Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хэнтэй тэмцэх гэж?
2010 оны 8 сарын 30 [Уншсан тоо: 28224]
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга намын байрныхаа барилгын ажилтай танилцжээ. Ажлын явцтай танилцах битгий хэл зааж, зөвлөж, тэр ч байтугай хянаж цагдаж ч болно. Гэлээ гээд энэ бүхэн бусдад ямар хамаатайг бүү мэд, тэрбээр “танилцах ажлаа” хэвлэл мэдээллээр олон нийтэд цацаж, зарим сонинд кааск малгай өмссөн зураг хөрөгтэй ярилцлага нь нийтлэгдээд өнгөрсөн. Харин зүгээр л чихний гадуур өнгөрөөчихөж боломгүй мэдэгдэл хийсний нэг нь МАХН-ын байрны барилгын ажилд гадаадын улс төрийн намуудаас хандив, тусламж ирж байгаа гэдэг мэдээлэл.
Уг нь Улс төрийн намуудын тухай хуульд гадны намуудаас хандив авахыг хориглосон зохицуулалт бий. Барилгын ажил сайн явж байна, биднийг гадуур муулаад байна гэж хэлэх завсраа тэрбээр тийнхүү “хулгайгаа” илчилж орхив бололтой. Авлигатай тэмцэх газар хэвлэлээрх мэдэгдэл, мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэн шалгадаг эсэхийг бүү мэд. Юутай ч хууль зөрчиж байж болзошгүй гэдэг хардлагыг түүний хэвлэлд өгсөн мэдээлэл араасаа дагуулж буй юм. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид хардах, бас мэдэх эрхтэй. Өөрийн гэсэн үзэл бодолтой байх эрхтэй.
МАХН-ын талаар өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлэх, түүнчлэн хардах, таамаглал дэвшүүлэх эрх бас л нээлттэй. Гэхдээ МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэр бүхнийг хэтэрхий хүндээр хүлээн авч, “гутааж байна, доромжилж байна” гэж ойлгодог бололтой. Магтаал сонссон хэн боловч үүндээ нотолгоо шаарддаггүй атлаа шүүмжлэл сонсохоор заавал баримт нотолгоо нэхэж, улмаар гутаан доромжиллоо гэж хүлээн авдаг.  
Хэнд хандан хэлээд байгаа нь тодорхой биш ч “МАХН-ыг доромжлох гэж байгаа бол бид бас тэмцэж чадна гэдгээ хэлье” гэж тус намын удирдлагуудын нэг У.Хүрэлсүх мэдэгджээ. Тийм ээ, ард түмний нэг хэсэг нь, нэлээд хэсэг нь МАХН-ыг шүүмжилж, дор ортол нь хэлдэг. Сэтгүүлчид ч шүүмжилдэг, буруу ташаа алхам бүр дээр нь эсэргүүцдэг, магадгүй элдэвлэдэг. Гэхдээ бид одоо айж явах ёстой болох нь. Далан жил үзэл суртлын хүлээсийг нь тайлах гэж оролдсон үе үеийн дэвшилтэт хүмүүсийг үгүйсгэж, үрэн таран хийж ирсэн МАХН өнөөдөр өөрт нь таагүй хандсан, таалагдаагүй бол хэний ч эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байгаа нь айдас төрүүлэм биш гэж үү.
МАХН хүн бүхнийг ижил хэвээр давтдаг машин байхаа больсон гэдэгт бид итгэдэг. Өнөөдөр энэ ардчилсан оронд улс төрийн нам гэдэг чөлөөт иргэдийнх нь үзэл бодол дээр тогтдог олон нийтийн байгууллага. Бусад олон нийтийн байгууллагуудаас ялгаатай нь гэвэл нам нийгмийн гишүүдийн олонхийн итгэлийг хүлээж чадвал төрийн эрхийг барьдаг. Нам гэдэг хувь хүн биш, бизнесийн байгууллага биш. Өнөөдөр хоёр намын өрсөлдөж барих гээд байгаа өндөр барилга ч биш. Лав л “иргэд намайг доромжлоод байна, эсрэг тэмцье” гэж хэлэх эрхтэй субъект биш.
Зөвхөн улс төрийн намаар дамжуулан төрийн эрх барихаас өөр арга зам алга байгаа ч нам, төр хоёр хоёулаа дарга биш зүгээр л зохицуулагч. Зохицуулагч хийлгэхийн тулд олон нийт өөрсдөөсөө арай илүү эрх мэдлийг түүнд өгч байж үр дүнг нь үзнэ гэдгийг ч ойлгодог. Хүн төрөлхтөн үүнийг нэлээн эрт ойлгосон ч өнөөгийн хууль ёст нийгмийг бий болготлоо олон зуун жилийг туулсан юм. Энэ урт хугацаанд анх зохицуулагчийн үүрэгтэй байсан төр “мутацид орж” олон нийтээс олгодог эрх мэдлийг тэнгэрээс өгсөн бошго шиг санадаг, төрд гарсан эрхмүүд нь өөрсдийгөө “дарга” гэж боддог болсон аж. Өөрсдөдөө үйлчлүүлэх гэж сонгосон төр нь эргээд тэдгээр ард иргэнээ дарангуйлдаг, захирдаг болоод хувирчихсан хэрэг. Бид ийм төөрөгдөлд далан жил автаж байгаад нойроос сэрч, энэхүү итгэл үнэмшлээ олонхоороо гээсэн боловч зарим нэг хүнд тэрхүү ойлголт нь хадагдан үлджээ.   
У.Хүрэлсүх хувь хүнийхээ хувьд залуу, омголон, зоригтой имижтэй, үүгээрээ улстөрчийн хувьд олонд танигдсан. Нэгэн цагт “Эхнэр, нам хоёроо би юугаар ч солихгүй” гэж хэлж, энэ нь ч олон хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан. Хэрэв эхнэрийг нь хэн нэг залуу “царай муутай” гэж боддогоо хэлчихвэл заамдаад авч болох л байх. Харин намыг нь юу гэж боддогоо хэлсэн иргэнийхээ өөдөөс тэмцэл зарлана гэдэг хэтэрхий ухвар мөчид хэрэг. Тэр тусмаа төр барьж буй намын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ийм мэдэгдэл хийнэ гэдэг хариуцлагагүй хэрэг биш гэж үү? Бусдын үзэл бодол, үйл явдалд өгч буй хувийн дүгнэлтүүдэд эмзэглээд, доромжлол гэж үзээд тэмцэл зарлаад байх нь “хат сууж, халуун чулуу” долоосон намын араншин байж арай л таарамгүй.
Улс төрийн намыг иргэд нь шүүмжлэх, доромжлох битгий хэл, “төрийн эрхнээс зайл, тар” гээд уриа лоозон өргөөд, жагсч цуглаад элдвийн юм энэ дэлхий ертөнцөд болж л байдаг. Увайгүй дарангуйлагчид л тэднийг хүчээр нухчдаг. Харин ардчилсан орнуудад эрх мэдэл иргэдэд нь байдаг.
У.Хүрэлсүх дарга МАХН-ыг “нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчин” гэжээ. Тийм ээ, улс орныг хөгжүүлэх бодлогын төлөө, сонгуульд оролцохын төлөө, төрийн эрх барихын төлөө нэгдсэн хүчин мөн. Харин шүүмжилсэн, эсэргүүцсэн иргэдийнхээ өөдөө тэмцэхээр нэгдсэн хүчин биш гэдэгт итгэлтэй байна.   

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив