Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Арай ч дээ, Н.Алтанхуяг дарга аа!
2011 оны 1 сарын 21 [Уншсан тоо: 27370]
-    Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг улстөрчийнхөө хувьд намаасаа доогуур рейтингтэй байна. Удирдаж буй намынхаа нэр хүндэд чирэгдэж яваа даргыг лидер гэх үү, лойдор гэх үү?-

Хорин жилийн түүхэнд “туг ч барьж, тугал ч хариулсан” Ардчилсан нам аль ч цаг үедээ лидерүүдээрээ ялгарч, тэднээр нүүр царайгаа хийж явсныг судалгаа харуулна. Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, ...  унаж, боссон аль ч үедээ Ардчилсан намын дарга нар намын рейтинг, алдаа онооноосоо үл хамаараад Монголын эхний топ 10 улстөрчийн тоонд зүй ёсоор нэрлүүлж байв. Харин Н.Алтанхуяг намын дарга болсон сүүлийн хоёр жилийн хугацаандаа улс орны амьдралд нөлөөлөх эхний 10 улстөрчийн жагсаалтад нэг ч удаа орж ирсэнгүй. УИХ-ын ээлжит сонгуулиас хойшхи хэд хэдэн удаагийн социологийн судалгааны дүнгээр Н.Алтанхуяг эхний аравт багтсангүй. Шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалаар явуулсан социологийн судалгаа эс гэхэд тодорхой хэсэг бүлгийн тухайн үеийн сэтгэл хөдлөл, сонирхлоор шийдэгддэг энд тэндхийн “Оны онцлох 10”-т ч түүний нэр багтаж чадахгүй байна.

Гэтэл Ардчилсан намын рейтинг сонгуулиас хойшхи хугацаанд МАХН буюу МАН-ынхаас илүү, зарим тохиолдолд мэдээллээс алслагдмал хөдөөд хүртэл хотынхоос илүү өндөр явааг “Сантмарал” сангийн болон бусад ижил төстэй судалгаануудын дүн харуулж байна. “Хэрэв маргааш сонгууль болвол та аль намын төлөө саналаа өгөх вэ”, эсвэл “Улс орны амьдралыг аль нам илүү өөрчилж чадна гэж үздэг вэ” гэх тус тусдаа асуултуудын дүн ижил хандлагатай буюу Ардчилсан намд итгэл өгсөн дүр зураг харагдана. Тэгэхээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг улстөрчийнхөө хувьд намаасаа доогуур рейтингтэй байгаа хэрэг. Удирдаж буй намынхаа нэр хүндэд өөрөө чирэгдэж яваа даргыг лидер гэх үү, лойдор гэх үү?

Нийгэмд намынхаа манлайлах чадвар, нэр нөлөө, нүүр царай, үзэл бодлын илэрхийлэл болж явдаг лидерийн буюу удирдагчийн зангаргийг Н.Алтанхуягаас үгүйлээд байгаа гишүүдийнх нь шүүмжлэл зүгээр нэг албан тушаалын төлөөх амбицлал, адайрлал биш болж таарлаа. Намынхаа нэр хүндэд өөрөө чирэгдэх биш харин намынхаа нэр нөлөөг өргөж явдаг лидерүүд Ардчилсан намд нэг биш байсан. Мөн өрсөлдөгч МАН-д ч хувь тохиол нь дандаа том удирдагчдыг “заяаж” байсан. Тийм ч учраас хэлмэгдүүлэлт, дарангуйлал, захиргаадалт, үзэл сурталжилт гээд хорьдугаар зууны монголчуудын амссан гашуун түүх болгоны өмнөөс нулимуулж, муулуулж ирсэн МАН сүүлийн хорин жилд нөлөөгөө огт алдаагүй явж ирсэн хэрэг биз.

Даргыг биш удирдагчийг шаарддаг салбарууд гэж байдаг. Улам бүр боловсронгуй, нарийн болж байгаа өнөөгийн даяарчлагдсан нийгэмд магадгүй бүх үйлдвэрлэл, бүх салбар даргыг биш удирдагчийг шаарддаг болж байгаа. Тэгвэл ийм цаг үед улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлох төрийн эрх мэдлийн төлөөх байгууллага  улс төрийн намд зөвхөн дарга хангалтгүй. Тэнд лидер, удирдагч, манлайлагч хэрэгтэй. Ийм байж чадаж байна уу гэсэн асуултыг Ардчилсан намын даргад тавих шаардлага нэгэнт үүссэн бололтой. Өнөөхөндөө Ардчилсан намын рейтинг даргаа чирч явна. Энэ байдлаар хэр удаан, хэр хол явах бол? Ямар үр дагавраар төгсөх бол?

Энэ байдлыг зөвхөн бид биш эрхэм дарга өөрөө, бас хүрээллийнхэн нь ч мэдэж байгаа бололтой. “”Өнөөдөр” сонины уламжлалт “Есөн алдартан”-д Н.Алтанхуяг даргын нэрийг санал болгохыг хүссэн гуйлтыг түүний фракцийнхан санал өгөх хүмүүст илгээж байна. Эрхбиш өөрөө гуйгаагүй байх л даа, харин ойр дотнынхон нь санаачилсан хэрэг биз. Харамсалтай нь Ардчилсан намд энэ ямар тус болох билээ. 

Ардчилсан нам бол ерэн оноос хойш монголчуудын үзэл бодол, сэтгэлгээний цоо шинэ орон зайг бодит зүйл болгон зангидаж чадсан том хүчин. Сэтгэлгээний шинэ орон зайг тухайн үедээ “өрсөлдөгчгүй” дүүргэсэн Ардчилсан намтай байр суурь, орон зай булаалдан гарч ирэх нь бусад ардчилсан баримтлалтай улс төрийн хүчнүүдэд ямагт хэцүү байсаар ирсэн. Гэтэл Ардчилсан намын даргын рейтингээс “байхгүй” шахам намын дарга С.Оюуны чансаа яагаад өндөр байна вэ? Ямар ч үед явуулсан судалгаагаар ИЗН-ын дарга С.Оюун эхний 10 улстөрчийн жагсаалтад байж л байдаг.

Хувь улстөрчийнхөө хувьд нийгэмд төдийгүй нам дотроо жин дарж чадахгүй байгаа Н.Алтанхуягийг Ардчилсан намын даргын суудалд хүлээн зөвшөөрч буй хүчин зүйл нь юу юм бол? МАН-тай хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа Ардчилсан намын энэ байр суурийг нам дотор болон нийгэмд зөв, буруу гэх үзлийн аль аль нь байдаг. Өнөөдрийн хувьд Ардчилсан нам доторх фракциуд хамтарсан Засгийн газрын төлөө нэгдэж, эсрэг байр суурь бүхий хэсгээ “барьж” буй бөгөөд энэ эрх ашиг л Н.Алтанхуягийг намын даргын суудал дээр хадгалж байгаа гэсэн тайлбар байдаг. Хэдийгээр нийгэмд үзүүлэх нөлөөлөл, манлайлал бага ч эрх ашиг, албан тушаалын төлөөх нэгдэл Н.Алтанхуягийг улс орны амьдралд нөлөөтэй том намын даргын албан тушаал дээр уяж байгаа бололтой.    
Аравт багтахгүй байгаа рейтинг нь Н.Алтанхуягийн төдий биш ардчилсан намын асуудал болох нь тодорхой сонгуулийн үед. Энэ бол тэдний хэрэг гээд орхиж болох ч сүүлийн 12 жил ардчиллын төлөө өгсөн саналаа бодохоор дуугай байхад харамсалтай байна.
 

Топ 10 Улс Төрч /2010 оны 10 дугаар сар. Сантмарал төв/

 

Улаанбаатар                                                                 Хөдөө       

1. Батболд                                                                 1. Элбэгдорж
    18.0                                                                            22.7     
2. Баяр С.                                                                  2. Баяр С.
    16.0                                                                            17.8  
3. Элбэгдорж                                                             3. Нямдорж
    15.7                                                                            17.4        
4. Энхбаяр                                                                 4. Гүндалай
    12.7                                                                            15.       
5. Оюун                                                                      5. Батболд
    11.3                                                                            14.6       
6. Багабанди                                                               6. Энхбаяр
    10.5                                                                            11.8   
7. Алтай                                                                      7. Хүрэлбаатар
    10.2                                                                             11.8    
8. Жаргалсайхан                                                         8. Багабанди
    8.3                                                                                8.9     
9. Тэмүүжин                                                                9. Оюун
    8.0                                                                                6.7      
10. Гүндалай                                                              10. Бат Үүл
    8.0                                                                                5.5 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив