийн жагсаал цуглаан, эмх замбараагүй ширүүссэн үймээний талаар эрх ашиг агуулсан улстөрч болгон амиа хоохойлсон тайлбар өгсөөр байх зуур энэ хэргийн мөн чанар алдагдав.

Хэн ч урьдчилан тооцоолж чадаа­гүй тэр их уур бухимдал, уулгалан дайралт хаанаас гарч ирэв. Сонгуулийн дүнг хэн нэгэн нь, магадгүй олонх болсон МАХН /МАН/ луйвардсанд тэгж их бухимдсан гэж үү? Тэгж яривал сонгуулийн дүнг өөрчлөн зассан үгүйг хэн ч өдий хүртэл нотлоогүй. Нотолгоо болчих баримт ч өнөөг хүртэл гарч ирээгүй.

Гэтэл тэр өдрийн үйл явдлыг олон талаас нь авч үзсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс ч үймээний шалтгааныг сонгууль гэж үзэх хандлага илт мэдрэгдэж байна. Ингээд ч зогсохгүй үймээ­ний үеэр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан үндэслэлээр баривчлагдсан 900 гаруй иргэний ердөө 1/3 нь буюу 268 нь л сон­гуульд санал өгсөн байсныг дур­даад өөрсдийнх нь санал сон­гуу­лийн үр дүнд нөлөөлөөгүйд бу­химд­сан иргэд жагсч цугласан гэдэг ойлголтыг үгүйсгэх хандлага илэрсэн байлаа. Яг ийм хандлагыг хэн нэгэн нь, тэр тусмаа эрх мэдэл бүхий хүмүүс үйлдэл, эс үйлдлээрээ илэрхийлэх бүрт надад эмзэглэл төрдөг. Яагаад гэхээр үүний цаана тэнд зүгээр л танхай балмад хүмүүс хулгай дээрэм хийх сэдлээр цугласан, тэр шөнө бууны суманд амиа алдсан иргэд зүгээр л нэг тэнүүлчид байсан юм гэх санаа агуулагддаг учраас тэр юм.

Энэ хандлагыг нийгмийн сэтгэл зүй шууд тусгаж аваад байгааг ч анзаардаг. Долдугаар сарын 1-ний хэрэг, таван хүний амь настай холбоотой мэдээлэл сайтад орох бүрт уншигчид тун соргог хүлээж авч, сэтгэгдэл ихээр үлдээдэг. Сэтгэгдлүүд бол хүмүүсийн санаа бодол, асуудалд хандаж буй хандлага. Тэр сэтгэгдэл дунд “хэнд ч хэрэггүй тэнүүлчдийг буудсаны төлөө юун сүртэй юм бэ” гэх үг, өгүүлбэр байж байдаг. Энэ бол эрүүл санаа бодолтой, иргэншсэн хүн бүрийн хамгийн том айдас.  Эцсийн эцэст иргэд сонгуулийн дүнд биш төрд хангалуун бус байгаагаа л илэрхийлсэн, жагсаал цуглааныг эхлүүлсэн. Үнэн хэрэг дээрээ тэр өдөр Ц.Элбэгдоржийн хэлсэн шиг иргэд “Ардчилсан намыг хамгаалсандаа” жагсаагүй юм. Мөн С.Баярын хэлсэн шиг “Элбэгдоржийн турхиралтаар” ч тэнд цуглаагүй. Ажилгүй, ирээдүйгүй, алдах, хамгаалах юмгүй хүмүүс л тэнд цуглаж, хүний үнэ цэнэ, иргэний эдлэх ёстой байр сууриа төрөөс хүсэмжлэвч дүлий дүмбэ байдагт нь бухимдсан. Үнэгүй, өр төлөөсгүй амь нас гэж байдаггүй. Үүний өмнө хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, улс төрийн намууд, сонгуульд оролцсон субъектүүд, сонгуулийг зохион байгуулагчид... ер нь бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой гэдэг нь хуульт ёсны дагуу гарцаагүй зүйл. Хууль байхгүй цагт зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг хүн чанар, ёс суртахууны дагуу ч энэ нь зайлшгүй зүйл.

Тэрхүү таван амь тэнүүлчнийх ч бай, танхай балмад нэгнийх ч бай хүний амь. Амь үрэгдсэн хүмүүсийг тийм амьдралтай байсан гэж би хэлэх гээгүй. Хэдий муу байлаа ч хүний амь нас эцэг эхэд нь, үр хүүхдэд нь үнэтэй. Муу л бол хүн биш, муу хүнийг бол алж болох юм шиг хэлэх гээд байгаа зарим хандлагыг л үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тэр тусмаа өнөөгийн нийгэм, төр засаг нь ч хүнийг хүн гэж харж, үнэлж чадахгүй байгааг үл хүлээн зөвшөөрөөд ч зогсохгүй, жигшмээр болж байна. Хүнийг хүн, иргэнийг иргэн гэж үзэх үнэлэмж, оюун санаа, итгэл үнэмшлийн идеаль энэ нийгэмд дутагдаж байгаагаас өнөөдрийн эмх замбараагүй, бужигнасан хаос үүсээд байгаа юм биш үү?

Хамгийн гол нь иргэдийн амь нас үрэгдсэний маргаашаас эхлээд л энэ хариуцлагыг займчуулах, бултах арга саамыг улс төрийн хүрээнийхэн хайж эхэлсэн. “Хоргодох орон зай” хайсан тэр үеийн нөхцөл байдлыг хамгийн түрүүнд хамгийн чадамгай ашигласан нь Ардчилсан нам. Тэд МАХН-ын эрх мэдэл дор хоргодох орон зай олсон уу, эсвэл МАХН Ардчилсан нам дотор хоргодох байр олсон уу гэдэг ч асуулт юм.

Өнөөдөр ч долдугаар сарын 1-ний үйл явдлыг улстөрчид хувийн хонжооны улс төр болгож байна. Хариуцлагын тухай бүүр ч ярихаа байгаад энэ хэрэгт хэн нэгнийг буруутаж, өөрөө баатар болох гэсэн хандлага сүүлийн үед газар авав. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр онц байдал зарлахыг Ерөнхий сайд шахсан л гэнэ. Нөгөөх нь үнэхээр тийм шаардлагатай байсан л гэнэ. Хэрүүл эхлүүллээ. Тэд төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд. Инээдтэй л байна, эцсийн эцэст онц байдал зарласан нь зөв үү, буруу юу гэдэг 10 дугаар асуудал ш дээ. Энд бол хүний амь насны тухай л ярьж байна. Тэр өдөр юу болсныг бүгд бүгдээрээ мэдэж байгаа. Хүний амь нас үрэгдсэн. Үүний өмнө бүгд хариуцлага хүлээх ёстой. Одоо улстөрчид үүнийг нэг нэг рүүгээ чиглүүлэх зэвсэг болгоод хэрэггүй.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив