Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хүний амь хөнөөхөд хэтэрхий том шалтгаан байх ёстой
2009 оны 11 сарын 30 [Уншсан тоо: 32256]
Тэд орчноо, нийгмээ ийнхүү үзэн ядаж тэсрэх болсон шалтгааныг бид бодитой харж, түүнд засвар хийх шаардлага тулгарсныг л хил дээрх аллага, сонгуулийн дараах бослого, гэмт хэргүүд харуулаад байгаа юм биш үү?
Арван сар хэлтгий гишгих вий гэж хэвлийдээ манаж, арван найман жил араас нь сарвайж өсгөсөн хүүгээ эхчүүд хил мануулах гэж төрүүлдэггүй юм. Хил манах гэдгийг хэн гавьяа гэж итгүүлсэн юм бэ?
Цас шуурах, бороо шаагих, салхи исгэрэхийн алинд ч уйтгар гунигийн дуу сонсогдож байдаг тэртээ хилийн хязгаарт хүний нийгмээс таслагдаж, харанхуй, мэдээлэлгүй орчинд хатуу дэг дор ял мэт хүлээсэн алба хаахыг гавьяа гэж хэлдэггүй юм.

Хил гэдэг тусгаар улс орны ариун дээс л гэдэг. Далай орон минь дархан хилтэй л гэдэг. Харийн дайсан өнгөлзвөл халуун амиараа хамгаалах ёстой л гэдэг. Хаана байна тэр ариухан дээс, хаа байна тэр дайсан?

Хилийн застав дээр очоод үзээрэй. Тэнд тэгтэл магтаад, хүсээд, дуулаад байхаар сайхан зүйл байхгүй. Хэрэв цэргийн зарлан аваад арын хаалгадах чадалгүй, айлын том хүүгийн хувьд хоолтой, хоолгүй ар гэрийнхэндээ санаа сэтгэл хоргодон байж ачигдаж очдог 18-тай жаалуудыг тэнд харуулд зогсоох шаардлагатай юм бол хилийн цэргийн бодлогоо даруйхан шинэчлэх хэрэгтэй болжээ.  

Тэгээгүй цагт арван наймтай ч аав, ээждээ нялх хүний үрсийг төрийн хуулиар сүр далайлган “баривчилж” аваачаад ялтан шиг цөлөөд байвал хүний сэтгэл зүрх, оюун бодол тийм орчинд хэрхэн эвдрэн нурж, хүн бус болдгийг олон удаагийн явдал бидэнд харууллаа. Энэ улс эх оронд ямар өр төлөөстэй гэж олон мянган ээж үр хүүхдээ тэнд аваачиж золигт гаргах үүрэг хүлээсэн юм бэ?

 Зурагт үзэхгүй, сонин харахгүй, мэдээ сонсохгүй, бусадтай санаа бодол хуваалцахгүй, тоотой хэдэн хүнээс өөр амьд амьтны бараагүй, ээлжийн хоолтой, хатуу дэгтэй, юунаас юуг хамгаалж байгаа нь ойлгомжгүй өдөр, шөнийн харуулын ээлжтэй гээд шоронгоос өөрцгүй газарт хүн яаж ч хувирч, эвдэрч мэднэ шүү дээ.  (Шоронд ч энэнээс бие амар байдаг байх) Тэр тусмаа бид өнөөдөр хэнд цэргийн албыг үүрүүлж байгаа билээ? Амьдрал ядуу тарчиг, өнчин өрөөсөн, хөрөнгө мөнгөгүй, сурч боловсрох боломжгүй, нэг үгээр бол нийгэмд хаягдсан эмзэг бүлгийнхэн болоод малчдын хүүхэд л сүүлийн жилүүдэд энэ улс орны цэргийн албыг залгуулж ирлээ шүү дээ. Нэг хөмөрсөн тогооноос нөгөө хөмөрсөн тогоо руу орж, үүнийгээ амьдрал хэмээн хүлцэж, тэвчиж яваа хөөрхийчүүл л хүүхдээ цэргийн албанд мордуулж байгааг бид мэднэ.

Хэдхэн хоногийн өмнө говийн нэгэн хилийн застав дээр “байлдагч” хэмээх ахадсан нэр үүрсэн гурван жаал нэг бус хүний амийг хөнөөж, нэлээдгүй олон хүнийг барьцаалан оргов. Хэрэг үйлдсэн залуусын намтрыг харахад бүгд хагас өнчин юм байна. Бас сургуульгүй, ажилгүй явж байж. Эцгийн хайраас илүү амьдралын халыг үзсэн ч хараахан төлөвшиж, нийгэмшиж завдаагүй хориод настай хүүхдүүдэд бид хэтэрхий хатуу нөхцөл, хүнд үүрэг хүлээлгэчихдэг юм биш үү. Өмнө ч нэг биш удаа хилийн застав дээр “хилчид” бие биеэ буудан хөнөөсөн хэрэг гарч байлаа.

Хүний амийг хөнөөхөд шалтгаан хэрэгтэй. Харамсалтай нь тийм шалтгаанууд яагаад ч зөвддөггүй юм. Гэтэл ухаалаг ч юм шиг, хэрцгий ч юм шиг энэхүү “дүрмийн” цаана нийгмийн амин чухал эмзэг асуудлууд нуугдаж, дарагдаж үлдсээр байгаад одоо нуухын эцэсгүй болтлоо томорчихлоо.

Долдугаар сарын 1-ний хэргийн дараа нийгэмд нийтээрээ мөрдөж буй хуулиа баримталж байна гээд чулуу шидсэн, хүн цохисон, хашаа байшин сүйтгэсэн, танхайрсан бүгдийг ялласан. Хорьж шийтгэсэн. Тэд ингэж бухимдан тэсэрч, зүй бусаар авирласан шалтгааныг үл ойшоосон. Үл хүндэтгэсэн... үл зөвшөөрсөн.

Тэд орчноо, нийгмээ ийнхүү үзэн ядаж тэсрэх болсон шалтгааныг бид бодитой харж, түүнд засвар хийх шаардлага тулгарсныг л хил дээрх аллага, сонгуулийн дараах бослого, гэмт хэргүүд харуулаад байгаа юм биш үү?

        Бурхан хүн бүрт идэх хоолыг нь ижилгүй хэмжээгээр заяадаг байж болох ч ардчиллын боломжийг нэг хэсэг нь шударга бусаар монжиж өөрсдөдөө тааруулан хууль, дүрэм зохиож байхад нийгмийн харилцаанд огт оролцоогүй, бусдад хүн гэж хүндлэгдэх юмгүй хаягдаж шаарлагдсан, харанхуйд үлдсэн нэг хэсэг нь үүнийг эсэргүүцэж байна. Тэдний асуудал ч улам зузаарч, улам бүр доош нь татахын хэрээр тэвчээрт нь хязгаар ирж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэний хүүхэд авлигачин аавынхаа буянаар ажил хийхгүй ч амар сайхан амьдарч болж байхад хэнийх нь хүүхэд ажил хийгээд ч өөдөлж дэвшихгүй, гэрэл гялтайх юмгүй хөмөрхий тогоонд амьдрах ёстой юм бэ.  

Иргэний хувиар адилхан л оногдох ёстой үүргийг нэг хэсэг нь ял шиг үүрч, нөгөө хэсэг нь эрхийг нь эдэлдэг энэ тэгш бус байдлаар бид удаан явж болохгүйг л үйл явдлууд харуулаад байгаа хэрэг.   

Энэ удаад хил дээр гарсан буудалцаан ч нийгмийн тэрхүү шударга бусаас шалтгаалсан бухимдал, харанхуй байдлаас үүдэлтэй. Нэг байлдагч тавьтиргүйтэж, галзуурлаа гэхэд эрүүл ухаантай гэж эмнэлгийн магадлагаагаар гарсан гурвын гурван хүн нэг зэрэг хүн алахдаа тултал дэггүйтнэ гэж байхгүй. Үүний цаана маш том шалтгаан байх ёстой. Чухам тэрнийг нь олж харж, нийгэм дэх сууриас нь эхэлж эмчлэхгүйгээр бид цаашаа яваад сайн сайхан зүйлд хүрэхгүй шүү дээ.

Тэдэнд “хүн алсан” гэдэг аймшигт дүгнэлт өгнө, үүнд нь дүйцсэн айхавтар ял төлөвлөнө. Гэхдээ тэднийг бусдын эрдэнэт амийг хөнөөж, олон ээж аав, эх үрсийг хагацалд унагасных нь төлөө өмгөөлөх аргагүй ч үүний цаана нуугдаж байгаа учир шалтгааныг нийтээрээ олж хараасай гэж хүсч байна. Тэр шалтгаан бол нийгмийг, ирээдүйг маань тэр чигт нь залгихаар онилж байгаа “аллага” юм.

Хамгийн гол нь энэ бол нэг салбарын (магадгүй хилийн заставын) дарга, удирдлагыг солих төдийгөөр шийдэгдээд илааршчих асуудал биш. Нийгэм нь хүнээ хүн шиг байлгаж чадах тийм хөрс суурийг бий болгосон цагт л бид бухимдалгүй, бусдыг буудан хөнөөх шалтгаангүй амьдарч чадна.

Ямар ч эх хүн үр хүүхдээ амьдралаас аз жаргал олоосой гэж тээж төрүүлж, өсгөж өндийлгөдөг. Түүнээс биш ороо бусгаа нийгмийн золиос болгох, чадуу нэгэнд оногддоггүй “хил манах” алба үүрүүлэх гэж өсгөдөггүй юм.

З.БОРГИЛМАА

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив