Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Галт тэргийг хөдөлгөхийн тулд түүнд зүтгүүр хэрэгтэй
2010 оны 4 сарын 27 [Уншсан тоо: 72366]

Бангладеш зарим талаараа Монголтой минь адилхан гэж тэнд амьдардаг нэгэн танил ярьсан юм. Хөгжил буурай, хүн амынх нь дийлэнх ядуу хэрнээ нэг л их дуулж, хуурдсан хүмүүс  байдаг.  Гашуун боловч үүгээрээ эх орныг минь санагдуулдаг, Монголд хөгжлийн ямар ч локомотив (зүтгүүр) алга гэж нэлээн хэдэн жилийн өмнө түүний ярьсныг санав. Харин түүний ийн ярьснаас хойш Монголд нөхцөл байдал үнэхээр өөрчлөгджээ. Тэгэхэд  “Боб” хочит Фрийдландын мөрөөдлийн үзүүр дэх Оюутолгойн зэс, алтны орд олонх монгол хүнд сураггүй байсан бол өнөөдөр уг аварга ордын үүцийг нэгэнт задалж эхэлжээ.

Наранд ангасан халуун элсэн дээгүүр нь хонин гүрвэл л год шод хийхээс өөр амьдралгүй шахам төсөөлөгдөж байсан Монголын өмнөд говьд дахиад нэгэн аварга үүцийг нээхээр зэхэж буй нь Тавантолгойн нүүрсний орд юм. Оюутолгойн ордыг олборлосноороо бид дэлхийн зэсийн зах зээлд томоохон тоглогч болох бол Тавантолгойн нүүрсний 1.8 тэрбум тонн нөөцийг эргэлтэд оруулснаар дэлхийд танигдах үйлдвэрлэгч болно. Ашигт малтмалын асар баян нөөцтэй хэрнээ өнөөдрийг хүртэл бараг юу ч үйлдвэрлэж үзээгүй Монгол Улс дэлхийн тавцанд өрсөлдөхүйц “үйлдвэрлэгч” болоод зогсохгүй, эдийн засгаа урагш чирэх зүтгүүртэй болж буй нь энэ юм.

Дэлхийн хүн ам өнөөдрийн хурдаар цааш өслөө гэхэд үүнийг даган бий болох зэсийн хэрэгцээг гүйцэх үйлдвэрлэгч алга байгаа нөхцөлд бид Оюутолгойн ордоо олборлож эхэлснээр өрсөлдөгчгүй шахам зах зээл дээр гарна. Тэгвэл уг ордын зэсээс дутуугүй үр ашгийг бидэнд авчрах Тавантолгойн коксжих нүүрс бол эрчим хүчний төдийгүй ган боловсруулах үйлдвэрийн гол түүхий эд. Ганг хайлуулах өндөр температурыг зөвхөн кокс л бий болгодог аж...

Зах зээлд өрсөлдөх үнэт түүхий эдийн олборлолт, уул уурхайг даган эдийн засгийн шинэ бүтцүүд бий болдог бөгөөд ингэснээр уул уурхай нь жинхэнэ утгаар хөгжлийн зүтгүүр болдог жишээг Австралийн загвараас харж болно. Хөдөө аж ахуй, уул уурхай нь эдийн засгийнх нь үндэс бөгөөд үүгээрээ Монголтой төстэй харагдах боловч үнэндээ уул уурхайг дагалдах бусад ажил, үйлчилгээний салбар ДНБ-д өндөр хувийг эзэлдэг байна. Уул уурхай бол ердөө зүтгүүр нь, харин эдийн засгийн өсөлтийг хангадаг, хүн амд ажлын байр, орлогыг бий болгодог бүтцүүд нь уул уурхайг дагаж үүссэн байдаг аж.

Өнөөдөр эрх барьж буй голлох хоёр намын хамтарсан Засгийн газрын гаргасан уул уурхайн томоохон шийдлүүд ч Австралийн дээрх загварыг монголшуулах хандлагыг дагуулж буй юм. Ордуудын хөрөнгө оруулалт, олборлолтын “патент”-ыг өөрсдөө эзэмших, хувь хэмжээгээ өсгөх гэж улайрахаас илүүтэй шууд болон шууд бус үр нөлөөг нь нэмэгдүүлэх, энэ явцад аль болох олон хүн үр ашгийг нь хүртэж байх нь үнэндээ чухал юм.

Засгийн газрын боловсруулсан төслөөс харахад Тавантолгойн ордыг эргэлтэд оруулснаар зөвхөн уурхайд гэхэд 1200, нүүрс баяжуулах үйлдвэрт 700-аад, цахилгаан эрчим хүчний станц, дамжуулах шугам, дэд станц зэрэгт мөн 1200 орчим, үйлдвэрлэлийн барилга байгууламжид 250 ажлын байр гаргахаар төлөвлөжээ. Хамгийн чухал нь Тавантолгойг дагалдан үйлчилгээний газруудад 150 гаруй байгууллага, хүнс ханган нийлүүлэхэд үндэсний хэмжээний 50 гаруй байгууллага, техникийн ханган нийлүүлэлтэд 215 байгууллага хамрагдан оролцох тооцоо гарчээ. Мөн эрчимжсэн мал аж ахуйн 100 ферм, банк, санхүүгийн 12 аж ахуйн нэгж шаардлагатай гэжээ. Уг бүсэд багаар бодоход 45 мянга гаруй хүн амтай хот босохоор байгаа бөгөөд үүнийг дагаад эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд боловсрол, соёлын байгууллагууд шаардагдах бөгөөд тэр хэрээр ажлын байр, эдийн засгийн эргэлт бий болох юм. Уул уурхайн “үржүүлэхийн хүрд” буюу дагалдах салбаруудаар дамжуулан эдийн засгийг тэтгэх зарчим гэдгийг ердөө дээрх байдлаар хялбарчлан ойлгож болно.

Дэлхийн зах зээл дээр 2008 онд коксжсон нүүрсний үнэ 300 ам.доллар хүрч байсан ч санхүүгийн хямралын улмаас шалдаа буусан нь үнэн. Харин одоо эргээд эдийн засаг сайжрах хандлагыг дагаад нүүрсний үнэ өсч байна. Тэгэхээр энэ өсөлтийн үеийг бид алдахаас урьтаад Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах нь монголчуудын эрх ашиг. Бид хөгжилд хүргэх “галт тэргэнд” суух тасалбараа авчихаад байсан, харин одоо л галт тэрэгний цуваандаа зүтгүүртэй болж байна.   Цуваа одоо л жинхэнэ ёсоор урагш хурд аван хөдлөх тэнхээтэй боллоо.


З.БОРГИЛМАА

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив