Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улаанбаатарт уймарсан тендерийн дүн Нью-Йоркт зарлагдав уу?
2010 оны 9 сарын 23 [Уншсан тоо: 30947]
-“Монголын хөрөнгийн биржийг хувьчлах тендерт Лондонгийн хөрөнгийн бирж ялах магадлал өндөр” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нью-Йоркт даваа гаригт хийсэн мэдээлэлдээ дурджээ-

“Монголын хөрөнгийн биржийг хувьчлах тендерт Лондонгийн хөрөнгийн бирж ялах магадлал өндөр” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нью-Йоркт даваа гаригт хийсэн мэдээлэлдээ дурджээ. Гэтэл Улаанбаатарт мягмар гаригт уг тендерийг хүчингүй болгож буй шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргасан ба эл мэдээлэл лхагва гаригт олон нийтэд цацагдсаны дараа ТӨХ яагаад ч юм “сонгон шалгаруулалт үргэлжилж байна” гэсэн уймраа мэдэгдэл гаргав. Энэхүү асуудлаар Төрийн өмчийн хороо болон Засгийн газар байр суурь зөрүүтэй байгаа нь үүнээс өмнө ч ажиглагдаж байсан ба “зөрчил” үүгээр дахин ил гарав. Уг нь тендерийн шалгаруулалтын дүн энэ сарын 9-нд эцэслэн гарах байсан ч ийнхүү “будилж”, Нью-Йоркт нэг өөрөөр, Улаанбаатарт уймраа байдлаар мэдээлэгдлээ.   
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хувьчлалд орох гэж буй хөрөнгийн бирж нэг их ач холбогдолтой байгууллага биш юм. Гэхдээ мэдээж Б.Элдэв-Очирын нэрэмжит кино театр, Монголын хөрөнгийн бирж хоёрын хооронд үнэ цэнийн зөрүү бий.

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар 400-аад компанийн хувьцаа, 500 сая орчим ам.доллар эргэлдэж байна. Эргэлдэж буй мөнгөний хэмжээ нь Монголын хувьд бодит эдийн засагтайгаа харьцуулахад бага тоо. Үүнийг дор хаяж таван тэрбум ам.долларт  хүргэсэн тохиолдолд бид “Айвенхоу Майнз”-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр худаалдаалах тухай ярьж болох аж. Өнөөдөр манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван тэрбум орчим ам.доллар гэж бодоход үүнээс даруй давж гарсан мөнгөний эргэлтийг бий болгож байж Монголын уул уурхайд нэгэнт хөл тавьсан томоохон хөрөнгө оруулагчдын хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээл дээр худалдаалах чадамж бүрдэнэ. Энэ ирээдүй нь уул уурхайг дагасан мөнгөний их урсгал сад тавина гэсэн хүлээлттэй байгаа Монгол Улсад ойрхон ч юм шиг, хол ч юм шиг санагдана. Яг л ийм торгон уулзвар дээр байгаа Монголын өнөөгийн хөрөнгийн биржийн удирдлагыг гадаадын багт шилжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? Яагаад энэ асуудал дээр Засгийн газар ба Төрийн өмчийн хороо санал зөрөлдөв?

Биржийн удирдлагыг гадныханд өгөх нь одоохондоо нэр хүндийг нь өсгөх шошго л болно гэж хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцогсод үзэж байна. Дотоодод үйлдвэрлэсэн бараанд гадны брэндийн шошго зүүхтэй л адил гэсэн үг. Хэрэв ийм утгыг нь эс тооцвол Р.Содхүү захирал байхтай бараг ч ялгаагүй гэж үзэгсэд байна.

Харин “шошгоны эзэн” нь хэн байх вэ гэдэг дээр л Засгийн газар, ТӨХ хоёр өөр саналтай байгаагаас илүү гүнзгий зөрчил үгүй бололтой. Засгийн газрын тэргүүн Лондонгийн хөрөнгийн биржид илүү найдаж байгаа бол ТӨХ-ны шалгаруулалт өөр хариу гаргахаар байгаа бололтой.

Эцсийн дүнд зах зээл чанарыг биш брэндийг сонгодог гэдэг. Энэ утгаар авч үзвэл Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн менежментийн эрхийг авах нь бидэнд ашигтай гэдэг байр суурин дээр үнэт цаасны мэргэжилтнүүдийн олонх санал нэгдэж байна. Учир нь ингэснээр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үндэсний компаниуд маань “Нарантуул” дээр биш бараг л Лондонгийн бирж дээр зогсдог болно гэсэн үг. Өнөөдөр зарим нэг компани л шимтгэлийг нь төлөөд гадаадын хөрөнгийн биржийн үйлчилгээг авч байна.

Гэхдээ биржийг гадны толгойгоор удирдах нь сайн талтай ч огт сүүдэргүй байна гэвэл худал. Зөвхөн мөнгө, ашиг хөөх үү, эсвэл Монголын хөгжлийн бодлого болох уу гэдэгт бас л эргэлзээ үүснэ.

Нөгөөх л хөгжлийн ирээдүй маань болсон уул уурхайг хөгжүүлэх бодлогыг барих юм уу? Уул уурхайн компаниудыг мөнгө босгоход нь яаж туслах юм бэ гэхчлэн үндэсний эрх ашгийг хөндсөн бодлого маань хаана байх вэ? Түүнчлэн бид өөрсдөө хийвэл яагаад болохгүй гэж?  Удирдлагыг бүхэлд нь гадаадынханд шилжүүлэхийн оронд удирдлагын бүтэц дотроо гадаадын өндөр төвшний мэргэжилтэн уриад ажиллуулж болохгүй байсан юм уу гэхчлэн асуултууд урган гарч байна.

Уг нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн өвөл байгуулсан юм. Өмнө нь Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга байхдаа хөрөнгийн зах зээлийг цаашдаа ер нь л явцгүй гэх хандлага баримталж байсан Ч.Хүрэлбаатар тэрхүү ажлын хэсгийг ахалсан. Өнөөгийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын ахалсан ажлын хэсэгт хаа очиж гайгүй сайн гэгддэг залуус багтаж ажилласан ч боловсруулсан бодлого нь юу болж дууссан, одоо хаана хэнд байгаа нь ч үнэт цаасны зах зээлд оролцогчдод тодорхойгүй байна. Нэг үгээр бол Монголын хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаарх бодлого нь тодорхойгүй дээрээ толгой, тархи нь солигдох гээд байгаа мэт ойлголт төрөхөөр байна. Юутай ч энэ удаад нэр хүндээ өсгөх алхам болгож, гадаадын менежментийн багт хөрөнгийн биржийн удирдлагыг шилжүүлэхээр оролдож байна.

Монголын хөрөнгийн зах зээлд дэлхийд жижигт тооцогддог ч нэр хүнд нь өсч байгааг энэ сарын 17-нд болсон Засгийн газрын 30 тэрбум төгрөгийн бондын арилжаа нотолсныг энд дурдъя. Уг арилжаанд Худалдаа хөгжлийн банк, Голомт банкаас гадна олон улсад нэр хүнд бүхий Голландын ING банк оролцон бонд худалдан авсан юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив